CU брэнд CIRCLE K сүлжээний 12 салбарыг шилжүүлэн авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.14





CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь Сиркл Чейн ХХК-ийн Circle K сүлжээ дэлгүүрийн 12 салбарыг худалдан авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа. 2021 оны 12-р сард хоёр тал хэлэлцээрээ эхлүүлсэн бөгөөд ийнхүү тохиролцоонд хүрснээр тус 12 байршилд CU конвиниенс дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулахаар болж байна.

Гэрээг баталгаажуулсны дараа Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг: “Бид Сиркл Чейн ХХК-тай уг гэрээг амжилттай байгуулж чадсандаа баяртай байна. Гэрээ байгуулах явцад Сиркл Чейн ХХК-ийн баг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Эдгээр 12 дэлгүүр нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд байршдаг бөгөөд ингэснээр CU брэнд үйлчлүүлэгчдэдээ улам ойртон, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгож байна. 2023 он гэхэд CU брэнд 360 салбартай сүлжээ дэлгүүр болох зорилготой ажиллаж байна” хэмээн дурджээ.


Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь өнөөдрийн байдлаар CU брэндийн нийт 182 салбар конвиниенс дэлгүүрийг ажиллуулж байна. CU конвиниенс дэлгүүр нь Монголын конвиниенс дэлгүүрийн зах зээлд тэргүүлэгч бөгөөд хэрэглэгчдэд 24 цагийн туршид халуун хоол, хүйтэн зууш, халуун кофе, ундаа, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн болон ая тухтай цэвэр орчин, нийтийн ариун цэврийн өрөө, утасгүй интернэтээр үйлчилдэг.


Доорх салбаруудад CU брэнд үйл ажиллагаагаа явуулна.