ФОТО: Нийслэлийн төвийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.02


XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрийн Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.


Нийслэл хотын төвийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч зарим зам, уулзвар ачаалал ихтэй, нийслэлээс баруун тийш гарах иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгааг ТЦА-наас мэдээлсэн.





























ФОТО: Хотын зах, нийслэлээс гарах чиглэлд хөдөлгөөний ачаалал өндөр байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.02


Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Одоогоор Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Мөн нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байгаа талаар тэрээр хэллээ.


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:


"Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас 247 цэгт тээврийн цагдаагийн болон хэв журмын нийт 1000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдийг аюулгүй зорчуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлд зүүнээсээ баруун чиглэлд Баруун дөрвөн замаас Таван шарын уулзвар хүртэл хөдөлгөөний эрчим үүссэн ч таг зогсоогүй, хөдөлгөөн жигд, 20-30 км цагийн хурдтай урсаад явж байна.


Яармагийн болон уулын зам ачаалалтай байсан ч алба хаагч нар хэвийн байдалд оруулсан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлааст, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал замын хөдөлгөөн ачаалалтай байж байгаад хэвийн болж байна.


Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байна. Товчоодод ажиллаж байгаа цагдаа нараас мэдээлэл авахад одоогийн байдлаар 5800 автомашин гарч, хот руу 1200 орчим тээврийн хэрэгсэл орсон байна. Ихэвчлэн гэр бүлээрээ орон нутгийг зорьж байна. 


Цагдаагийн байгууллагаас техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа. Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалт тавьж, байнгын пост, хөдөлгөөнт эргүүлээр 100 км тутамд шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлөөр гүйцэт түрүүлэх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохыг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм. 


Хол замд жолооч ядарсан үедээ жолоо барьдаг. Тиймээс жолоочийг 5-10 минут зогсоогоод амрааж, аль зам руу явж байгааг нь тодруулан, автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаад, зөвлөмж хүргэж байна. Алба хаагч нар хөдөлгөөний зохицуулалт хангахад бүгд жигд сайхан ажиллаж байна" гэлээ.
















Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01


Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.


Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.


Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана.


Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тус бүрд байрлах томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.












ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг илрүүлэн, шалгаж байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01





Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүллээ.


Тухайлбал Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 26 байранд энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ. Уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй Т болон 49 настай, эрэгтэй Э нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд  нэгдүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, иргэн 33 настай, эрэгтэй Ж-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.


Эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд юм.


Иймд иргэд, олон нийт орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.


Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Залуу инженерүүд худгаас ХАЛУУН УС авах технологийг бий болгожээ

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.01









Худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монголын залуу инженерүүд хийсэн байна.


Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлжээ. Улмаар тус дүүргийн зургаан худагт байршуулахаар төлөвлөжээ.


Энэхүү халуун ус олгодог худгийн шийдэл болон, зохион бүтээгчидтэй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр очиж (2022.02.01) танилцсан юм.


Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхлээд байсан. Ингэснээр иргэд цагт баригдалгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.


Мөн иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн аж.


Зохион бүтээгчдийн хувьд цаашид Улаанбаатар хотын хамгийн их амтай дүүргүүдийн гэр хорооллын дундах худгуудад байршуулах бүрэн боломж байгааг онцолж байв. Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно гэж харж байгаа. Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжид хувь нэмрээ оруулсан шийдэл юм” гэсэн юм.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санаачилгаа бодитоор хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхөд халуун ус олгох шийдлийг нэвтрүүлсэн инженерийн багтай ирэх долоо хоногт албан ёсны уулзалт хийж, БОАЖЯ-ны ажлын хэсэгт танилцуулахаар боллоо.