Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ

 Эх сурвалж: 2021.10.30, www.mnb.mn, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ?

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ. Мөн Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг ч мөн гаргасан бөгөөд бодит байдалд нийцүүлэх чиглэлээр манай мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнчлэн хурдны замын  төсөл хэрэгжинэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3  км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийсэн урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх бөгөөд 200-300 цахилгаан автобус худалдан авах хэлэлцээрийг хийгээд байна.

-Бонд гаргана гэж зарласан. Үүнийг юунд зарцуулах вэ?

-Хоёр эх үүсвэр байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Улаанбаатар хот төсвийн орлогоо өөртөө үлдээх тухай орсон. Хотын иргэдийн татвар, хураамж хотдоо үлдэнэ гэсэн үг.  Харин татварын орлогын эх үүсвэрээр чанар, стандартын шаардлага хангасан, хэрэгцээтэй зүйлсийг хийж, хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хатуу баримталж ажиллана. Төсвийн орлоготой уялдах дараагийн санхүүгийн эх үүсвэр бол бонд юм. Бондын эх үүсвэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчилсан. Нийслэл Улаанбаатар хотод нэг их наядын эх үүсвэр шаардлагатай. Энэ эх үүсвэр орон сууцны буюу эргэн төлөгдөх чадвартай төслүүдэд зарцуулагдах юм.

Мөн Улаанбаатар хотын баруун, зүүн жигүүрт тээвэр ложистикийн худалдааны төвүүдэд төсөл хэрэгжүүлэх тооцоолол хийж байна. Хамгийн богино хугацаанд эргэн төлөгдөх чадвартай хоёр загварчлал бол орон сууц, тээвэр ложистикийн төв гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа харуулж байна. Бондыг орон сууцны төслүүдэд гаргаж, ипотекийн зээлийг дэмжих юм.  Улаанбаатар хот орон сууцны бодлогоо тултал явуулах хэрэгтэй. Мөн концессын зориулалтаар баригдах төслүүдийн жагсаалт гаргасан. Үүнд Улаанбаатар хотын гурван эгнээ буюу нийт зургаан эгнээтэй, 71.5 км урттай хурдны зам багтана. Уг хурдны зам нь дэд төвүүдийг холбох бөгөөд түгжрэлийг бууруулах хамгийн чухал бүтээн байгуулалт байх юм.

Үүнийг дагаад дэд төвүүдээ хөгжүүлэх, тэнд ажлын байрыг нэмэгдүүлэх, худалдаа, бизнесийн орчныг бүрдүүлэх төлөвлөгөөг гаргана.  Дэд төвүүдэд төрийн захиргааны байгууллагуудыг байрлуулбал дахиад л түгжрэл үүснэ. Харин дэд төвүүдэд ажлын байрыг нэмэгдүүлсэн, аж ахуйн үйлчилгээ, бизнес, худалдааны байгууллагууд байрлавал зохистой. Өөрөөр хэлбэл, иргэдийг тухайн бүс дотор нь ажлын байраар хангах хэрэгтэй. Гол нь тухайн дэд төвүүд нь хотын төвтэй дүйцэхүйц хөгжсөн, иргэдийн шаардлага хангасан байх ёстой. Мөн түгжрэлийг бууруулах нэг өнцөг нь дагуул хот гэж үзээд, тэдгээрийг байгуулах бэлтгэл ажлаа одооноос хангаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Бүтэц дээр дагуул хот хариуцсан орлогч даргатай байхаар зааж өгсөн. Дагуул хотын ажлыг эзэнжүүлж, нэг хүнд хариуцуулж байж энэ ажлаа эрчимтэй, зөв явуулах боломж бүрдэнэ. Эзэнгүй ажилд хариуцлага тооцох боломж хомс шүү дээ. Нийслэлд олон төрлийн ажил явж байгаа тул дагуул хотын ажил орхигдож, үйл ажиллагааны идэвх нь суларч, бодлого нь сарнисан  түүх бий. Тиймээс алдаагаа давтахгүйн тулд ийм шийдвэр гаргасан.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот төсвөө бие даан захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Цаашид жил жилийн төсвөөс улсад хураалгахгүй өөрсдөө зарцуулдаг болж байгаа нь зөв үү?

-Зөв. Жил болгон 420 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Татварын орчин, бизнесийн орчин сайжраад ирвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, том нийлсэн 150 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргээд, эдийн засаг тэлээд эхэлнэ. Мэдээж орлогын хэмжээ ч нэмэгдэнэ. Улаанбаатар хотоос төвлөрүүлж байгаа орлогыг Сангийн яам 70:30 харьцаагаар  томьёолон тооцдог. Тэгэхээр энэ харьцаагаар томьёолохгүйгээр шууд Улаанбаатар хотоос төвлөрүүлж байгаа орлого хотод үлдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулалтыг яаж тэлэх вэ, томоохон хөрөнгө оруулагч нарыг хэрхэн дэмжих вэ?

-Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоол бол хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод итгэх, хөрөнгө оруулах  бодлогын шийдвэр болж чадсан. Энэ шийдвэр гарснаас хойш Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нартай удаа дараагийн уулзалт хийж байна. Ер нь долоо хоногт 2-3 удаа олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзаж байгаа. Тэгэхээр Засгийн газрын гаргасан шийдвэр, тогтоол, УИХ-аас баталсан хууль, Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход томоохон дэмжлэг болсон шийдэл гэж харж байна.

Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу

Эх сурвалж: news.mn, 2021.10.25








Энэ нурах дөхсөн шавар тагз уг нь түүхийн үнэт өв соёл. "Гоожингийн өндөр" гэж түүхт барилга юм. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд бариулж байсан түүхтэй. Товчхондоо Монголын анхны Ерөнхий сайдын сууж байсан барилга. Гэвч өдгөө эргэн тойронд нь орон сууцны хорооллууд сүндэрлэж, бэлтэйхэн айлын зуслангийн байшингаас дор дүр төрхтэй болжээ. Учир нь, энэхүү түүхийн өв соёл хайрлах эзэн, хайхрах хүнгүйн улмаас шавар балгас болоод удаж байна. Харин түүнийг нурааж, орчин үеийн өндөр орон сууц барихаар иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдав.


Дэлхийн улс орнуудад түүх дурсгалын барилгууд нь орчин үеийн олон давхар өндөр шил толь болсон барилгуудаас үнэ цэнэтэйд тооцогддог. Харин Монголд эсрэгээрээ. Соёлын  үнэт өв, түүхийн дурсгалт барилга, бүтээлүүдийг хайрлан хамгаалах үүрэгтэй Соёлын яам нь сохор, дүлий хүн шиг байна.


Хаа байсан Хэнтийд "Андлалын хөшөө" гэж хэн ч тоож үзэхгүй шавах балгас барьж байхаар энэ мэт соёлын үнэт өвөө хайрлан хамгаалж, аялал жуучлалын гол бүтээгдэхүүн болгох боломж бий. Даанч, төр засгийнхэн нь барилгын үнэт өвөө хамгаалахаас илүү байшингийнх нь газарт шунан дурлах нь цөөнгүй.


Олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх энэ түүхэн барилга одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ мэт төр засагтаа тоогдохоо  больсон түүхэн дурсгалт барилга Улаанбаатар хотод хэд хэд бий.


Ер нь Монголын төр засаг хамгаалж үлдэх, нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгаа авран хамгаалах ажил огт хийдэггүй гэж хэлж болно. Харин оронд нь шинэ байшин барьж, мөнгө  босгох далд санаархал агуулдаг.  Энэ асуудалд маш хойрго хандсаар ирснийг ч судлаачид шүүмжилдэг.


Гоожингийн өндөр нэртэй түүхэн дурсгалт барилгыг 1912-1914 онд анх Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан барьж, тэрээр амьдарч байсан түүхтэй. Энэ барилгад сүүлд ЗХУ-ын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн ирж, ажиллаж амьдардаг байсан. Тиймээс монголчууд тэр хүний нэрийг монголчилж, “Гоожин” гэж нэрлэсэн гэдэг.


Энэ түүхэн дурсгалт барилгыг өнгөрсөн 2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Энэ барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтойг судлаачид хэлж буй.


Улаанбаатар хотод 1921 оноос өмнө буюу одоогоос 100 жилийн өмнө насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Энэ нь маш цөөн тоо гэдгийг судлаачид хэлсэн юм. Жишээлбэл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, хуучин циркийн барилга, Дамбадаржаа хийд, Анхны холбооны байр, Улаанбаатар хотын музей, Гоожингийн өндөр зэрэг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгууд бий.


2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11, нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

"Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

Эх сурвалж: 2021.10.20, www.isee.mn


Эл хотод  54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгож буй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус хотын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.


ХОТ БАЙГУУЛАХААР УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН Ч ХӨШӨӨ, СУВАРГААС ӨӨР ЗҮЙЛ БАРИГДААГҮЙ БАЙНА -


Улаанбаатар хотын ачааллыг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хот барих уг төсөл олон жил яригдсан. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх санаачилга гаргаж, “Майдар эко хот” төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж хот байгуулах дорвитой ажил хийгдэлгүй олон жилийг элээсэн. Харин Их Майдар бурхны бодьсатва дүрийг бүтээхэд Их Майдар сан төрийн бус байгууллага иргэдээс хандив цуглуулсан ч мөн л амжилт олоогүй, барилгын ажил гацсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.


Хотыг  дөрвөн үе шаттай барихаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатанд хотод байх ёстой бүхий л зүйлс баригдана. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын газар цогцоороо баригдах бөгөөд 80-100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Уг ажил 2030 он хүртэл үргэлжилж, эрэлт их байвал хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж байв.


Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох байсан. Гэвч 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр манай сурвалжлах багийг тус газар очиход “Их Майдар” бурхны биеийг дөнгөж босгож байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.19/ Зарлиг увдисын суварга босгох барилгын ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Их Майдар бурхны бодьсатва дүр, Зарлиг увдисын суварга босгох ажил хийгдсэн ч хамгийн чухал зүйл болох “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил гэхээр зүйл хийгдээгүй байгаа юм. 


“МАЙДАР ЭКО ХОТ”, “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?


Ерөөс манай улсад хөшөө, суваргаар түрий барьж улсын мөнгө гарлагаддаг нь энгийн үзэгдэл мэт болсон. Үүний нэг сонгодог жишээ нь Андлалын өргөө. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэн шүүмжилж,  шоглосоор ирсэн. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон. Улмаар Андлалын өргөө цогцолборыг буулгасан билээ. Үүнийг өгүүлсний учир нь “Андлалын өргөө”,  “Их Майдар” цогцолбор нь нэг хүний бүтээл юм.


Төсөв, өртгийн хувьд Майдар эко хот “босоход” ойролцоогоор 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэж буй. Харин эхний үе шатыг хийхэд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн Төслийн удирдагч Л.Баяртуул мэдэгдэж байж. Гэвч улсын төсвийн мөнгийг хот босгоход бус дахин нэгэн хөшөө, суварга босгоход зарцуулан “Андлалын Өргөө”-ний түүхийг давтах уу гэдэг болгоомжлол энд төрж байна.






Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3000 мод тарина

 







Эх сурвалж: 2021.10.09, www.gogo.mn, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Намрын мод тарих өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйлсийг өнөөдөр эхлүүллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон нийтдээ 500 мод тарьж суулгав.


Мөн цагдаагийн алба хаагчид, Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш ажилтнууд,  Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнууд, МОНЦАМЭ агентлагийнхан  хамт олноороо оролцсоны сацуу иргэд сайн дураараа, найз нөхөд,  гэр бүлээрээ мод тарихаар ирсэн байлаа. Нийт 70 гаруй аж ахуй нэгж байгууллага, 50 гаруй гэр бүл 3000 мод тарихад хувь нэмрээ оруулж байна.


Мод тарих үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилчдын 80 хувь нь салбартаа мэргэшсэн албан хаагчид. Бид моддоо жилийн дөрвөн улиралд арчилдаг. Тухайлбал дөрөвдүгээр сараас арван нэгдүгээр сар дуустал бүх мод сөөгөө усалдаг,  жилд хоёр удаа бордож, хортон шавьжтай тэмцдэг.  Мөн жилд хоёр удаа  хэлбэржүүлэх, залуужуулах огтлолт, таналт, шуулт хийдэг” гэв. Мөн “Хөрс сайн байна гэдэг өөрөө төлөвлөлттэй,цэгээ сайн хатгаад , нүхээ зөв ухаад, чанартай сайн суулгац суулгана гэдэг энэ мод амжилттай ургахын хамгийн гол эх үндэс юм” гэдгийг онцолж байлаа.


Мод тарьж суулгах нь нэг хувийн ажил бол арчилгаа тордолгоо нь 99 хувийн хөдөлмөр шаарддаг ажээ. Тиймээс хавар, намрын улиралдаа очоод тарьсан модныхоо тогоог цэвэрлээд, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тарьсан моддоо арчлахыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид иргэдэд уриалав.  Тус цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 142 мянган мод, бут, сөөг бүртгэлтэйгээс 98.5 хувь ургаж, төлжжээ. Иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө 100 болон түүнээс дээш тооны мод таривал төгөл байгуулах эрх өгдөг ажээ. Мод тарих аян өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.


БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ДУУСЛАА

 Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, 2021.09.03













Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 320 хүүхдийн хүчин чадалтай 19 дүгээр дунд сургуулийн барилгын насжилтын хугацаа дууссан бөгөөд уг сургуулийн барилгыг нураан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж, шинээр орчин үеийн стандартад нийцүүлэн 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.


Барилга угсралт гүйцэтгэгч байгууллага: Гэрэлтжин ХХК


Зохиогчийн хяналтыг Би И Эс Ай Жи Эн ХХК

26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

 Эх сурвалж: НЗДТГ, 2021.09.02


Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий. Үүнээс 112 сургууль, цэцэрлэгийн барилга нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан мэдээллээр энэ онд 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байр, нийт 102 барилга ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрны барилга ашиглалтад орлоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдээд байгаа юм.    

Монгол Улсын 2021 оны төсөвт дөрвөн сургууль, арван цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, нэг спорт заал, нийт 16 барилга, байгууламж шинээр барих хөрөнгө баталсан. Харин Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө гурван цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталжээ. 2021-2022 оны хичээлийн жилд БШУ-ы сайдын тушаалын дагуу гурван ээлжээр хичээллэж болзошгүй байсан найман сургуулийн ойр орчмынх нь сургалтын зориулалтаар ашиглаж болох 10 байрыг түрээслэх замаар 107 бүлгийн 4511 хүүхдийг, 13 байрыг түрээслэх замаар 11 цэцэрлэгийн 49 бүлгийн 1165 хүүхдийг хамруулаад байна.   

Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 сурагч хамрагдаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн суралцаж байгаа юм. Харин албан бус насан туршийн боловсролын найман төвд 910 гаруй сурагч суралцаж буй.


Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, 2021.09.01





Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна.

2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль,  хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу  12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм. Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ.


Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна.


Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.

Орчны аюулгүй байдал хангасан газар албадан чөлөөлөх

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.09.01










Нийслэлийн Засаг даргын захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Орчны аюулгүй байдал хангасан газар албадан чөлөөлөх” захирамжийг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Майхан толгой дахь зуслангийн газарт уулын ам хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа. Зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газар чөлөөлснөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, цэвэр агаарт зорчих болон аялж, амрах боломж бүрдэх юм. Ногоон байгууламж хааж барьсан хайс, хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлөх ажил цаашид үргэлжилнэ.

Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, 2021.09.01











Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулж дуусжээ. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

СХД, 22 ДУГААР ХОРОО, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ

 Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, 2021.08.31










Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техник хяналт хийсэн Сонгино Хайрхан дүүргийн 22 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил дуусч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Гүйцэтгэгч байгууллага: Түмэн алт ХХК


Бамбарууш кафены орчимд номын сан, үнэгүй интернэттэй “Өглөөний гудамж” нэмэгдлээ

 Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2021.08.30





Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж”-ийн нээлт өнөөдөр боллоо. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Энэхүү гудамж нь номын сантай. Ажлын зар байршуулж болно.


Иргэддээ зориулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл аюулгүй орчныг бүрдүүллээ. Модоо ашиглаад сандал, хогийн сав хийсэн. Зарим нэг аж ахуйн нэгж олж авсан зүйлээ байршуулах уут зүүхийг дэмжиж хэрэгжүүлж эхлээд байна" гэлээ. 


“Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлсэн байна. 

"Өглөөний гудамж" нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд байрлалтай. /Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дунд гудамж/