Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд иргэдийн барьцаалан зээлдүүлэх ‘түнш’ болжээ

Эх сурвалж: news.mn, 2022.02.18


Хэдхэн хоногийн өмнө уламжлалт сар шинийн баяр болж өнгөрлөө. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн ч иргэд байдгаа тавьж шинэлцгээсэн. Сар шинээр хуугаар нь хамсан иргэд одоо туйлдсан байдалтай байгаа талаар иргэд ч өөрсдөө их ярих болсон. Тиймээс иргэдийн өдөр тутмын амьдрал хэр байгааг ажиглах боломжтой газрыг гэр хорооллын хүнсний дэлгүүр хэмээн үзсэн тул Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа хавиарх хүнсний дэлгүүрүүдээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. 


Хүйтний улирал дуусч хаврын урь орлоо гэж баярлавч “молиго модон чихэр” гэдэг шиг өвлөөсөө хүйтэн жавартай хаврын өдрүүд үргэлжилсээр. Гудамжны үзүүрээс куртикныхаа энгэрийг зөрүүлэн тэвэрсэн залуу гүйсээр хүнсний дэлгүүр бараадав. Араас нь даган орвол “Хараа 0.5-тайгаас нь,  нэг зуугийн аягатай” гэчихэээд худалдагчтай “Танайхан сайн уу” гэх ойр зуурын үгс солилцоно. Уг дэлгүүрт бараагаа бичүүлэх гэж хүлээх шаардлагагүй. Учир нь, хотын төвийн дэлгүүрүүд шиг хүлээгээд байх олон хүн орохгүй.


 Дэлгүүрийн худалдагч “Цагаан сарын үеэр сүү, шар тос, бууз, ундаа гүйлгээтэй байлаа. Баярын дараах 2-3 хоногтоо иргэд бага сага зүйл авч байгаад мөнгөгүй болдог юм уу, яадаг юм гурав, дөрөв дэх өдрөөсөө худалдаж авахаас илүү зээлэх гэж орж ирэх нь их байна. Жишээ нь, уржигдар 15 ширхэг талх авсан. Өчигдөр гүрийсээр байгаад нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь дүүдээ өгч дуусгаад өнөөдөр шинэ талх захьлаа. Ер нь худалдан авалт гэдэг чинь лөөлөө болчихоод байна. Өглөө цөөхөн хүн орж ирээд, өдөр нь хүнгүй, орой ажлаа тараад ганц нэгхэн хүн орж ирж байна даа” хэмээв.                       

Цахилгаан бараагаа үлдээгээд зээл авчихсан хүмүүс хүртэл байна


Цааш энхэл донхол замтай, хаа нэг нохой хуцах гудмаар явбал усны худагтай залгуулж барьсан улаан тоосгон дэлгүүр байх аж. Тухайн дэлгүүр рүү ороход 7 орчим насны хүү: Эгчээ тэрийг авъя.


-Худалдагч: Тэр гэж аль вэ, аль?


-Хүү: Тэр шар ууттай гоймонг.


-Худалдагч: Сайн асуугаад ирээ. Буруу юм аваад явах гэж байгаа юм гэсээр хүүд бэлэн гоймонг өгөөд явуулав. Тус дэлгүүрийн эзэн Дамбад долоон жил дэлгүүр ажиллуулж байгаа агаад өөрийнхөө гудамжны бараг бүх айлын аж амьдралыг мэддэг тул ихэнх айлд нь ойр зуурын зээл өгдөг аж. Мөн уг дэлгүүр “Алив гэрт хүн ирчихлээ. Хиам, зайдас, талх, боорцог, шил архи өгөөч” гэж сандарч ирэх хүмүүсийн хөлөөр тасардаггүй байна. Иргэдийн хувьд хагассайн, бүтэнсайн өдөр болохоор угаалгын нунтаг, савангаас эхлээд л зээл бас дахин зээл аж. Уг дэлгүүрт 5-210 мянган төгрөгийн зээлтэй хүмүүс их байгаа гэв. Тэдгээр дунд өдөртөө зээлээ төлдөг, 14 хоног, 1-2 сар хүлээлгэж төлдөг олон төрлийн хүмүүс байдаг байна. Иргэд нийт өрнийхөө жаахан хэсгийг төлөөд дахин өр тавих нь элбэг. Бүрмөсөн дарах ганц үе нь тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө буух үеэр нэрээ хараар эрээчүүлж нуруу нь тэнийнэ. Харин удалгүй талх, сүү, мах уутлаж аваад ээлжит ачаагаа үүрнэ. Өрийн дэвтэрт нэг гэрийн аав, хүү хоёр тус тусдаа нэрээ бичүүлсэн нь ч байв. “Сайн найзтайгаа харьцахыг хүсэхгүй байвал мөнгө зээл” гэх үг цахим орчинд өдөр бүр л харагддаг. Хэнийг нь ч сайн мэдэхгүй нэгэндээ хэдэн арван мянгын бараа зээлэх нь зарим иргэдийн нөхөрлөлөөс илүү андлалтай хүнсний дэлгүүр, туйлдсан иргэдийн тарчиг амьдрал. “Хүмүүс хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооний үнэмлэх гээд бүхий л бичиг баримтаа тавьж өдөр тутмын хоол хүнсний зүйлс болох талх, элэгний нухаш, сүү, тамхи голцуу авдаг байсан бол одоо гэрийн эд хогшлоо хүртэл тавих болсон” хэмээн дэлгүүрийн эзэн ярих зуураа лангууны ар талын хэсэг рүү зааж “Чи тэрийг хар л даа, тоос сорогчоо хүртэл үлдээчихсэн байгаа биздээ” гээд инээв. Энэ хооронд ганц нэг хүн орж ирэх ч лангууг хэд эргүүлж, тойруулж харж байгаад хоосон гараад явав. Авах зүйл нь байсангүй юу, эсвэл авах бараа нь гэсэн үнэтэй байв уу. Удалгүй бага ангийн хүүхдээ дагуулсан настан ширхгийн тамхи, нэг шуудай мод авч гарахын алдад “энийг авна” гэж хүүхэд нь тийчигнэнэ. Хичээл сургууль эхэлсэн учир өдөртөө хичээл тарах, эхлэх үед хэд хэдэн хүүхэд эцэг, эхийгээ чангаасаар дэлгүүрт орж ирдэг байна. Аргагүй эрхэнд зээлээр ч болтугай эцэг, эхчүүд авч өгөх аж. Гэхдээ зээл өгөхөд зарчим бий. Зээлээр архи, согтууруулах ундааг хэзээ ч дэлгүүрүүд олгодоггүй байна. Архи зээлээр зайлшгүй шаардлагатай байвал эхнэр, нөхөр хоёрын нөхөрт нь бус эхнэрт нь өгдөг аж. Нөхөр бол нэг төрлийн найдваргүй зээлдэгч. Найдваргүй зээлдэгчид хэзээ дахин зээл гарч байлаа даа.


        Бөөний гэх тодотголтой дэлгүүр, захууд гэр хорооллын дэлгүүрт хамаагүй хямд байна


Дараагийн дэлгүүр бол Долоон буудлын зам дагуу байрлах гудамжны үзүүрт байрладаг “Мөнгөн” дэлгүүр юм. Тус дэлгүүр орлого муутай, өдөрт ихдээ л 140 мянган төргөгийн орлоготой байгаа аж. Уг дэлгүүр талх, боорцог гэх гурилан бүтээгдэхүүн худалдан авалт муутай байгаа тул хугацаа нь дуусч  “шатах” тохиолдол гараад байгаагаас болж зарахаа больсон байна.


Дэлгүүрийн худалдагч гэх 40 гаруй насны эмэгтэйгээс иргэдийн худалдан авалтын талаар тодруулахад  “Цагаан сарын үеэр биднийг овоож оцойтлоо ихийг олж байна гэж бодоод байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ямар ч баярын өмнөх долоо хоногт гэр хорооллын дэлгүүрүүд зогсонги байдалд ороод байдаг болчихсон. Ялангуяа Оргил, Номин, Е-Март гэх олон сүлжээ дэлгүүр хаа сайгүй байгуулагдсантай холбоотой иргэд бөөний төв гэх газруудаас баярын зүйлсээ авдаг болсноор гэр хорооллын дэлгүүрүүд эзгүйрдэг. Гэтэл бөөний гэх тодотголтой дэлгүүрүүд нь ихэвчлэн 1000-2000 төгрөг нэмж зардаг. Түүнийг нь иргэд авахдаа үнэтэй байна, бүх юм өсчихлөө гээд хашгичаад байдаг. Жишээлбэл,манайд бэлэн гоймонг 3100 төгрөгөөр зарж байхад сүлжээ дэлгүүрт 3800 төгрөгөөр зарагдаж байна. Аль нь яг бөөний төв болж таарав. Бөөний төв, зах гэхээр л иргэд хямд гэж ойлгодог. Гэтэл Хүчит-Шонхор, Барс, Нарантуул чинь жижиг дэлгүүрээс үнэтэй байна шүү дээ. Тэд үйлдвэрлэгчдээс 500-1000 төгрөг нэмж зарж байхад бид бөөний төвөөс бараа татаад ашиг харна гэвэл иргэд улам л туйлдах биз” хэмээн бухимдангуй ярив. Цалингаа буух бүрт хоол, хүнсээ цуглуулах гэсэн иргэд бөөний төвийг зорино. Харин иргэдийн худалдан авах сэтгэлээр “тоглож” бөөний бус ширхэгийн үнээр зарах нь элбэг аж.


Сүүлийн дэлгүүр болох “Хүнсний мухлаг” гэх бичигтэй жижиг мухлагт орлоо. Ороход нэг нь цай барьсан, нөгөөх нь гал өрдөж суух 70 гаруй насны эхнэр, нөхөр хоёр байв. Тэд хөдөө агаарт гарах сонирхолтой ч эхнэр нь харвалттай тул эмчийн хяналтад байх шаардлагатай юмсанж. Дан ганц хэвтээд байж чадалгүй мухлаг ажиллуулж амжиргаагаа залгуулдаг байна.Тэтгэвэр нь 350 мянгаас 500 мянга болсон нь сайшаалтай ч эм тарианд байдгаа барж байгаа тул арай гэж л хүргэж, оюутангүй тулдаа эмчилгээ оношлогооныхоо мөнгийг илүүчилж байгаагаа учирлав. Тухайн мухлаг сүүлийн 2 сарын хугацаанд бараг л бараа татаагүй аж. Иргэд гэлтгүй энэ хэдэн дэлгүүр нь хүртэл орлого нь өрөндөө  явах болж. Энэ мэтчилэн нийтдээ найман дэлгүүр оров. Иргэдийн худалдан авалт аль алинд нь муу, зээлээс зээлийн хооронд л байгааг худалдагчид ярив. Одоо хаврын бус хухай хоосон хоногийн хоолоо аргацаах зээлийн улирал гэж нэрлэх дээрээ тулжээ.