“Туул голыг сувагчилж хотод усан замын тээврийг хөгжүүлэн, усан буудал байгуулна”

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.22






"НИЙСЛЭЛД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ 153 КМ БАЙДГААС 92,7 КМ НЬ 30 ЖИЛЭЭС ДЭЭШ НАСЖИЛТТАЙ БОЛСОН"


Эх дэлхийн өдрийг тохиолдуулан нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилго бүхий “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Нийслэлийн Ерөнхий Архитетор Н.Нацагдорж УБ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийг танилцуулахдаа Туул гол дагуух төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулж, 125 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Үүнээс хойш таван үе шаттай ерөнхий төлөвлөгөө хийж, 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга байна гэж төсөөлж байсан. Гэтэл өнөөдөр 1.6 сая хүн амтай болсон. Нийслэлчүүд бүх хэрэглээндээ маш сайн гүний ус хэрэглэдэг ч дамжуулах шугамаараа муу болж иргэдэд очдог.


Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 160 мянган метр куб байна. Цэвэр усны шугамын урт 586 км ч 40-өөс дээш жилийн насжилттай 68.9 км, 20 жилийн насжилттай 229 км шугам бий. 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний уснаас, 25 хувийг гадаргын уснаас, үлдсэн хувийг цэвэршүүлсэн уснаас хангахаар тусгасан.


Мөн хотын үерийн ус зайлуулах шугамууд маш их муудсан. Ус зайлуулах шугам 153 км байдгаас 30 жилээс дээш насжилттай 92,7 км шугам байгаа буюу тэдгээр нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бороо орохоор л зам, талбайд ус их хэмжээгээр бий болдгийг бүгд мэднэ. Тиймээс засаж янзлах, шинээр байгуулах ажлуудыг шат дараатай хийнэ. 2040 он гэхэд 270 км үер далангийн шугам барина, зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөөд байна.


Сүүлийн үед Улаанбаатар хот барилгажиж байна. Хөрсний ус хөрсөөр дамжин агаараа чийгшүүлж байдаг. Барилгажсанаас болж агаараа чийгшүүлэх нь багасдаг. Агаар хуурайшихаар хур тунадасны хэмжээ багасдаг. Тэгэхээр Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгон, нуур, цөөрөм хийж, агаараа чийгшүүлэх хэрэгтэй. Мөн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, гэр хорооллын айлуудаа моджуулбал агаар чийгшиж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ.


Дэлхийн томоохон хотуудын жишгээр Туул голоос сувагчлаад нийт 57 км-ээс хотын урд хэсэгт 11 км сувагчлах төслийг хийж байна. Ийнхүү тогтмол урсацтай болохоор усан зам, моторт завины тээврийг хөгжүүлэх боломжтойгоос гадна, усан буудлыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын барилгажсан хэсэгт агаарт өгөх чийгшлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хуурайшихын хэрээр орох хур тунадасны хэмжээ ч багасдаг, өвөл ч багасах үзэгдэл гарах болсон.


Нийслэлд 229 булаг, 38 нуур, 19 рашаан бий. Нуур, цөөрөм гэх мэтээр чийгшил өгөх байгууламжуудыг нэмэх шаардлагатай байна. Хотын ундны усны эх үүсвэр зүүн талдаа байдаг. Баруун талд Мянганы сорилтын сангаас хоногийн 140 мянган метр куб нөөц бүхий усан санг бий болгож, дамжуулах шугамын ажил 50 хувьтай байгаа. Мөн саарал усыг цэвэршүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна." гэлээ.