Үйл явдал

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.04.28





ЭТТ байранд 


08:30 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурал болно.


Улаанбаатар чуулга


08:30 цагт Хөгжлийн Банктай холбогдох шүүх хурал үргэлжилж байна. 


Төрийн ордонд 


УИХ-ын чуулганы хуралдаан болно.


МҮХАҮТ-д 


09:00 – 11:30 цагт Экспортлогч ЖДҮ ба Оюуны өмч хэлэлцүүлэг болно.


ШУА-д


09:30 цагт Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе”  сургалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр оюуны өмчийн шинжээч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид болон мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой. 


Төрийн ордонд


10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны чуулган болно.


11:00 цагт Шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өгнө.


Үндэсний мэдээллийн төвд


11:00 цагт  “Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.


Соёлын өвийн Үндэсний төвд


11:00-15:00 цагт  Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлал ба түүний илэрхийллийн ай: нөхцөл байдал, туршлага, гарц шийдвэл” хэлэлцүүлэг зохион байгуулна.


“Мишээл Экспо”-д


12:00 цагт “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн нээгдэнэ.


Хангарди ордны 14 давхарт


13:30 цагт гарааш буулгалт, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өгнө.

Богдхан уулын Арцатын аманд илүү талбайд газар ашиглаж, бохирдуулсан ААН-үүдэд шаардлага хүргүүлжээ

Эх сурвалж: А.Мишээл, www.gogo.mn, 2023.04.28


Тусгай хамгаалалттай газарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газар ашиглагчдад хугацаатай албан мэдэгдлийг Богдхан уулын дархан цаазат газраас өгсөн байна. Газар ашиглагчдын үйл ажиллагаанд БОАЖЯ, Хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтын ажил тогтмол хийж байна. Тус ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд:


Богдхан уулын Арцатын аманд ашиглалтын талбайгаа хогоор дүүргэж, орчныг бохирдуулж байгаа "Н ..." ХХК-ийн газар дээр ажиллаж сонсох ажиллагааны хугацаатай мэдэгдэл өгчээ.


Богдхан уулын Арцатын аманд ашиглалтын талбайгаас хэтрүүлэн хашаа барьж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хааж барилгын үйл ажиллагаа явуулж буй "Марал аялал"ХХК, "Соргог байгаль" ХХК, "Үжин ресурс" ХХК тус тус аж ахуй нэгжүүдэд илүү талбайд газар ашиглаж буй зөрчлөө арилгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан мэдэгдэл хүргүүлжээ.


Мөн Арцатын аманд ашиглалтын талбайн гаднаа буюу нийтийн эзэмшлийн талбайд байгууллагын агуулахын эд зүйлсээ овоолж орчны бохирдуулж байгаа "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨҮГ-т хугацаатай мэдэгдэл хүргүүлэн, хашаандаа байгаа нүхэн жорлонгоо солих, хог хаягдлаа яаралтай цэгцлэх талаар хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн байна.


Хүүшийн аманд газар ашиглах эрх зөрчигдөөд буй "Гоц Монгол" ХХК-ийн газар дээр Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын ажил хийжээ.


Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, тогтоомж зөрчих, газар ашиглах гэрээнд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хатуу арга хэмжээ авч байгааг анхааруулж байна.










Нийслэлийн хэмжээнд 160,885 золбин нохой тоологджээ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Энэ онд нийслэлд явуулсан золбин нохойн тооллогын дүнг Хотын ерөнхий менежер М.Баяраа танилцууллаа.


"Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй нохойн тооллого хийгдлээ. Өмнө нь 2018 онд тооллого хийгдэж байсан.


Тооллогоор нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой байна. Нэг га газарт зургаан эзэнгүй нохой байна гэсэн үг.


Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт эзэнгүй нохой хамгийн их тоологдсон.


Тодруулбал, Баянгол дүүрэгт 1,415, Баянзүрх дүүрэгт 64,202, Сонгинохайрхан дүүрэгт 49,726, Хан-Уул дүүрэгт 32,840, Чингэлтэй дүүрэгт 3,809, Сүхбаатар дүүрэгт 8,889 эзэнгүй нохой.


Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48,128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.


Он гарснаас хойш 29,679 золбин муур, нохойг устгасан. Тендер шалгаруулалт дуусахаар эхний ээлжид 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийнэ" гэв.


Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлаач н.Баяр "Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт талбайд мэргэжилтнүүд золбин нохойн тооллогыг хийлээ.


Олон нийтийн талбайд хүний хараа хяналтаас гадуур чөлөөтэй явж байгаа нохойг золбин гэж нэрлэдэг.


Төвийн зургаан дүүргийн нийт талбайн 1/4-ийг санамсаргүй түүврийн аргаар сонгоод тооллогыг хийж, нийт талбайд харьцуулж дүнг гаргах аргаар тоолсон. Ингэхэд нэг га-д дунджаар зургаа орчим золбин нохой байна.


160,000 гаруй золбин нохой байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт золбин нохой хамгийн бага.


Нийт золбин нохойн 70 орчим хувь нь гэр хороололд, үйлдвэр орчмын газарт 25 орчим хувь, орон сууцны хороолол орчимд 5 орчим хувь нь байна.


Гэр хороолол буюу хашаандаа нохой тэжээдэг иргэд нохойдоо анхаарал халамжтай байвал золбин нохойн тоо буурах боломжтой" хэмээн танилцуулав.




Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.


Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.


Баянгол дүүрэгт 33 байршлын 782

Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273

Чингэлтэй 5 байршлын 29

Сүхбаатар 30 байршлын 715

Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155

Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.


Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.


Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.


Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.


Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.


Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.




М.Балдандорж: Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанаргүй байна

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Зарим орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж мэдээлэл өглөө.


Тэрбээр “Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан. Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна.


Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.




120 хүний бүрэлдэхүүнтэй нийслэлийн иргэдийн бүлэг 170 тонн хог цэвэрлэжээ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28





Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн билээ.


120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлжээ.


УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавьдаг байна.


Иргэдийн бүлэг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах аж.


Ким Жун Гү: Түгжрэлийг бууруулаад буй БНСУ-ын технологийг Улаанбаатарт нутагшуулахад дэмжин ажиллана

Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2023.04.28


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Солонгос Улсаас /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.


Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд Улаанбаатар болон Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын ажлын талаар санал солилцжээ. 


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү нь энэ оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Жуух бичгээ өргөн барьсан билээ.


Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсье. БНСУ-ын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш болох БНСУ-тай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай байх болно" хэмээлээ.


Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү "Түгжрэл, төвлөрөл бол аль ч улсын нийслэлд тулгамдаж байдаг томоохон асуудал. Иймд манай улсад нэвтрээд буй технологи, инновацыг Монгол Улсад, Улаанбаатар хотод нутагшуулахад дэмжин ажиллах болно. Түүнчлэн KOICA зэрэг байгууллагын Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллан, тусламж үзүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.


Монгол Улс болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон билээ. Харин Улаанбаатар хот нь БНСУ-ын нийслэл Сөүл хоттой 1995 онд, Инчон хоттой 2017 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд Намянжү, Пусан, Кёнсанбуг, Тэжон хоттой найрамдалт харилцаатай.

 








Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Амралтын өдрүүдэд 10:00-16:00 цагт нийслэлийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Эх сурвалж: Г.Мөрөн, www.ikon.mn, 2023.04.28






Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.


Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.


Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. 


Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.


САМБАЛХҮНДЭВИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

 Эх сурвалж : Чингэлтэй дүүрэг. 2023.04.27


Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Энэ түншлэлийн хүрээнд “Нью Семетри” ХХК Чингэлтэй дүүргийн 20-дугаар хороо Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хоёр дахь шатны ажил болох тохижилт бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эхэллээ.

 

Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хийгдэж дуусах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ.

 

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөжээ.







Д.Мөнх-Эрдэнэ: Театрын өмнөх машины зогсоолын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.04.27


Драмын театрын урд талын талбайн автомашины зогсоолын талаарх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн.


Тэгвэл театрын өмнөх зогсоолыг хэрхэн ашиглаж, ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


Тэрбээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой. Гэтэл шороотой олон машины тоосыг арчаад л явцгааж байна. 


Зогсоолын зориулалтаар ашиглах бус, уужим талбай байх нь зүйтэй. Энэ талаар ирэх долоо хоногоос шийдвэр гарна. Тэр үед мэдээлэл өгөх боломжтой" хэмээн хэлэв. 







ФОТО: Цахим орчинд хүүхдийн гадуурхал, дээрэлхэлтийг бууруулах “Найз байя” аян нээлтээ хийлээ

Эх сурвалж: М.Батчимэг, www.ikon.mn, 2023.04.27


Үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Найз байя” үндэсний аян өнөөдөр нээлтээ хийлээ.


Тус аян нь хүүхдүүдийн дунд тулгамдаж буй үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх асран хамгаалагч, багш нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой аж.


Өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын наймны өдөр хүртэл үргэлжлэх уг аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд цахим орчинд хүүхдийн гадуурхал, дээрэлхэлтийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар болжээ.  


Тухайлбал:


Олон улсын хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр /дөрөвдүгээр сарын 30/,

Олон улсын гэр бүлийн өдөр /тавдугаар сарын 15/,

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /зургаадугаар сарын 01/-ны өдрүүдэд 21 аймаг есөн дүүргийн хэмжээнд нөлөөллийн ажил зохиох аж.

Аяны үр дүнг хэмжих зорилгоор 14 орон нутгийн нийт 6,252 сурагч, багш, эцэг эхчүүдийн дунд хийгдсэн судалгаагаар хүүхдүүдийн тал нь үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалт эргэн тойронд нь тохиолддог гэжээ. Харин эцэг эхчүүдийн 32 хувь нь энэ талаар мэдэхгүй гэж хариулсан байна.


















Нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүл ажиллаж эхэллээ

Эх сурвалж: Э.Намуунцэцэг, www.ikon.mn, 2023.04.27


Энэ сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүл ажиллаж байна.


Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах морьт эргүүлийг ажиллуулж эхэлжээ. 


Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 




Самбалхүндэв /Далан давхар/-ийн оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн энэ оны аравдугаар сард ашиглалтад орно

Эх сурвалж: ikon.mn, 2023.04.26


“Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа: Жилийн өмнө бид хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний төв байгуулах төслийг эхлүүлэх болсноо танилцуулж байсан бол өнөөдөр төслийн 2-р шат буюу Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг танилцуулахад таатай байна.


Өнгөрсөн 2022 онд төслийн 10 га талбайгаас нийт 14323 бурхан болоочийн шарилыг зохих журмын дагуу зан үйл, ёс уламжлалын дагуу хүндэтгэлтэйгээр шилжүүлэн, Улаанбаатар Буян ХХК-ийн чандарлах цогцолборт чандарлан, түр хугацаанд хадгалж байна. Түүнчлэн, чөлөөлсөн газрын хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж, эхний ээлжид 1000 ш улиас модыг тарьснаар төслийн эхний шат буюу газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан.


Монгол Улсад анх удаагаа хэрэгжиж байгаа төслийн хувьд тодорхойгүй, хүндрэлтэй зүйлс олон байсан хэдий ч иргэдийн, тэр дундаа талийгаачдын ар гэрийн санал хүсэлт, дэмжлэгтэйгээр төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ ташрамд төслийг ойлгож, дэмжиж ажилласанд талархал илэрхийлье.


Бидний хувьд одсон болон одоо үлдэж байгаа, цаашлаад үр хойчид нь амар амгалан, тэгш сайхан байхын тухайтад бүх үйлчилгээндээ сэтгэл шингээж оршуулгын үйлчилгээнд шинэ жишгийг тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа 2 га талбайд байгуулагдах Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь бурхан бологсдодоо үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй ар гэрийн хувьд тавтай, тухтай орчинд хайртай дотны хүнээ дурсах, хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, нийслэл хотдоо нэг өнгө, утга нэмсэн бүтээн байгуулалт юм.


“Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бумтүшиг: Манай компанийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаандаа байгаль экологид ээлтэй, нийгмийн хариуцлагатай  байх зарчмыг баримталж ирсэн.


Энэ ч утгаараа нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа таатай байна.


“Улаанбаатар буян” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд оршуулга, түүнтэй холбоотой иргэдэд тулгамддаг хүндрэл, бэрхшээлийг бууруулахад онцгой анхаарч, үндэсний уламжлал, зан үйлийг дэвшилтэд технологитой хослуулан байгаль экологид ээлтэй чандарлан оршоох үйлчилгээг олон төрөл, сонголттойгоор үзүүлдэг бөгөөд төрөөс олгодог оршуулгын тэтгэмжид багтсан үнэ бүхий үйлчилгээг иргэд авах боломжтой юм.












Мэргэжлийн зөвлөлийн хурал шилэн боллоо

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар. 2023.04.12





Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, нээлттэй ил тод байдлыг хангах, хүнд суртлыг багасгах, авлига үүсэх эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хот байгуулалтын асуудал хэлэлцдэг Мэргэжлийн зөвлөлийн хурлын явцыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан нээлттэй “LIVE” хэлбэрээр зохион байгуулдаг боллоо. Тус хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих хот төлөвлөлтийн баримт бичиг, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн архитектур төлөвлөлтийн даалгавар, автозам, замын байгууламж, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар олгох асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Загвар зураг батлах үйлчилгээг ил тод нээлттэй хэлэлцүүлдэг болгож байна.


Цаашид зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага, зураг төсөл зохиогч архитекторууд Мэргэжлийн зөвлөлийн хуралд оролцож Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, норм, стандартад нийцүүлж боловсруулсан бүтээл загвар зургаа хамгаалснаар Нийслэлийн Ерөнхий архитектораар батлуулах боломжтой болно. Иймд үндэслэл судалгаатай, иргэддээ ээлтэй хотыг байгуулахад чиглэсэн бүтээлийг ирүүлэн, мэргэжлийн ёс зүйтэй хандаж хамтран ажиллахыг нийт архитектор, хот төлөвлөгч, инженер, эдийн засагч болон салбарын мэргэжлийн байгууллагууддаа уриалж байна.