ФОТО: Хотын зах, нийслэлээс гарах чиглэлд хөдөлгөөний ачаалал өндөр байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.02


Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Одоогоор Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Мөн нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байгаа талаар тэрээр хэллээ.


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:


"Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас 247 цэгт тээврийн цагдаагийн болон хэв журмын нийт 1000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдийг аюулгүй зорчуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлд зүүнээсээ баруун чиглэлд Баруун дөрвөн замаас Таван шарын уулзвар хүртэл хөдөлгөөний эрчим үүссэн ч таг зогсоогүй, хөдөлгөөн жигд, 20-30 км цагийн хурдтай урсаад явж байна.


Яармагийн болон уулын зам ачаалалтай байсан ч алба хаагч нар хэвийн байдалд оруулсан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлааст, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал замын хөдөлгөөн ачаалалтай байж байгаад хэвийн болж байна.


Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байна. Товчоодод ажиллаж байгаа цагдаа нараас мэдээлэл авахад одоогийн байдлаар 5800 автомашин гарч, хот руу 1200 орчим тээврийн хэрэгсэл орсон байна. Ихэвчлэн гэр бүлээрээ орон нутгийг зорьж байна. 


Цагдаагийн байгууллагаас техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа. Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалт тавьж, байнгын пост, хөдөлгөөнт эргүүлээр 100 км тутамд шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлөөр гүйцэт түрүүлэх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохыг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм. 


Хол замд жолооч ядарсан үедээ жолоо барьдаг. Тиймээс жолоочийг 5-10 минут зогсоогоод амрааж, аль зам руу явж байгааг нь тодруулан, автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаад, зөвлөмж хүргэж байна. Алба хаагч нар хөдөлгөөний зохицуулалт хангахад бүгд жигд сайхан ажиллаж байна" гэлээ.