Мэргэжлийн зөвлөлийн хурал шилэн боллоо

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар. 2023.04.12





Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, нээлттэй ил тод байдлыг хангах, хүнд суртлыг багасгах, авлига үүсэх эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хот байгуулалтын асуудал хэлэлцдэг Мэргэжлийн зөвлөлийн хурлын явцыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан нээлттэй “LIVE” хэлбэрээр зохион байгуулдаг боллоо. Тус хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих хот төлөвлөлтийн баримт бичиг, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн архитектур төлөвлөлтийн даалгавар, автозам, замын байгууламж, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар олгох асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Загвар зураг батлах үйлчилгээг ил тод нээлттэй хэлэлцүүлдэг болгож байна.


Цаашид зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага, зураг төсөл зохиогч архитекторууд Мэргэжлийн зөвлөлийн хуралд оролцож Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, норм, стандартад нийцүүлж боловсруулсан бүтээл загвар зургаа хамгаалснаар Нийслэлийн Ерөнхий архитектораар батлуулах боломжтой болно. Иймд үндэслэл судалгаатай, иргэддээ ээлтэй хотыг байгуулахад чиглэсэн бүтээлийг ирүүлэн, мэргэжлийн ёс зүйтэй хандаж хамтран ажиллахыг нийт архитектор, хот төлөвлөгч, инженер, эдийн засагч болон салбарын мэргэжлийн байгууллагууддаа уриалж байна.