Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. 2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.
Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалдаг. Мөн амьсгал болон ахуйн замаар тархаадаг нь байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, амьдрах орчинд аюул учруулж буй. Түүнээс гадна уламжлалт ёс заншил, соёлд үл нийцэх бусад сөрөг үр дагаврыг үүсгэсээр байна гэж үзэж байна. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгасан. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор дээрх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч огт хэрэгжээгүй өнөөг хүрсэн байна.
Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр мөн танилцууллаа.
Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтах юм.
Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг тогтоолыг дэмжсэн бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 15дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Самбалхүндэвийн оршуулгын газрыг жагсаалтаас хасагдсан тооцох заалтыг нь түр хойшлуулав. Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдаанд тус оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн баригдахаас бусад газрыг хэрхэн ашиглах талаарх хэсэгчилсэн төлөвлөгөөг оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ашгаас 221,743.3 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ
Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2020 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас 2021 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь, хэмжээг батлах асуудлыг хэлэлцлээ.
Өнгөрсөн онд нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”, “Хот төлөвлөлт судалгааны институт” зэрэг гурван байгууллага ашигтай ажилласан бөгөөд эдгээрийн цэвэр ашгаас нийт 221,743.3 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй нь 15 байна. Харин өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байдгаас хоёрыг нь менежментийн хувьчлалын жагсаалтад оруулаад байгаа юм. Өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулсан 15 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нь нийт 267.9 тэрбум төгрөгийн орлого олж, 319.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Өөрөөр хэлбэл нийт 52.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар байрлуулна
Ардын уран зохиолч, Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавын гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг байрлуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Ш.Сүрэнжав агсан нь 2018 онд буюу 80 насандаа таалал төгссөн бөгөөд түүний дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг нэрт яруу найрагчийн амьдарч байсан байранд байрлуулах хүсэлтийг гэр бүл, үр хүүхдүүд нь ирүүлсан аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 120 мянгатын 2 дугаар байранд хүндэтгэлийн самбарыг байрлуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардлыг Ш.Сүрэнжав агсны гэр бүлийнхэн хариуцах юм. Уг төслийг тэргүүлэгчдийн олонх нь дэмжив.
ТОВЧХОН
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах” асуудлыг хэлэлцүүлсэн. Улмаар тэргүүлэгчид уг төлөвлөгөөнд олон нийтийн саналыг тусгах үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэхүү даалгаврын биелэлтийг өнөөдөр Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүлэгчдэд танилцууллаа.
- “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ дэд төвд баригдаж ашиглалтад орсон Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг хэлэлцэн, дэмжив. Азийн хөгжлийн банкны 5.2 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьсан уг байгууламжийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн харьяанд шилжүүлж байгаа юм. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан 12 барилга байгууламж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан 10 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч ж.Сандагсүрэн танилцуулсныг тэргүүлэгчид дэмжив.
- Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, нийслэлийн Хүрээ амаржих газрын 2 зоорийн барилгыг нийслэлийн өмч бүртгэлээс хасах саналыг дэмжлээ. Дээрх 2 зоорь нь 1959 онд ашиглалтад орсон, нийт 6 өрөө газар дор байрлах бөгөөд тоосгон ханатай, модон дээвэр, шороон хучилттай. Одоогоор ямар ч ашиглалтгүй байгаа уг байгууламжийг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 онд гаргаж байжээ.
- Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас “Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Хүнс хангамж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд өөрчлөлт оруулж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүнсээр хангахаас гадна нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн хүнсний хангамжийг хариуцуулах саналыг дэмжлээ.
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг 2021.08.31-ний өдөр хуралдуулахаар товлолоо.