Баянзүрх дүүргийн 15,18 дугаар хороонд 73 гараашийг буулгаж, газрыг нь чөлөөлөв

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15


Баянзүрх дүүргийн 15,18 дугаар хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөлжээ.


Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байжээ.


Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр “Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. Өөрийн гараашаа буулгуулж байгаа иргэд хүртэл нийтийн эрх ашгийг хангаж байгаа учраас заавал тохижилт хийж өгөхийг хүсэж байна. Дүүрэг орон нутгийн зүгээс чөлөөлсөн газарт элдэв барилга, байгууламж барихгүй. Шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн өргөтгөл хийхээс гадна тухайн орчмын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийж өгнө” гэлээ.  


Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 ондоо багтааж нийт 50 байршилд 1,300 орчим гараашийг буулгаж газрыг чөлөөлөх төлөвлөгөө гарсан. Буулгасан гараашуудын оронд ямар тохижилт хийх талаар хамгийн түрүүнд иргэдээс санал асуулга явуулна. Хийх тохижилтыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв, дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

 








Нийслэлийн ногоон бүсийн газрыг дуудлагаар худалдан олсон хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулах санал гаргав

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан.


Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, тавьсан саналыг сонслоо. Уулзалтад Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар оролцов.


Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзсан эхний хүн бол Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн З.Лхагвасүрэн байлаа. Тэрбээр үндэсний хэмжээнд өрнөж буй “Тэрбум мод” аяныг үр дүнтэй зохион байгуулахад чиглэсэн санал дэвшүүлж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр тодорхой хэмжээний газар авч, тус газраа ойжуулан, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Хот орчмын ногоон бүсэд газрыг өндөр үнээр худалдан борлуулж байгааг шүүмжилж, нийслэлийн ногоон бүсийн газрыг дуудлагаар худалдан олсон хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулдаг байх нь зүйтэй юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа.


Түүний санал хүсэлтийг сонссоны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баттөр “Тэрбум мод аяны хүрээнд нийслэл хот 120 сая мод тарьж ургуулах хариуцлагын гэрээг Байгаль орчны яамтай байгуулсан. Иргэд мод бут сөөг тарих идэвх санаачилга гаргаж байгаа нь маш сайн хэрэг. Байнга тарьдаг хэдэн нэр төрлийн мод бутнаас гадна жимс, жимсгэнэ, гоёлын мод тарих бүрэн боломжтой” гэсэн юм.  


Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр “Хот орчмын ногоон бүс болон гэмтсэн ойд мод тарьж ургуулахад татгалзах зүйлгүй.


Харин газар ашиглах, өмчлөх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хариуцдаг. Тиймээс таны сонгосон байршил, санал, хүсэлтийг  харьяалах дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлаад хариу өгөх болно” гэв.





Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээнэ

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн боловч явган хүний замгүй учраас иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл цар тахлын улмаас үүдэн удаашраад байсан гүүрийн ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.


Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж. 





Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх сараас нэг хувиар буурчээ

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.15

 

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас нэг хувиар буурчээ.


Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.


Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.







ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАРААШУУДЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. 2022.03.15

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, Онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор  нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараашуудыг, буулган газар чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ. 

Нийслэлийн хэмжээнд  188 байршилд 4860 гарааш буулгаж газрын зөрчил арилгахаар төлөвлөөд байна.

Чөлөөлсөн газруудад ногоон байгууламж, авто зогсоол барих зэрэг тохижилтын ажлууд хийгдэнэ.








М.Мөнхзаяа: Далан давхарт дахин оршуулгын үйл ажиллагаа хийгдэхгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Хотын хойд хэсгийг эзлэн байдаг Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай шийд гарсан ч өнөөг хүртэл хэвээрээ байгаа.


Харин өнөө хавраас газрыг хэсэгчлэн чөлөөлж “Нью Семетри” компани өөрийн хөрөнгөөр хэсэгчилж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барихаар ажлаа эхэлж байна. Тус компанийн захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.


- Нийслэл дэх оршуулгын газрыг цэгцлэх,  нүүлгэн шилжүүлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай олон жил яригдсан. Энэ оноос төсөл бодитой ажил хэрэг болох төлөвтэй. Танай байгууллага голлон зохион байгуулж байгаа гэв үү?


Тийм ээ. Нэн түрүүнд бид ач холбогдлыг чухалчилсан. Өмнө нь энэ хэмжээний төсөл манай улсын хувьд хийгдэж байгаагүй учраас иргэдийн хувьд хүлээлт их байсан.


“Нью Семетри” компанийн хувьд далд оршуулгын үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйл, олон улсын жишигт нийцүүлэн үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан, үйл ажиллагаандаа Байгаль орчны аюулгүй байдал, чанарын удирдлагын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг цогцоор хэрэгжүүлсэн далд оршоох үйлчилгээний цорын ганц компани болохыг онцолмоор байна.


Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайд бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ нь ч утгаараа энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан байна.


1-рт, Монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ ижий, аав, өвгөдөө ариун дагшин, тухтай, сайхан газар нутаглуулж, хүндэтгэх нь алс ирээдүйдээ зөв сайхан явахын эхлэл гэж үзэж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ сайхан өв уламжлалаа гээгдүүлж, оршуулгын газар нь эмх замбараагүй, булш, бунхан эвдэрч, сүйдсэн, хаягдсан байдалтай болсон.


2-рт, Суурьшлын бүсэд оршуулгын газар байгаа нь бидний болоод ирээдүйн хойч үеийн маань эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой хохирол учруулах болсон.


3-рт, Нийслэлийг тойрсон оршуулгын газар нь хот хөгжих, тэлэх боломжийг хязгаарлаж байна.


Иймд бид нэн түрүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын туршлага, жишигт нийцүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, салбарын хөгжлийг тэтгэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршуулгын үйл ажиллагаатай холбогдолтой олон асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд байна.


Эцэст нь олон жил нийгмийн хүлээлт үүсгэсэн, багагүй зориг шаардсан энэхүү онцлог төслийг хамтран хэрэгжүүлэх санаачилга гарган, бүхий л талаар дэмжин ажиллаж буй одоогийн хотын удирдлагад талархаж байгаагийн хамт төр, хувийн хэвшлийн сайн жишиг тогтооход анхаарч, хичээж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.


- Төслийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдээс санал асуулга явуулсан мэдээлэл байсан. Үр дүн яаж гарав?


Өнгөрсөн хугацаанд бид  төслийн үе шат бүрд олон нийтийн хандлагыг тодорхойлох нээлттэй судалгааг явуулсан. Хамгийн эхэнд төслийн санал гаргахын өмнө төслийг дэмжих эсэх санал асуулгыг www.ikon.mn сайтаар, тухайн газрын оршин суугчдаас цаасаар авсан ба судалгаанд нийт 3340 хүн хамрагдсанаас 94,2 хувь нь дэмжсэн. Мөн 2022 оны 1 сараас төслийн талаарх мэдээллийг хүргэх явцад дахин судалгаагаа явуулахад 99 хувь нь дэмжсэн байдалтай байна. Цаг үеэ олсон, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа төсөл болов уу гэж харж байна.


- Өмнө нь бурхан бологсдын шарилыг олноор нь нүүлгэн шилжүүлж байсан туршлага байгаа юу?


2018 онд нийт 26 мянган өрх айлыг цахилгаанаар хангах төслийн хүрээнд эрчим хүчний дэд станц барих зориулалтаар тус оршуулгын газрын 1.5 га талбай дахь 906 бурхан болоочийг холбогдох зан үйлийг гүйцэтгэн нүүлгэн шилжүүлж, суваргад шүтээнийг залсан. Мөн хот орчим дахь оршуулгын газруудыг цэгцлэх хүрээнд 2020-2021 онд нээлттэй уралдаант шалгаруулалтын үндсэн дээр 4 байршилд зөвшөөрөлгүй газарт оршуулсан нийт 206 шарилыг нүүлгэн шилжүүлж, газрыг бүрэн чөлөөлж, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.


- Шашны зан үйлийг хэрхэн шийдэж байгаа вэ?


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар 2022 оны 2 сард  “Оршуулгын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Гандантэгчэнлин хийд болон Монголын бурхны шашны хийдүүдийн тэргүүн нарын хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр төслийг  бүхэлд нь дэмжиж, Гандантэгчэнлин хийдийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор төслийн талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх явцад үйлдэх шашны зан үйл, шүнг хэлэлцүүлж, нэгдсэн аргачлал гаргах, мөн тэргүүн ээлжид номын багш нарын лагшин шүтээнийг гаргах өдөр шашны зан үйлийг бүрэн гүйцэтгэн гаргахаар тогтсон.


Төрийн төдийгүй, шашны төлөөлөл анх удаагаа хувийн байгууллагын санаачлан, хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь манай төслийн ач холбогдол, цар хүрээ, онцлогийг илтгэсэн онцлох үйл явдал гэж бид талархаж байгаа.


- Төсвөөс хөрөнгө мөнгө гарахгүй компани өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Хэдий хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулах бол?


Самбалхүндэв /70 давхар/-н оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах төсөл нь 2022-2025 оны хугацаанд дараах байдлаар хэрэгжинэ.


Эхний ээлжид 10 га талбай дахь шарилыг 2022 оны 4 сарын 15-наас 2022 оны 9 сарын 30 хүртэл нүүлгэн шилжүүлж, чандарлах ба чандрыг 2023 оны 4 сар хүртэл хугацаанд “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт хадгална. Үндсэн гурван чиглэлийн бүтээн байгуулалт хийгдэнэ.


Чөлөөлсөн газрын 2 га талбайд буяны сүм, хийд бүхий Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ба чандар буюу шүтээнийг  цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд эсхүл нийтийн суваргад залж, бүхий л нэрсийг дурсгалын хавтан дээр нэгдсэн байдлаар мөнхөлнө. Энэхүү шарилыг нүүлгэн шилжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад урьдчилсан байдлаар нийт 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.


Мөн нас баралттай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг болох олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан цогцос хадгалах байрны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд 1 га хүртэл талбайг цогцос хадгалах байрны зориулалтаар чөлөөлж, Шүүх, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгнө.


Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийн тухайд иргэдэд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой төрийн болон хувийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр танхим, иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болон ар гэрт эмгэнэл илэрхийлэх боломжийг хангах танхим, мөн гадна талбайд уламжлал, ёс заншилд нийцсэн олон нийтийг хамруулах боломж, нөхцөлийг хангасан задгай талбайн үдэх ёслолын өргөө зэрэг байхаар төлөвлөж байгаа ба өнөөдрийн байдлаар энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эцэслэгдээгүй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүнг тодорхой хэлэх боломжгүй байна.  Иргэд энэ газарт шинээр оршуулгын үйл ажиллагаа хийгдэнэ, чандарлах газар болно гэсэн буруу ташаа ойлголт байна. Иймээс Далан давхарт дахин шинээр оршуулгын үйл ажиллагаа хийгдэхгүй гэдгийг онцгойлон хэлэх байна.


- Хуучны оршуулгын газруудад талийгаачдаа эргэж олоход хүндрэлтэй байдаг. 10 га газарт оршуулсан талийгаачдын нэгдсэн бүртгэл хийгдсэн үү? Ар гэрийнхний зүгээс ирж байгаа санал хүсэлт нь юу байгаа бол?


Бидэнд өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа асуудал бол бурхан болоочийн ар гэрийг олж тогтоох явдал. Учир юунд вэ гэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэл нас барсны гэрчилгээ олгосноор дуусгавар болдог. Энэ нь бурхан болоочийг хэзээ, хаана, хэн, хэрхэн оршуулсан албан ёсны мэдээлэл байдаггүй.


Иймээс бид аль болох олон нийтэд мэдээлэх, ар гэрийнхнийг олж тогтоох тал дээр илүү ач холбогдол өгч ажиллаж байна.


Төслийн мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлснээс хойш нийт 4 мянга гаруй хүн вэб сайтаас мэдээлэл авсан байна. Мөн Утсаар 1400 орчим ар гэрийнхэн холбогдож тухайн бурхан болооч төслийн байршилд хамрагдсан эсэхийг тодруулж лавлахын зэрэгцээ төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авсан. Төслийн талбайд байгаа 170 орчим талийгаачийн ар гэр нь тодорхой болсон. Бидэнтэй холбогдсон ар гэрийнхэн төслийг маш нааштай хүлээн авч байгаа хандлага байна. Бурхан болоочоо эргэж тойрмоор байдаг. Байрлалыг нь олж чадахгүй бэрхшээл байсан. Харин та бүхний төслийн үр дүнд бид оллоо. Цэгцтэй хүндэтгэлтэй орчинд бурхан болоочоо залах нь ээ гэж баярласан талархсан сэтгэгдлүүд олонх нь байна. Мөн эсрэгээрээ бухимдал үүсгэж байгаа гол асуудал юу байна вэ гэвэл төсөлд хамрагдаагүй ар гэрийнхний хувьд нийтээр нь 73 га газраар нь чөлөөлөгдөхгүй байгаатай холбоотой санал хүсэлт давамгайлж байна.


Бидний хувьд, энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоох, цаашлаад Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу тус оршуулгын газрыг бүхэлд нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэл гэж харж хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар хичээн ажиллаж байна.


Бид төслийг бүхий л талаар нээлттэй байх зарчим баримталж байна. Энэ нь талийгаачийн ар гэрийн хувьд төслийн талаарх санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрийн талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд биечлэн оролцохоос гадна зан үйл шашны хувьд нээлттэй, мөн төрийн эрх бүхий байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс төслийн бүхий л шатанд оролцох, хамтран ажиллах, цаашлаад хяналт тавих боломжийг нээх зорилгоор шарилын хөдөлгөөнийг зайнаас хянах тусгай программ захиалан хийлгэх, нүүлгэн шилжүүлэлтийн явцыг баримтжуулах бичлэг  чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байна.


Эцэст нь та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.sambalkhundev.mn сайтад хандахаас гадна 7210-0101 утсаар холбогдох боломжтой.  




CU брэнд CIRCLE K сүлжээний 12 салбарыг шилжүүлэн авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14





CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь Сиркл Чейн ХХК-ийн Circle K сүлжээ дэлгүүрийн 12 салбарыг худалдан авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа. 2021 оны 12-р сард хоёр тал хэлэлцээрээ эхлүүлсэн бөгөөд ийнхүү тохиролцоонд хүрснээр тус 12 байршилд CU конвиниенс дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулахаар болж байна.

Гэрээг баталгаажуулсны дараа Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг: “Бид Сиркл Чейн ХХК-тай уг гэрээг амжилттай байгуулж чадсандаа баяртай байна. Гэрээ байгуулах явцад Сиркл Чейн ХХК-ийн баг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Эдгээр 12 дэлгүүр нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд байршдаг бөгөөд ингэснээр CU брэнд үйлчлүүлэгчдэдээ улам ойртон, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгож байна. 2023 он гэхэд CU брэнд 360 салбартай сүлжээ дэлгүүр болох зорилготой ажиллаж байна” хэмээн дурджээ.


Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь өнөөдрийн байдлаар CU брэндийн нийт 182 салбар конвиниенс дэлгүүрийг ажиллуулж байна. CU конвиниенс дэлгүүр нь Монголын конвиниенс дэлгүүрийн зах зээлд тэргүүлэгч бөгөөд хэрэглэгчдэд 24 цагийн туршид халуун хоол, хүйтэн зууш, халуун кофе, ундаа, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн болон ая тухтай цэвэр орчин, нийтийн ариун цэврийн өрөө, утасгүй интернэтээр үйлчилдэг.


Доорх салбаруудад CU брэнд үйл ажиллагаагаа явуулна.



"Гуравдугаар сарын 15-наас цэцэрлэг, сургууль орчмын гараашуудыг буулгаж эхэлнэ"

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас газар чөлөөлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.


-Өнгөрсөн онд нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу I, III, IV, XI, XIII хорооллуудад зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, барилга, гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Энэ ажлыг 2022 онд эрчимжүүлнэ гэж та өнгөрсөн жил хэлж байсан. Тус ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ?


-Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй шахам юм. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд  дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан. Тухайн үед орон сууцны барилгуудад гарааш байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй.


Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн машинтай болж, гарааш барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд гарааш барих зөвшөөрөл өгөх болсон. Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна. Тэгэхээр хотын эрх зүйн зохицуулалт, дүрэм, стандарт орчин үед ямар байх ёстой вэ гээд бодлого руу эргээд орж байгаа. Бүх юм хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам, стандартын дагуу явах ёстой.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарааш буулгахдаа зарим нэг зөвшөөрөлтэйд нь нөхөн олговор олгож, зөвшөөрөлгүйг буулгаж ирсэн. Нийтдээ мянга орчим гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Үүнд бухимдаж уурлах хүн ч цөөнгүй. Мянган гарааш гэдэг бол урьд өмнөх жилүүдэд буулгаж байснаас 10 дахин өндөр тоо. Буулгасан гарааш, хашаа, хайсны оронд ногоон байгууламж бий болгосон. Ингэснээр иргэд явган замаар зорчиход эрсдэлгүй болсны дээр ая тухтай орчин бүрдэж байна. Энэ бол нэг талдаа хотын зүгээс хийж буй ажил боловч нөгөө талдаа иргэдийн хүлээлт их байна. Иргэд энэ ажилд өндөр үнэлгээ өгч, дэмжиж байгаа. Одоо ч хүлээлттэй байгаа.


Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байгаа. Энэ ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. 4800 орчим гарааш буулгах төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь хашаа хайсуудыг буулгана. Хотын төвөөр хашаа, хайсыг дураараа барих нь өнгө үзэмжгүй болгохын дээр газрын гэрчилгээтэй л бол хашаа хатгана гэсэн ойлголтыг хална.


Улаанбаатар хотын 188 байршилд 4,800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгаа. Газар зохион байгуулалтын алба энэ тал дээр эрчимтэй ажиллана. 4,800  гараашийг буулгахад хотын өнгө үзэмж эрс өөрчлөгдөнө. Харагдах байдал, орон зай өөр болно. Энэ жил ногоон байгууламжийг маш сайн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байна.


Хавар, зуныг хэрхэвч алдаж болохгүй. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт үүрэг өгсөн. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгож, хувийн хэвшилтэйгээ хамтарсан, нийслэлийн зүгээс манлайлал үзүүлсэн, олон улсын түншлэлийн хэмжээнд зохицуулалт хийхээр олон ажил төлөвлөсөн.


-Газар чөлөөлөлтийн ажил гуравдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан объектуудыг буулгачихаад, дараа нь ямар бүтээн байгуулалт хийх вэ. Зорьж буй ажлаа хийж амжих болов уу. Гүйцэтгэгчдийг хэр шахаж ажиллаж байна вэ?


-Өнгөрсөн жил газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажилд нэлээдгүй туршлагажсан. Ажлын туршлага бол маш чухал шүү дээ. Өнгөрсөн жил 1,000 орчим гарааш буулгасан бол энэ жил 4,860 орчмыг буулгана. Энэ ажилдаа нэг их түүртэхгүй байх. Гол нь зохион байгуулалтаа сайн хийх үүргийг л өгч байгаа. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг иргэний жил болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх ёстой шүү дээ. 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэж үзэж байна хэмээлээ.  


Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ

2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1,556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа.


-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?


-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4,860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашуудыг буулгаж эхэлнэ.


-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?


-Өнгөрсөн жил 1,000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.


-Нийтийн  эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?


-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч  байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.


-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?


-Өнгөрсөн жил 1,500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мк.в газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.


НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1,500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.


-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?


-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.


Иргэд: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна.


-Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна.


-Гол нь буулгаж байгаа гараашууд нь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх.


-Энд тэндгүй ашигладаггүй хуучин гараашуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас л хэцүүхэн л харагддаг шүү дээ.  Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна.


-Тоосгон гараашууд  хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу.


-Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй.


-Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх.


-Тоосгон гараашууд чинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр.


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР




Б.Мөнхбаатар: Хонхор болон Сонсголонд барилгын материал борлуулахаар төлөвлөж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн паркуудын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Манай улсад барилгын материал үйлдвэрлэдэг 420 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна. Эдгээр үйлдвэрийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна.


Барилгын материалын үйлдвэрлэл өмнөх оноос 15 хувиар өссөн. Уг үйлдвэрлэгч нарыг бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгох шаардлагатай. 


Таван паркийг товч танилцуулъя.


Нэгдүгээрт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн парк. 281 сая төгрөгийг төлөвлөлтөд нь тавьж өсгөн. Дэд станц, үерийн байгууламж зэрэгт 13.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Дэд бүтцийг цогцоор нь хийхгүй бол паркийн үйл ажиллагаа жигдрэхгүй асуудал гарч байна. 


Улаанбаатарын барилгын материалын үйлдвэрлэлийн худалдаа Налайх руу гарах боломж бүрдсэн. Аажимдаа бид хотын төвлөрлийг сааруулна. 


Хоёрдугаарт, Багахангайн аж үйлдвэрийн парк юм. Барилгын хуурай хольц, дижитал хавтан, барилгын материалын үйлдвэрлэл барихаар төлөвлөж, 140 сая төгрөгийг тусгаад байна. 


Гуравдугаарт, Багануурын үйлдвэр технологийн парк.  Паркуудад эрх зүйн орчин тулгамдаж байна. Зах зээлээс хол тул тээвэрлэлтийн зардлыг хөндөж байна. 


Дөрөвдүгээрт, Шилэн хийцийн үйлдвэрлэл технологийн парк. Шил үйлдвэрлэх асуудлыг эрчимтэй ярьж байна. Ингээд 25 га газрыг шийдэж өгсөн. Үйл ажиллагаа явуулахад 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.


Тавдугаарт, Хонхорын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк. Хонхор болон Сонсголонд импортоор орж ирж буй барилгын материалыг борлуулахаар төлөвлөж байна. 


Салбар дундын хөрөнгө оруулалтын бодлогыг уялдуулах шаардлагатай" гэлээ. 




Цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30%-аар нэмэгджээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тоннд хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141,600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны 12 дугаар сараас хойш 7 удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх Баасан гарагт Шадар сайдад танилцуулахыг даалгажээ.

Тэрбээр “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компани нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой” хэмээв.

Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, Ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг сануулав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.




Г.Ёндон: Цемент манай улсад хангалттай байна. Арматур болон ган бүтээгдэхүүн хэрэгтэй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк, Оюутолгойн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Хар төмөрлөгийн үйлдвэрийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны талаар гэж ярьж байгаа. Цемент манай улсад хангалттай байна. Арматур болон ган бүтээгдэхүүн хэрэгтэй.


Манай улс 2019 онд 8.4 сая тонн төмрийн хүдэр болон баяжмалыг экспортод гаргасан. Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу байх шаардлагатай. Энэ бүх зүйл байхад гаднаас гангаа авдаг. Хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй байгаагийн горыг амсаж байна. 


Эхний шатны боловсруулалтыг хийх тусам дараагийн шатны үйлдвэр хөгжөөд эхэлдэг. Үүний тулд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар төлөвлөөд байна. Оюутолгойн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах юм.


Хүнд үйлдвэрийн салбарыг тоо гэвэл ган бүтээгдэхүүнийг 57.2 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Ихэнх нь Дарханы төмөрлөг байгаа. Найман сая гаруй тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортод гаргаж байгаа. Аж үйлдвэржиж байж улс орны хөгжил эхэлдэг. Гэтэл энэ нь хангалтгүй байгаа учраас ойлгомжтой" гэв. 



Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11


Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төслийн хүрээнд  сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна.


2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад хүргэх зорилгоор сургуулийн автобусны С:38, С:39 чиглэлийг нэмлээ.


Тус чиглэлүүд нь:

С:38 “Бумбатын рашааны эцэс 124 дүгээр сургууль-152 дугаар сургууль”

С:39 “Улаанчулуутын эцэс-Алтан овоо 48 дугаар гудамж-65 дугаар сургууль -152 дугаар сургууль” хооронд хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх юм.





Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Эх сурвалж: gogo.mn, 2022.03.11






Нийслэл Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц цөөнгүй бий. Тэдгээр барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ удаад таван дүүргийн 31 багц, 70 барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.


Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430, 2021 оны А/858 дугаар захирамжийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урилаа.


Байршил:


Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1.32 га

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1.38 га

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байр, нийт 0.34 га

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0.64 га

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр,

Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 29, 30, 32 дугаар байр, нийт 0.45 га

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в дугаар байр, нийт 0.13 га

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын  27 дугаар байр, 0.31 га

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт 0.21 га

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Офицеруудын 1, 2, 3 дугаар байр, 0.34 га

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр,

нийт 1.23 га

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0.26 га

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ХААИС-ийн 1, 2, 3 дугаар байр, нийт 0.55 га

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0.52 га

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0.26 га

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0.2 га

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0.15 га

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0.79 га

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0.19 га

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0.32 га

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0.16 га

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0.05 га

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0.64 га

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0.68 га

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0.2 га

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0.48 га

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1.0 га

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1.56 га

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн ажилчдын байр, нийт 0.47 га

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Улсын их дэлгүүрийн ажилчдын байр, Номын худалдааны ажилчдын байр нийт 0.56 га


Барилга барих тусгай зөвшөөрлийг олгох ажил цахимд шилжлээ

 Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар; 2022.03.11

Барилга барих тусгай зөвшөөрлийг олгох ажил цахимд шилжлээ. Энэхүү цахим системийг 21 аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт нэвтэрүүлээд байсан бол одоо нийслэл хотын хэмжээнд дагаж мөрдөнө.



2022 оны 3 сарын 11.

Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар; 2022.03.11


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай БНСУ-ын “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны удирдлага доор орон зайн мэдээллийн өгөгдөл боловсруулах, зураглах, ТЭЗҮ боловсруулах, олон улсын төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. 

Төлөөлөгчид “Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө гаргах” төслийн санал боловсруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. 

ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай төслийн санал хамтран боловсруулах, цаашид хамтын ажиллагаа өрнүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд бид Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөгөө гаргах хэрэгцээ, шаардлагыг холбогдох яамд болон байгууллагуудад уламжилсан байгаа иймд та бүхэн цаашид БНСУ-ын талаас төслийг батлуулах тал дээр анхаарч, Монгол дахь эрэлт, хэрэгцээний талаар Газар, дэд бүтэц, тээврийн яаманд танилцуулж, уламжлахыг хүслээ.

Мөн тус газраас Газрын удирдлын нэгдсэн системийг товч танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах, Ухаалаг хот байгуулахад хэрхэн нийцүүлэх талаар төслийн саналд тусгах шаардлагатайг дурьдлаа.

Уг төсөл нь өнөөгийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж Монгол улсын Ухаалаг хотын бодлогыг дэмжих орон зайн мэдээллийн нэн шаардлагатай дэд бүтцийг сайжруулах, дунд болон урт хугацааны хөгжлийн ерөнхий мастер төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм. Төсөл нь Орон зайн өгөгдлийг шинэчлэх, ложистикийг дэмжих, Ухаалаг хотын менежментийн үйл ажиллагаа, тухайлбал эмнэлэг, гал түймэр, хамгаалалтын (цагдаа) гэх мэт жишиг тохиолдлыг хэрэгжүүлэхэд анхаарна.







“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган болно

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.


Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт - боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм.


Чуулганыг угтаж Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.


“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганаар эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгмийн оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, хувь хүний хөгжил, төлөвшилд эергээр нөлөөлөх, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.




Баянзүрх дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд янжуур болон электрон тамхи худалдахыг хориглолоо

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11


Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тамхи, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллах юм байна.


Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин сүүлийн үед залуусын ихээр хэрэглэх болсон электрон тамхи буюу VAPE-г тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Энэ нь маш том төөрөгдөл юм.


Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү Баянзүрх дүүрэг 21-ээс доош насны залууст янжуур тамхи, электрон тамхи худалдаалахыг хориглож байгаа юм.


Тамхи татдаг болон хаяна гэх нэрийдлээр электрон тамхи татаж буй иргэдэд анхааруулж хэлэхэд “Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь коронавируст халдварын хүнд үед таны биеийг улам дордуулна.


Тиймээс иргэн та аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзаж бусдыгаа уриалахыг хүсэж байна” гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.




Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг торгосон байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ. Энэхүү хууль бус үйлдэлд холбогдсон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан байна.


Тодруулбал, Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.


Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байна. Иймээс бусдад түрээслүүлсэн орон сууц, объектуудад тогтмол хяналт тавих, мөн интернэт банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.






Эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрч, шаардлага хангахгүйд хүрчээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11


Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 7.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал танилцуулав. Тус заалтад “Эрүүлжүүлэх, саатуулах байруудын нөхцөлийг сайжруулах, нийслэлийн хэмжээнд нэгдсэн эрүүлжүүлэх, саатуулах байр барих бэлтгэл ажлыг хангах” зэрэг асуудлыг тусгасан байдаг.


Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16,534 гэмт хэрэг, 597.298 зөрчил бүртгэгдсэнээс 5,002 гэмт хэрэг, 43,852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6,274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.

2021 онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ.


Эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээн авч байгаа нь эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрээд байгаа аж.




Монгол дахь Украины иргэд тайван жагсаж, үзэл бодлоо илэрхийлэв

Эх сурвалж: news.mn, 2022.03.04


Монгол Улсад амьдардаг Украин улсын иргэд дайныг эсэргүүцэн, Улсын их дэлгүүрийн урд талбайд тайван жагсаал хийлээ.

Монгол дахь Украин иргэдийн төлөөлөл: Монголын ард түмэн маш ухаантай. Та бүхнийг энхийг сахисан, зөв байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ нөхцөл байдалд чимээгүй байж болохгүй. Учир нь энэ бол зөвхөн ОХУ, Украины асуудал биш дэлхий нийтэд хамааралтай асуудал юм. Дэлхийд энх тайван хэрэгтэй болохоос дайн хэрэггүй.


Харьков хотыг уржигдраас хойш бөмбөгдөж, бараг л газартай нь тэгшлээд байна. Хоргодох байранд жирэмсэн эхчүүд хүүхдээ төрүүлж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Бид гэр бүлтэйгээ холбоо барихад хүртэл асуудалтай байгаа. Украин улсын цэргүүддээ итгэж байна. Бид чадах болно. 
















Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Эх сурвалж: news.mn, 2022.03.03





Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ.

Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.


Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой.


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР