Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар ₮92 тэрбумын алдагдалтай ажиллаж байна

 Эх сурвалж: ikon.mn, 2021.12.07





МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан билээ. Үүнд эрчим хүчний сэргэлтийн бодлого багтаж буй.


Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эдийн засгийг сэргээх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах учиртай. Тийм учраас намын даргын илтгэлд эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд томоохон эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар тусгасан.


Тухайлбал Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцыг барихаар оруулсан. Энэ эх үүсвэр нь говийн бүсэд байрлах улсын төсөвт багагүй хэмжээний орлог төвлөрүүлдэг томоохон уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болно. Хөрөнгө оруулалтын гэрээгээр дотоодоос эрчим хүч авах ёстой Оюутолгой төсөл үүн дотор орж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн Оюутолгой жилд дунджаар 110-120 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортоор авч эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа.


Дотоодоос эрчим хүчний хэрэглээ хангагдсанаар эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд дэмжигдэнэ. Намын даргын илтгэлд орсон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2022 оны гуравдугаар сар гэхэд барилга угсралтын ажил эхлэх ёстой. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр хангах боломжтой болно.


Мөн шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулж чадвал энэ усан цахилгаан станцаас төвийн бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэмжээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэнэ.


Манай улсад үйлдвэрлэл бага хөгжсөнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ хугацаанаас хамаарч их хэлбэлздэг.


Бид эрчим хүчний хувьд импортлогч улсаас экспортлогч орон болно гэдэг зорилго тавьсан. Зорилтыг биелүүлэхийн тулд улс орныхоо түүхий эдийн нөөцөд тулгуурласан шинэ эх үүсвэрүүдийг богино хугацаанд шуурхай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.


Манай улсын эрчим хүчний салбар чадлын дутагдалд байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлээс хэрэглээ нь давсан. Өнөөдрийн нөхцөл байдал бол өнгөрсөн хугацаанд эрчим хүчтэй холбоотой төлөвлөсөн ажлуудаа хийгээгүйтэй холбоотой. Цаашид шуурхай арга хэмжээ авахгүй бол энэ нөхцөл байдал хүндэрнэ. 


Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар долоогоос найман хувиар өсөж байгаа. Жилээс жилд энэ хэрэглээ өссөөр байх болно. Тиймээс эх үүсвэрүүд шаардлагатай.


Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэхүү алдагдал нь үнийг удаан хугацаанд тогтвортой барьсантай холбоотой. Тухайн салбарыг эдийн засгийн хувьд бие даан ажиллах санхүүгийн боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь үнийг үе шаттайгаар чөлөөлөх явдал" гэлээ.