Эх сурвалж: ikon.mn, 2022.04.22
“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр Мянганы Сорилтын Сангийн /МСС/ Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх илтгэл тавилаа. Тодруулбал, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд ярьсан юм.
Тэрбээр "Мянганы сорилтын сангийн судалгааны ажил 2015 оноос эхэлсэн. Бид гурван төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэ нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйд шахаж өгөх юм.
Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжийн хажууд цэвэршүүлсэн усыг дахин цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулах төсөл
Гуравдугаарт, нийслэлийн усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төсөл хэрэгжиж байгаа.
Шинэ зуун мод, Майдар, Аргалант, Рашаант зэрэг хотын баруун хэсгийн шинэ суурьшлын бүсүүдийг дээрх эх үүсвэрээс усаар хангана" хэмээн төслийн талаар танилцуулав.
Мөн тэрбээр "Дараагийн том төсөл бол хаягдал ус дахин боловсруулах ажил юм. Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус дахин боловсруулах үйлдвэр барина. Энэ нь хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлнэ.
Түүнчлэн усны сангийн тогтвортой байдлыг хангах төсөл бий. Энэ хүрээнд Ус сувгийн удирдах газрын хариуцаж байгаа 182 ус түгээгүүрийн байрыг ухаалаг болгох ажлыг гүйцэтгэж байна. Ус түгээгүүрийн байр буюу худгийг ухаалаг болгосноор иргэд 24 цагаар чөлөөтэй усаа авах боломжтой.
"Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангахгүй байна"
Монголын Мянганы Сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нийслэлийн үйлдвэрийн хаягдал, усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хүрээнд мэдээлэл өгөв. Хаягдал бохир усны бохирдлын агууламжийг 2013 оны түвшинд бууруулах энэ нарийвчилсан төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "Ус Сувгийн Удирдах Газартай гэрээтэй үйлдвэр, аж, ахуйн нэгжүүдээс долоон нэр төрлийн байнгын ажиллагаатай 284 үйлдвэр болон бусад 202 үйлдвэр, аж, ахуйн нэгжийн хаягдал бохир усанд хийсэн шинжилгээний дүнгээс харахад Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангаж чадахгүй байна.
Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд байгаль орчныг бохирдуулж байгаа үүрэг хариуцлагаа хүлээгээд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон тохиолдолд бохирдлын агууламж 2013 оны түвшин рүү дөхөх юм. Одоогоор Ус сувагтай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан сэргийлэх байгууламжтай. Дээрээс нь дахин зургаан үйлдвэр тоног төхөөрөмжөө суурилуулаад явж байна" хэмээн хэллээ.