Х.Чойбалсангийн өвлийн ордон




Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, ХХ зууны монголын удирдагчдын нэг Х.Чойбалсанд зориулан архитектор Н.М.Щепетильниковын 1943 онд зохиосон зураг төслөөр 1947 онд барьж ашиглалтад оруулжээ. Энэ байшинг Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө хэмээн нэрлэдэг бөгөөд Х.Чойбалсан нас өөд болтлоо амьдарч байжээ.

Нэгдүгээр давхар нь будаалгын танхим, бильярд, хүлээлгийн болон хамгаалагч нар суудаг өрөө, хоёрдугаар давхар нь бичгийн өрөө, номын сан, нарийн бичгийн даргын тасалгаа, хоолны бага заал, унтлагын болон хүүхдийн зэрэг өрөөнөөс бүрдэж байжээ.
Анх зургаан өрөөтөй, айлын зориулалттай баригдсан энэ барилга нь 1986 онд өргөтгөл хийж 20 гаруй өрөө тасалгаагаар нэмэн тохижуулжээ.

1990 он хүртэл НАХЯ-ны III газрын харьяанд явж ирсэн “30 дугаар байр” 1990 оноос Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харьяалагдах болсон байна. Маршалын өргөө хэмээн нэрлэх болсон энэ байранд зочид төлөөлөгчдийг хүлээн авах, төр засгийн зарим ёслол, хүлээн авалт хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Сайн байна уу Улаанбаатар минь