Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 7.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал танилцуулав. Тус заалтад “Эрүүлжүүлэх, саатуулах байруудын нөхцөлийг сайжруулах, нийслэлийн хэмжээнд нэгдсэн эрүүлжүүлэх, саатуулах байр барих бэлтгэл ажлыг хангах” зэрэг асуудлыг тусгасан байдаг.
Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16,534 гэмт хэрэг, 597.298 зөрчил бүртгэгдсэнээс 5,002 гэмт хэрэг, 43,852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6,274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.
2021 онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ.
Эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээн авч байгаа нь эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрээд байгаа аж.