Эх сурвалж: Б.Бадамгарав, www.ikon.mn, 2023.05.01
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит чуулган өнөөдөр болж байна.
Энэ үеэр нийслэлийн боловсролын хүртээмж чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байгаа юм.
Тэрбээр хүртээмжийг нэмэгдүүлэх 15 шийдлийг мэдээлэв. Тухайлбал,
Газар зүйн мэдээллийн системд суурилсан төлөвлөлт хийх
Ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх
Шинээр баригдах хотхон, хорооллын зураг төсөлд цэцэрлэг сургуулийн барилга төлөвлөх, барих шаардлага тавих, түүнд хяналт тавих
Аж ахуйн нэгж, байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг, сургуулийн зориулалттай барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, урамшуулах
Хорооны Засаг даргын Ажлын алба, тухайн дүүргийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗГ)-ыг зориулалттай барилга байгууламжуудыг бага сургуулийн зориулалтаар түр ашиглах
Нийслэлийн төлөөлөгчид тойргийнхоо нэгээс доошгүй цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулахад төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх гэх зэрэг байна.
Мөн сайд Л.Энх-Амгалан "Сургуулийг бага, дунд, ахлах гэж төрөлжүүлэх бодлого барина. Ахлах сургуульд багшлах багш нарыг магистрын зэрэгтэй байхыг шаардана. Бага ангид нэг багш бүх хичээлийг орж байгаа нь буруу.
Улсын хэмжээнд 2,000 орчим багш дутагдалтай байгаа. Түүнээс биш бүгдээрээ Солонгос явсан мэт буруу ойлголт байж болохгүй. Цаашид багшийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд нэр хүндийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай" хэмээв.
Түүнчлэн "Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл нь боловсрол мөн. Өглөө, оройн түгжрэлийн 30-40 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхээс өгөхөөс хамаарч байгаа гэсэн тооцоолол бий. Цаашид гэрт ойр сургууль бол хамгийн сайн сургууль байх тогтолцоог нэвтрүүлбэл түгжрэл эергээр нөлөөлнө.
Цэцэрлэг, сургуулийн хэв шинжийг эргэж харах хэрэгцээ үүссэн. Стандартын хувьд мөн уян хатан байх шаардлагатай.
Бүлэг зохион байгуулалтыг сургуулийнх нь онцлогтой уялдуулж, ирэх есдүгээр сарын 1-нээс нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийнэ гэж зорьж байна. Тэгэж байж боловсролын чанар, хүртээмжийн асуудалд ахиц гаргана" хэмээн мэдэгдлээ.