Эх сурвалж: М.Батчимэг, www.ikon.mn, 2023.04.27
Үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Найз байя” үндэсний аян өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус аян нь хүүхдүүдийн дунд тулгамдаж буй үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх асран хамгаалагч, багш нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын наймны өдөр хүртэл үргэлжлэх уг аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд цахим орчинд хүүхдийн гадуурхал, дээрэлхэлтийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар болжээ.
Тухайлбал:
Олон улсын хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр /дөрөвдүгээр сарын 30/,
Олон улсын гэр бүлийн өдөр /тавдугаар сарын 15/,
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /зургаадугаар сарын 01/-ны өдрүүдэд 21 аймаг есөн дүүргийн хэмжээнд нөлөөллийн ажил зохиох аж.
Аяны үр дүнг хэмжих зорилгоор 14 орон нутгийн нийт 6,252 сурагч, багш, эцэг эхчүүдийн дунд хийгдсэн судалгаагаар хүүхдүүдийн тал нь үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалт эргэн тойронд нь тохиолддог гэжээ. Харин эцэг эхчүүдийн 32 хувь нь энэ талаар мэдэхгүй гэж хариулсан байна.