ДЦС-4-ийн хүчин чадлыг нэмснээр ОХУ-ын импортыг хоёр дахин буурууллаа


Сурвалж: МОНЦАМЭ, Б.Оюунгэрэл
oyundelger@montsame.gov.mn
2021-01-11

ДЦС 4-ТӨХК-ийн турбоагрегат 3-ыг шинэчлэх төслийг амжилттай дуусгаж, хүчин чадлаа 89 МВт-аар нэмэгдүүлж ОХУ-аас авдаг эрчим хүчний  импортыг хоёр дахин бууруулав.

Ингэснээр дотооддоо цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 98 хувь хангах боломжтой боллоо. 


Хүчин чадлаа ийнхүү нэмсэн нь 10 аймгийн төвийг цахилгаан дулаанаар хангах хүчин чадал гэсэн үг юм. Турбоагрегат 3-р машиныг энэ сарын 7-ны 20 цагт төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаснаас хойш 123 МВт хүчин чадлыг бүрэн авч амжилттай ажиллаж байгааг ДЦС-4-ын дарга дурдсан юм.


Нийт 93 сая ам доллароор хэрэгжүүлсэн төслийн дүнд цахилгаан станцад суурилуулсан хүчин чадал 789 МВт болсон. Энэ сарын 8-нд системийн оргил ачаалал 1220 МВт хүрэхэд ДЦС нийлбэр ачаалал 740 МВт байх үед ОХУ-аас авсан импортын урсгал 10 МВт хүрчээ. 


Монгол Улсын дулааны болоод цахилгааны бүх станц нийлээд хоногт 25 000 тн нүүрс шатаадаг бол ДЦС 4 дангаараа 15 000 тн нүүрс хэрэглэж байна.


Төслийн нээлтийн үеэр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төслийг хугацаанд нь ашиглалтад оруулсан ОХУ-ын Уралын турбины заводын хамт олонд талархал илэрхийлээд, “Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил хангах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлдэг эдийн засгийн суурь салбар. Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг зорьж байгаа. ДЦС 4-ын хүчин чадлыг 89 МВт-аар өргөтгөснөөр төвийн бүсийн эрчим хүчний үндсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг тус станц хангаж байгаа”-г тэмдэглэв. 


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “ОХУ-аас 250 орчим МВт хүчин чадал импортоор авдаг байсныг хоёр дахин бууруулж 110 МВт орчим болголоо. Бид цахилгаан эрчим хүчээ дотооддоо бүрэн хангахыг зорьж байгаа. Энэ хүрээнд нөгөөдөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэр зарлана. Импортын цахилгаан эрчим хүчний 80 хувийг Оюутолгой авдаг. Тавантолгойн ДЦС ашиглалтад орсноор Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангахаар зураг төслөө хийж байна” гэв.