Сурвалж: isee.mn, 2022.02.10
Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын хамааралд хэн гэж улстөрч, эрх мэдэл бүхий хүмүүс байгаа, зээлийн барьцаанд юу тавьсан талаарх мэдээллийг бид эрэн сурвалжлан цувралаар мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч хэмээх ангилалд ороод буй “Бэрэн групп” ХХК зээлийнхээ барьцаанд юу тавьсан талаарх мэдээллийг хүргэж байна.
-“БЭРЭН ГРУПП” ХХК 43.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРТЭЙ, 39 САРЫН ХУГАЦАА ХЭТРЭЛТЭЙ БАЙНА-
“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна.
Харин өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдаж, 39 сарын хугацаа хэтрэлтэй байгаа аж.
Тиймээс Хөгжлийн банк “Бэрэн групп” ХХК-аас 43.88 тэрбум төгрөгийг нэхэмжлэн энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг асуудалтай холбоотойгоор тус шүүхээс нэгдүгээр сарын 19-ны өдөр хэрэг үүсгэжээ.ъ
-ДӨРВӨН ТЭРБУМЫН БАРЬЦААНД ТАВЬСАН ХАНГАЙ ХОТХОНЫ 518 ДУГААР БАЙРЫГ ИРГЭД ХУДАЛДАН АВЧЭЭ-
Хамгийн ноцтой нь “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбатаар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороолол буюу Хангай хотхоны хэд хэдэн орон сууцыг барьцаанд тавьсан байна. Тодруулбал, Хангай хотхоны 518 дугаар байрыг бүхэлд нь 2018 оны тавдугаар сарын 24-ны өдөр, 519-524 дүгээр байрыг 2017 оны аравдугаар сарын 19-ны өдөр зээлийн барьцаанд тавьжээ.
Гэтэл банкны барьцаанд тавьсан 518 дугаар байрны 72 айлын орон сууцыг иргэд борлуулаад дуусчээ. Харин Бэрэн групп бүрэн баригдаж дууссан 518 дугаар байраа Хөгжлийн банканд 4,4 тэрбумын төгрөгийн барьцаанд тавьсан байна.
Үүнээс үзэхэд, дээрх айлууд банкны барьцаанд тавьсан байранд амьдарч буй болж таарах нь. Харин зээлийн барьцаанд тавьсан 519-524 дүгээр байруудын эхний гурван байр нь баригдаж байгаа бол үлдсэн гурван барилгын эхний давхрын цутгалт хийгджээ.
Тиймээс бид тухайн хотхоны иргэдээс амьдарч байгаа байр нь банкны барьцаанд байгаа эсэхийг мэдэж байгаа юу, байраа худалдан авахдаа барьцаанд байсан гэдгийг мэдсэн үү гэдгийг тодруулсан юм. Энэ үеэр оршин суугчид “Анх байраа худалдан авахдаа Хөгжлийн банкны барьцаанд байгаа гэдгийг нь мэдээгүй. Гэтэл байрны гэрчилгээ гарахгүй удаад байх үед энэ талаар мэдээллийг сонссон. Зарим айл өрхүүд одоог хүртэл байрны гэрчилгээгээ аваагүй. Энэ нь "Бэрэн групп" Хөгжлийн банкны барьцаанд ту байрыг тавьсантай холбоотой байх” гэх хариултыг өгсөн юм. Ямартай ч хэл ам дагуулж, шүүхийн төвшинд очоод байгаа “Бэрэн групп” ХХК борлуулах гэж байсан байраа банкны барьцаанд тавьж, хэдхэн сарын дараа иргэдэд худалдсан байгаа юм.