Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулахыг дэмжив

 Сурвалж: www.newspress.mn | Б.Сонор |  2021-05-27






-------------------------------------------------------------------------------------------------------------------------

Cурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.21

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцсон нь анх удаа болсон үйл явдал байлаа. Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргасан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг гишүүд нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, нам үл харгалзан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Автомашины хөдөлгөөнөөс гадна оюун санааны, төрийн үйлчилгээний, банк, санхүүгийн, авлига, хээл хахуулийн гээд олон түгжрэл байна. Түр хорооны гол зорилго бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, УИХ, Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг юм. Өнөөдрийн тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Намрын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Улаанбаатар хотод концессын гэрээ хийх, мөн бонд босгох эрхийг нь өгсөн. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх боломж, бололцоог эрх зүйн хувьд яаж нээж өгөх вэ гэдэгт Түр хороо анхаарал хандуулж, тусалж, дэмжиж ажиллана. Түр хорооны ажлын эхний үр дүн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, удахгүй өргөн барих Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас харагдана. Жил бүр улсын төсөв рүү нийслэлийн хамаг эх үүсвэрийг нь татчихдаг. Энэ асуудлыг Түр хороо эхний ээлжид шийдэх ёстой. Дэд бүтэц хүрэлцээтэй байгаа, эрчим хүчний шугам, дулаан нь тавигдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрийг нь ашиглаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгцээ, шаардлага байна. Мөн Богдхан төмөр замыг Багахангайгаар дайруулах ёстой” гэв.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Түгжрэлийг шийднэ гэдэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Гадаадад амьдралын стандарт гэж байдаг. Улаанбаатар хотод 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Үүнээс болж түгжрэл бий болдог. Явган хүний замыг блокоор хийснээс болж хүүхдээ тэрэгтэй нь түрэх, мөн дугуйгаар зорчих боломжгүй байдаг. Тэгэхээр явган хүн, дугуйн замын стандарт, оршин суугчдын тоонд хамааруулсан нийгмийн, төрийн үйлчилгээг ойртуулах, Улаанбаатар хотын аль ч хэсэгт амьдарч байсан төвд амьдарч байгаатай адилхан үйлчилгээг хүргэж байж түгжрэлийг шийднэ. 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бид хамгийн ихдээ 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэр хорооллыг барилгажуулан гэж асар их хэмжээний зам барьдаг, эрчим хүч татдаг ч өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Тэгэхээр бид гэр хорооллын бүсийг яах вэ гэдгийг шийдэх ёстой. 50 мянган айлыг дэд бүтцүүлж, бусдыг нь газар чөлөөлөх байдлаар орон сууцанд оруулах тооцоо, судалгааг хийж үзэх ёстой. Тэгэхгүй бол ойрын 20, 30 жил үүнийг шийдэх боломжгүй. Дэд бүтэц татахад улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө гарах тоо байдаг. Түр хороо байгуулж байгаа нь Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэх цаг болсны илрэл. Бид тооцоо, судалгаан дээр үндэслэсэн шийдвэрийг гаргаад явна. Улаанбаатар хотын удирдлагууд, Засгийн газартай хамтран ажиллана. Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана” хэмээн ярив.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Түр хороо УИХ-д анх удаа байгуулагдаж байгаа. Үүний үр дүн хамгийн түрүүнд төсвийн бодлого дээр гарах ёстой. Хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж, орон нутаг руу тараадаг. Гэсэн атлаа Улаанбаатар хотод хогоо ачих шатахууны мөнгө ч байхгүй болчихсон байдаг. Энэ бодлого дээр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэг цул болж, бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тиймээс үр дүн гарна. Мөн алсын бодлогоос гадна ойрын бодлогыг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ” хэмээв.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийг түргэтгэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах Түр хороо байгуулахаар боллоо. Орон нутгийн сонгогдсон цөөн гишүүн үүнд оролцож байгаагийн нэг нь би. Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Үлдсэн 30 гаруй хувь нь 21 аймаг, 330 сумын төвд амьдардаг. Үлдсэн 20 хүрэхгүй хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Тиймээс төвлөрөл Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл хамгийн том тулгамдаж байгаа асуудал. Иймээс нийслэлээс сонгогдсон гишүүд нийслэлийн хөгжлийн бодлогыг дэмжих Түр хороо байгуулж байна. Хамгийн гол тулгамдсан асуудал түгжрэлийг хэрхэн шийдэх, үүнийг дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг хэрхэн сааруулах вэ гэдэг бодлого явах ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод анхаарах ёстой. Үүнээс гадна иргэддээ нутагтаа сайхан амьдрах боломжийг бий болгох, төвлөрлийг сааруулах, 21 аймгийн төвийг хот болгох хэрэгтэй. Үүний тулд хэрхэн хууль, эрх зүйн болон татварын орчныг бүрдүүлэх вэ гэдгийг цогцод нь ярих ёстой. Ийм ч учраас би Түр хороо байгуулахад хамтарч оролцож байгаа юм” гэв.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түр хороо УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хороотой адилхан эрхтэй. Түр хороо УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавина. Түр хороо байнгын хороо шиг байнгын ажилладаггүй. Тодорхой асуудлуудыг шийдээд явна. Засгийн газар нийслэлийн асуудлыг анхаарч байна. Түр хороог мөн орон нутгаас сонгогдсон гишүүд маань ч дэмжиж байгаа. Одоо бид бодлогын түвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллахгүй бол хэзээ болтол нийслэлийн удирдлагад гэж даатгаж орхих вэ, мөн бие биен рүүгээ түлхэх вэ. Энэ бол Засгийн газрын нүүр тулах асуудал мөн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн бол УИХ-ын дарга Улаанбаатар хотын асуудал Монгол Улсын хөгжил, эдийн засаг, эрх зүйн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, чиглэл, үүрэг өгдөг. Мөн эргээд иргэдийнхээ өмнө тайлангаа тавина. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг хөдөө, орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэсэн үг биш. УИХ энэ жил Улаанбаатар хот руу чиглэсэн эдийн засаг, эрх зүйн ажлуудыг хийнэ. Энэ хүрээнд ч Түр хороо дээрх асуудлуудыг барьж авч, энэ чиглэлд төвлөрч ажиллана” хэмээн ярьсан юм.


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Нийслэлд хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Энэ хэрээр түгжрэл, дахин төлөвлөлт, агаар, орчны бохирдол гэх мэт тулгамдаж байгаа олон асуудал бий. Иймээс нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүд санал нэгтэй, түр хороо байгуулахаар боллоо. Түр хороо бодлогын гурван түвшинд ажиллана. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гарц, гаргалгаа олоход анхаарах юм. Хоёрдугаарт, нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нийслэл, дүүрэг, Засгийн газрын хэмжээнд хамтарч ажиллаж, дэмжин тусална. Гуравдугаарт, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль, тогтоомжид Хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллана. Түр хороо ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах орчин сайжирч, нийгэм, эдийн засгийн өсөлт дээшилнэ. Энэ ажилд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо туйлын чухал. Иймээс дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.