Хашаа, хайс, гарааш, чингэлэг

Эх сурвалж: V Television, 2021.06.24


"Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дүгээр захирамжийн хүрээнд газар чөлөөлөлт хийгдсээр байна.

Өнөөдөр Баянзүрх  дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн урд талд  нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр барьсан 28 гарааш, нэг төмөр чингэлгийг албадан буулгаж, газар чөлөөлжээ.







“Гандантэгчэнлин хийд” орчмын соёл, аялал жуулчлалын бүс

 Сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар, 2021.06.22


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг чиглэлийг өглөө.

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1,642 өрхийн 5,743 иргэн оршин сууж байна. 2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан бөгөөд тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суухаар тооцон барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн. 

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан бөгөөд судалгаанд хамрагдсан иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байна.  Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.










Ц.Сосорбарам: Улаанбаатарт 1966 оныхоос хүчтэй үер буувал Туул, Сэлбэ зэрэг гол дагасан хорооллуудын орон сууцны гуравдугаар давхар руу ус орох хэмжээний аюултай

Эх сурвалж: Өдрийн сонин, Д.Даваасүрэн, 2021.06.15





Мэргэжлийн байгууллагуудаас ойрын өдрүүдэд усархаг үргэлжилсэн бороо орж үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлээд буй. Энэ талаар техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.


- Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж 1966 онд болж байсан үер усны аюул болж магадгүй гэж мэргэжлийнхэн анхааруулах боллоо. Иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл цаг хугацааны хувьд цикльтэй байх уу?

- 1997-2007 оны хооронд хур бороо багатай ган гачиг болсон. Үүнтэй холбоотойгоор 23 сая мал хорогдож 40 мянган хүн хөдөөнөөс хот руу шилжиж орж ирсэн судалгаа бий. Ер нь байгалийн гамшигт үзэгдлийн цикль гэж байдаг л даа. Зуун жилд нэг удаа болдог үер гэж байдаг. Тэрний 67 хувьтай тэнцэх хэмжээний үер 1966 онд болсон. Тооцоо хийж үзэхэд Маршалын гүүрний дээгүүр ус хальж байсан гэсэн. Тэр усны хэмжээгээр тэмдэг тавьсан байдаг. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс болж хот бүхэлдээ усанд автсан байдаг. Хамгийн гол нь тухайн жилийн үер 67 хувьтай. Тэгвэл зуун хувьд хүрсэн хэмжээний үер болвол Маршалын гүүр давах юу ч биш. Туул, Сэлбэ зэрэг томоохон голын ай саваар барьсан хороолол, хотхонуудын хоёр, гуравдугаар давхар руу ус орох хэмжээний үерлэнэ гэсэн үг. Гэтэл өнөөдөр үерийн яг эрчимтэй өнгөрөх голын ай сав хэсгээр маш олон орон сууцны хорооллын төвлөрөл бий болчихсон. Усархаг бороо хэдхэн өдөр дараалаад ороход л хот даяараа үерт автана. Энэ хэрээр ямар хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой xapaгдаж байгаа байх.



- Зуун жилд нэг давтагдах тэр аюултай үер нь цаг хугацааны хувьд ойрхон байна уу?

- Арай болоогүй. Одоо 70-аад жил болж байна. Гэхдээ тийм хэмжээний гамшигт үзэгдэл тохиож магадгүй. Цаг хугацааны хувьд дөхөж байгаа шүү дээ.



- 1966 оны гамшигт үзэгдлийн дараа нийслэлийг үерээс хамгаалах томоохон далан шуудуу босгосон байх. Энэ хамгаалалт нөлөөлөхгүй гэж үү?

- Туул голын ус 1-1.4 метр секундын хурдтай урсдаг. “Уу" булангаас үерийн ус уруудсаар арваад хоног болж нийслэлд орж ирдэг. Уг нь удаан ирж байгаа юм шиг боловч тэр үед усны харуул ч гэж байгаагүй. Улаанбаатар хот усанд нэрвэгдсэний дараа тодорхой хэмжээгээр үерийн хамгаалалт босгосон. Тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар үерийн далан барьсан байгаа. Та бүхэн анзаарсан бол Туул голын дагуух далан яг Маршалын гүүрний нөгөө тэмдэглэгээний хэмжээгээр барьсан байдаг. Нэлээд олон жил барьсан. Би тухайн үед МУИС-ийн багш байсан. Оюутнууд маань ч тус ажилд оролцож байлаа. Тэр яг эцсийн найдвартай хамгаалалт биш байхгүй юу. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн энэ бол 67 хувийн үзүүлэлттэй үерийн түвшнээр барьсан далан. Хэрэв үүнээс аюултай үерлэвэл хамгаалалт болж чадахгүй.



- Туул голын эхэнд усан сан буюу цогцолбор барьснаар энэ мэтчилэн олон асуудлыг шийднэ гэж хэсэг яриад чимээгүй болсон. Тэгвэл нийслэлийг үерийн аюулаас ямар ч үед хамгаалах хамгийн оновчтой хамгаалалт юу байна вэ?

- Хамгийн найдвартай хувилбар бол Туул голын дээд талд усан цахилгаан станц барих. Товчхондоо ус тохируулгын системтэй болж чадна гэсэн уг. Манай хойд хөршийн Эрхүү, Москва зэрэг томоохон хотууд эргэн тойрондоо том гол мөрөнтэй. Тиймээс хотоо тойруулаад шороон далан буюу боомт бариад усан цахилгаан станц олон тоогоор барьчихсан байдаг. Яагаад гэхээр үерээс хамгаалах хамгийн найдвартай арга байхгүй юу. Гэтэл манайд нийслэлээ үерээс хамгаалах нэг ч усан цахилгаан станц алга. Улаанбаатар хотыг үер уснаас хамгийн найдвартай хамгаалах арга бол Гачууртын хавьд боомт бариад нуур үүсгэх л явдал.


Энэ нь нэгдүгээрт үерээс хамгаална. Хоёрдугаарт ган гачигаас хамгаална.


- Энэ усан цогцолборын яриа олон жил яригдаж байна. Яагаад өнөөдрийг хүртэл ажил болгож чадахгүй байна вэ?

- Төр засаг ойр ойрхон өөрчлөгдөж байна. Энэ болгонд “Туулын усан сан’ төслийг танилцуулж ач холбогдлыг нь тайлбарладаг хэдий ч төдийлөн ажил болж чадахгүй байна. Уг нь херенгө мөнгөтэй томоохон хувийн байгууллагууд ч төслийг гүйцэтгэчих боломжтой байгаа юм. Сүүлийн үед ганц нэг хувийн компаниуд энэ тал дээр анхаарч, сонирхож байх шиг. Гачууртын дээд талд хуучин ЗХУ гурван хөндлөвч гаргасан байдаг. Нуур барих судалгаа хийгээд гурван газар боломжтой гэж үзсэн. Гэхдээ нэгдүгээр хувилбарын бүсэд зуслангийн айлууд ихтэй. Хоёрдугаар хувилбар нь газар хөдлөлийн идэвхтэй бүстэй бөгөөд хагаралт өгөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Харин гуравдугаар хувилбар нуур барихад хамгийн тохиромжтой гэсэн. Би Усны газрын дарга байхдаа жаал хөөцөлдөж явсан. Одоо энэ хувилбарт л барих ажил урагшилж магадгүй байна. Улаанбаатар хотын 1.5 сая хүний ус хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор АНУ-аас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд ороод ирчихсэн байна. Ингэхдээ нуур барих байтал голын доод тал руу 52 худаг гаргахаар төлөвлөж 298 сая ам.доллар зарцуулаад худгийнхаа усыг цэвэршүүлдэг систем хийхээр төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ нь 2026 он хүртэл нийслэлийг цэвэр усны хомсдолд оруулахгүй гэж хийж буй ажил. Түүнээс хойш цэвэр усны хомсдолд орно гэж үзээд байгаа. Тэр усны дутагдлыг уг нь дээр нь барих нуур буюу усан сангаар шийдэх бүрэн боломжтой байхгүй юу. Энэ чинь өөрөө усны хомсдолоос сэргийлэх нэг шинэ эх үүсвэр юм.


- “Туулын усан сан” цогцолбор төслийг хэрэгжүүлснээр үерээс хамгаална, цэвэр усны хомсдолд орохгүй гэж байна. Ер нь төслийн ач холбогдол, бодит үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

- Нийслэлийг нэгдүгээрт 1966 оных шиг үерийн аюулаас хамгаална. Хоёрдугаарт 1997- 2007 онд нийслэлд болсон их хуурайшилт, ган гачигаас хамгаална. Өөрөөр хэлбэл, экологийн ус бий болгоно. Экологийн ус гэдэг чинь загас жараахай гээд тэнд амьдрал явагдаж байна. Гуравдугаарт, нийслэлийг усаар хангахад чухал ач холбогдолтой. Дөрөвдүгээрт "Туулын усан сан"-г Усны тухай хуулийн 17,17.1-д зааснаар 200 метр тойроод хамгаалалтын бүс тогтооно. Харин энэ бүсээс цааш аялал жуулчлалын бүсийг бий болгох таатай нөхцөл бүрдэнэ. Услалтын систем үүсгээд жимс, ногоо тарьдаг ч юм уу усаа тойроод загас үржүүлэг зэрэг юу л бол юу хийж болно. Маш олон ач холбогдолтой. Дээр нь ойрхон Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийн шугам сүлжээ байгаа. Түүн рүү усаа нийлүүлчихнэ. Хотын хүн ам үргэлж нэмэгдэнэ. Тиймээс тэр бүхний цэвэр ус, бохирын асуудыг шийдээд явах боломжтой.



- “Туулын усан сан” барихын тулд хичнээн төгрөгийн санхүүжилт шаардагдах вэ?

- Гадаадын хөрөнгө оруулалтаар барихад 400-гаас дээш сая ам.доллар болоод явчихдаг. Сая манай улс өөрсдөө гадныхаас хамаагүй бага мөнгөөр төмөр зам барилаа ш дээ. Үүнийг хараад би үүн шиг Монголын инженерүүдээ оруулаад өөрсдөө баривал хоёр дахин бага өртгөөр ‘Туулын усан сан"-г барих боломжтой юм байна гэж бодсон. БНСУ-ын нэг компани энэ төслийн судалгааг хийгээд 465 сая ам.доллар гэсэн бол ОХУ 260 сая долларын төсөв гаргасан байдаг. Харин бид өөрсдөө хийвэл 200 сая ам.долларт хийх боломж бидэнд байна. Ер нь өөрсдөө аливаа томоохон бүтээн байгуулалтаа хийх сонирхолтой болж байна. Тиймээс би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа энэ төслийг удахгүй хөдлөх болов уу гэж найдаж байгаа.

Ер нь үерийн даланг шороон далан, булдаж нягтруулсан боомт, бетон гэж гурав ангилдаг. Булдаж нягтруулсан боомт гэдэг нь цемент, нүүрсний үнс зэрэгтэй хольж цутгасан далан л даа, Тайширын усан цахилгаан станц шиг. Бетон далан бол өндөр өртөгтэй. Шороон далан бол хамгийн хямд өртгөөр босох хэдий ч газар хөдлөлт зэрэгт тэсвэртэй, уян хатан бүтэцтэй, найдвартай. Үнэ ч хямд тусна. Манайд шороон далан хамгийн тохиромжтой. Оросын томоохон хотууд яг ийм шороон далантай. Үүгээрээ нуур үүсгээд усан цахилгаан станц барьчихсан байдаг.



- Манайд 1966 оны үерийн дараа барьсан далан ямар төрлийн далан бэ?

- Манайх булдаж нягтруулсан далантай. Гол нь манайд шороон боомт хамгийн тохиромжтой болохыг судалж үзээд 1981-1989 оны хооронд Оросын асар том байгууламжийн төсөл хийсэн байсныг би 2013 онд Москвад очиж авчирч байсан. Тэр үед Усны газрын дарга байхдаа нийслэлийн зарим удирдлагуудтай хамт явж ирсэн байдаг. Тэр төсөл одоо надад байна. Манайд тохирох нарийн тооцоо судалгааг хийгээд л байж байна. Би усан цахилгаан станцын инженер хүн.

Тиймээс нийслэлийг хамгаалах нэг ч гэсэн усан цахилгаан станцтай болох юмсан гэж бараг өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Ямар ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй, тоохгүй байх шиг. Гэтэл гадаадын олон улс оронд иймэрхүү станцыг хэдэн арваар нь барьж нийслэлээ, хотоо үер уснаас хамгаалж, дээр нь усны зохицуулалтыг хийж байна шүү дээ. Зөвхөн Японд л гэхэд 75 ийм байгууламж байна. Оросын Москва хотыг тойроод 85 усан сангийн байгууламж байна. Манайд уг нь барих боломж бүрэн байна шүү дээ. Адаглаад сонгуулиар далимдуулж үр ашиггүй тарааж байгаа мөнгөөрөө Гачууртад нэг ийм усан сангийн байгууламж барьчихаж болох шүү дээ.



- Манай хот үерийн хамгаалалтаас гадна замын ус зайлуулагч хангалтгүй учраас усанд автах бас том шалтгаан болоод байна уу?

- Тийм. Энэ чинь зүгээр л наад захын бага мөнгөөр хийх ажил байхгүй юу. Гэтэл манайхан их мөнгө зарлагадаад брожур солиод өөр юм хийгээд байдаг. Ус зайлуулах системийг шүүрэн хоолойгоор холбодог ч юмуу хийхэд уг нь амархан ажил л даа. Үүнийг ном журмынх дагуу хийчихэж болохгүй байгааг ёстой сэтгэлтэй л холбож тайлбарлах байх даа.

БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦАХИМЖЛАА

 Эх сурвалж: Барилга Хот Байгуулалтын Яам, www.mcud.gov.mn, 2021.06.08


Барилгын салбарын үйл ажиллагаа үе шаттайгаар цахимжиж байна. 2021 оны 1 дүгээр сараасГазар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагынэрх олгох болон Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйлажиллагаа цахим хэлбэрт шилжээд байсан бол ирэх 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн барилгынүйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа мөн бүрэн цахим хэлбэрээр явагдажэхлэхээр боллоо. 


Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгайзөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн програм хангамжийг хөгжүүлж, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой дараахүйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Үүнд: Барилга байгууламжийн зураг төсөлболовсруулах тусгай зөвшөөрөл; Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл; Өргөхбайгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл. Энэхүү систем нь төрийн мэдээлэл солилцох (ХУР) систем, Танилт нэвтрэлтийн нэгдсэн (ДАН) системүүдтэй холбогдсоноор тухайн иргэн, хуулийн этгээдээс ямар нэг лавлагаа, тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм. 


Ийнхүү тусгайзөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахимжсанаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэхмэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэнзөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдохболомжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн. Ингэснээрээ барилгын тусгай зөвшөөрөл дагасан асуудлууд цэгцэрч, иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл нь нээлттэй ил тод болох юм. 


Мөн энэ хүрээнд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” болон “Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулаад байна.

Өвөр гүнт чиглэлтийн зам засвар

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.06.03


Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ынхан зуслан чиглэлийн авто замын эвдрэл, гэмтлийг засах ажлыг эхлүүлээд байна. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Өвөр гүнт чиглэлийн эвдрэл ихтэй зам засварын ажлыг өнөөдрөөс эхлэн хийж байна.











2021 оны ДОЛДУГААР САРЫН 1-ЭЭС БАРИЛГЫН САЛБАРЫН ЦАХИМЖУУЛАЛТЫН ЖУРАМ МӨРДӨГДӨНӨ

 Эх сурвалж: Барилга Хот Байгуулалтын Яам, www.mcud.gov.mn, 2021.06.03


Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал өнөөдөр /2021.06.03/ хуралдлаа. Уг хурлаар салбарын гурван багц асуудлыг хэлэлцэж, дэмжигдлээ. Тодруулж хэлбэл “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” “Барилгын эрчим хүчний хэрэглээгээр гэрчилгээжүүлэх журам” мөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг хэлэлцэж сайдын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.


Түүнчлэн Барилгын тусгай зөвшөөрөл,  Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийг бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг мөн дэмжиж баталлаа. Ингэснээрээ барилгын салбарын Тусгай зөвшөөрөл болоод инженер техникийн ажилтнуудын бүртгэл нэгдсэн мэдээллийн санд байршиж, барилгын бүхий л мэдээллийг нэг дороос цахим хэлбэрээр авах боломжтой болох юм.


Дээрх журмуудад Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж зургаадугаар сарын 15-ны дотор танилцуулж, 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхлэхээр шийдвэрлэлээ.


Сэлбэ дэд төвийн дулааны станцын гүйцэтгэл 95 хувьтай байна

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.06.03


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. 

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. 





Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулахыг дэмжив

 Сурвалж: www.newspress.mn | Б.Сонор |  2021-05-27






-------------------------------------------------------------------------------------------------------------------------

Cурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.21

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцсон нь анх удаа болсон үйл явдал байлаа. Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргасан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг гишүүд нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, нам үл харгалзан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Автомашины хөдөлгөөнөөс гадна оюун санааны, төрийн үйлчилгээний, банк, санхүүгийн, авлига, хээл хахуулийн гээд олон түгжрэл байна. Түр хорооны гол зорилго бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, УИХ, Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг юм. Өнөөдрийн тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Намрын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Улаанбаатар хотод концессын гэрээ хийх, мөн бонд босгох эрхийг нь өгсөн. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх боломж, бололцоог эрх зүйн хувьд яаж нээж өгөх вэ гэдэгт Түр хороо анхаарал хандуулж, тусалж, дэмжиж ажиллана. Түр хорооны ажлын эхний үр дүн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, удахгүй өргөн барих Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас харагдана. Жил бүр улсын төсөв рүү нийслэлийн хамаг эх үүсвэрийг нь татчихдаг. Энэ асуудлыг Түр хороо эхний ээлжид шийдэх ёстой. Дэд бүтэц хүрэлцээтэй байгаа, эрчим хүчний шугам, дулаан нь тавигдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрийг нь ашиглаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгцээ, шаардлага байна. Мөн Богдхан төмөр замыг Багахангайгаар дайруулах ёстой” гэв.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Түгжрэлийг шийднэ гэдэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Гадаадад амьдралын стандарт гэж байдаг. Улаанбаатар хотод 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Үүнээс болж түгжрэл бий болдог. Явган хүний замыг блокоор хийснээс болж хүүхдээ тэрэгтэй нь түрэх, мөн дугуйгаар зорчих боломжгүй байдаг. Тэгэхээр явган хүн, дугуйн замын стандарт, оршин суугчдын тоонд хамааруулсан нийгмийн, төрийн үйлчилгээг ойртуулах, Улаанбаатар хотын аль ч хэсэгт амьдарч байсан төвд амьдарч байгаатай адилхан үйлчилгээг хүргэж байж түгжрэлийг шийднэ. 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бид хамгийн ихдээ 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэр хорооллыг барилгажуулан гэж асар их хэмжээний зам барьдаг, эрчим хүч татдаг ч өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Тэгэхээр бид гэр хорооллын бүсийг яах вэ гэдгийг шийдэх ёстой. 50 мянган айлыг дэд бүтцүүлж, бусдыг нь газар чөлөөлөх байдлаар орон сууцанд оруулах тооцоо, судалгааг хийж үзэх ёстой. Тэгэхгүй бол ойрын 20, 30 жил үүнийг шийдэх боломжгүй. Дэд бүтэц татахад улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө гарах тоо байдаг. Түр хороо байгуулж байгаа нь Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэх цаг болсны илрэл. Бид тооцоо, судалгаан дээр үндэслэсэн шийдвэрийг гаргаад явна. Улаанбаатар хотын удирдлагууд, Засгийн газартай хамтран ажиллана. Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана” хэмээн ярив.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Түр хороо УИХ-д анх удаа байгуулагдаж байгаа. Үүний үр дүн хамгийн түрүүнд төсвийн бодлого дээр гарах ёстой. Хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж, орон нутаг руу тараадаг. Гэсэн атлаа Улаанбаатар хотод хогоо ачих шатахууны мөнгө ч байхгүй болчихсон байдаг. Энэ бодлого дээр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэг цул болж, бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тиймээс үр дүн гарна. Мөн алсын бодлогоос гадна ойрын бодлогыг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ” хэмээв.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийг түргэтгэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах Түр хороо байгуулахаар боллоо. Орон нутгийн сонгогдсон цөөн гишүүн үүнд оролцож байгаагийн нэг нь би. Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Үлдсэн 30 гаруй хувь нь 21 аймаг, 330 сумын төвд амьдардаг. Үлдсэн 20 хүрэхгүй хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Тиймээс төвлөрөл Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл хамгийн том тулгамдаж байгаа асуудал. Иймээс нийслэлээс сонгогдсон гишүүд нийслэлийн хөгжлийн бодлогыг дэмжих Түр хороо байгуулж байна. Хамгийн гол тулгамдсан асуудал түгжрэлийг хэрхэн шийдэх, үүнийг дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг хэрхэн сааруулах вэ гэдэг бодлого явах ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод анхаарах ёстой. Үүнээс гадна иргэддээ нутагтаа сайхан амьдрах боломжийг бий болгох, төвлөрлийг сааруулах, 21 аймгийн төвийг хот болгох хэрэгтэй. Үүний тулд хэрхэн хууль, эрх зүйн болон татварын орчныг бүрдүүлэх вэ гэдгийг цогцод нь ярих ёстой. Ийм ч учраас би Түр хороо байгуулахад хамтарч оролцож байгаа юм” гэв.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түр хороо УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хороотой адилхан эрхтэй. Түр хороо УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавина. Түр хороо байнгын хороо шиг байнгын ажилладаггүй. Тодорхой асуудлуудыг шийдээд явна. Засгийн газар нийслэлийн асуудлыг анхаарч байна. Түр хороог мөн орон нутгаас сонгогдсон гишүүд маань ч дэмжиж байгаа. Одоо бид бодлогын түвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллахгүй бол хэзээ болтол нийслэлийн удирдлагад гэж даатгаж орхих вэ, мөн бие биен рүүгээ түлхэх вэ. Энэ бол Засгийн газрын нүүр тулах асуудал мөн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн бол УИХ-ын дарга Улаанбаатар хотын асуудал Монгол Улсын хөгжил, эдийн засаг, эрх зүйн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, чиглэл, үүрэг өгдөг. Мөн эргээд иргэдийнхээ өмнө тайлангаа тавина. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг хөдөө, орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэсэн үг биш. УИХ энэ жил Улаанбаатар хот руу чиглэсэн эдийн засаг, эрх зүйн ажлуудыг хийнэ. Энэ хүрээнд ч Түр хороо дээрх асуудлуудыг барьж авч, энэ чиглэлд төвлөрч ажиллана” хэмээн ярьсан юм.


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Нийслэлд хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Энэ хэрээр түгжрэл, дахин төлөвлөлт, агаар, орчны бохирдол гэх мэт тулгамдаж байгаа олон асуудал бий. Иймээс нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүд санал нэгтэй, түр хороо байгуулахаар боллоо. Түр хороо бодлогын гурван түвшинд ажиллана. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гарц, гаргалгаа олоход анхаарах юм. Хоёрдугаарт, нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нийслэл, дүүрэг, Засгийн газрын хэмжээнд хамтарч ажиллаж, дэмжин тусална. Гуравдугаарт, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль, тогтоомжид Хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллана. Түр хороо ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах орчин сайжирч, нийгэм, эдийн засгийн өсөлт дээшилнэ. Энэ ажилд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо туйлын чухал. Иймээс дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.



Баянзүрх дүүрэг, дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын явц

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.30


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа. 


Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүрэгт хамгийн сайн хэрэгжиж байгаа гэнэ. Албаныхан дахин төлөвлөлтийг хийхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. 


Энэ үеэр Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд 26 дугаар хороо Улаанбаатар хотын хамгийн том, хамгийн их буюу 32 мянган хүнтэй хороо. 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Замын эсрэг талын 25 дугаар хороо 7000 хүүхэдтэй. Нийт 18 мянган хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Байгаа газар нь төрийн байгууллага оффис, ажилчдын орон сууц барих гэдэг хэмээн танилцуулж, энэ асуудлаар хууль өргөн барих гэж байгаагаа хэлж байлаа.








СХД-ийн 16 дугаар хорооны иргэд: 4.5 саяас эхлээд 40-50 сая төгрөгийн хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн эзэд хохирох болоод байна

 Сурвалж: www.unen.mn, П.Батзаяа, 2021-05-28



Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах,

газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, 

талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, 

авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг 

бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа юм.  

Тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй 

нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гаражуудыг буулгахаар болсон талаар 

шаардах хуудас хүргүүлсэн байна. 

Гаражаа буулгуулах талаар сонссон иргэд гомдолтой байгаагаа хэлж байна.

 Ингээд тус хорооны иргэдтэй ярилцсанаа хүргэе.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ц.Хөгжилмаа гэдэг. СХД-ийн 16 дугаар хороонд амьдардаг. Би аав ээжээсээ тус хорооны 34 дүгээр байранд хоёр өрөө байр өвлөж авсан юм. Манайх 2000 оны үед л хөдөөнөөс орж ирээд энд амьдарсан. Бид эцэг эхээс есүүлээ. Манайх байрныхаа урд, замын эсрэг талд хоёр хаалгатай дөрвөн машин багтах гараж эзэмшдэг юм. Миний нэр дээр байдаг болохоос биш миний ах дүүгийн л өмч байгаа юм. Гэтэл одоо үүнийг төр засгийн шийдвэрээр буулгахаар болсныг сонсоод яахаа мэдэхгүй л байна.

-Танайх гаражаа хэзээ барьсан бэ?

-Манайх хотод ирээд удаагүй байхад л аав, ээж минь барьсан юм. Аав, ээжээс минь үлдсэн ганц өв хөрөнгө юм. Уг нь энэ гаражийн төлбөр гээд тодорхой хэмжээний мөнгө байрны мөнгөн дээр нэмээд авдаг байсан. Бид төлөх ёстой татвар хураамжаа төлөөд л явдаг байсан. Яг үнэндээ тухайн үед аав ээж минь тодорхой хэмжээнд хөрөнгө, хүч зарцуулаад л энэ хэдэн гаражийг барьсан. Гэтэл нэг л өглөө босоход төр төмөр нүүрээ харуулаад хүний хувийн өмчийг буулгана гэж болохгүй.

-Та бүхэнд ямар нэгэн байдлаар нөхөн олговор олгох болов уу?

-Тийм юм ерөөсөө хэлээгүй. Та нар шаардах бичгийн хугацаанд өөрсдөдөө хэрэгтэй дээвэр, хаалга юу байна аваарай гэж байна лээ. Энэ шийдвэрийг бүгд эсэргүүцэж байна. Үнэндээ ширхэг тоосго байсан ч бидний өмч шүү дээ. Ардчилсан нийгэмд төр нь иргэдийнхээ өмч рүү хүч түрэн дайрдаг байж болохгүй.

-Та нарын гараж байгаа газар зөвшөөрөлгүй юм биш үү?

-Албан ёсны зөвшөөрөл гээд байх бичиг баримт байхгүй л дээ. Гэхдээ анхнаасаа наад газар чинь гараж барьж болохгүй шүү гээд хэлчихсэн бол бид эд хөрөнгө, мөнгө санхүүгээ зарлагадан байж барихгүй л байсан шүү дээ. Олон жилийн өмнө барьсан бид нар байтугай хэдхэн хоногийн өмнө нэг айл шинэ гараж барьсан. Одоо ингээд буулгуулахаар болчихоор тэр хүмүүст ямар байх вэ. Эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. Үнэхээр зөвшөөрөл олгохгүй хөөж, туух байсан бол анхнаасаа бариулахгүй байх хэрэгтэй шүү дээ.

Энэ чинь олон жил болчихсон газар шүү дээ. Тэр ч бүү хэл цаашлаад газрын зөвшөөрөл олгоно гэж ярьж л байсан. Би өөрөө хоёр хүүтэй. Хүүхдүүд минь нас биед хүрч байгаа болохоор эцэг эхээс өвлүүлж үлдээсэн ганц хөрөнгийг хүүхдүүддээ өгчихмөөр л байна шүү дээ.

-Газрыг нь чөлөөлөөд оронд нь ямар бүтээн байгуулалт хийх юм бол?

-Цэцэрлэгт хүрээлэн барина л гэсэн мэдээлэл байна лээ. Үнэхээр төр газраа авна гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээнд нөхөн олговор олгох ёстой гэж бодож байна.

Г.Эрдэнэбат: Д.Сумъяабазар дүүргийн иргэдийнхээ эрх ашгийг албан тушаалаар сольчихоод одоо иргэдийнхээ хувийн өмчийг дээрэмдэж байгаад гомдолтой байна

-Та өөрийгөө танилцуулахгүй юуТанайх хэдэн гараж эзэмшдэг вэ?

-СХД-ийн 16 дугаар хорооны иргэн Г.Эрдэнэбат гэдэг. Манайх хоёр машины нэг гараж эзэмшдэг. Манайх 2013 онд тус гаражийг 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Үнэндээ барьсан материал нь сайн, дээвэр нь бат бөх, зай талбай ч томтой. Гэнэт яагаад ийм шийдвэр гаргасныг үнэхээр их гайхаж байна. Хүн бүр өнөөдөр амьдарлынхаа төлөө эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна. Бид төр засгаас хоногийн хоол гуйгаагүй. Өөрсдийн амьдралаа аваад явахыг л бодож, хичээж ирсэн. Гэтэл амьдрал ахуй хүнд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед бидний хөрөнгөд халдаж байгаад гомдолтой байна.

-Танайх гараждаа машинаа байрлуулдаг байсан уубайрных нь гадаа зогсоолын зай талбайны хүрэлцээ хэр вэ?

- Манай хүүхдүүд машинаа байрлуулахаас гадна айл л юм чинь илүү дутуу новшоо хүртэл гаргаад хийчихдэг байсан. Одоо ингээд буулгаад хаячихаар тэднийгээ хаана байрлуулахаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт, манай байрны гадаа автомашины зогсоолын хүрэлцээ тун тааруу. Өдрийн цагаар хүртэл машины цонх, дугуйг хулгайчид авч явчих гээд хэцүү байдаг. Тиймээс бид эд хөрөнгөө хаана тавихаа мэдэхгүй байна.

-Шаардах хуудас хэзээ хүргүүлсэн бэ?

-Тавдугаар сарын 21-нд бүх гараж дээр долоо хоногийн дотор суллаж өг гэсэн шаардах хуудас наачихсан байна лээ. Үнэндээ улсаас өмчлүүлсэн зүйл байхгүй л юм билээ. Гэхдээ л хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг олон жил ашиглачихсан энэ гаражуудыг яаж зохицуулж болох талаар төр иргэдийн хамтын уулзалт хийж, уян хатан байдлаар санаа бодлоо солилцох хэрэгтэй болов уу. Тэгж байж зөв шийдэл гарах байх.

-Та бүхэн эрх ашгаа хамгаалахаар хэн нэгэнд хандсан уу?

-Яг одоогоор хандсан зүйл байхгүй. Гэхдээ бид цаашид эрх ашгаа хамгаалахын төлөө явах газраар нь явна. Үнэндээ хотын дарга Д.Сумъяабазар манай СХД-ээс УИХ-д сонгогдсон. Гэтэл СХД-ийн сонгогчдоо орхиод хотын дарга болох албан тушаалыг сонгоод явсан. Түүнчлэн эргээд дүүргийнхээ иргэдийн өмч хөрөнгийг дээрэмдэх ажил эхлүүлсэнд гомдолтой байна.

Б.Отгонцэцэг: Хот төлөвлөлт нэрээр гаражуудыг буулгаж байгаа гэсэн

-Та хэзээнээс тус хороонд гараж эзэмшсэн бэ?

-Өнгөрсөн жилийн хавар гараж авсан. Манай хороонд зөвшөөрөлгүй газар барьсан гэх 500 гаруй гараж бий. Эдгээр гаражуудыг эзэмшдэг иргэдийн дунд дугуй засвар, худалдаа эрхэлдэг, жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд ч бий, жирийн иргэд ч бий. Энэ гаражуудыг 1986 оноос хойш барьж эхэлсэн байдаг. Анх улс гэрээ байгуулж жил бүр эдгээр иргэдээс татвар авч ашиглуулахаар болсон юм билээ. Ингээд иргэд өөрсдийн хөрөнгө санхүүгээ гаргаад гараж барьж эхэлсэн. Эдгээр иргэдийн дотор хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн өөрөө өөртөө ажлын байр бий болгоод жилийн өмнө таван сая төгрөгөөр аваад засч, янзалсан хүн ч бий. Гэтэл хэдхэн сарын өмнө, 1-2 жилийн өмнө 4.5-6 сая төгрөгөөр худалдаж авсан хүмүүс ч бий.

-Таны хувьд хэдэн гараж эзэмшдэг вэ?

-Манайх нэг л гараж эзэмшдэг. Өнгөрсөн жил энэ байрыг худалдаж аваад хөдөөнөөс орж ирсэн. Энэ хавьд зогсоол шийдсэн зүйл байхгүй учраас замынхаа ард байрлах гаражнаас худалдан авч автомашинаа байршуулдаг байсан.

-Гражж эзэмшдэг иргэд ямар санал хүсэлттэй байна вэ?

-Энэ олон машиныг гаргачихаар ямар ч зогсоолгүй газар яах вэ. Улс газраа авч болно оо. Гэхдээ бидэнд автомашинаа байршуулах зогсоолын газрыг хаана шийдэх боломж байна тэр газар нь шийдэж өгөөч ээ. Эндээс өдрийн орлогоо олж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн эд хөрөнгийг яах вэ гээд дүүргийн газрын албатай очиж уулзсан.

Төр газраа чөлөөлж авах тухай хэдэн оны хэдэн сар төлөвлөснөө иргэддээ нээлттэй хэлэх ёстой. Энэ ажлын төлөвлөгөө, төсөв хөрөнгийн талаар олон нийтэд мэдэгдсэн бол жилийн өмнө гараж бэлэн мөнгөөр худалдаж авсан иргэд өнөөдөр хохирох эрсдэлд орохгүй байсан. Тэгэхээр хамгийн багадаа нэг гараж эзэмшдэг айлын хохирол нь 4.5 саяас эхлээд 40-50 сая төгрөгийн хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн эзэд хохирох болоод байна.

-Шаардах хуудас хүргүүлснээс хэд хоногийн дараа гаражуудыг буулгана гэсэн бэ?

-Шаардах хуудсыг гурван удаа наана гэсэн. Одоогийн байдлаар эхний удаа наачихаад байна. Гурван удаа наагаад газраа чөлөөлөөгүй бол шууд нураана гэсэн. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж гарын үсгээ цуглуулж байна.

-схд-ийн 17 дугаар хороонд хэд хоногийн өмнө бас зөвшөөрөлгүй гаражуудыг буулгасан шүү дээ?

-Яг тийм. Москва хорооллын ойролцоо байрлах гаражуудыг буулгахад иргэд нь өөрсдийнхөө эд хөрөнгийн төлөө тэмцээгүй юм билээ. Гэхдээ манай энэ хороонд байрлаж байгаа гаражуудаас хоногийн хоолоо залгуулдаг өрх айл олон. Хэрэв энэ хавийнхаа өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай гэвэл бид стандартад нийцүүлж цэгцлэхэд бэлэн байна. 

Бид цаашлаад шат дараатайгаар хотын дарга, УИХ-д хандах талаар ярилцаж байна. Хот төлөвлөлт нэрээр гаражуудыг нураах гэж байгаа гэсэн.