Хөшигийн хөндий орчимд газартай 76 иргэн, аан-ийн газар ашиглах эрхийг эхний ээлжид цуцлахаар болсон

 Эх сурвалж: Солонго, www.barilga.mn, 2021.08.02


"Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Шинэ Зуунмод хот, Майдар хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг гурван газар нь хоорондоо 10-15 километрийн зайтай. Иймээс эдгээр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, Хөшигийн хөндий орчимд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулсан.


Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндий орчмын 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийг боловсруулж байна. Үүний 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай" гэдгийг Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр хэллээ.


Тэрбээр үргэлжлүүлэн “Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн тухайд,


Шинэ Зуунмод хотыг дайраад “Богд хаан” төмөр зам, RH3 буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Дээрээс нь нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас тээвэр логистикийн том төв болох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2,000 орчим га газар нь тээвэр логистикийн төв болно.


Ажлын байрны хангамжийг уялдуулахын тулд үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөж байгаа. Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд байна.


Хөшигийн хөндийд 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөлт гарсан.


Шинэ нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн төв болно. /Олон улсын зэрэглэлд нийцсэн эдийн засгийн тусгай бүс байна./


Сэргэлэн сумыг хоёр дагуул хотын эдийн засгаар дэмжих хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хөгжсөн хот байлгахаар төлөвлөсөн.


Ирэх аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.


Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.


Энэ тухай Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр "Газар чөлөөлөх ажлын хэсэг ажиллаад эхний үр дүнгээ танилцуулсан байна. Тодруулбал уг бүсэд 3,173 иргэн, ААН байгууллага газрын эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бий. Эдгээр иргэн, ААН байгууллагын газартай холбоотой асуудлыг Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллана. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олголтоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ зохион байгуулагдана.


Судалгаагаар эхний ээлжид 76 иргэн, ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах бэлтгэл ажил хангагдаж байгаа.


Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн, ААН байгууллагын сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заасны дагуу долдугаар сарын 29-нөөс буюу өнөөдрөөс наймдугаар сарын 15-ны хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зохион байгуулахаар болсон байна.