Эх сурвалж: ikon.mn, 2023.04.26
“Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа: Жилийн өмнө бид хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний төв байгуулах төслийг эхлүүлэх болсноо танилцуулж байсан бол өнөөдөр төслийн 2-р шат буюу Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг танилцуулахад таатай байна.
Өнгөрсөн 2022 онд төслийн 10 га талбайгаас нийт 14323 бурхан болоочийн шарилыг зохих журмын дагуу зан үйл, ёс уламжлалын дагуу хүндэтгэлтэйгээр шилжүүлэн, Улаанбаатар Буян ХХК-ийн чандарлах цогцолборт чандарлан, түр хугацаанд хадгалж байна. Түүнчлэн, чөлөөлсөн газрын хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж, эхний ээлжид 1000 ш улиас модыг тарьснаар төслийн эхний шат буюу газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан.
Монгол Улсад анх удаагаа хэрэгжиж байгаа төслийн хувьд тодорхойгүй, хүндрэлтэй зүйлс олон байсан хэдий ч иргэдийн, тэр дундаа талийгаачдын ар гэрийн санал хүсэлт, дэмжлэгтэйгээр төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ ташрамд төслийг ойлгож, дэмжиж ажилласанд талархал илэрхийлье.
Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайтад бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа 2 га талбайд байгуулагдах Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь бурхан бологсдодоо үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй ар гэрийн хувьд тавтай, тухтай орчинд хайртай дотны хүнээ дурсах, хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, нийслэл хотдоо нэг өнгө, утга нэмсэн бүтээн байгуулалт юм.
“Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бумтүшиг: Манай компанийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаандаа байгаль экологид ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг баримталж ирсэн.
Энэ ч утгаараа нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа таатай байна.
“Улаанбаатар буян” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд оршуулга, түүнтэй холбоотой иргэдэд тулгамддаг хүндрэл, бэрхшээлийг бууруулахад онцгой анхаарч, үндэсний уламжлал, зан үйлийг дэвшилтэд технологитой хослуулан байгаль экологид ээлтэй чандарлан оршоох үйлчилгээг олон төрөл, сонголттойгоор үзүүлдэг бөгөөд төрөөс олгодог оршуулгын тэтгэмжид багтсан үнэ бүхий үйлчилгээг иргэд авах боломжтой юм.