Б.Энхбаяр: Дамбын Хишгээ гэдэг нөхөр Хөшигийн хөндийд газар авчхаад түүнийгээ улсад зарах гээд байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн төслийн үзэл баримтлалд “Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох Шинэ зуун хот, Майдар хотуудыг байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ” гэдэг өгүүлбэр байна.


Майдар гэдэг хот байгуулсан төрийн шийдвэр байгаа юу. Үндсэн хуульд УИХ-ын шийдвэрээр хот байгуулдаг. Майдар хотыг байгуулсугай гэдэг УИХ, Засгийн газрын шийдвэр байхгүй. Энэ хаана байдаг хот вэ.


Нэг хүн цаасан хот байгуулаад баахан хүнээс мөнгө татсан. Энэ төрийн байгуулж байгаа хот уу, хувь хүний хот уу.


Майдар хот нэрээр баахан бурхан зарсан байгууллага нь төрийн бус байгууллагын халхавчаар олон хүнээс мөнгө татсан. Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулснаар Майдар хот албан ёсных болох уу.


Үүнээс гадна Дамбын Хишгээ гэдэг нөхөр Хөшигийн хөндийд маш том газар авсан. Тэнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэтэл улсад газраа шахах гэж байна гэж ойлгоод байгаа. Улсын төсвөөс Дамбын Хишгээ гэдэг нөхөрт мөнгө өгөх үү. Энэ нөхөр хэдэн га газар авчхаад улсад зарна гээд мөнгө угаалт хийгээд байгаа юм гэдгийг тодруулмаар байна" гэв.


Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга н.Батжаргал: 2012 онд найман жилийн хугацаатай Майдар хотын төлөвлөлтийг хийх Засгийн газрын шийдвэр гарсан байдаг.


Харин Шинэ зуун мод хотын тухайд “ЖАЙКА”-ийн судалгааны багийн оролцоотойгоор урьдчилсан судалгаанууд хийж байсан. Энэ судалгааны дата мэдээллийг Хөшигийн хөндийд шинэ суурьшлын бүс байгуулах асуудалд ашиглаж байгаа.


Түүнээс биш Майдар хот, Шинэ зуун мод хотуудад улсын төсвөөс ямар нэгэн төсөв зардал суулгаагүй.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Орон нутгийн зэрэглэлтэй Майдар, Шинэ зуун мод хотыг байгуулах УИХ-ын 2020 оны тогтоол гарсан байдаг.


Улсын тусгай хэрэгцээнд авсан 12 мянган га газарт Майдар хотыг төлөвлөн, тодорхой ажил эхлүүлсэн юм билээ.


Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд авсан 31 мянган га газарт Майдар хотын газар орохгүй. Шинэ зуун мод хотын газар ч мөн орохгүй.


Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн 31 мянган га газарт Дамбын Хишгээгийн 500 га газар бий. Тус аж ахуйн нэгжид 41 байршилд газар олголт хийсэн байсан.


Гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ газар маргаангүй, үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг шийдвэр гарсан байдаг.


Тухайн хүмүүс бидэнтэй уулзаж Засгийн газраас гаргасан ерөнхий төлөвлөлттэй уялдуулан хамтран ажиллана гэдэг байдалтайгаар ажил үргэлжилж байна.


100 хувь төрийн өмчийн 1,000 га газрын асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Энд маргаантай газар огт байхгүй.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ Дамбын Хишгээ гэдэг хүн аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу. Монгол Улс Хөшигийн хөндийд бүтээн байгуулалт хийгээд байдаг. Гэтэл мэдээлэлд ойр байдлаа ашиглан газар авчхаад түүнийгээ улсад зарах гээд суугаад байдаг.


Энэ хүн 500 га газраа хэдэн төгрөгөөр зарах гээд суугаад байдаг юм бэ.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Дамбын Хишгээ өөрөө Засгийн газар бодлогоор хот төлөвлөлт хийнэ гэвэл газрыг бүтнээр нь авч болно гэдэг санал тавьдаг юм билээ. Гэхдээ үнэ хэлж байхыг нь би сонсоогүй.