Эх сурвалж: montsame.mn, 2021.12.29
Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914 онд бариулж, амьдарч байсан "Гоожингийн өндөр" хэмээх барилгыг хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж өчигдөр гарчээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиож буй энэ өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийнхэнд энэ тухай мэдээлэл өгөв.
Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1 дэх хэсэгт, "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна" гэж заасныг үндэслэн дээрх захирамжийг гаргажээ.
Захирамжаар, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт орших, хоёр давхар, "Гоожингийн өндөр" гэх барилгыг эвдэх, гэмтэх, устахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авахыг НЦУГ-ын дарга Р.Отгонжаргалд үүрэг болгов.
Мөн барилгын анхны хэлбэр, хийцийг алдагдуулахгүй сэргээн засах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаахыг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнд даалгав. Түүнчлэн барилгыг мөн хугацаанд багтаж музейн чиглэлээр ажиллуулахыг Улаанбаатар хотын музейд, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгалаа.
Түүнээс гадна хууль зөрчиж тухайн барилгын газрыг иргэний өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгохыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст үүрэг болгожээ.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт тухайн барилга оршиж байгаа 470 мкв газрыг 2014 оноос иргэн М эзэмшиж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Ташрамд дурдахад, 1916 онд Монголын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч Козин тэнд ажилладаг байсан учир “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болжээ. 1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүхтэй. Энэ барилгын гол материал нь шавар, мод. Тухайн үедээ цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ. 1921 оны 10 дугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг юм.