У.Санчир: Явган хүний зам дээр машинаа гаргаж тавьдаг үйлдлээс үүдэн тухайн замд эвдрэл, гэмтэл үүсэж байна

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.05.03





“Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын байранд боллоо.


Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчирын танилцуулсан илтгэлийг хүргэж байна. 


"Явган хүний замд шон байрлуулах, хөтөч хавтан тасалдах зэрэг түгээмэл асуудал байна"

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд 1,064 километр явган хүний зам бий. Хийц бүтээцийн хувьд дийлэнх хэсэг нь бетон хавтан, байгалийн чулуу, бетон цутгамлаар хийсэн байгаа.


Тухайлбал, байгалийн чулуун хийцлэлтэй 70,000 метр квадрат талбай бүхий явган хүний замтай бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа их үүсдэг.


Тэгвэл нийслэлийн явган хүний замыг бүхэлд нь бетон хучилтаар хийх боломжтой юу?


Зарим тохиолдолд газрын доор инженерийн байгууламж, шугам сүлжээ байдаг учраас бетон болон асфальт ашиглах боломжгүй болгодог.


Иймд тухайн замыг буцааж сэргээх бололцоогоор хангаж хавтан болон байгалийн чулуугаар нийслэлийн явган хүний замыг засаж, сайжруулж байна" гэдгийг илтгэлдээ дурдав. 


Явган зорчиход үүсдэг асуудлууд болон зам дээрх саадын талаар... 


Хараагүй хүний хөтөч хавтан дээр хогийн сав, сандал байрлуулах

Хөтөч хавтан тасалдах 

Явган хүний замд шон байрлуулах

Явган замын засвар үйлчилгээ дутмаг, хог хаягдлыг цэвэрлэдэггүй зэрэг асуудал үүсдэг. 

Мөн явган хүний зам дээр машинаа гаргаж тавьдаг үйлдлээс үүдэн тухайн замд эвдрэл, гэмтэл үүсэж байна. Энэ бол зам барихад гаргасан гүйцэтгэлийн алдаа бус иргэдийн ухамсрын асуудал гэдгийн нэмж хэллээ. 

"Энэ онд нийслэлийн хэмжээнд 69,000 метр квадрат явган хүний зам барихаар төлөвлөсөн"

Үргэлжлүүлэн энэ жил нийслэлд хийх зам засвар, бүтээн байгуулалтын талаар Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчир мэдээлэл өгөв. 


Энэ тухай "Нийслэлийн зам хөгжлийн газраас 2022, 2023 онд нийт 60,000 гаруй метр квадрат явган зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн онд 18,000 метр квадрат замын ажил гүйцэтгэсэн. Энэ онд 44,000 метр квадрат явган хүний замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 20 байршилд явган хүний зам барих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасан. 


Түрүүн дурдсанчлан Нийслэлийн зам хөгжлийн газрын 44,000 метр квадрат зам дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 25,000 метр квадратыг нэмж хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ онд нийслэлийн хэмжээнд 69,000 метр квадрат явган хүний замын бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө гаргасан. 

Нийслэлийн тохижилт бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай байдаг. Тохижилтын ажил гол төлөв тавдугаар сараас эхэлж, аравдугаар сарын 15-н хүртэл хүртэл үргэлжилдэг" хэмээн ярилаа. 





“Явган хүний зам тавихдаа эхлээд зураг төслөө гаргадаггүй нь нэг том алдаа”


Эх сурвалж: Л.Амарцэцэг, www.gogo.mn, 2023.05.02







"Төрийн байгууллагууд явган хүний замын ажлын төлөвлөлтийг зөв тодорхойлох ёстой. Эд хүйтрээд, газар хөлдөх үеэр замаа ухаж, хуулаад тавьчихдаг.  


Сонгон шалгаруулалт, зураг төсөл боловсруулалтын хугацаанаас шалтгаалж оны сүүлд багтааж юм хийсэн болж харагдах гэж замаа эвдээд, хуулаад тавьчихдаг. Энэ зөвхөн гүйцэтгэгч компанийн буруу биш.


Захиалагч зураг төсөл гаргуулахдаа эхлэлийн цэгээ зөв тодорхойлж, маш сайн мэдэж байх ёстой" хэмээн БХТ-ийн Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэллээ.


Тэрээр “Барилгын дүрэм, норм, технологийн дарааллыг хуульчилсан байдаг. Стандарт бол тухайн бүтээгдэхүүнд чиглэдэг. Явган замын хавтан, материалд тусдаа стандарттай. Хотын стандартын бичиг баримтууд хангалттай сайхан байна. Хамгийн гол нь үүнийг сурталчлах хэрэгтэй. Зураг төсөл боловсруулж буй хүмүүст танилцуулах, шаардлага тавих ёстой.  


Явган хүний замын хавтангийн ажлыг мэргэшсэн инженер хийнэ гэж байхгүй. Харин мэргэшсэн инженерийн хяналтад явагдана. Стандарт тодорхой, нээлттэй байх ёстой. Гэтэл зам, засварын ажил дууссаны дараа шаардаж, шахвал хүнд суртлын асуудал бий болж эдийн засагт хүндрэл учирна.


Хотын стандартын бичиг баримтууд хангалттай сайхан байна. Хамгийн гол нь үүнийг сурталчлах хэрэгтэй


Явган хүний замын ажлын төлөвлөлтийг зөв тодорхойлох хэрэгтэй байна. Эд хүйтрээд, газар хөлдөх үеэр замаа ухаж, хуулаад тавьчихдаг. Сонгон шалгаруулалт, зураг төсөл боловсруулалтын хугацаанаас шалтгаалж 12 сард багтааж юм хийсэн болж харагдах гэж замаа эвдээд, хуулдаг. Энэ зөвхөн гүйцэтгэгч компанийн буруу гэж болохгүй.  


Мөн зураг төслийн болон захиалагчийн нэг алдаа байна. Төлөвлөлт, сонгон шалгаруулалт явагдаад, санхүүжилт орсны дараа зураг төслөө гүйцэтгэдэг. Захиалагч зургийн даалгавар өгөхдөө  эхлэлийн цэгээ маш сайн мэдэж байх ёстой" гэлээ.


Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчир “Нийслэлийн хэмжээнд явган  хүний 1064 км зам байдаг. Хийц бүтээцийн хувьд ихэнх хэсэг нь бетон, хавтан, байгалийн чулуу, бетон цутгалмаар хийгдсэн байдаг. Байгалийн чулуун хийцлэлтэй 70 мянган м2 талбай бүхий явган хүний замтай. Тухайн замуудад цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа их үүсдэг.  


лаанбаатарын явган хүний замыг бетон хучилтаар хийх боломжтой юу гэвэл инженерийн байгууламж, дулааны шугам, хоолой газар доор байдаг тул боломжгүй байдаг. Харин тухайн замыг буцааж сэргээгдэхээр хавтан болон байгалийн чулуугаар нийслэлийн явган хүний замыг засаж, сайжруулж байна. Өнгөрсөн онд 18,000 метр квадрат замын ажил гүйцэтгэсэн. Энэ жил нийслэлд 69 мянган метр2 явган хүний зам хийж гүйцэтгэнэ.


Тохижилт, бүтээн байгуулалтад бараа материалын чанар, техник, технологийн хөгжил, аж ахуй нэгжүүдийн боловсон хүчний асуудал тулгарч байна. Явцын дунд улирлын чанартай мөн жолооч машинаа явган хүний зам дээр тавьдгаас эвдэрч байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 20 байршилд явган хүний зам барих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасан” гэв.


Хэлэлцүүлгээр явган замын стандарт, яагаад жил болгон замын хашлагыг сольдог вэ,үүний цаана авлигын ямар нэг шалтгаан, нөхцөл байна уу, цаашид авлига үүсгэхгүй байхад яаж анхаарах вэ, явган замын стандарт, хяналтыг  сайжруулах талаар хэлэлцсэн юм.