ФОТО: Төв талбайдаа тухалж буй нийслэлчүүд

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.03


Нийслэлийн төв талбайд өнөөдөр хиймэл зүлэг дэвслээ.


Ногоон байгууламж ховортой Улаанбаатар хотод энэ нь онцгой үйл явдал байв. Зүлгэн дээр залуус гутлаа тайлж амрах, гар бөмбөг тоглох, ном унших гэх мэтээр цагийг өнгөрүүлж байна.


Дээрх талбайд "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээнд зориулан зассан аж. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм байна.































“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн, яармаг Шинэ орон сууц, хаус дизайн чиглэлээр болно

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02



Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2022” үзэсгэлэн яармаг 15 дахь жилтэйгээ учран золгож Шинэ орон сууц, хаус дизайн чиглэлээр 2022 оны 05.06-08-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана.


Та Шинэ орон сууц, хаус дизайны үзэсгэлэн, яармагаас ипотек, компанийн болон хувь лизингд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны 60 орчим шилдэг төслүүдтэй танилцах төдийгүй амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, энэ цаг үеийн шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой. Тавхайгаа эргэтэл тал тал тийш гүйхээр нэг өдөр ирээд л 100 гаруй төслийг харьцуулан үзэх нь таны алтан цаг болон санхүүг тань хэмнэх болно.


Үзэсгэлэнгийн өдрүүдээр хүрэлцэн ирсэн хэрэглэгчдэдээ олгодог хамгийн том бэлэг бол зохион байгуулагч болон оролцогч байгууллагуудын зүгээс онцгой хөнгөлөлт, урамшууллыг зарладаг билээ. Энэ жилийн хувьд үзэсгэлэнг үзэгчид цахим бүртгэл хийж танхим руу нэвтрэх бөгөөд бүртгэлээ баталгаажуулсан үзэгчдээс дараах шагналын азтанууд шалгарна.


/Зөвхөн бүртгэлээ хийж үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн үзэгчдээс азтаныг шалгаруулна/ 


Барилга МН- HUAWEI NOVA 8I буюу 1,200,000 төгрөгийн үнэ бүхий гар утасны азтан шалгаруулна.

Барилгачин групп - Барилгачин худалдааны төвийн 3,000,000 төгрөгийн эрхийн бичиг

"Бэзү Технологи" ХХК- BOSSTON брэндийн 500,000 төгрөгийн 50 литрийн халуун усны бойлер

“Номин Мишээл” ХХК- INCGO брэндийн гарын бэлэг 

Харин үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд 20-45 хувийн хямдрал, барилгын материал, тавилгын худалдаа 10-30 хувийн урамшууллыг зарлаад байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлох урамшууллаас дурдвал,


Хан Ташгай Luxury Villa хотхон хаусны үнийн дүнгийн 20% хямдрал

Дэлгэрэх арвин өргөө ХХК 100% төлөлтөд 45 хувийн хямдрал

"АЛТАРГАНА" ХХК ХҮЛЭГ РЕСИДЭНС ХОТХОН 30% хямдрал

Номин Мишээл ХХК 20 хүртэлх хувийн хямдрал

Four Season Village 10% хямдрал

Sunny vista орон сууц 15 % хямдрал

“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн, яармагаас авах таны боломжууд үүгээр дуусахгүй. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм гэдэг. Тиймээс та бүхний сонорт хүргэх үнэ төлбөргүй сургалт болон семинаруудыг тодорхой хуваарийн дагуу хүргэхээр бэлтгэсэн байна. Тухайлбал үзэсгэлэн яармагийн өдрүүдэд


Барилга, Хот байгуулалтын яам - “Төрөөс орон сууцны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”

Барилгын хөгжлийн төв - “Орон сууцны судалгаа мэдээлэл, эрэлт хэрэгцээ”

НХБХГазар- “Хот төлөвлөлт, Төрийн үйлчилгээ”

BUILD SMART MONGOLIA ТББ - “Барилгын салбар дахь BIM - ийн талаар”

Амины орон сууцны инновац хөгжлийн төв - “Амины орон сууцны чиг хандлага”

Өөрийн байшин ТББ- “Эрчим хүчний хэмнэлттэй АОС-ны өртгийн бууруулах арга замууд”

HOUSE.MN - “Амины орон сууцны зөвлөх үйлчилгээний байгууллага танд юуг зөвлөх вэ?”  

“Хайбрид хаус” гэж юу гэж вэ, түүний онцлог

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо

Үл Хөдлөх Хөрөнгийн Бизнес Эрхлэгчдийн Дээвэр Нэгдсэн Холбоо

“Үл хөдлөх хөрөнгө хэрхэн сонгох талаар иргэдэд зориулсан зөвлөгөө” зэрэг олон талт мэргэжлийн мэдээлэл, илтгэлийг тавих болно.

Ташрамд дурдахад уг үзэсгэлэн яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа шинэ орон сууцны төслүүдтэй танилцах, хариуцсан ажилтантай шууд холбогдох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.


Ерөнхий ивээн тэтгэгч - "NCD GROUP", "БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ"


Ивээн тэтгэгч - "МОНКОН КОНСТРАКШН" ХХК , “GREEN GARDEN RESIDENCE”


Зохион байгуулагч: БАРИЛГА МН


Хамтран зохион байгуулагч: БХБЯ, БХТ, НХБХГазар


Дэлгэрэнгүй мэдээллийг 77113333-1, 9990-7816 утаснаас лавлана уу.


Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил, дэвшилтэй танилцахыг урьж байна.


/"BARILGA EXPO 2022" үзэсгэлэн, яармагийн Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр 2022.04/29-05/01 өдрүүдэд зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеийн зургуудаас../






















Нийслэлд зарлагдсан тендерүүдийн 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүй байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02





Нийслэлийн Засаг Даргын Шуурхай зөвлөгөөн Даваа гараг бүр болдог билээ.


Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлын нэг нь тендер юм. Бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх зорилгоор тендерийг оны эхнээс зарласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зарлагдсан тендерүүдээс 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүйг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.


Түүнчлэн тэрбээр "82 тендерт шаардлага хангасан компани оролцоогүйн улмаас тендерийн ажлууд гацжээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж тендер бүтэлгүйдэх тохиолдол их байна" хэмээлээ.

Э.Золзаяа: Улаанбаатар хот маань олон улсын хөгжлийн нэгдсэн хэлээр хэлд орж, нүд тайлж, эрхэлж зөрүүдлэхээ болимоор байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02





Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зарим арга замын талаар урбанист Э.Золзаяатай ярилцлаа.


-Энэ оноос эхлэн түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлж байхаар болж байна. Энэ бол урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт. Гэвч хотын асуудлыг шийдэхээр дэвшүүлж байгаа санал санаачилгууд иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа. Та нийслэлээс гаргаж байгаа бодлогууд дээр ямар байр суурьтай байна вэ?


-Хотын хөгжлийн асуудалд олон улсад технологи, датанд суурилж маш их бүтээлчээр хандаж шийдвэр гаргалтдаа ашиглаж байна.


Улаанбаатар хотын хувьд яагаад гаргасан шийдвэр болгон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа вэ гэхээр хөгжлийн бодлогоо олон нийтийн бодит оролцоотойгоор төлөвлөж чадахгүй, хот хөгжлийн олон улсын тренд онолыг судалж, цаг гаргадаггүйтэй холбоотой. Инновацлаг шийдэл ерөөсөө гаргаж чадахгүй, хэн нэгний сургаар олж сонссон асуудлыг шууд олон нийтэд ярьдаг. Энэ байдал сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байна.

Иргэдийн хотдоо сайхан амьдрах мөрөөдлийг үгүй хийсээр...

Ингэснээр иргэдийн хотдоо сайхан амьдрах мөрөөдлийг үгүй хийсээр, залуус итгэл найдвар алдаж эхлээд байгаа.


Хотын хувьд нэн түрүүнд бодлогын урьдач салбаруудаа тодорхойлох шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хүчтэй тэмцэж эхлээд байна. Дэлхийн нийт хүн амын тал орчим хувь нь хот суурин газраа амьдарч байгаа. 2050 хүн гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хотдоо амьдрах төлөвтэй байна. Орон сууцны хүртээмж, хотын амьдрахад таатай байдлыг дээшлүүлэх нь чухал. Олон улсын шинжлэх ухаанч суурьтай мэдээллийг бодлогодоо тусгаж чадахгүй байгаа юм.


Тухайлбал, одоогийн хотын удирдлагууд иргэдийн амьдрахад таатай хотыг бүрдүүлэхийн төлөө юу хийх вэ гэсэн чиг баримжаатай ажиллах нь зүйтэй санагддаг. Энэ ажлыг хийхийн тулд Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын амьдрахад ээлтэй байдлын индексийн үзүүлэлттэй харьцуулж үзэх хэрэгтэй. Global livability index ашиглан дэлхийн хотууд өөрсдийгөө үнэлж хаана байгаагаа хардаг.


Үүнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хүртээмж, байгаль орчны аюулгүй байдал, хотын соёл, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Улмаар аль үзүүлэлт дээрээ сул байгаа вэ гэдгээ харж, түүн дээрээ бодлого боловсруулж ажиллах ёстой. Түүнээс биш иргэдээсээ шууд сонгогдоогүй Засаг дарга намын томилгоогоор томилогдоод сонссон бүхнээ олон нийтэд зарлаж, баримжаагүй хөгжвөл нөхцөл байдал сайжрах итгэл огтоос төрөхгүй байна.


Хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр хоцрогдмол, жилийн жилд иргэдийг бухимдуулдаг байдал хэвээрээ байгаа тул одоо олон улсын бэнчмаркаа дагаад эхэлье л дээ ядаж.


-Залуучууд хотын удирдлагуудтай уулзъя гэж хүсэлт тавьсан уу? Уулзах хүсэлтийг хэрхэн хүлээн авч, хандлага ямар байсан бэ?


- Хотын чиглэлээр ажилладаг хот төлөвлөлтийн мэргэжилтэй олон залуу бий. Байгаль орчин болон уур амьсгалын бодлогын чиглэлээр ажилладаг олон залуус байдаг. Өмнөх жилүүдэд төрийн бус болон олон улсын байгууллагуудын зүгээс хот ингэх ёстой, тээврийн асуудал дээр ингэж ажиллавал зохистой гэх мэтээр удаа дараа хандсаар ирсэн. Хот өөрсдийн бодсон санаагаа иргэдэд нүсэр пиар, эргэлзээтэй хийгдсэн судалгааны ажлуудаар гүжирдэн тулгасаар ирлээ. Гэтэл хотын өдөр тутмын үйл явцад дата маш их бий. Түүнийгээ ашиглан шийдэл боловсруулах боломж өчнөөн бий.


Жишээ нь: Umoney картын платформ дээр хэн хаашаа хэдэн буудал яваад бууж байгаа вэ гэдэг өдөр тутмын дата логууд бий. Иргэдийн төвлөрөл зорчих эрэлт нь хаана хамгийн их байгаа вэ гэдгийг энэ дата харуулж чадна. Энэ мэт дата ашиглан автобусны чиглэлийг тодорхойлох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг таамаглах гэх мэтээр Азийн хөгжлийн банк хотын удирдлагуудтай хамтарч ажиллахаар хэд хэдэн удаа оролдсон. Энэ мэтээр арай өөр арга барилаар ажиллах гэхээр хотын удирдлагуудтай ойлголцож, хамтарч ажиллах нь туйлын төвөгтэй байдаг тул залуучууд ерөнхийдөө бууж өгч байна.


Ядаж Улаанбаатар хотын хөгжлийн түвшингөө олон улсын аргачлалаар тооцоолъё, иргэдэд таатай машинд биш хүндээ зориулсан төлөвлөлтийг онолын түвшинд нэвтрүүлэх арга барилаасаа хуваалцъя гэж мэт хотын захирагчтай уулзах хүсэлт гаргаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ нь миний анхны тохиолдол биш. Удаа дараа хотын удирдлагуудын бүх шатны түвшинд бичгээр болон бусад хэлбэрээр уулзах хүсэлтээ тавихад дундаасаа замхардаг. Хотын иргэдэд нь тав тухтай ээлтэй болгох, хотоо хайрладаг болгох, мэдрэмжтэй байж хотын үйлчилгээг сайжруулах нь маш өндөр ёс суртахуун, эмпати, онолын мэдлэг, тасралтгүй судалгаа шаардана.


Нүсэр их зээл тавьж гаднынхны алдсаныг дахин алдаж үзэх гэж эрхлээд байна

-Дэлхийн хотууд нийтийн тээврийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?


-Дэлхийн хотуудын туршлагаас харахад тээврийн салбарт автомашинд зориулсан байдлаар буюу авто замыг өргөтгөх, хурдны зам барих гэх мэтээс татгалзаад 10 орчим жил болж байна. Ухаалаг хотууд стратегиа өөрчлөөд биднээс эсрэг зүг буцаж байгаа. Манай улсад үүнийг зориглон дагах, бусдын алдааг давтахгүй гээд олон улсын чиг хандлагаа судлах манлайлагч алга. Нэг ёсондоо дэлхийн хотуудын ухралт хийсэн зүйл дээр бид гөжүүдлэн дайрсаар байна. Иргэд алхах боломжтой, машинд биш хүндтэй ээлтэй орон зайг бүтээх дээр бүгд уралдан ажиллаж байхад бид эсрэгээр нь нүсэр их зээл тавьж тэдний алдсаныг дахин алдаж үзэх гэж эрхлээд байна.


Жишээлбэл, хэсэг залуус Бүтээлч 100 хөдөлгөөнийг өрнүүлээд явж байна. Автомашин явган хүний замыг тагласан, алхахад ээлгүй орон зайг тодорхойлоод түүн дээр дизайны шийдэл боловсруулах зорилготой юм. Гэхдээ энэ хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хоттой уялдуулах шаардлагатай. Жишээлбэл, хотын А бүсэд байгаа үнэгүй зогсоолуудыг багасгаж хүн алхах орон зай, дугуйн зогсоолыг бий болгох боломжтой. Энэ ажлыг залуучууд санаачлаад ажиллая гэхээр алхам тутамдаа хотын процесс залхаан цээрлүүлдэг. Сүүлдээ шантраад хөдөлгөөн нь түр идэвхгүй байдалд шилжсэн.


-Түгжрэлийг бууруулах гол шийдэл юу байж болох вэ?


- Дэлхийн хотуудын жишгээр замаа өргөсгөөд машинд зориулсан төлөвлөлтийг хийгээд байвал түгжрэл хэзээ ч буурахгүй. Түгжрэл бидний амьдралын чанарыг маш олон талаар доройтуулж байгаа. Гэхдээ эсрэгээрээ асуудал бүрд ухаалаг шийдлүүд олноороо гарч ирж байна. Технологийн тусламжтай иргэдийн урсгалыг хэмждэг аргачлалыг олон улсад түгээмэл ашиглаж байна. Хотын гудамжны хэд хэдэн хэсгүүдэд энэ хэмжилтийг хийсний дараа гудамжийг хэр өргөсгөх, тухайн орчныг хэрхэн автомашины зайнаас тусгаарлах, явган хүний урсгалыг хэрхэн тооцох зэрэг сайжруулалтыг хийх боломжтой.


Gehl institute гэх мэт олон улсын алдартай агентлагууд иргэдийн урсгалыг хэмжиж байж нотолгоонд суурилсан төлөвлөлт хийдэг. Жижиг оврын  богино зайд рейс хийдэг тээврийн шийдэл, эсвэл ачаалалтай дүүргүүдэд хувийн хэвшил оролцож тээврийн ачааллыг нь бууруулах resource sharing model, өглөө оройны бизнес тээвэр, хөршийн тээврийн сүлжээ гэх мэт судалбал өч төчнөөн шийдэл байгаа. Гол нь бүгд туршигдсан. Тиймээс энэ талаар сурсан, судалдаг залуучуудаа сонсож, онолд суурилсан шийдвэр гаргахад хотын дарга нар амбицаа жоохон дарах хэрэгтэй. 


-Хотын тулгамдсан асуудлуудын тухайд бодит үр дүн гарах боломжтой ямар санаачилга байгаа вэ?


-Засаг даргад уламжлахыг хүсэж буй зүйл бол амьдрахад таатай хотуудын индексийг Улаанбаатар хотынхтой харьцуулах суурь ажил эхлүүлэх юм. Энэ үзүүлэлтийг Австралийн хотууд сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаад Шинэ Зеландын Аукланд, Австрын Венн хотууд амьдрахад таатай дэлхийн шилдэг хот болж орж ирж байна. 


Бид тэргүүлэгч алхмаа ингэж олон улсын хотуудтай харьцуулж тодорхойлоод авах арга хэмжээний урьдач төслүүдээ эрэмбэлэх хэрэгцээтэй. Дотооддоо бүх асуудлыг барьж авах нэг дор шийдэх гээд бужигнаад л байвал мөддөө цэгцрэх найдвар харагдахгүй байна.


-Хотын дарга солигдох болгонд төрийн бодлогын залгамж халаа алдагддаг талаар шүүмжлэл их бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?


- Хотууд байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын бодлоготой байдаг. Улаанбаатар хот иргэдийнхээ амьдрахад таатай байдлын төлөө тусгайлан бодлого гаргаагүй, зогсонги байдалд ороод байна. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл мэдлэг онолд суурилсан бодлогогүй ажиллаж байгаа юм. Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд инновацлаг шинэ санал санаачилга харьцангуй дутмаг.  


Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс илүү урт хугацааны бодлогоо тодорхойлоод системтэйгээр ажиллах нь чухал байна. Гэхдээ тэр бодлогууд нь олон улсын бодлогуудтай агаар нэг, олон улсын хотуудын хөгжлийн чиглэлийг тусгасан, хэмжигдэхүйц, бас нэмээд суурь түвшин, хүрэх зорилтоо тусгасан байх хэрэгцээтэй.


-Эрүүл аюулгүй амьдрахад бодлогын түвшинд ямар шийдэл хэрэгтэй байна вэ? Бусад том хотууд энэ асуудлаа яаж шийддэг бол?


- Дэлхийн ихэнх хотуудад технологийн компаниуд нь хотын захиргаатайгаа уялдаж, иргэдийн амьдрахад таатай байдлыг сайжруулж байгаа. Гэмт хэргийн гаралт ихтэй гудамжнуудын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр Скандинавын хотууд, технологийн шийдэл ашиглан осол аваар гарсан хэсгүүдийг мэппинг хийх талаар Энэтхэгийн хотууд манлайлдаг гэх мэт.


Шилдэг кэйсүүдийг тууштайгаар нэвтрүүлэн үр дүн гартал нь сайжруулан ажиллаж чадвал манай хотын асуудал тийм ч бүтэшгүй зүйл бас биш.


Сөүл хот хотоо амьдрахад таатай болгох туршлагаа хуваалцахад бэлэн байгаа

-Олон улсын судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллахад ямар шийдэл санал болгодог вэ? Хотын удирдлагуудтай  хамтраад төсөл хэрэгжүүлэх боломж байдаг уу?


-Ирээдүйн зорилтоо тодорхойлоод олон улсаас санхүүжилт татах боломжтой. Хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалт гэж бий. Түүнээс бараг тал орчим хувийг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд бууруулах боломжтой. Тээврийн салбарт ийм төсөл хэрэгжүүлэхэд тэд орчим тонн хүлэмжийн хийг бууруулж, тийм хэмжээний ам.доллар хэрэгтэй гэсэн суурь судалгаа гаргаад хүсэлтээ өгөхөд олон улсын сангууд төсөв гаргаж өгөхөд бэлэн байгаа. Гагцхүү суурь хүлэмжийн хийн ялгарлаа тооцоолоод авчих хэрэгтэй. Ийм бодит судалгаатай ярьж чадахгүй байгаа.


Хотуудад өргөн боломж үүсээд байгаа энэ үед манайхан өөрсдийн асуудлыг олон улсын хэлээр, олон улсын тавцанд гарч дуугарч чадахгүй байна. Нэг ёсондоо хотын удирдлагууд хэлд орох хэрэгтэй байна. Нэг хэлээр ойлголцоод эхэлсний дараа олон улс туршлагаа хуваалцахад бэлэн байгаа. Токио хот эрчим хүчний салбар, Бээжин хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Мөн Сөүл хот хотоо амьдрахад таатай, алхахад таатай болгох туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.


Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хэд хэдэн байгууллага 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж байж, угсармал орон сууцнуудын барилгын дулаалгын ажлыг хийж байсан. Улмаар ногоон санд төсөл бичээд 18 сая еврогийн буцалтгүй тусламжийг хотын захиргаа авч байгаа. Энэ бол ногоон санхүүжилт татаж чадсан Улаанбаатар хотын сайн жишээ. 2022 оноос эхлэн санхүүжилт нь орж энэ ажил эхэлнэ. Хүлэмжийн хийн ялгарлын бодлого арга хэмжээгээ аль салбарт хэрхэн бууруулах тухайд дахин тодорхойлох хэрэгтэй. 


-Хотын захиргаатай хамтарч ажиллахад олон улсын байгууллагуудад ямар бэрхшээл тулгардаг вэ?


-Онол дээр суурилсан ийм арга хэмжээг хэрэгжүүлье гээд дайрах удирдлага хотод алга. Манлайлал байхгүй учраас хотын асуудлууд шийдэгдэхгүй байна. Үр дүнтэй ажиллагаа үүсэхгүй байгаа юм.  Гэхдээ зөвхөн хотын захиргаа, олон улсын байгууллагуудаас гадна иргэдийн оролцоог бодит утгаар нь сонсох хэрэгтэй. 


Амьдрахад таатай байдлын индексийн үзүүлэлт нь ямар вэ гэдгийг олон улсын байгууллагууд ойлгоё гэж байгаа. Гэтэл бид өөдөөс нь Засаг даргын мөрийн хөтөлбөр ч юм уу, хэтэрхий орон нутгийн шинж чанартай зүйл ярьдаг. Энэ нь олон улсад нэг хүний амбиц шиг сонсогдоно. 


-LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Энэ нь хэр үр өгөөжтэй вэ?


-Энэ төслийг яагаад одоо хэрэгжүүлэх гэж байгаа юм гэж гайхаж байна. Одоо яригдаад байгаа маршрут нь бол Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй хийх гэж байсан BRT төсөлтэй төстэй байна. Энэ төсөл уг нь хэдийн жилийн өмнө батлагдаад санхүүжилт нь ороод хэрэгжихийн өмнөхөн зогссон. Тухайн үеийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчлөөс болоод BRT гэх маш сайн туршигдсан, нүсэр биш, үр ашигтай төсөл зогсоочхоод одоо LRT гээд яриад эхлэхэд итгэл үнэмшил төрөхгүй байна.


BRT нь БНХАУ-ын олон хот, Сөүл хотод амжилттай хэрэгжсэн тусгай замын автобус төсөл шүү дээ. Өнөөдрийн яригдаж буйгаас хамаагүй илүү үр ашигтай. Гэтэл заавал ийм өндөр төсөвтэй, хэтэрхий нүсэр, үр ашиггүй төслийг хэрэгжүүлэх хэрэггүй. Логикийн хувьд ойлгомжгүй санагдаж байна.


Иргэдийн бодит урсгалыг маршруттай нь уялдуулж тооцоолсон уу? Жишээ нь Яармагаас ихэнх хүн хотын төв рүү явах магадлалтай гэж тооцох байтал Дүнжингарав, Сансар гээд тойроод явчихвал яах билээ? Дундаас нь буугаад өвлийн цагт алхах уу? Дараагийн шугамууд хүртэл яах билээ гэх мэт асуух зүйл маш их байна.

-Бид хөгжлийн бодлогоороо хамгийн адагт, хүн амьдрахад хамгийн таагүй дайнтай хотуудын жишигтэй ойролцоо нөхцөлд амьдарч байгаа талаар та нийтлэлдээ дурдсан. Ойрын хугацаанд энэ байдлаа сайжруулах ямар бодит боломж байна вэ?


-Бидний амьдралын чанарыг сайжруулахын тулд яг хэрхэн ажиллах гэж байгаагаа эхлээд нэг өгүүлбэрт багтаад хэлчихмээр байна. Одоо бид юунд ч итгэхээ байлаа. Яг л нэг өгүүлбэрт бидэнд 2025 он гэхэд ямар үзүүлэлтээр хэдэн хувь амьдрах орчин маань сайжрах вэ гэдгээ тоотой, баримттай амлалтаа өгөөч.


Жишээ нь Улаанбаатар хотын амьдрахад таатай байдлын индексийг 2025 он гэхэд хэдэн нэгж, 2030 он гэхэд хэдэн нэгжээр ахиулах вэ гэдгээ л хэлж чаддаг болох. Дээр өгүүлсэн индексүүдийн аль хэсэгт тааруу сул байгаагаа эхлээд үнэлэхгүйгээр, асуудлаа шийдэж чадахгүй. Тиймээс дотооддоо хэтэрхий удаан бужигнасан бол дэлхийн хотуудын мөрөөр суурь үнэлгээгээ эхлээд хийгээд үзэх хэрэгтэй байна.


Асуудал ихтэй хотод шийдэл бүр ч их бий. Гэхдээ олон улсад алдаа болсон шийдлүүдээ иргэдэд битгий тулгаач л гэж хэлмээр байна.

Цэрэг татлага зохион байгуулах зургаан байршил

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.02







Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах талаар мэдээлсэн. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулахаар болжээ. Үүнд: 


Баянгол дүүргийн 96 дугаар сургууль

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль

Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана. 

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй хэмээн мэдээллээ.


"Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна"


НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татна" хэмээн хэлсэн юм.


"Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг"


НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга “Залуучуудын хувьд цэргийн алба хаах сонирхол их болсон. Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгож, бие бялдрын хувьд ч мөн өв тэгш болж хүмүүждэг. Энэ мэт олон шалтгаанаар залуусын цэрэг татлагад оролцох идэвх нэмэгдэж байгаа” гэв.


Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Төв талбайд шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.01






Монголын хуульчдын холбооноос хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг хуульчийн про боно өдөрлөг энэ жил "Хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх нь Та бидний үүрэг" сэдвийн дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 10:00 цагт эхэллээ.


Тус өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архив, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.


Энэ үеэр Шүүхийн тусгай архив иргэдэд архивын лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа юм. 


Тус өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж, Сэлбэ голд нийлж байсныг засварлуулж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.05.01






Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байсныг засварлуулж байна.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Сэлбэ голд бохир ус нийлүүлж байна" гэсэн мэдээллийг иргэд Туул голын сав газрын захиргаанд цахимаар дамжуулжээ.


Мэдээллийн дагуу шалгахад Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж бохир ус нийлж байсныг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж байгаа аж.


“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлэх ёстой.


Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцдог гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.


Түүнчлэн иргэд Нээлттэй туул нэртэй фэйсбүүк хуудсаар иргэний хяналтаа хэрэгжүүлэх боломжтой аж.