Д.Дашмаа: Анги хариуцсан прокурор нь өнөөдөр Э.Бат-Үүлтэй биечлэн уулзана

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.18






Э.Бат-Үүлийн шоронгоос захидал бичих эрхийг прокуророос хаасан талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.


Тэрбээр "Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй.


Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй.


Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан.


Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг" гэв.


Харин Э.Бат-Үүл нь хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар прокурорт хандаж, уулзах хүсэлт гаргахад хариу өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? гэсэн асуултад "Иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хууль,заавар журамд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяалах албан тушаалтанд албан бичгээр шилжүүлсэн.


Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон" хэмээн ярилаа.


СӨХ нийтийн орон сууцны газрыг ашигладаг байдлыг болиулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.18






Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. 


Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж.


Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 518 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Эдгээр 518 СӨХ нийтийн зориулалттай 640 орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж. Орчны газар гэдэгт ногоон байгууламж, тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, автомашины зогсоолыг оруулж ойлгох нь.


"СӨХ бол орон сууц өмчлөгчийн өмнөөс газрын эзэмшигч биш. Барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах буюу ашиглалттай холбоотой асуудлыг хариуцдаг этгээд. Иргэний хуулиар бол хуулийн этгээдийн эрх үүрэг эдэлдэггүй. Иргэнийг төлөөлж бие даан гэрээ хэлцэл хийхгүй, хэрэг хариуцах чадваргүй. 


2015 онд СӨХ-дод шалгалт хийж, дүгнэлт гаргасантай танилцахад олон зөрчил гарсан байдаг. Үүнээс газартай холбоотой нийтлэг зөрчил нь орон сууцны орчны газарт ААН, байгууллага дураараа барилга барьдаг. Үүнд нь СӨХ-ны дарга оролцсон байдаг. СӨХ-ны дарга нь өөр зориулалтаар газрыг ашиглаж, зарим нь дэлгүүр хүртэл барьсан байсан. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай" хэмээн Б.Энхбаяр гишүүн тайлбарлав. 

О.Одбаяр: Хөшгийн хөндийд 58 мянган ажлын байр шинээр болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан

Эх сурвалж: barilga.mn, 2022.01.17









Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяртай ярилцлаа.


Хөшигийн хөндийд шинэ хот  байгуулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас ямар шийдвэрүүдийг  гаргаад байна вэ. Одоо ямар ажил үргэлжилж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? 


2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Хөшигийн хөндийд  “Шинэ зуун мод”, “Майдар” хотыг байгуулах  тухай шийдвэр гарч байсан.  Дээр нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сум, Зуун модыг оруулаад дөрвөн хэсэг газарт дөрвөн шинэ хот байгуулах төлөвлөлтийг анх тус тусад нь хийсэн байсан юм. Хотууд хоорондоо 8-15 километрийн зайтай ойр байрлаж байгаа учраас төлөвлөлтийг нь нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хот байгуулалтын концепцийг 2021 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар дэмжигдсэн. Нэгтгэснээрээ  нэг нутаг дэвсгэрт, нэгдсэн инженерийн шугам сүлжээний шийдэлтэй цогц хот болон хөгжих боломж бүрдэх юм. Одоо нэгдсэн төлөвлөлтийн концепцийг боловсруулах ажил үргэлжилж байна. Оны эхний Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.  Мөн шинэ оны өмнөхөн Хөшигийн хөндий  дэх бүтээн байгуулалтын ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 111 дүгээр захирамжаар байгуулаад байна.


Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах нөхцөл, нөөц бололцоог хэрхэн  төлөвлөж тусгасан бэ?


“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцэх юм.  “Богд хаан” төмөр зам, Босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт  тавина. Эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төвийг байгуулах юм. Олон улсын жишигт нийцсэн, эдийн засгийн хөгжлийн шинэ бүс байгуулах томоохон зорилт, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Тэнд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, бооцоот тоглоомын газар, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулна.   Мөн шинжлэх ухаан, инновацид түшиглэсэн үйлдвэрүүдийг барьж, нано технологи, мэдээллийн технологиудыг дэмжиж   хөгжүүлнэ. Томоохон компаниудаас гадна гарааны компаниудыг ч дэмжих чиглэлийн үйлдвэрлэлийн бүсийг байгуулах төлөвлөлтүүдийг хийсэн гэсэн үг. Мөн “Майдар” хотыг аялал жуулчлал, интертаймент, соёл урлаг, кино урлагийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн.  Майдар бурхны сэрэг дүрийг бариад  дуусах шатандаа орж байсан.  Үүнийг эхний аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь бослоо гэж харж байна. Хойд талд нь Манзуширын хийд байдаг. Хуучин сүм хийдийн туурийг засаж, сэлбэж сайжруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргах, дээрээс нь жуулчдыг татах интертаймент төвүүд, томоохон хурал, бясалгал хийх павильон, гар урлалын цехүүдийг төлөвлөж өгсөн.


Хотын дэд бүтцийн асуудал хамгийн чухал. Тэгэхээр цахилгаан дулаан, ундны усны эх үүсвэрүүдийг хэрхэн шийдэх вэ?


Шинэ хотууд бүхэлдээ олон улсын стандартад нийцсэн ухаалаг эко хот байхаар төлөвлөгдсөн. Ногоон байгууламжтай, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн,  саарал усыг дахин ашиглах орчин үеийн ухаалаг нэгдсэн системтэй компакт хот байх юм.  Өөрөөр хэлбэл, амьдрах таатай орчин, аялал жуулчлал, худалдаа арилжаа, үзвэр үйлчилгээ бүгд нэг дор цогцолсон хотыг компакт хот гэж хэлээд байгаа юм. Дэд бүтэц, эрчим хүч, ундны усны асуудлыг мэдээж нарийн судалж төлөвлөсөн. Хүн амын тоог ундны усны эх үүсвэр, нөөцөөс хамаарч тооцож гаргасан.  Дээд, доод хоёр эх үүсвэрээс  усны хангамжийг  шийднэ. Дээд үүсвэрийг  Туулын  голын эх үүсвэрээс татаж, доод эх үүсвэрийг Био орчмоос үйлдвэрлэлийн усыг цэвэрлэн ахуйн хэрэглээнд ашиглах шинэ технологийн ус цэвэршүүлэх үйлдвэрүүд, усан сангууд барьж шийднэ.  Өөрөөр хэлбэл, саарал усыг  ашиглана. Харин дулаан, цахилгааны эх үүсвэрийг төвлөрсөн буюу биеэ даасан эх үүсвэрээр шийдэхээр тооцоо судалгааг хийлээ. 


Хөшигийн Хөндийд бүтээн байгуулалтууд хийгдсэн дараах оршин суух хүн амын тоо,  ажлын байрны судалгааг хэрхэн тооцож гаргасан бэ?


Бүтээн байгуулалт хийгдсэний дараагаар 150 мянган хүн ам, 45 мянган өрх оршин сууж, 2040 он гэхэд 58 мянга орчим ажлын байр шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. “Олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын  ачаа болон зорчигч тээврийн логистикийн төв байгуулагдсанаар жилд 15 сая тонн ачаа тээвэр хийгдэж, зөвхөн ачаа болон зорчигч тээврийн салбарт 2890 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон. Дээр нь “Нарантуул” олон улсын худалдааны төв,  бусад томоохон захуудыг Улаанбаатар хотоос гаргах замаар тэнд төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Худалдааны төвүүд замуудын огтлолцол дээр байрласнаар орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорихгүйгээр, үйлчлүүлээд буцах боломжтой гэх зэрэг олон давуу талууд харагдаж байгаа.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаанд ямар хүмүүс орж ажиллаж байгаа вэ?


Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд ахалж байгаа. Эрчим хүчний яам, Соёлын сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Төв аймгийн засаг дарга, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнууд орсон. Ажлын хэсэг томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар шаардлагатай бүтээн байгуулалтын ажил хэрэгжих газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хэмжээ, заагийг тогтоох саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулаад байна.  Мөн бүтээн байгуулалтад шаардлагатай  хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хяналт, мониторинг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг цаг хугацаанд нь шийдвэрлүүлж ажиллаж байна.


Хөшигийн хөндийд орон сууцны хороолол  барих ажил ямар шатандаа явж байна вэ?


Нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд болон төрийн албан хаагч, хил гааль, онцгой байдлын албан хаагчдад  зориулсан эхний ээлжийн 600 айлын орон сууцны зураг төсөл нь дуусаж, одоо барилгын ажил нь эхлэх гэж байна. Энд онцолж хэлэхэд, Олон улсад нисэх онгоцны буудал орчимд онгоц хөөрч,  буух зурвасын стандарт гэж байдаг. Хөшигийн хөндийд олон улсын стандартын дагуу төлөвлөлтүүд хийгдэж, байшин барилгуудыг  барина. Нисэх буудлын орчимд нам давхар барилгууд барьж эхлээд алсрах тусмаа өндөр барилгууд барина гэж ойлгож болно.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт ямар ажлаас эхлэх вэ. Зураг төсөл, газар доорх дэд бүтцээ сайн төлөвлөж хийх нь чухал гэж БХБ-ын сайд Б.Мөнхбаатар онцолж байсан. Энэ тухайд?


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг 4 үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд үерийн далан, инженерийн  шугам сүлжээ, дулаан, цэвэр усны шугам сүлжээ тавина.   БХБЯ дээр инженерийн шугам сүлжээтэй холбоотой тендерийн ажил зарлагдаад, компаниудын сонгон шалгаруулалт хийгдээд явж байна. Олон улсын жишигт хамгийн эхэнд  зам, инженерийн шугам сүлжээгээ хийж дуусаад, үүний дараа барилга байгууламжуудаа барьдаг  ийм дараалал жишиг бий. Олон улсын энэ жишгийн дагуу Хөшигийн хөндийд бүтээн байгуулалтуудыг хийнэ гэсэн үг. Замаа бариад, инженерийн шугам сүлжээгээ тавиад, шугам сүлжээнийхээ хүчин чадалд тохируулж байшин барилгууд төлөвлөж барих юм.





Барилгын хөгжлийн төв 

Газрын кадастрын нэгдсэн цахим системд ШШГЕГ холбогдлоо

Эх сурвалж: montsame.mn, 2022.01.17







Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-аас хэрэгжүүлж буй Газрын кадастрын нэгдсэн цахим системд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/ холбогдон хамтран ажиллах гэрээ байгуулав.

 

Энэхүү ажлын гол зорилго нь төрийн үйл ажиллагааны шат дамжлагыг багасгах, хөрөнгө хэмнэх, харилцан мэдээлэл цахимаар солилцоход оршиж байна.

 

Монгол Улсын хэмжээнд 1 сая гаруй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглал Улсын нэгдсэн системд бүртгэлтэй байдаг. Иймд эдгээр иргэн хуулийн этгээдийн хөрөнгийн мэдээллээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар лавлагаа авах боломжтой юм.

 

Хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2 төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгөх, нууцтай холбоотой мэдээлэлтэй ажиллаж буй албан хаагчдын эрх үүрэг болон нууцын баталгааг холбогдох хууль журмын дагуу тодорхойлж өгөх юм. Ингэснээр иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, задрах, алдагдах эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.

 

Мөн Хур системээр дамжуулан тус байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээллийг цахимаар авч байгаа байгууллага болон албан хаагчдын түүхчилсэн мэдээлэл нь серверт бичигддэг тул мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих боломжтой юм.

  

ГЗБГЗЗГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Монголын нотариатчдын танхим зэрэг хувь хүний нууцтай холбоотой ажилладаг байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцдог. Тус байгууллага нь газартай холбоотой үйл ажиллагаагаа цахимжуулж, төрийн нэгдсэн Хур системээр дамжуулан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр ШШГЕГ-ыг нэгтгэн ийнхүү хамтран ажиллахаар болж байна.

   

Өмнө нь ШШГЕГ-аас тухайн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрын лавлагааг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад 30 гаруй албан бичгийг цаасаар явуулан лавлагаа авахад хугацааны хувьд 5-20 хоногийг зарцуулж байв. Мөн лавлагаа ирсний дараа тухайн харьяа газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад дахин албан тоот хүргүүлж, түдгэлзүүлэх асуудлыг 4 хоногийн хугацаанд шийдвэрлүүлдэг байв.

 

Харин өнөөдөр газартай холбоотой лавлагааг цахимаар тухай бүр солилцох, газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг цахимаар шийдвэрлэх боломжтой болсноор төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хоорондын хамтын ажиллагаа сайжирч, ажлын ачаалал буурч, үргүй зардал, цаг хугацаа хэмнэгдэж, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирах боломж бүрдэж байна.

Хотын даргын орлогч болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17








21:49


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж гарчээ. 


Тодруулбал НЗД-ын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.


Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хариуцлага тооцох захирамжийг боловсруулж буйг өнөөдөр мэдээлж байсан юм.



15:18


"Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо"

"Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж байна" хэмээн Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын даргад өгсөн юм.

Эрэн сурвалжлагдаж байсан есөн хүнийг олсон байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.


Энэ үеэр бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1, нийт эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олсон байна.

Мөн хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 28 хүнийг яаралтай тусламжийн 103-т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.


Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороонд Мягмар, Баасан гарагуудад хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байгаа аж.

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 4,435-аар нэмэгджээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Монгол Улсын хүн амын тоо 2021 оны эцсийн байдлаар 3.4 сая болж, өмнөх оноос 52,600 хүнээр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр зарлалаа. 

Хүн амын нийгмийн байдлын зарим тоо статистикийг товчлон хүргэж байна.


Улсын хэмжээнд 2021 онд 


бүтэн өнчин хүүхдийн тоо 0.1% буурсан бол 

хагас өнчин хүүхдийн тоо 3.2% өсжээ. 

Өрх толгойлсон эхийн тоо 1.7% буурсан бол өрх үүсгэн ганц биеэр амьдарч байгаа өндөр настны тоо 44,175 болж 6.4% өссөн байна. 





Тодруулбал, 


өрх толгойлсон эх 2021 оны эцэст 69.1 мянга болж, өмнөх оноос 1172 (1.7%)-оор

өрх толгойлсон эцэг 15.7 мянга болж, өмнөх оноос 493 (3.0%)-аар тус тус буурчээ.

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 2021 оны эцэст 56.1 мянга болж, өмнөх оноос 4,435 (8.6%)-аар өсжээ. Эдгээр өрхийг хүүхдийн тоогоор ангилж харвал нийт 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 


40.8 мянга (72.7%) нь 4

9.7 мянга (17.4%) нь 5

4.5 мянга (8.0%) нь 6

1.1 мянга (1.9%) нь 7 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх байна.





"Гэр хороолол хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





"Гэр хороол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тус хөдөлгөөний төлөөлөл “2012-2016 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачилгыг гаргаж байв. Ингэснээр анх удаа Улаанбаатарчууд өөрсдийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо бий болж байсан юм.


Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээр иргэдийн газрыг үнэ цэнтэй болгосон төдийгүй иргэд газар дээрээ бизнес хийх, орон сууцаар солих боломжийг бий болгосон цорын ганц хүн.


Гэвч түүний хийсэн ажлыг харлуулж, гутаахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус, хийх шаардлагагүй зүйл байсан гэж МАН-ынхан Засгийн эрх авснаас хойш өнөөдрийг хүртэл дайрч, улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.


Ялангуяа, тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хууль бус гэж эсэргүүцэж байсан хүмүүс.


Э.Бат-Үүл хотын дарга байх үед гэр хорооллын иргэдийн өмч болсон газрыг зах зээлийн үнээр нь бодож орон сууцаар солих харилцан тохиролцсон гэрээг нийслэл баталгаажуулж гурван талт гэрээ байгуулж байв. Гэтэл МАН 2012 оноос өмнөх бизнесээ хийхийн тулд энэ ажлыг зогсоож, харлуулсан.


Тухайлбал, С.Батболд хотын дарга байх үедээ Улаанбаатар хотын 1, 2 дугаар бүсэд амьдарч байсан иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгааны 30 хувьд тооцож авах захирамж гаргаж байсан. Түүнээс болж өрөнд орон байж газраа хотын төвөөс зайдуу орон сууцаар сольсон хэд хэдэн иргэн бий.


Тиймээс С.Амарсайхан, С.Батболд нарыг АТГ-д шалгуулахаар өгч байна.


Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн Э.Бат-Үүлд хилс хэрэг тохон хуурамч хохирол бий болгож хэлмэгдүүлсэн. Түүнийг гэр хороололтой нь хамт хорьсон гэж бид үзэж байгаа.


Гэр хороололд дахин төлөвлөлт хийхгүйгээр агаар, хөрсний бохирдлоос бид салах аргагүй. Тиймээс үүнийг санаачилсан Э.Бат-Үүлийг хорьсон явдалтай бид хатуу тэмцэхээ илэрхийлье” гэлээ.


Гэр хороолол хөдөлгөөний УЗГ Я.Мөнгөнцэцэг “Бид Э.Бат-Үүл гэдэг хүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаачилсан учраас яллах ёсгүй гэж байгаа юм биш. Гол нь түүний улсад учруулсан хохирол нь шүүхээр тогтоогдоогүй.


Мөн 409 дүгээр анги бол дамжин өнгөрүүлэх хорих анги бөгөөд хэрэг нь бүрэн шийдэгдээгүй хүмүүс хоригддог. Гэвч түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан.


Түүнээс гадна, шахмал түлш нэртэй бизнесийг шалгаасай гэж хуулийн байгууллагаас шаардмаар байна. Учир нь өмнө нь нүүрс түлдэг байхад хэзээ гэр хорооллын айлуудын гэр ийм тортогтой байдаг байсан юм бэ” хэмээн ярилаа.


Мөн тэрбээр хорих ангиас Э.Бат-Үүл гэр хорооллынхонд хандаж уриалга гаргасныг уншиж танилцууллаа.


Тус уриалгад


"Гэр хорооллын иргэд ээ!  Та нар минь битгий ялагдаарай.


Миний бие, 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатар талбайд "Трактортой цуглаан" зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн билээ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа "газарт оролгүй" хамгаалагдаж үлдсэн.


Тэр цагаас хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж ирлээ. 2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр худалдаж байх шийдвэрийг гаргасан.


Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсөж, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ.


Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан нам ялагдаж, Монгол Ардын нам нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүх ажлыг зогсоосон.


Энэ ажлын зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж, тэднийг өрөнд оруулсан.  Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэр "Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна" гэсэн прокурорын үг нотолж байна.


Олигархиуд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ.


Гэр хорооллын иргэдээ, та нар битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай! Тэдэнд бүү хууртаарай.


Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн миний 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй.


Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.


Эрдэнийн Бат-Үүл" гэжээ.

С.Тодгэрэл: Их, дээд сургууль, коллежийн 100 эмэгтэй суралцагчид ногдох эрэгтэй 64 байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилийн эхний байдлаар 1,453 цэцэрлэг, 848 ерөнхий боловсролын сургууль (ЕБС), 76 техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 


2021-2022 оны хичээлийн жилд:


ЕБС-д 712.4 мянга (65.1%) 

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 42.6 мянга (3.9%) 

Их, дээд сургууль, коллежид 149 мянган (13.6%) хүүхэд, залуус суралцаж байна. 

Хүснэгт. Бүх шатны боловсролын сургалтын байгууллага, сургалтын байгууллагын төрлөөр, хичээлийн жилийн эхний байдлаар


Сургалтын байгууллагын төрөл
   Хичээлийн жилээр
2018/20192019/20202020/20212021/2022
Цэцэрлэг1,4351,4391,4541,453
Төрийн889910948972
Хувийн546529506481
Ерөнхий боловсролын сургууль803820839848
Төрийн656662672682
Хувийн147158167166
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага86807576
Төрийн51504643
Хувийн35302933
Их, дээд сургууль, коллеж94958888
Төрийн18212020
Хувийн76746868


ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл “Энэ хичээлийн жилд СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо 191 мянга болж өмнөх хичээлийн жилээс 56 мянгаар буурсан нь КОВИД-19 цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, гурван настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэсэн зайны хэлбэрээр дэмжин ажиллаж  байгаатай холбоотой.


Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 75.5 мянган сурагч шинээр элссэний 88.5 хувь нь СӨБ-д хамрагдсан. Цэцэрлэгийн бүлэг дүүргэлт энэ хичээлийн жилд 24 болж өмнөх хичээлийн жилээс 5-аар буурахад КОВИД-19 цар тахлын улмаас бүлэг дүүргэлтийг 20-25 байхаар зааж, 3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүйтэй холбоотой.   


2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС-ийн бага ангийн бүлэг дүүргэлт нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Баянгол, Налайх дүүрэгт 36-38 байгаа нь стандартад анги дүүргэлтийг бага ангид 30-35 хүүхэдтэй байхаар тогтоосноос давсан үзүүлэлттэй гарсан” гэв.


График. Анги дүүргэлт, дүүргээр
















Хүснэгт. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад суралцагчид, хичээлийн жилийн эхний байдлаар


Сургалтын байгууллагын төрөл
   Хичээлийн жилээр
2018/20192019/20202020/20212021/2022
Сургуулийн өмнөх боловсролд261263.3247191
Эрэгтэй133134.412697.6
Эмэгтэй128128.912193.4
Ерөнхий боловсролын сургуульд593640.4680.8712.4
Эрэгтэй298320.5341.1357.2
Эмэгтэй296319.9339.7355.2
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад3737.840.242.6
Эрэгтэй22.422.324.225.5
Эмэгтэй14.615.51617.1
Их, дээд сургууль, коллежид158148.4147.3149
Эрэгтэй6457.857.858
Эмэгтэй93.690.689.591


Болвсролын сургалтын байгууллагад суралцагсдын хүйсийн харьцааг харахад СӨБ болон ЕБС-ийн хувьд 1-1.04-тэй харьцангуй ойролцоо түвшинд гарчээ. 


Харин техникийн болон мэргэжлийн сургалтын байгууллагад суралцагчдын хүйсийн харьцаа 1.49 буюу 100 эмэгтэй суралцагсдад ногдох эрэгтэй нь 149 байсан байна.


Энэхүү үзүүлэлт их, дээд сургууль, коллежийн хувьд эсрэгээрээ буюу 100 эмэгтэй суралцагсдад ногдох эрэгтэй 64 байгааг С.Тодгэрэл нэмж онцоллоо. 

Замын-Үүдээс ачаа ачсан тээврийн хэрэгслүүдийн 117 нь Улаанбаатар хот руу, 27 нь орон нутаг руу гарчээ

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






Замын-Үүд-Эрээн боомтод чингэлэг тээвэрлэлт 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн.


Тэгвэл энэ сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.


Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна.


Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутаг руу гарчээ" хэмээн бичжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны эцэст 938 тэрбум төгрөгт хүрэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Мөнгөний нийлүүлэлт (М2) 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (14.8%) их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Ийнхүү өсөхөд,


  • Валютын харилцах 362 тэрбум төгрөг 
  • Төгрөгийн харилцах 2.2 их наяд төгрөгөөр
  • Төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 


Төгрөгийн болон валютын нийт хадгаламж 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 19 их наяд төгрөг байна.


  • 70.3 буюу 13.3 их наяд нь иргэдийнх
  • 8.8% буюу 1.7 их наяд нь байгууллагын
  • 20.9% буюу 1.4 их наяд төгрөг нь валютын хадгаламж байна.


ААН, байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 


  • Өмнөх сараас 618 (3.1%) тэрбум төгрөгөөр,
  • Өмнөх оны мөн үеэс 3.7 (21.3%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. 


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст 938.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 45.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 331.3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан аж. 


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 65.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.5 тэрбум төгрөгөөр өссөн.


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн дүнд,


Хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 4.5%

Чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 10%-ийг эзэлж буйг ҮСХ-ны хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ. 




Б.Алтанзул: Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт салхитай байсан учраас агаарын чанар сайн байлаа

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






"Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт агаарын чанар сайн байсан. Энэ нь 4 м/сек хүртэл салхитай байсантай холбоотой бөгөөд агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байлаа. Харин амралтын өдрүүдэд агаар жаахан бохирдолтой байсан" хэмээн ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул хэлэв. 


Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх цэгт агаар бага бохирдолтой хэмжээнд байна" хэмээн ярилаа.


Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг. 


Энэ талаар ОББҮХ-ны мэргэжилтэн н.Одонтунгалаг "Өвлийн улиралд Улаанбаатар хотын газрын гадаргад инверсийн үзэгдэл үүсдэг. Инверсийн доод хэсэгт салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, үүний нөлөөгөөр дээр дурдсан эх үүсвэрүүдээс гарч буй утаа хуримтлагдаад агаарын бохирдол үүсэх нөхцөл бүрддэг юм. Өнгөрсөн долоо хоногт инверсийн зузаан дунджаар 420 метр, 6.1 градус цельсийн эрчимтэй байсан. Үүний нөлөөгөөр агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн.


Зөвхөн өнөө өглөөний байдлыг харвал инверсийн зузаан дунджаар 330 метр, температурын инверс 11 градус цельс байгаа нь маш хүчтэй инверс юм" гэдгийг танилцууллаа.


С.Баржав: Эрх баригчид утааны асуудалд иргэдийг буруутгаж байгаад хамгийн их зэвүүцэж байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17






Иргэн С.Баржав гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад шинэ оны өмнөхөн эх орондоо иржээ. 


Тусгаарлалтаас гараад хэдхэн хоноод байсан ч зургаан сартай хүүхэд нь агаарын дутагдалд орж, тархины даралт өвчний шинж тэмдэг илрэх болсон байна. Энэ асуудалд бухимдсан тэрбээр Улсын их дэлгүүрийн өмнө үзэл бодоо тайван замаар илэрхийлж лоозон барьж гурван өдөр зогсжээ. Гэсэн ч энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-аас дуудаж мэдүүлэг авч, улмаар зөвшөөрөл авахыг шаарджээ. Энэ үеэр цагдаа нар зөвшөөрөлгүй үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч цаашлаад цагдан хорих хүртэл хуулийн зохицуулалттайг анхааруулсан байна. Иргэн С.Баржавтай ярилцлаа.


- Та АНУ-д хэдэн жил амьдарсан бэ. Эх орон руугаа яарав уу?


- Эх орноо их саналаа. Ирэх гэж их ч яарлаа. Намайг явахад л утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байсан. Тэнд байх хугацаандаа утааны асуудал цэгцэрсэн тухай мэдээллийг цахимаас хараад баярлаж байсан юм. Гэтэл онгоцноос буугаад л бухимдал төрсөн. Утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болчихсон байна.


- Та утааны эсрэг үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн байна лээ. Тантай хүмүүс нэгдсэн үү?


- Утаа гамшгийн нөхцөлд хүрчихсэн, эрүүл мэндэд заналхийлж байхад иргэд тэмцэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, ийм нөхцөл байдалд дасан зохицоод амьдраад байна.


Хамгийн зэвүү хүрмээр нь энэ ажлыг хариуцаж, шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь утааны асуудалд иргэдийг буруутгасан тайлбар хэлэх юм. Ингээд миний бие эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө гэрийнхээ ойролцоо УИД-ийн өмнө талбайд лоозон барьж үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн.


- Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн тан руу цагдаагийн байгууллагаас хандсан байна лээ. Юу болсон юм бэ?


- Утааны асуудалд бухимдсан залуу надтай хамт үзэл бодлоо илэрхийлсэн юм.


Ингээд лоозон авч надаас жаахан зайтай зогсож үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл удсан ч үгүй цагдаа ирж зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгууллаа гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачиж гэрчийн мэдүүлэг авсан. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш хүн харьяа дүүрэгтээ мэдэгдэж байж эсэргүүцэл илэрхийлдэг тухай тайлбарлаж байсан. Бид барьж зогссон самбараа хураалгасан. Одоогоор биднийг шалгаж байна.


Зөрчлийн үйлдэл байвал 500 нэгжээр торгох юм уу 7-10 хоног саатуулах хуулийн зохицуулалттай байдаг юм байна. Миний зүгээс тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрөлд хүссэн бичгээ дүүрэгт өгсөн байгаа. Уул нь бид ардчилсан орны иргэд. Миний зүгээс бослого юм уу, үймээн самуунд өдөөн турхираагүй, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ийм нөхцөлд хууль сахиулагчид маань ч тайван байдаг бол зүгээр санагдах юм.


- Танаас хуулийн ямар зүйл заалтаар байцаалт авсан юм бэ?


- Байцаагч хуулийн олон заалт хэлж байна лээ. Заримыг нь санахгүй байна. Хэлж байгаа хуулиа нарийн тайлбарлаж өгөөгүй. Цар тахал болон Жагсаал цуглааны хуулийн тухай дурдана лээ.


- Та өөрөө эрх чөлөөний оронд амьдарч байгаад ирж. Эх орондоо ирээд тайван замаар үзэл бодлоо илэрхийлээд л цагдаагийн үүдээр эргэлдэх болж. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?


- Монгол Улсын Үндсэн хуульд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заасан байдаг. Би энэ эрхээ л эдлэхээр гарсан. Ганцаараа ч бай, хэдүүлээ ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаа үйлдлийг хараад их гайхлаа.


Би үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлмээр байна. АНУ-д хар арьстай хүн цагдаагийн ажилтанд боолгож нас барсны эсрэг одоо ч иргэд тэмцсээр байгаа. "Хар арьстай хүмүүс амьдрах эрхтэй" гэж бичээд гэрийнхээ гаднаа, цонхон дээрээ байрлуулаад л тавьчихсан байдаг.


Бид хуульд захирагдах ёстой. Тэгэхээр цаашид нөлөөлж болох хувилбараа олж тэмцэнэ. Ажлын газар болон гэрийнхээ гаднаа ч юм уу, уриа лоозон бичиж тавих төлөвлөгөөтэй байна. Одоогоор амны хаалт дээрээ биччихлээ. Цаашлаад олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх бодолтой байна.


- Та байцаагдсаны дараа Цар тахлын үеийн хуулийг эргэж харж амжсан уу?


- Энд нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч оронд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг цар тахлаас болж зөрчөөгүй.


Харин Монгол Улсад цар тахлаар далимдуулаад хүний үзэл бодлоо эдлэх эрхийг боомилж байгаа нь эрх баригчдын бүдүүлэг үйлдэл. Бухимдлыг нь илэрхийлүүлэхгүй, хорьж цагдах тусам удаан тэвчиж байгаад гаргахдаа маш буруу арга замаар илэрхийлэгдэнэ.


Хааж боох тусам л хүчтэй тэсэрч дэлбэрсэн жишээ олон бий. Тийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцож явах хэрэгтэй. Хуулийг буруу аргаар хэрэгжүүлээд байна.


Хоёр сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн шалгалтаар шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа.


Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. 


Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ. 


"Таван толгой түлш" компанийн Түлшний чанарын хяналтын хэлтсийн дарга н.Баттулга "Компанийн чанарын хяналтын хэлтэс үйлдвэрээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт тавьж ажилладаг. Ингээд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард иргэдэд нийлүүлэн ажиллаж байгаа. 


Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний чанар стандартад хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр Таван толгой  түлш компанийн бүтээгдэхүүн стандартын хэмжээнд байгаа нь тодорхойлогдсон. Мөн айл өрхүүдээр гэнэтийн байдлаар орж хяналт шалгалтууд хийсэн. Ингэхэд нунтгийн агууламж, чийг өндөртэй тохиолдол гарсангүй. Ажлын хэсгийнхэн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай мөн танилцсан. 


Чанарын хяналтын хэлтэс гарч байгаа шуудай бүрийг хянаж гаргадаг" хэмээн ярилаа. 


Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний орц найрлага, үйлдвэр болон агуулах дахь түлшнээс дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй зүйл байгаагүйг мэдээллээ. 

"Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаарддаг байв"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Шинэ онтой зэрэгцэн нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж өгсөн.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямарваа нэгэн зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүйгээр ажиллах юм. Өмнө нь захирамжид дурдсан худалдаа, үйлчилгээг эрхлэхийн тулд хороо, дүүрэг болон нийслэлийн харьяа байгууллагуудаас зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаардаж байсан.


Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, гарын үсэг хөөцөлдөх шаардлагагүй. Төрийн байгууллагаас гарах 5 нэр төрлийн бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдийн оролцоогүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг оруулахаар зохицуулсан гэсэн үг.


Ойлгомжтой болгох үүднээс ганцхан жишээ татъя. Урьд нь хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд иргэн, аж ахуйн нэгж дараах бичиг баримтыг бүрдүүлдэг байв.


Өөрийн бүрдүүлэх материал


Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл

Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар

Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх

Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал


Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлгийн тодорхойлолт

Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/

Хог тээврийн гэрээ /Эх хувь/

Татварын тодорхойлолт

Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/

Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал


Орчны 50 метрийн зураглал хийлгэх

Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/

Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт /Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар/

Банканд тушаах шаардлагатай төлбөрийн материал


Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг.

“Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3,000 төгрөг тушаасан байхыг шаарддаг байсан.

Харин одоо та хууль, дүрэм, стандартад нийцсэн байр талбайтай, хүнсийг зориулалтын бус техникээр зөөвөрлөхгүй гэдгээ мэдэж байхад хангалттай. Стандарт шаардлага хангасан гэж үзэж буй хүнсний дэлгүүрээ нээгээд явцын дунд шаардлагатай цөөн тооны баримтыг бүрдүүлэх юм.


Явцын дунд бүрдүүлэх бичиг гэдэгт хог хаягдлын гэрээ, галын аюулгүй байдлын дүгнэлт гэхчлэн тухайн иргэний эд хөрөнгийг хамгаалах чиглэлд болоод хот, нийтийн эрх ашгийг хөндөхөөргүй байхад чиглэсэн материал байхаас бус, ямарваа нэгэн зөвшөөрлийн шинжтэй баримт шаардахгүй. Нэгэнт зөвшөөрлийг халсан учир үйл ажиллагаа явуулах хугацаа, зөвшөөрөл сунгах гэсэн ойлголтыг ч мөн халсан гэдгийг тодотгоё.


Харин архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол мэдээж хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авч таарна. Өөрөөр хэлбэл, Та дэлгүүр, ресторан, караоке, баар, жуулчны бааз, зочид буудалдаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг анхааруулъя.


Хэрэв Та хүнсний дэлгүүр, кафедаа архи, пиво зарахгүй, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж буй бол тусгай зөвшөөрөл шаардлагагүй гагцхүү хууль тогтоомж, стандартаа баримтлаад ажиллаж болно гэдгийг дахин сануулъя.


 


Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Б.Энхбаяр: Төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж, зарсан байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17





Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг шийдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр төрийн өмчит байгууллагууд газар дээрээ орон сууц барьж, зарсан талаарх судалгаагаа танилцуулав. 


2020 онд улсын хэмжээнд хийсэн уг судалгаагаар Улаанбаатар хотод л гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарчээ. 


Тэрбээр “Өнгөрсөн 20, 30 жилд сургуулиудын хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай байхгүй болсон. Эмнэлгүүдийн газар байхгүй болсон. Төрийн гэж байж болох бүх газар байхгүй болсон. Хүүхдийн урлан бүтээх төв орон сууцны хороолол болсон. Ийм жишээ үй түм. “Найрамдал” зуслангийн газарт сайд байсан Эрдэнэ гэж хүн хувийн хашаа барьсан. Тэр хавь хувийн орон сууц болсон. Бүх эмнэлгийн газраас хулгайлаад зарж, орон сууцны хороолол болж хувирсан. 


Тэдгээр газрыг Засгийн газрын тогтоолоор гаргасан суурь үнэлгээгээр тооцохоор 99 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг ингэж зарсан байна” гэв. 


Үүнээс гадна орон сууцнуудын өмчлөлийн асуудал, СӨХ, дуусаагүй барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гарч байгаа зэрэг асуудлуудыг цэгцлэхээр хуулийн төсөлд тусгасан байгааг тэрбээр тайлбарлалаа.

"Айл өрхийн дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ"

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.16







Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ.


Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай.


Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт 2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.


Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Эрдэнэбилэгийн 8:10 метрийн харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг төслийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 8 сая гаруй төгрөг зарцуулагдсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар буурч эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьж байна.