Ц.Мөнх-Очир: Нийслэлийн гэрлэн дохионуудыг шинэчлэхэд 20 сая доллар зарцуулна

Эх сурвалж: toim.mn, 2022.01.03







Улаанбаатар хотын гэрлэн дохионуудыг шинэчлэх шаардлагатай болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын гэрлэн дохио хуучирч, програм хангамж, сервер, эд анги, сэлбэг нь муудсан байна.

Манай улс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын зээл авахаар болсон. Тэгвэл үүний 20 сая ам.долларыг нь гэрлэн дохиог цогцоор нь шинэчлэхэд ашиглах юм байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн /ЗХУТ/ Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлстсийн дарга Ц.Мөнх-Очироос тодрууллаа.


-Дэлхийн банкны санхүүжилтээр гэрлэн дохиог шинэчлэхээр болсон. Ямар, ямар шинэчлэл хийх вэ?


-Улаанбаатар хотод 155 гэрлэн дохио байдгаас 67 нь 2010 оных. Анх Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад ороход хотын хэмжээнд байсан 67 гэрлэн дохиог одоо шинэчлэх юм. Гэрлэн дохионуудыг солих шаардлага гарсан нь програм хангамж, сервер, хөдөлгөөн мэдрэгчтэй холбоотой. Анх ашиглалтад орсноос хойш дорвитой шинэчлэл хийгээгүй.


Гэрлэн дохионууд ЗХУТ-өөс сүлжээгээр холбоотой бөгөөд эндээс удирдах боломжтой байдаг. Энэ бүгдийг удирддаг програм хангамж нь 2008 оных учир муудсан. Сервер нь, хөдөлгөөн мэдрэх төхөөрөмж ч муудсан. Үүнийг цогцоор нь шинэчлэхгүй бол болохгүй. Тиймээс ЗХУТ-өөс энэ бүгдийг шинэчлэхээр Дэлхийн банкинд саналаа өгөөд байна.


-Програм хангамж, сервер, хөдөлгөөн мэдрэх төхөөрөмж, зарим гэрлэн дохиог шинэчлэх юм байна. Гэрлэн дохиог ямар ямар байршилд шинэчлэх вэ?


-Нарны зам дагуу байрлах гэрлэн дохионууд, Төв шуудангийн уулзварын гэрлэн дохио, Цаг уур орчны шинжилгээний газрын уулзварын гэрлэн дохио, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам гэх мэтчилэн Улаанбаатар хотод шинэчлэх шаардлагатай 67 гэрлэн дохио байгаа. Ер нь бол 10-аас дээш жилийн насжилттай гэрлэн дохионуудыг шинэчилнэ.


-Дэлхийн банкинд гэрлэн дохиог цогцоор нь шинэчлэх саналаа өгсөн гэсэн. Саналд хэдэн төгрөг зарцуулахаар тусгасан бэ?


-Дэлхийн банкинд бид ЗХУТ-ийн хянах дэлгэц, серверийн өрөө, цахилгаан хангамж, програм хангамж зэрэг тоног төхөөрөмж, гэрлэн дохио, сүлжээгээ өргөтгөх, камержуулалтын өргөтгөл хийхэд 20 сая ам.долларын санал өгсөн. Одоо ТЭЗҮ боловсруулах шатанд явж байна.


-Камержуулалтын өргөтгөл хийнэ гэлээ. Нэмж камер байршуулна гэсэн үг үү?


-Камер таваас дээш жил ажиллахаар хэвийн ажиллагаа нь алдагддаг. Улаанбаатар хот эрс тэрс уур амьсгалтай учир өвөлд нь хөлдөх, зунд нь халах зэргээс болж эвдэрч байна. Ер нь ийм тоног төхөөрөмжүүд дунджаар таван жилийн насжилттай байдаг. Тиймээс ийм камеруудыг солино.


-Камер хаана тавих байршил нь тодорхой болсон уу?


-Одоохондоо тодорхой болоогүй байна.


-Энэ бүгдийг ойрын хугацаанд шинэчлэхгүй бол ямар эрсдэл үүсэх вэ?


-Ямар ч тохиолдолд бид бүхэн эрсдэл гаргахгүй байхын төлөө ажиллана. Хэрвээ шинэчлэхгүй бол гэрлэн дохиог ЗХУТ-өөс удирдаж чадахгүй болно гэсэн үг. Сүүлийн үед сервер, програм хангамж муудаж, саатдаг болсон. Гэхдээ энэ нь зам дээрх гэрлэн дохионуудын ажиллагаанд нөлөөлдөггүй. Гэрлэн дохионууд өөрийн гэсэн програм хангамжтай учир горимоороо ажиллана. Бид шаардлагатай үед л төвөөс удирддаг.


-Замын хөдөлгөөний ид ачааллын үед гол уулзваруудын гэрлэн дохио унтарсан, цагдаа зохицуулж байгаа харагддаг. Энэ нь гэрлэн дохио хуучирсантай холбоотой юу?


-Гэрлэн дохио унтрахад олон шалтгаан бий. Тухайн тоног төхөөрөмж дээр гэмтэл гарсан байх боломжтой. Үүнийг засах хугацаанд түр унтраадаг. Гэхдээ энэ нь жилдээ 2-3 удаа тохиолдоно. Заримдаа тог тасарснаас болж унтарна. Мөн төлөвлөгөөт засвартай бол бас унтраадаг.