Эх сурвалж: Г.Тэгшсүрэн, gogo.mn, 2023.03.12
Гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.
Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.
Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?.
Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий. Үгүй ээ, бас гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.
"Би ажлынхаа хүнд "ГУТАЛ" нэртэй буланд оролцоно гэж ярьтал "Чи хамгийн гоё гутлаа өмсөх үү" гэж асуусан. Өвөл, хавар, намар, зун. Цастай, бороотой, шавхайтай, шавартай аль ч үед солилгүй өмсдөг ганц гутал минь миний тэргэнцэр шүү дээ" гэж тэр ярив. Түүний гутал том размертай. Үүнээс болж энэ хотод амьдрахын тулд эзэн, гутал хоёр нүд үзүүрлэгдэх тохиолдол цөөнгүй.
Өнөөдөр Мартын-8. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймд тэргэнцэр гэх том "гутал"-тай, 30 гаруй насны залуу эмэгтэйн зөрчигддөг эрхийг Улаанбаатарын гудамжнаас хамт хайв.
1. Хавдрын эмнэлгийн хажуугийн байранд тэр амьдардаг. Автобусны ойрхон буудал бий. Гэвч тэндээс налуу шаттай автобус явахгүй тул Зүүндөрвөн замын автобусны буудал руу хүрч очно. Очих замд асуудлууд тулгарах юм аа. Авто замын бордюрыг явган хүний замтай уусгалгүй огцом налуу барьж, байгуулснаас болж хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага тулгарч байна. Ойр хавьд хүнгүй бол тэргэнцрээ эргүүлж байгаад ухарна. Ингэж гарахгүй бол хойш савж унах эрсдэлтэй.
Явсаар автобусны буудал дээр хүрч очоод олноос зайдуу захад зогсов. Уулзварын цаанаас ирж буй автобус руу алсаас гараа өргөвөл жолооч түүнийг харж бордюр руу шахаж зогслоо. Автобусны арын хаалга онгойвол зорчиж явсан хоёр залуу бууж ирж бүсгүйд тусалснаар тэр суулаа. Ингэж сэтгэлээрээ, санаачилгаараа тусалсан хүмүүс "Эмнэлэг орох гэж яваа юм уу" гэж асуух нь цөөнгүй гэнэ. Үгүй ээ, тэр ажилдаа явж байгаа юм. Түүний ажил ТБД андуудад.
Автобусны жолооч нар өнөөдрийнх шиг үргэлж найрсаг байдаггүй, орхиод явчихдаг тохиолдол бишгүй. Тэргэнцэртэй хүн тэр болгон нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй. Хаа нэг үйлчлүүлсэн тохиолдолд автобусны жолооч нар сэтгэлээсээ хандаад, налуу зам байдаг бол гаргаж өгөөд замын бордюр руу шахаж зогсож суулгах, буух газрыг нь асуучихвал бүр ч тустай аж.
Төв замаар зөвхөн Ч:1 чиглэлийн урт автобусанд л сууж ажилдаа явах боломжтой байсан бол сүүлд шинэ автобуснууд оруулж ирснээр хоёр давхар, урт, улаан гэх сонголттой болжээ. Гэхдээ техникээ, автобусаа шинэчилж хүртээмжтэй нийтийн тээвэртэй боллоо ч жолооч нар налуу замаа дэлгэхээс залхуурдаг, зарим нь үүнийг хэрхэн ашиглахыг ч мэддэггүй, мөн тэргэнцэртэй хүнийг суулгаж, буулгахад сэтгэл нь дутдаг хэвээр аж. "Бид ч гэсэн нийгэмдээ идэвхтэй оролцоод ажиллаж, амьдармаар байна шүү дээ".
2. Хааяа таксидна. Гэтэл таксины жолооч нарын төвөгшөөх хандлага түүнийг хамгийн ихээр шантраана. Такси дуудлагын компанитай холбогдож километр нь таван мянгаар явах тав тухтай үйлчилгээг захиалсан. Нэмээд "Би тэргэнцэртэй юм аа" гэдгээ хэлэхэд зөвшөөрсөн. Лифтээр нэг давхарт буугаад, орцны үүдээр гарахын өмнө таван шат бий. Энэ шатыг ганцаар давах боломжгүй тул таксины жолоочийг "Та намайг буулгаад өгөх боломжтой юу" гэж тусламж хүсэхэд тийм үйлчилгээ тусдаа, түүнийг дуудахгүй яасан юм" гэж төвөгшөөжээ.
Зарим таксины жолоочийн бүдүүлэг үйлдэл бүр ч хэцүү аж. Хэд хэдэн таксины жолооч "Хөл чинь мэдрэх үү" гээд гуянд нь хүрсэн. Цаашлаад бэлгийн харилцаанд ороход яаж мэдэрдэг вэ гэх зэргээр хүний эрхэд маш бүдүүлгээр халдаж үг, үйлдлээрээ хүчирхийлсэн тэнэглэлтэй тэр таарчээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөөд, хөөрхийлөөд, даапаалаад ч байгаа юм шиг үйлдэл, хандлагаа болиосой".
3. Дараагийн асуудалтай банканд нүүр тулна. Жишээ нь, 13 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах Төрийн банкны ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дундах хаалт маш өндөр. Ингээд тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд ажилтны царай ч харагддаггүй гэнэ. "Хаалт нь өндөр учраас теллер хамт яваа хүнтэй минь л яриад байдаг. Уг нь би үйлчилгээ авч байгаа шүү дээ. Энэ мэтчилэн биднийг хүн биш юм шиг хандах нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Төрийн банкныхан хаалтаа намхан болгоосой".
4. Түүний амьдрах эрхийг зөрчдөг дараагийн нэг асуудал нь хандлага. Гадуур явж байхад нь 50-60 орчим насныхан гэнэтхэн толгойг нь илээд эвийлнэ. Эсхүл мөнгө өгнө. Тэр гуйгаагүй. Амьдарч буйнх нь төлөө бусдаас өөрөөр мэдрүүлэх гэсэн энэ мэт хандлагууд дахиад л таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. "Автобусанд суух, довжоо давах зэрэг жижигхэн саад таарахад л найрсгаар туслаад өгчих. Тэгээд л боллоо, түүнээс битгий өрөвдөөрэй" гэж тэр хүссэн. Залуу хүн юм хойно, хааяа ажлынхантайгаа бүжгийн клуб орно. Гэтэл "Ямар мундаг юм бэ" гэж магтдаг. Хүрч ирээд тэвэрч аваад гар барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүн шоудах эрхгүй мэт хардаг. "Бид чинь бусадтай адил гармаар, ормоор байдаг. Амьдарч л байгаа юм чинь та бүхний мэдэрч буйг адилхан мэдэрмээр байдаг юм аа. Гэтэл харц чинь үнэхээр "аймар" байдаг шүү.
5. Түүний гутал нь тэргэнцэр. Бид таараагүй гутлаа өмсөхөд хөл холгодог. Үүнтэй адил тохирсон тэргэнцэр дээр суухгүй бол хүний ташаа, ахар сүүл, нуруу холгодог байна. Энэ нь даамжраад ясыг гэмтээх зэрэг илүү том асуудал үүсгэх магадлалтай гэнэ.
Монгол Улсад 20 гаруй мянган тэргэнцэртэй иргэн бий. Тэдэнд гурван жилдээ нэг удаа 250 мянган төгрөгийн үнэтэй тэргэнцэр олгодог аж. Хүн 250 мянган төгрөгийн үнэтэй гутал аваад түүнийгээ өвөл, зун, намар, хавар. Бороотой, шороотой, цастай гээд бүхий л хугацаанд өмсвөл гурван жил хэрэглэж чадах болов уу? Үүнийг тэрбээр халамж батлаад сууж буй хүмүүсээс асуусан юм. "Тэргэнцэргүй бол бид нийгэмд оролцож чадахгүй, гадуур гарахгүй л гэсэн үг шүү дээ".
Түүний зөрчигддөг таван эрх бас таван хүсэл энэ. Өрөвдөхгүй тусалж, гайхдаг хандлагаа халж, Төрийн банк хаалтаа намхан болгоод, автобусны жолооч нар налуу замаа дэлгэж, бордюрт шахаад зогсоод өгөхөд л бүсгүй энэ хотод бэрхшээлгүй амьдарчихна.
Тэр 2013 онд хүзүүний нугас дарсан хавдрын мэс засалд орсон. Хагалгааг 100 хувь амжилттай болно гэж бодсон ч, хөл дээрээ босож чадахгүй болоод гарч иржээ. Хожим Францын хүзүү, нуруу, нугасны мэргэшсэн эмчид үзүүлэхэд "Харамсалтай, хагалгааг буруу хийсэн байна" гэжээ.
Нэг эмчийн хариуцлагагүй үйлдэл нэг амьдралыг өөрчилснөөс хойш 10 жил өнгөрчээ. "Өдий зэрэгтэй сэтгэлийн тэнхээтэй амьдралд хүрэх гэж би маш олон зүйл туулсан. Ээж байхгүй бол би байхгүй. Эмч нар намайг асаргаа сайтай байна гэдэг. Энэ бол ээжийн минь намайг гэх хайр" гэж бүсгүй ярьсан.