О.Одбаяр: Хөшгийн хөндийд 58 мянган ажлын байр шинээр болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан

Эх сурвалж: barilga.mn, 2022.01.17









Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяртай ярилцлаа.


Хөшигийн хөндийд шинэ хот  байгуулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас ямар шийдвэрүүдийг  гаргаад байна вэ. Одоо ямар ажил үргэлжилж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? 


2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Хөшигийн хөндийд  “Шинэ зуун мод”, “Майдар” хотыг байгуулах  тухай шийдвэр гарч байсан.  Дээр нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сум, Зуун модыг оруулаад дөрвөн хэсэг газарт дөрвөн шинэ хот байгуулах төлөвлөлтийг анх тус тусад нь хийсэн байсан юм. Хотууд хоорондоо 8-15 километрийн зайтай ойр байрлаж байгаа учраас төлөвлөлтийг нь нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хот байгуулалтын концепцийг 2021 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар дэмжигдсэн. Нэгтгэснээрээ  нэг нутаг дэвсгэрт, нэгдсэн инженерийн шугам сүлжээний шийдэлтэй цогц хот болон хөгжих боломж бүрдэх юм. Одоо нэгдсэн төлөвлөлтийн концепцийг боловсруулах ажил үргэлжилж байна. Оны эхний Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.  Мөн шинэ оны өмнөхөн Хөшигийн хөндий  дэх бүтээн байгуулалтын ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 111 дүгээр захирамжаар байгуулаад байна.


Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах нөхцөл, нөөц бололцоог хэрхэн  төлөвлөж тусгасан бэ?


“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцэх юм.  “Богд хаан” төмөр зам, Босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт  тавина. Эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төвийг байгуулах юм. Олон улсын жишигт нийцсэн, эдийн засгийн хөгжлийн шинэ бүс байгуулах томоохон зорилт, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Тэнд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, бооцоот тоглоомын газар, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулна.   Мөн шинжлэх ухаан, инновацид түшиглэсэн үйлдвэрүүдийг барьж, нано технологи, мэдээллийн технологиудыг дэмжиж   хөгжүүлнэ. Томоохон компаниудаас гадна гарааны компаниудыг ч дэмжих чиглэлийн үйлдвэрлэлийн бүсийг байгуулах төлөвлөлтүүдийг хийсэн гэсэн үг. Мөн “Майдар” хотыг аялал жуулчлал, интертаймент, соёл урлаг, кино урлагийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн.  Майдар бурхны сэрэг дүрийг бариад  дуусах шатандаа орж байсан.  Үүнийг эхний аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь бослоо гэж харж байна. Хойд талд нь Манзуширын хийд байдаг. Хуучин сүм хийдийн туурийг засаж, сэлбэж сайжруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргах, дээрээс нь жуулчдыг татах интертаймент төвүүд, томоохон хурал, бясалгал хийх павильон, гар урлалын цехүүдийг төлөвлөж өгсөн.


Хотын дэд бүтцийн асуудал хамгийн чухал. Тэгэхээр цахилгаан дулаан, ундны усны эх үүсвэрүүдийг хэрхэн шийдэх вэ?


Шинэ хотууд бүхэлдээ олон улсын стандартад нийцсэн ухаалаг эко хот байхаар төлөвлөгдсөн. Ногоон байгууламжтай, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн,  саарал усыг дахин ашиглах орчин үеийн ухаалаг нэгдсэн системтэй компакт хот байх юм.  Өөрөөр хэлбэл, амьдрах таатай орчин, аялал жуулчлал, худалдаа арилжаа, үзвэр үйлчилгээ бүгд нэг дор цогцолсон хотыг компакт хот гэж хэлээд байгаа юм. Дэд бүтэц, эрчим хүч, ундны усны асуудлыг мэдээж нарийн судалж төлөвлөсөн. Хүн амын тоог ундны усны эх үүсвэр, нөөцөөс хамаарч тооцож гаргасан.  Дээд, доод хоёр эх үүсвэрээс  усны хангамжийг  шийднэ. Дээд үүсвэрийг  Туулын  голын эх үүсвэрээс татаж, доод эх үүсвэрийг Био орчмоос үйлдвэрлэлийн усыг цэвэрлэн ахуйн хэрэглээнд ашиглах шинэ технологийн ус цэвэршүүлэх үйлдвэрүүд, усан сангууд барьж шийднэ.  Өөрөөр хэлбэл, саарал усыг  ашиглана. Харин дулаан, цахилгааны эх үүсвэрийг төвлөрсөн буюу биеэ даасан эх үүсвэрээр шийдэхээр тооцоо судалгааг хийлээ. 


Хөшигийн Хөндийд бүтээн байгуулалтууд хийгдсэн дараах оршин суух хүн амын тоо,  ажлын байрны судалгааг хэрхэн тооцож гаргасан бэ?


Бүтээн байгуулалт хийгдсэний дараагаар 150 мянган хүн ам, 45 мянган өрх оршин сууж, 2040 он гэхэд 58 мянга орчим ажлын байр шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. “Олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын  ачаа болон зорчигч тээврийн логистикийн төв байгуулагдсанаар жилд 15 сая тонн ачаа тээвэр хийгдэж, зөвхөн ачаа болон зорчигч тээврийн салбарт 2890 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон. Дээр нь “Нарантуул” олон улсын худалдааны төв,  бусад томоохон захуудыг Улаанбаатар хотоос гаргах замаар тэнд төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Худалдааны төвүүд замуудын огтлолцол дээр байрласнаар орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорихгүйгээр, үйлчлүүлээд буцах боломжтой гэх зэрэг олон давуу талууд харагдаж байгаа.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаанд ямар хүмүүс орж ажиллаж байгаа вэ?


Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд ахалж байгаа. Эрчим хүчний яам, Соёлын сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Төв аймгийн засаг дарга, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнууд орсон. Ажлын хэсэг томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар шаардлагатай бүтээн байгуулалтын ажил хэрэгжих газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хэмжээ, заагийг тогтоох саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулаад байна.  Мөн бүтээн байгуулалтад шаардлагатай  хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хяналт, мониторинг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг цаг хугацаанд нь шийдвэрлүүлж ажиллаж байна.


Хөшигийн хөндийд орон сууцны хороолол  барих ажил ямар шатандаа явж байна вэ?


Нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд болон төрийн албан хаагч, хил гааль, онцгой байдлын албан хаагчдад  зориулсан эхний ээлжийн 600 айлын орон сууцны зураг төсөл нь дуусаж, одоо барилгын ажил нь эхлэх гэж байна. Энд онцолж хэлэхэд, Олон улсад нисэх онгоцны буудал орчимд онгоц хөөрч,  буух зурвасын стандарт гэж байдаг. Хөшигийн хөндийд олон улсын стандартын дагуу төлөвлөлтүүд хийгдэж, байшин барилгуудыг  барина. Нисэх буудлын орчимд нам давхар барилгууд барьж эхлээд алсрах тусмаа өндөр барилгууд барина гэж ойлгож болно.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт ямар ажлаас эхлэх вэ. Зураг төсөл, газар доорх дэд бүтцээ сайн төлөвлөж хийх нь чухал гэж БХБ-ын сайд Б.Мөнхбаатар онцолж байсан. Энэ тухайд?


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг 4 үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд үерийн далан, инженерийн  шугам сүлжээ, дулаан, цэвэр усны шугам сүлжээ тавина.   БХБЯ дээр инженерийн шугам сүлжээтэй холбоотой тендерийн ажил зарлагдаад, компаниудын сонгон шалгаруулалт хийгдээд явж байна. Олон улсын жишигт хамгийн эхэнд  зам, инженерийн шугам сүлжээгээ хийж дуусаад, үүний дараа барилга байгууламжуудаа барьдаг  ийм дараалал жишиг бий. Олон улсын энэ жишгийн дагуу Хөшигийн хөндийд бүтээн байгуулалтуудыг хийнэ гэсэн үг. Замаа бариад, инженерийн шугам сүлжээгээ тавиад, шугам сүлжээнийхээ хүчин чадалд тохируулж байшин барилгууд төлөвлөж барих юм.





Барилгын хөгжлийн төв