"Бэрэн групп" ХХК Хөгжлийн банканд 4,4 тэрбумын барьцаанд тавьсан "Орон сууц"-аа иргэдэд зарж дуусгажээ

 Сурвалж: isee.mn, 2022.02.10


Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын хамааралд хэн гэж улстөрч, эрх мэдэл бүхий хүмүүс байгаа, зээлийн барьцаанд юу тавьсан талаарх мэдээллийг бид эрэн сурвалжлан цувралаар мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч хэмээх ангилалд ороод буй “Бэрэн групп” ХХК зээлийнхээ барьцаанд юу тавьсан талаарх мэдээллийг хүргэж байна.


-“БЭРЭН ГРУПП” ХХК 43.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРТЭЙ, 39 САРЫН ХУГАЦАА ХЭТРЭЛТЭЙ БАЙНА-


“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна.


Харин өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдаж, 39 сарын хугацаа хэтрэлтэй байгаа аж.


Тиймээс Хөгжлийн банк “Бэрэн групп” ХХК-аас 43.88 тэрбум төгрөгийг нэхэмжлэн энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  Уг асуудалтай холбоотойгоор тус шүүхээс нэгдүгээр сарын 19-ны өдөр хэрэг үүсгэжээ.ъ


-ДӨРВӨН ТЭРБУМЫН БАРЬЦААНД ТАВЬСАН ХАНГАЙ ХОТХОНЫ 518 ДУГААР БАЙРЫГ ИРГЭД ХУДАЛДАН АВЧЭЭ-


Хамгийн ноцтой нь “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбатаар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороолол буюу Хангай хотхоны хэд хэдэн орон сууцыг барьцаанд тавьсан байна. Тодруулбал, Хангай хотхоны 518 дугаар байрыг бүхэлд нь 2018 оны тавдугаар сарын 24-ны өдөр, 519-524 дүгээр байрыг 2017 оны аравдугаар сарын 19-ны өдөр зээлийн барьцаанд тавьжээ.


Гэтэл банкны барьцаанд тавьсан 518 дугаар байрны 72 айлын орон сууцыг иргэд борлуулаад дуусчээ. Харин Бэрэн групп бүрэн баригдаж дууссан 518 дугаар байраа Хөгжлийн банканд 4,4 тэрбумын төгрөгийн барьцаанд тавьсан байна. 


Үүнээс үзэхэд, дээрх айлууд банкны барьцаанд тавьсан байранд амьдарч буй болж таарах нь. Харин зээлийн барьцаанд тавьсан 519-524 дүгээр байруудын эхний гурван байр нь баригдаж байгаа бол үлдсэн гурван барилгын эхний давхрын цутгалт хийгджээ. 


Тиймээс бид тухайн хотхоны иргэдээс амьдарч байгаа байр нь банкны барьцаанд байгаа эсэхийг мэдэж байгаа юу, байраа худалдан авахдаа барьцаанд байсан гэдгийг мэдсэн үү гэдгийг тодруулсан юм. Энэ үеэр оршин суугчид “Анх байраа худалдан авахдаа Хөгжлийн банкны барьцаанд байгаа гэдгийг нь мэдээгүй. Гэтэл байрны гэрчилгээ гарахгүй удаад байх үед энэ талаар мэдээллийг сонссон. Зарим айл өрхүүд одоог хүртэл байрны гэрчилгээгээ аваагүй. Энэ нь "Бэрэн групп" Хөгжлийн банкны барьцаанд ту байрыг тавьсантай холбоотой байх” гэх хариултыг өгсөн юм. Ямартай ч хэл ам дагуулж, шүүхийн төвшинд очоод байгаа “Бэрэн групп” ХХК борлуулах гэж байсан байраа банкны барьцаанд тавьж, хэдхэн сарын дараа иргэдэд худалдсан байгаа юм. 





Орон сууц худалдан авахдаа банкны барьцаанд байгаа эсэхийг судалж худалдан авахыг АТГ-аас анхаарууллаа

Сурвалж: isee.mn, 2022.02.10


АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэхийг анхаарч худалдан авалт хийхийг анхаарууллаа. 


Тодруулбал, иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэхийг анхаарч худалдан авалт хийхийг АТГ-аас анхааруулав. 


Учир нь Хөгжлийн банкны кээлийн барьцаанд нэлээд хэдэнд орон сууж байгаа аж. Тухайлбал, "Гантиг вилла хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байна. Мөн хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон байна. Энэхүү хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компанийн барьж байгуулсан барилга аж.  




Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий

 Эх сурвалж: ikon.mn, 2022.02.09


НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд өнөөдөр нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болгож байна. “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнгийн талаар Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.


-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог болоод сонирхолтой баримтуудын талаар танилцуулна уу?


-Одоогоос 110 жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот хэмээн зарлан тунхагласан байдаг. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан  НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн хэсгээс бүрдэж  байгаа. Нэгдүгээрт, Автай сайн ханы үеэс 1911 он хүртэлх буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэлх үеийн түүхийг харуулсан. Энэ хэсэгт Өндөр гэгээн Занабазарын намтар түүх болоод хүрээний нүүдэл, Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой баримтууд багтаж байгаа.


Хоёрдугаар хэсэгт 1911-1921 он хүртэлх үе буюу Тусгаар тогтнолоо сэргээснээс Ардын хувьсгал ялах хүртэлх үеийн түүх багтсан. Тухайлбал, 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэлээр тогтоосон зарлиг, тухайн үеийн эд өлөг, угсаатны зүйн холбогдолтой баримтууд тавигдсан. 1921-1924 онд холбогдох баримтууд дараагийн хэсэгт бий. Эндээс 1924 онд Хотын захиргааг байгуулсан, Ардын хувьсгалын үед хувьсгалчид тангараг өргөсөн зэрэг онцлог үйл явдлын архивын баримтуудыг үзэж болно. 1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн баримт ч бий.


Түүнчлэн Нийслэл хүрээ гэх хуучин хотоос Улаанбаатар хотод түүх соёлын ямар ямар дурсгалууд хадгалагдан үлдсэнийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Тухайлбал, долоон сүм хийд, 14 барилга, гурван хөшөө, нийт 24 үл хөдлөх дурсгалт хөрөнгө өвлөгдөн үлдсэн байдаг.


-Онцлох үзмэрээс нэрлэвэл сонин байх болов уу?


-Онцлох үзмэрт Нийслэл хүрээний газрын зургийг нэрлэмээр байна. Энэ газрын зургийг 1913 онд Бүгд ерөнхийлөн захирах яамнаас хийлгэж, дөрвөн яаманд тарааж өгсөн байдаг. Тэрхүү газрын зургийг бүтээлгэсний учир нь тухайн үед Нийслэл хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаад эзэнтэй пүүс, худалдаачид олон байсан. Тэдгээрт 1910-аад оноос газар олгосон байсныг баталгаажуулж цэгцлэх гэж бүтээсэн гэдэг. Энэхүү зургаас харахад одоогийн Занабазарын музейгээс Урт цагаан, Бөмбөгөр хүртэлх гудамжийг Хүрээний их зээл буюу худалдааны гудамж гэж нэрлэж байсан. Энэ гудамжинд байгаа пүүс, худалдааны газруудын зураглалыг гаргаж тэмдэглэн үлдээсэн. Тухайлбал, Занабазарын музейн барилга 1913-1914 онд баригдсан бөгөөд Орос толгойн пүүс гэдэг нэртэй байсан байна. Энэ мэтчилэн газруудын нэршил, хэмжээг нарийвчлан зургийг гаргасан.


Хүрээний зурагт Зүүн, Баруун хүрээг онцлон тэмдэглэсэн. Энэ бол тухайн үеийн хотын төв гэсэн үг. Баруун хүрээ нь Гандантэгчинлэн хийд юм. Хятадын Баруун дамнуурчин буюу хятадын есөн гудамжийг дүрслэн гаргасан байна. Энэ гудамж нь Гэсэр сүмээс Тэнгис кино театр хүртэлх зайг эзэлсэн өргөн гудамж байсан нь зургаас харагдана. Монголчууд, хятадууд, гадаадын гол худалдааны пүүсүүдийг нарийн тэмдэглэн гаргасан түүхэн баримт юм.


-Үзэсгэлэнд дэлгэсэн газрын зураг эх хувь нь уу?


-Энэ бол хуулбар нь, Үндэсний номын санд байдаг, олон түмэнд үзүүлж таниулах зорилго бүхий хуулбар. Эх хувь нь монгол бичгээр бичигдсэн байдаг. Энд дэлгэсэн хувьд газрын нэрийг хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс  кирилл үсгээр хөрвүүлж тэмдэглэсэн онцлогтой.


-Нийслэл хүрээнээс үлдсэн барилга байшингаас хэд  нь хадгалагдаж байгаа бол?


-Нийслэл хүрээнээс нийт 24 үл хөдлөх дурсгал хадгалагдаж үлдсэн гэдгийг дээр дурдсан. Тэдгээрийн долоо нь сүм хийд. Тодруулбал, Богд хааны ордон музей, Гэсэр сүм, Маймаа хотын Дарь эхийн сүм, Чойжинламын сүм музей, Зүүн хүрээ 30 аймгийн дуганаас үлдсэн гурван дуган, Дамбадаржаа хийд хадгалагдан үлдсэн. Дамбадаржаалин хийд бол Улаанбаатар хотын хамгийн эртний архитектор дурсгал. Үүнээс гадна байшин барилгуудаас Занабазарын музейн барилга, Сөүлийн гудамжинд байдаг Чин ван Ханддоржийн барилга, Гоожингийн өндөр буюу Ерөнхий сайд Намнансүрэнгийн барилга, Улаанбаатар музей байрлаж буй Цогт Бадамжавын барилга, Бөхийн өргөөний хойд талын Холбооны анхны барилга, Зүүн хүрээний Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин /Жуковын музейн чанх урд байдаг/ гэх мэт байшин барилгууд бий.


Мөн гурван арслангийн хөшөө байгаа. Арслантай гүүрэн дээрх хоёр арслан, МУИС-ийн нэгдүгээр байрны гадаах, Байгалийн түүхийн музейн өмнө байсан одоо Богд хааны ордон музейд аваачсан хоёр арслангийн хөшөөнүүд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн.


-Үзэсгэлэн хэзээ хүртэл гарах вэ. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юу?


-Тийм ээ, музейг үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хоёрдугаар сарын 23-ныг дуустал ирж үзэх боломжтой.  Өнөөдрөөс эхлэн 08:30-17:00 цагт үйлчлүүлээрэй гэж урьж байна.


 














Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Натурын замыг өнөөдөр ТҮР ХААНА

 Сурвалж:  gogo.mn, 2022.02.09






Дулааны шугамын гэмтлийг засахын тулд Натурын замыг өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд хаахаар болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлагатай болсон тул өнөөдөр буюу 2022.02.09-ний 10:00-22:00 цагийн хооронд зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн хоёр эгнээг түр хааж засварын ажил хийгдэх тул зургийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Ч.Гантүлхүүр: Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил IV сард эхэлнэ

Сурвалж: gogo.mn, 2022.02.09





Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн. Тус төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн төслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодрууллаа.


-Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Өдгөө хэчнээн шарил байна вэ?

-Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолоор тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг. 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан бөгөөд нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байна.


-“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлыг хэзээнээс санаачилсан бэ?

-Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын хүнсний гол захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулна.

-Төсөл хэрэгжих 10 га талбайд орсон шарилуудын мэдээллийг гаргасан болов уу. Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож байгаа юу?

-Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна. Бидний зүгээс нэрс нь тодорхой байгаа булшнуудын мэдээллийг www.sambalkhundev.mn сайтад байршуулан, мэдээллийн сан үүсгэсэн. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар www.sambalkhundev.mn сайтад 1990 хүн хандан, талийгаачийнхаа талаар мэдээлэл авсан. Мөн 7210-0101 лавлах дугаарт 531 хүн холбогдсон бол 14 хүн биечлэн уулзаж, манай төсөлтэй танилцсан. Сар гаруйн хугацаанд 2600 орчим хүн төслийн багт хандан талийгчаа хайсан боловч төслийн талбайд орсон 62 шарилын ар гэрийнхэнтэй холбогдоод байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар руу мэдээллүүдийг нь илгээж, ар гэртэй нь холбоо тогтоох ажил үргэлжилж байгаа.


-Талийгаачдын ар гэртэй холбогдсоны дараагаар шарилыг нүүлгэн шилжүүлэх үү. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөсөн бэ?

-Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж шарилыг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн, нэгдсэн журмаар хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд зална.


-Төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд талийгаачдын шарилыг хаана хадгалах вэ?

-Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун болон Зүүн буяны төв цогцолборт шарилуудыг түр хадгалахаар төлөвлөсөн.


-Нэр тодорхойгүй 5000 гаруй булшийг хэрхэхээр төлөвлөсөн вэ?

-Нэр тодорхойгүй 5643 булшны 3964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, зургаан булшны хөшөөний бичиг арилсан байдалтай байгааг тогтоосон. Эдгээр шарилын нэрсийг тогтоох боломжгүй тул хүндэтгэлтэйгээр тус бүрчлэн чандарлан, залах болно. Түүнчлэн БНХАУ-ын  178, ОХУ-ын  зургаан иргэний булш байгаа. Эдгээр булшийг шилжүүлэх тухай асуудлаар тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.


-Төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжлэхэд хүндрэл үүсэж байна уу?

-Хүндрэл гэхээс илүүтэй бүтээн байгуулалтыг тогтсон цагт нь эхлүүлэх хэрэгтэй байна. Талийгаачдын ар гэртэй яаралтай холбоо тогтооход иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал шаардлагатай. Иймд тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсэг, “Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр, цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn веб сайт болон 7210-0101 лавлах дугаарт яаралтай хандаарай гэж хүсмээр байна.


Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

ФОТО: “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг нээлээ

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.09


Нийслэл Хүрээг Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг нээх ёслол боллоо.


Уг үзэсгэлэн болон баримтат нэвтрүүлгийг Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музейгээс эрхлэн бүтээсэн юм.




























“Алтай центр” худалдааны төв нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашсан зөрчлийг арилгалаа

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.09






Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай центр” худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашиж, хаасан зөрчлийг арилгажээ. Иргэд, оршин суугчдаас удаа дараа гомдол ирсний үндсэн дээр 2021 онд уг талбайд байрлуулсан төмөр хашлагыг  тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгасан байдаг. Гэвч “Алтай центр” худалдааны төвөөс нийтийн эзэмшлийн зогсоолыг дахин хашаалжээ.


Иймд зөрчлийг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус байгууллагад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн дагуу “Алтай центр” худалдааны төв зөрчлөө арилган, төмөр хашлагыг буулгалаа. Газрын зөрчлийг дахин арилгахад нийслэл, дүүргийн төсвөөс ямар ч төсөв, хөрөнгө зарцуулагдаагүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн юм.


Нийтийн эзэмшлийн зам, талбайг хувийн өмч мэт хашаалсан, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй аливаа аж ахуй нэгжид холбогдох байгууллагаас албан мэдэгдэл хүргүүлдэг. Албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцдог журамтай.

Энэ онд шинээр 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг баталжээ

  Эх сурвалж: gogo.mn, 2022.02.07





Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөнийг  Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар 87.5 хувьтай биелжээ.


Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс байхгүй болсон гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо.


Дархлаажуулалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар:


III тунд нийслэлийн нийт хүн амын 33.4 хувь, зорилтот бүлгийн 52.5 хувь

IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагдаад байна.

Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс  цагдаагийн 13.293 алба хаагч, олон нийтийн 656 цагдаа үүрэг гүйцэтгэж,  29.729 хүн, 25.749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна.  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаан  удаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.   Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.


2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 306, аврах ажиллагааны 21,  нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.   


Нийт тээврийн хэрэгслийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ            


Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа.


“Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь  хөдөлгөөнд оролцлоо. Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Сар шинийн баярыг угтаж, зах, худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан” хэмээн мэдээллээ.


Амгалан дулааны станцад гарсан ослоос өөр ноцтой осол гэмтэл гараагүй. Нийслэлийн хэмжээнд зургаан  байршилд халиа дошин үүссэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр  хороо, Дэнжийн мянгад үүссэн халиа дошноос болж  авто зам руу ус орж, тус хэсэгт бодис давс асгаж, сувгийг сэргээж, усыг урсгажээ.


Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ


Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж  буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. 2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа,  инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа юм байна. 2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ.


Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов


Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:


-Нийслэлийн Засаг даргын “2022 оныг  “Иргэн төвтэй жил” болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах.

-2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэлийг сайтар хангах.

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэх.

-Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын  гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах.

-Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын  гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах.

-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж,  дархлаажуулалтыг эрчимжүүлэх.

-Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, иргэнд хуулийн хугацаанд хариу өгөх.

-“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн

-“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.


Хан-Уул дүүрэгт орон сууцны түрээс хамгийн өндөр байна

 Эх сурвалж: gogo.mn, 2022.02.07


Монголбанкнаас 2021 оны  арван хоёрдугаар сарын байдлаар нийслэлд түрээсийн орон сууцны үнэ ямар байгааг танилцуулав.


Хан-Уул дүүрэгт түрээсийн нэг сарын төлбөр хамгийн өндөр буюу 1.1-1.3 сая төгрөг байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу тавилгатай, эсэхээс хамаарч 650-770 мянган төгрөг байна.    


 





Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраалаа

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.05


Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд зам дагуу байрлах авто засварын газарт өнөөдөр гал гарч, тэр хавьд битүү өтгөн хар утаа олгойдож байв.


Галын дуудлага НОБГ-т 13.30 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал түймэртэй тэмцэх 10 дугаар ангийн 1, 2 дугаар 20 орчим алба хаагч гурван автомашинтайгаар ажиллаж, галын тархалтыг зогсоожээ. Энэ талаар тус обьектэд ажилласан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Ж.Алтанхуягаас тодрууллаа.


-Галыг унтраасан уу?

-15.00 цагийн байдлаар галыг бүрэн унтраагаад, харьяа Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгөхөөр цагдаагийн бүрэлдэхүүнийг хүлээн байна.


-Тухайн авто засварын газар өнөөдөр ажиллаж байсан юм болов уу?

-Тэрийг мэдэхгүй байна. Гал командынхан ирж 20 гаруй минут ажиллаж, галыг бүрэн унтраалаа. Галын шалтгааныг шинжээчид шалган тогтооно гэв.  








Нэг иргэн галд өртөн амиа алджээ

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.04





Барилгад гал гарч нэг иргэн өртөн, амиа алджээ.


Тодруулбал, урьд шөнө буюу 2022.02.04-ний өдрийн 02:26 цагт ХУД-ийн 4-р хороонд байрлах барилгын дэлгүүрт гал гарч байна дуудлагаар есөн алба хаагч, хоёр автомашинтай гарч 02:34 цагт очиход “Андын зам констракшн” ХХК-ний баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12х2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1,5х1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтрааж ажилласан.


Уг галд иргэн Л 58 настай эрэгтэй өртөж нас баржээ.  Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Эх сурвалж: ОБЕГ

“Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.03





“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж буй аж.


Үхэр жилийн сүүлийн хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болсон бөгөөд ээлжит танилцуулгатай холбоотойгоор “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр албан даалгаварт тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”, “Ногоон хөгжлийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”-г хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Ерөнхий сайдын албан даалгаварт үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах тайлан, мэдээг хугацаа алдалгүй цахим технологи ашиглан товч тодорхой, тоо баримтаар баталгаажуулан шуурхай ирүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.