С61 барилгыг буулгаж эхэлжээ

Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2021.08.04


Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нурааж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.


Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хот дахин хөгжүүлэх хэлтсээс тодруулахад "Тухайн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаарх нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2016 онд гарсан.


Оршин суугчдын санал хураалтаар 80% нь дэмжсэн тул 2020 оны гуравдугаар сард нийслэлийн Засаг даргын А430 захирамж гарч, дахин төлөвлөн барилгажуулахаар болоод байгаа. Энэ ажлын сонгон шалгаруулалтад Улаанбаатар пропертиз ХХК шалгарсан. Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгажилтын төсөл хийгддэг. Үүний дагуу үйлчилгээний төв бүхий орон сууц баригдана" гэлээ.

 
















Эх сурвалж: www.newspress.mn, 2021.08.04

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Төв шуудан"-ийн урд байрлах С61 барилгыг буулгаж эхэлжээ.

Тус барилгыг улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтээр 2014 онд буулгах шийдвэр гарсан байна.








“АЧТАН” ЭМНЭЛГИЙН ХАШААГ НУРААЖ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

 Эх сурвалж: www.urug.mn, 2021.08.03


Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан “Ачтан” эмнэлгийн хашааг албадан нураалаа. Учир нь 2020 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шаардлага тавьсан хэдий ч “Эмнэлгийн стандарт ийм байх ёстой учраас буулгах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн байна.


Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Баянгол дүүргийн зургадугаар хороо, “Ачтан” эмнэлгийн урд талын асфальтан замаас 57-р байр хүртэлх авто замын шинэчлэлт, засварын ажил хийж байгаа. Энэ нь 2020 оноос хойш он дамжин хийгдэж байгаа ажил юм. Уг замын дагууд “Ачтан” эмнэлэг болон “Selena travel” гэх хоёр хуулийн этгээдийн газар өртсөн. Бид энэ аж ахуй нэгжүүдтэй хуулийн дагуу эзэмшиж байгаа газар дээр нь хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тухайн аж, ахуй нэгжүүд өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, янз бүрийн шалтгаан хэлдэг. Тухайлбал “Ачтан” эмнэлэг гэхэд “Бидний эмнэлгийн стандарт, норм, дүрэм байдаг. Хоёр, гурван орц, гарцтай байх ёстой. Эмнэлгийн хог хаягдал гаргадаг хэсэг заавал тусдаа байх ёстой. Тийм учраас буулгах боломжгүй” гэж хэлээд хэлэлцээрт хүрдэггүй. Энэ газар бол энэ компанид өмчлүүлээд өгчихсөн газар биш. Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, зориулалттайгаар эзэмшиж байгаа. Тиймээс нийтийн эрх ашгийн үүднээс зам хаасан хэсгийг албадан буулгаж байна” гэлээ.


 







“Туулын Хар Түнэ” төслийн судалгаагаар уран тансаг, гоёмсог хийцтэй байгууламжийн үлдэгдлийг илрүүлжээ

 Эх сурвалж: Б.Оюундэлгэр, www.montsame.mn, 2021.08.03


ШУА-ийн Археологийн хүрээлэн, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Туулын хар түнэ” төслийн хүрээнд энэ оны долоодугаар сарын 10-нд эхэлсэн малтлага,  судалгааны ажлынхаа урьдчилсан үр дүнг танилцуулжээ.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын Хар Түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх аж.


Тус малтлага, судалгаагаар дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолт хийжээ. Хотын туурийн хэрэм, түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжийн бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зураг хийж байна.


Мөн хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлохоор 2 х 26 м сувгийн малтлага хийн, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтайг тогтоосон байна. Сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байгаа аж. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болжээ.


Хэрмийн дотор орших төв ордны дээд хэсгийг цэвэрлэж, дэвсгэр зургийг үйлдэн, суурийн хэсэгт зүсэлт явуулж бүтэц зохион байгуулалтыг тодорхойлов. Ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг илэрхийлж байна. Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон давцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласныг тодорхойллоо. Шалны тоосгон өрлөгөөс харахад уг барилга нь үүдний угтах хэсэг, хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэнэ.

Барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрсэн нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлнэ. Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн гэдгийг судалгааны багийн дүгнэлтэд онцолжээ. Ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжны үлдэгдэл илэрч олдоод байгаа аж.


Түүнчлэн, малтлага судалгаанд үндэслэн ордныг тухайн үеийн байдлаар нь сэргээн зурж эхлээд байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч байгаа. Тэдгээрийн дотор мянгаас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдсон нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг гэрчилж байгаа аж.


Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг гаргаж байгаа юм.


Археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулах шаардлагатай байгааг ч бичжээ.


Түүнчлэн, судалгааны талаар тоймлохдоо, "1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид анх илрүүлж, 1979 онд гүймэг шинжилж олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан “Түргэний голын кидан балгас” хэмээсэн. Харин 2005-2006 онд МУИС-ын НШУС-ын Археологи-антропологийн тэнхим, Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар төв барилгын хэсэгт бага хэмжээний малтлага судалгаа явуулж, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүн, дурсгалын байршилд тулгуурлан Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурь хэмээн үзсэн байдаг.

​Уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа" гэжээ. 






Хөшигийн хөндий орчимд газартай 76 иргэн, аан-ийн газар ашиглах эрхийг эхний ээлжид цуцлахаар болсон

 Эх сурвалж: Солонго, www.barilga.mn, 2021.08.02


"Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Шинэ Зуунмод хот, Майдар хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг гурван газар нь хоорондоо 10-15 километрийн зайтай. Иймээс эдгээр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, Хөшигийн хөндий орчимд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулсан.


Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндий орчмын 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийг боловсруулж байна. Үүний 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай" гэдгийг Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр хэллээ.


Тэрбээр үргэлжлүүлэн “Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн тухайд,


Шинэ Зуунмод хотыг дайраад “Богд хаан” төмөр зам, RH3 буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Дээрээс нь нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас тээвэр логистикийн том төв болох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2,000 орчим га газар нь тээвэр логистикийн төв болно.


Ажлын байрны хангамжийг уялдуулахын тулд үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөж байгаа. Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд байна.


Хөшигийн хөндийд 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөлт гарсан.


Шинэ нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн төв болно. /Олон улсын зэрэглэлд нийцсэн эдийн засгийн тусгай бүс байна./


Сэргэлэн сумыг хоёр дагуул хотын эдийн засгаар дэмжих хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хөгжсөн хот байлгахаар төлөвлөсөн.


Ирэх аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.


Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.


Энэ тухай Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр "Газар чөлөөлөх ажлын хэсэг ажиллаад эхний үр дүнгээ танилцуулсан байна. Тодруулбал уг бүсэд 3,173 иргэн, ААН байгууллага газрын эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бий. Эдгээр иргэн, ААН байгууллагын газартай холбоотой асуудлыг Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллана. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олголтоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ зохион байгуулагдана.


Судалгаагаар эхний ээлжид 76 иргэн, ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах бэлтгэл ажил хангагдаж байгаа.


Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн, ААН байгууллагын сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заасны дагуу долдугаар сарын 29-нөөс буюу өнөөдрөөс наймдугаар сарын 15-ны хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зохион байгуулахаар болсон байна.




“Өглөөний Улаанбаатар” автомашингүй гудамж нээгдлээ

 Эх сурвалж: www.ikon.mn, НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, 2021.08.02


Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж  байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм.


Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийлээ. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. Долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. 

Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,

Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,

Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм.


Түүнчлэн залууст зориулж өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэгүй хүргэх юм.

“Өглөөний Улаанбаатар” нь нийслэлийн жишиг өглөөний гудамж болж байгаа бөгөөд цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой.













Дулааны шугамын шинэчлэл

Эх сурвалж: Б.Оюундэлгэр, www.montsame.mn, 2021.08.02


Аравдугаар хорооллоос “Сүлжмэл”-ийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулна.


Хотын дарга холбогдох албаныхны газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов. Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж, ашиглалтын хугацаа нь дуусжээ. Өнгөрсөн өвөл гэхэд 3-4 удаа осол гарч, шуурхай арга хэмжээ авч, засаж байв.


“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Есдүгээр сарын 15 гэхэд халуун  ус өгч, 10 дугаар сарын 15-н гэхэд тохижилтыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэл гэвэл нийт 600 тонн гаруй турба Эрээнд саатсан. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон шаардлагатай. Наймдугаар сарын 1 гэхэд турба угсарч эхлэх ёстой байсан ч 7-10 хоногоор саатах нөхцөл үүссэн”ийг хэлэв.

Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээгээд байгаа. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажиллажээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулахад хүндрэл үүснэ. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хэмжээнд хүрсэн. Иймд “Сүлжмэл”-ийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөг хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээсэн юм.  








“Иргэдэд үйлчлэх төв”-ийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

 Эх сурвалж: НХОГ, 2021.07.28









Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 27-р хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн Иргэдэд үйлчлэх төвийн барилга баригдаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус төвийн барилга зоорийн давхрын хамт гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк зэрэг нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах юм.

Гүйцэтгэгч байгууллага: “ДМТМ трейд” ХХК

АШУҮИС-ийн тев байрны гадна талбайн автозогсоолыг буулган тохижилт, ногоон байгууламж барьлаа

 Эх сурвалж: НХОГ, 2021.08.27


Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсэн АШУҮИС-ийн тев байрны гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажил дуусч ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус тохижилтын талбай нь хуучин авто зогсоол байсан бөгөөд тохижилтын ажлын хүрээнд авто зогсоолыг буулган нийт 1619м2 талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт,  явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм.

Гүйцэтгэгч байгууллага: “Охь мандал” ХХК











Ц.ТУЛГА: БОГДХАН УУЛЫГ ТОЙРСОН ДАГУУЛ ХОТ ТОСГОДЫГ ХОЛБОСОН ХӨГЖЛИЙН АЛТАН ТОЙРОГ БАЙГУУЛНА

Эх сурвалж: Өдрийн сонин, М.Мөнхцэцэг, 2021.07.27



Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулгатай ярилцлаа.


-УИХ-аас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр нийслэлийн хөгжилд ямар давуу талууд бий болох вэ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь түүхэн өөрчлөлтийн эхлэл боллоо. Нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, хууль эрх зүйн болон засаглалын шинэчлэл хийхэд энэ хууль томоохон түлхэц болсон. Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэлийн хувьд бусад засаг захиргааны нэгжээс өөр тусгайлсан хуулийн зохицуулалттай байх ёстой. 

Нийслэлийн эдийн засгийг чадавхжуулах зорилгоор дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, тэдгээрт эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хуульд тодорхой тусгаж, татварын болон татварын бус хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх, үнэт цаас гаргах, концесс олгох зохицуулалтыг салбарын хуулиудад тусгаж өгсөн байгаа. Мөн саарал ус ашиглах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч бүхий эко дэд бүтцийг байгуулах зохицуулалтыг тусгаснаар Улаанбаатар хотын агаар, хөрс орчны бохирдол, авто замын ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах давуу талуудтай болно.

-Нийслэлийн хөгжлийг ярихаар хот төлөвлөлтийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Хотын онцлог, цаашдын хөгжлийн загварыг шинэ хуульд хэрхэн тодорхойлсон бол?

-Хуульд хот төлөвлөлтийн асуудлыг онцгойлон анхаарч нийслэл хот ба түүний дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааг зохицуулахаар тусгасан нь Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн томоохон дэвшил авчирна гэж харж байна. 

Хот байгуулалт төлөвлөлт нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд чиглэгдсэн.

-Үндэсний уран барилгын өв уламжлалыг яаж хотын хөгжилтэй уяж өгөх вэ. Шинээр ийм барилгуудыг цогцлоох юм уу. Эсвэл хуучин барилгуудынхаа архитекторынх нь шийдлийг хадгалан сэргээн засварлах уу?

-Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн зохион байгуулалтад шилжин орсноор хот байгуулалтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт чөлөөт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явагдаж ирсэн. 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг батлан хот байгуулалтын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. Тус баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан дараагийн ерөнхий төлөвлөгөө болох Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Үүнд хотын төвийн хэсгийн “Их тойруу”, “Бага тойруу” орчмын архитектур орон зайн төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын хэв шинжийг хуучин хэвээр хадгалан хөгжүүлж түүх соёлын дурсгал бүхий шаардлагатай хэсгүүдэд шинэчлэн сайжруулж барилга байгууламжуудыг хөгжүүлэх бодлогыг баримтлахаар тусгагдсан. Мөн дэлхий улс орнууд хотын түүхэн дурсгалт газраа хадгалж хамгаалж түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлдэг.

-Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдэх чадвартай байх үндсийг тусгасан гэж байсан. Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?

-Нийслэл хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аар баталсан эдэлбэр газартай байх бөгөөд бүсчлэл тогтоож түүнд тавигдах шалгуур үзүүлэлттэй байхаар тусгагдсан. Мөн нийслэл хотын оршин суугч бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох боломжийг нээж өгсөн.

Нийслэл хотын хэмжээнд аливаа бүтээн байгуулалтыг хийхэд төлөвлөлтөөс гадна газрын харилцаа, газар чөлөөлөлтийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага үүсдэг. Үүнийг шийдвэрлэхэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлтэй уялдуулан газар зохион байгуулалтыг хийж, газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт тусгаж байхаар зохицуулсан нь нэн чухал ач холбогдолтой.

-Хотын төвд зургаан давхраас дээш өндөр барилга барихыг хуулиар хориглосон зохицуулалт хийж байгааг хотын дарга ярьж байсан. Үүнийг иргэд их дэмжиж байна лээ...

-Хотын төвийн хэсэгт хэт төвлөрөл үүсч хүн ам, барилгажилтын нягтрал Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн байдалтай байна. Энэ нь дэд бүтцийн хүрэлцээ хангамжаас шалтгаалан тодорхой хүрээнд буюу төвийн хэсэгт барилгажилт эрчимтэй явагдсантай холбоотой. 

Бүсчлэлтэй холбоотойгоор баримтлах дүрмийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Бүсчлэлийн дүрмийг тухайн байршил дахь хүн амын нягтаршил, дэд бүтцийн хүртээмж зэргийг харгалзан барилгын өндрийг норм, дүрэмд нийцүүлэн тогтоож өгнө. Ингэснээр хотын төвийн хэсгийн төвлөрөл саарч хотын орон зайн болон хүн амын суурьшлын хувьд тэнцвэртэй хөгжих нөхцөл бүрдэнэ.

-Нийслэлийг тэлэх гарц нь дагуул хот. Дагуул хотоо дагасан хөгжлийн ямар концепц гаргах вэ, хуулийн ямар зохицуулалт байх хэрэгтэй вэ?

-Дэлхийн томоохон хотууд шинээр дагуул хот, суурингуудыг бий болгох замаар тулгамдаж байгаа асуудал, хэт төвлөрлийг сааруулдаг. Улаанбаатар хотын хувьд дагуул хотуудыг төлөвлөн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах үйл явцыг бүс нутгийн төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх зарчмыг баримталж байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал гэх мэт тодорхой чиглэлээр төрөлжин хөгжсөн 15 дагуул хот, тосгодыг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. 

Тухайлбал, Богдхан уулыг тойрсон дагуул хот тосгодыг холбосон хөгжлийн алтан тойрог буюу тогтвортой нийтийн тээврийн сүлжээг бий болгож, дагуул хотуудын хөгжлийг дэмжинэ. Мөн Налайх хотыг барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлж түүнийг дагасан бөөний худалдаа, логистикийг бий болгоно. 

-Та ярилцлагынхаа эхэнд эдийн засгийн тусгай бүс байгуулах талаар дурдсан. Хаана, яаж байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Шинэ Зуунмод буюу Аэросити хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд шинэчлэн баталсан. Тус төлөвлөлтөөр Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн тусгай бүс байгуулах замаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар тусгагдсан.

-Майдар хотыг Улаанбаатарын дагуул, эко хот болгоно гэж олон жил ярьсаар ирсэн шүү дээ. Эко хотын төлөвлөлт ямар байх нь иргэдийн анхаарлыг татаж байгаа. 300 мянган хүн амьдрах зориулалттай хотыг босгоход 80 их ная төгрөг шаардлагатай гэсэн тоо зарлаж байсан шүү дээ?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050” болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд Майдар хотыг соёл, боловсрол, аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлээр төрөлжин хөгжсөн эхний ээлжинд 60 мянган хүн амтай Улаанбаатар хотын дагуул хот байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулан Хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ газрын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох, газар доорх усны хайгуул, судалгааны ажил хийгдэж байна. Тус судалгааны ажилд үндэслэн дараагийн нарийвчилсан төлөвлөлтүүд хийгдэнэ. 

-Дагуул хотуудад очиж суурьших иргэдэд эдийн засгийн хувьд ямар нөхцөл, боломжууд санал болгох вэ. Гадаадын улс орнуудын амжилттай хэрэгжсэн ямар туршлага байна?

-Дагуул хотод ажлын байрыг бий болгож байж иргэдийг татна. Иймд дагуул хот, тосгодод үйлдвэр аж ахуйг байгуулах, худалдаа, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн дагуул хотод орон сууц худалдан авахад ипотекийн зээлд хамруулах гэх мэт бодлогын хувьд дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн томоохон хотууд бүгд дагуул хотууд байгуулж хөгжүүлсэн байдаг. Хойд Америкийн гол модел болсон Форт Ворт хот нь анх Олон улсын нисэх буудлын төлөвлөгөөтэй үүсгэн байгуулагдаад дөчөөд жилийн дараа дагуул хот болж хөгжсөн шүү дээ.

-Шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөнд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?

-Тус хотын байршил нь Ази, Европыг холбосон Эдийн засгийн коридорын дагуу хийгдэж байгаа АН-3 хурдны авто зам болон Богдхан төмөр замын трасс дайран өнгөрч байгаа гэдгээрээ стратегийн хувьд ач холбогдолтой. Иймд Зүүн хойд Азийн ачаа тээврийн зангилаа төв байхаар төлөвлөгдсөн. Төлөвлөлтийг дөрвөн үе шаттайгаар хийж 2038 оны түвшинд 34 мянган хүн амтай байхаар тооцон шинэ хотыг байгуулахад 32 их наяд төгрөг шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоолол гарсан байгаа.

-Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ. Дэд төвүүдээ яаж хөгжүүлэх вэ?

-Улаанбаатар хотын төвийн хэсэг болох Их тойрууд төр, захиргааны байгууллага, их дээд сургууль худалдаа үйлчилгээ, оффисын болон орон сууцны барилгажилт төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрдсэн байна. “Их тойруу” хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн судалгаа хийгдсэн. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын суурьшлын нягтрал жигд бус байна. Тэгэхлээр бид Улаанбаатар хот доторх хэт төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын чанартай хоёр төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт зэрэг олон нийтийн төвүүдийн зураг төсөл хийгдсэн. Цаашид шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төв байгуулах ажлын ТЭЗҮ, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлнэ.

-Нийслэл хотод ногоон байгууламж асар их үгүйлэгдэж байгаа. Туул голын хөвөөг эрх мэдэлтнүүд хашиж, орон сууцны хороолол босгочихсон. Богд уулаа ч хамгаалж чаддаггүй. Сая батлагдсан шинэ хуулиар эдгээр асуудлыг яаж шийдсэн бэ?

-Одоогоор Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.3 ам.метр байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөнд дээрх хэмжээг 30 ам.метрт хүргэхээр тусгасан байдаг. Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулиар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж, үр дүнд хүрсэн иргэн, хуулийн этгээдийг шалгаруулах, дэмжих, урамшуулахаар тусгасан байна. Мөн нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нийслэл хотын хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, урамшуулна гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эргийн дагуу тохижилтын таван байршилд мөн Богдхан уулын явган аяллын маршрут дагуу тохижилтын ажлын зураг төсөл боловсруулж, бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу бид хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог хангах үүднээс зураг төслийн концепцийн уралдааныг нээлттэй зарлан шалгаруулж, одоо ажлын зураг төсөл боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. 

-Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд 420 тэрбум төгрөгийг зориулсан. Энэ хөрөнгөнөөс хот төлөвлөлтөд хэчнээн төгрөгийг зарцуулж, ямар ажлууд хийх бол?

-Монгол Улсын Засгийн газрын дээрх шийдвэртэй холбогдуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу одоо хэрэгжүүлж байгаа төслүүд дээр нэмж шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулж 2030 оны төвшинд таван дэд төв, 11 олон нийтийн төвтэй болж олон төвт хотын тогтолцоог нэвтрүүлэхээр ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 381,0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Үүнийг 2022 оноос эхлэн жил бүр улс, нийслэлийн төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Нийслэлийн гэр хороолол жилээс жилд улам тэлсээр байгаа. Хэдэн уул дамнаад явж өгдөг. Дуртай газраа очоод хэвтчихдэг энэ байдлыг хуулиар яаж зохицуулсан бэ?

-Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой Улаанбаатар хотын хэмжээнд замбараагүй суурьшил бий болж гэр хороолол тэлсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах эрхтэй. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух үүрэгтэй гэж тодорхой зааж өгсөн. 

-Тэгэхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суугаа иргэдэд тухайн газрыг нь өмчлөхгүй гэсэн үг үү. Жишээлбэл, хаана, хаана байна вэ?

-Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, ойн хамгаалалт болон гамшгийн өндөр эрсдэлтэй, мөн газрын налуугийн үнэлгээгээрээ суурьшил бий болоход тохиромжгүй, дэд бүтцээр хангах боломжгүй газраас бусад хэсэгт газрын тухай хууль болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газрыг иргэдэд өмчлөх боломжтой.

-Гэтэл уулын орой дээр

очоод суурьшсан айлуудад сонгуулиар аль нэг нэр дэвшигч нь очоод зам тавьж, худаг барьж өгнө, гэрэл цахилгаантай болгоно гэж өөгшүүлсээр гэр хорооллыг улам тэлэхэд нөлөөлсөөр ирсэн. Иргэд ч энэ байдалд даддаг муу зан тогтсон. Ийм байдал нь хот төлөвлөлтөд хүндрэл учруулдаг байх?

-Мэдээж хүндрэл учруулдаг. Энэ нь хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Төлөвлөлтийн дагуу газар олгодог, зам дэд бүтцээ тавьдаг л байх ёстой. 

-Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх шийдвэр гарсан. Бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөх болохоор иргэд өмчилсөн газраа суллахын тулд амандаа орсон үнэ хэлдэг талтай. Энэ асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ?

-Гандан орчмыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 2008 онд баталж, 2012, 2015 онуудад шинэчилсэн. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг хэлэлцүүлэн дэмжигдэж, ТЭЗҮ боловсруулахыг Барилга, хот байгуулалтын Сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Бид ТЭЗҮ боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангаж хот төлөвлөлтийн шийдэл гарцыг тодорхойлно.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан бэ. Ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн 47 нэгж хороололд хувааж засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, соёл, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээний иж бүрэн цогцолбор төлөвлөлтийг хийхээр тусгагдсан. Үүнээс одоогийн байдлаар 29 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж НИТХ-аар батлуулсан. Цаашид хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн үе шатны ТЭЗҮ, барилгажилтын төсөл боловсруулах ажлуудыг хийнэ. Дашрамд дурдахад бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөлт болох Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Засгийн газрын яамд, түүний харьяа байгууллага, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, зураг төслийн мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтээр хэлэлцүүлж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Иймд иргэд, олон нийтийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа идэвхтэй өгч оролцоорой хэмээн уриалж байна. Үүнтэй холбоотой тодорхой мэдээллийг хот байгуулалт хөгжлийн газрын www.uda.gov.ub.mn цахим хуудаснаас болон бидэнтэй холбогдон авч болно.

-Дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөө баримталж байгаа вэ. Тухайлбал, хурдны зам, метроны байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудыг хэдий хугацаанд, хаагуур яаж хийхээр зурагласан бэ?

-Хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ачаалал хэтэрсэн байдалтай байна. Иймд бие даасан дулааны эх үүсвэрүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинээр барих асуудлыг эхлүүлээд байна. Энэ нь хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр шаарддаг. 

Хотын гэр хорооллын бүсийг төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбох ажлын хүрээнд 13.7 км цэвэр усны дамжуулах шугам, гурван байршилд усан сан, 30 км бохир усны шугам, бага оврын цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэсэн. Цаашид ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хотын баруун доод эх үүсвэрээс ус олборлон, цэвэршүүлж төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх төслийг Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Мөн төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинээр барих төсөл эхэлсэн.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Их тойруу 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт шинээр худаг сувагчлалын цагариг сүлжээ байгуулах 250 км худаг сувагчлалын ажил хийхээр төлөвлөсөн боловч одоогийн байдлаар 30 хувийн хэрэгжилттэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж эхэлсэн.

УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Улаанбаатар хотод багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж авто замын түгжрэлийг бууруулах зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гол гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу LRT буюу хөнгөн метроны шугамыг хэрэгжүүлэх судалгааны ажил хийгдэж байна. Авто замын хувьд Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотуудыг холбосон авто замын сүлжээг бий болгон 2040 оны түвшинд авто замын сүлжээний уртыг 2150 км хүргэхээр төлөвлөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сааруулах шинээр төлөвлөж буй хотын төв, дэд төвүүдийг холбосон хотын чанартай үндсэн дөрвөн цагираг зам, зургаан хэвтээ чиглэлийн, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгоно.

Богдхан уулын баруун урд талаар 170 км урт төмөр зам байгуулагдаж, транзит ачаа тээвэр хийгдэх бөгөөд энэ нь логистик төвүүдийг үүсгэх үндсэн нөхцөл болж Шинэ Зуунмод (Аэросити) хотод хуурай боомт байгуулна. Одоо байгаа хот доторх төмөр замыг зөвхөн зорчигч тээвэрт ашиглан Богдхан уулыг тойрсон нийтийн тээврийн сүлжээний LRT шугамыг байгуулна.

-“Зуун айл”, “Да хүрээ гээд түгжрэлд гол нөлөөлдөг зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах асуудал байнга яригддаг ч үр дүнгүй байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Нийслэл хотоос томоохон худалдааны төв, төвлөрсөн худалдааг гаргаж агаар хөрсний бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучнаар 22-ын товчоо орчимд 130 га газарт Авто худалдааны цогцолборыг байгуулж 2013 оноос бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтын өмнөх захиргаа хариуцан гүйцэтгэж байна. Да хүрээ болон бусад хотын төвд үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааг нэгдсэн төлөвлөлтөөр хотын төвөөс гаргаж Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх шийдэл гарсан. Мөн 100 айл орчимд барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк руу шилжүүлэх, жижиглэн худалдааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж үйл ажиллагааг явуулах бодлогыг баримталж байгаа. 100 айл орчим нь Орон сууцны VII нэгж хороололд хамрагддаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Цагдаагийн гудамж дагуу орон сууц, худалдаа үйлчилгээ, олон нийтийн барилгууд баригдаж эдгээрт барилгын материалаас гадна бусад төрлийн жижиглэнгийн худалдаа үйлчилгээ явуулах боломж нээлттэй. 

-Нийслэлд Далан давхар, Маахуур толгой, Алтан-Өлгий, Цагаан давааны гээд оршуулгын газруудтай иргэд хаяа дэрлэн амьдарч байна. Нэг талаар бурхан болоочдыг хүндэтгэж, нөгөөтэйгүүр иргэдийн амар тайван, ая тухтай байдлыг бодолцсон ч тэр шарилыг нүүлгэн шилжүүлэх ёстой гэдэг маргаан байдаг. Харин хот төлөвлөлтөд энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ? 

-Оршуулгын газар нь хот төлөвлөлтийн хувьд маш том сэдэв бөгөөд олон улсад “Чимээгүй хот”-ын төлөвлөлт гэж тусад нь судалж авч үздэг. Энэ асуудал нь тухайн улс орны соёл, ёс заншил, уламжлал иргэдийн шашин шүтлэг, ухамсартай шууд хамааралтай учир маш нухацтай авч үзэх шаардлагатай. Манай улсын хувьд эрт дээр үеэс нас барсан хүмүүсээ тохирох зүг чигт нь ил болон далд хэлбэрээр оршуулж ирсээр тодорхой газар нутгийг хамарч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хотын суурьшлын бүсийн тэлэлтээс шалтгаалж дээрх асуудал үүссэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш иргэдийн хувьд ямар шашин шүтэх, эс шүтэх нь нээлттэй болсон төдийгүй бусад улс орны соёлын нөлөө иргэдийн ухамсарт нөлөөлснөөр сүүлийн үед чандарлах зан үйл ихээхэн нэмэгдэж байна. Энэ нь мэдээж агаар, хөрсний бохирдол үүсгэхгүй зэрэг сайн талууд их төдийгүй нэгдсэн байдлаар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар хот төлөвлөлтөд тусгаж байгаа бөгөөд 2014 онд Самбалхүндэв, Алтан-Өлгий зэрэг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг боловсруулсан.

-Танай байгууллага иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Хот байгуулалт хөгжлийн газар нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй барилгад хаяг дугаар олгох, байр зүйн зураг, тэг тэнхлэгийн актыг мэдээллийн санд бүртгэх, инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх, архивын лавлагаа олгох, барилга барих хүсэлт буюу архитектур төлөвлөлтийн даалгавар батлах зэрэг зургаан төрлийн төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн портал “Е-Mongolia”-д холбож, цахимаар хүргэж эхэлсэн.

Цаашид бид өдөр тутамдаа үзүүлж буй нийт 22 нэр төрлийн төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж иргэдэд түргэн шуурхай, ил тод нээлттэй хүргэхээр зорин ажиллаж байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ

 Эх сурвалж: НХОГ, 2021.07.21


Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техник хяналт тавьж байгаа Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Ажлын явц: 89%

Гүйцэтгэгч байгууллага: Хасу-Эрчим ХХК