Эх сурвалж: ikon.mn, 2022.01.17
Шинэ онтой зэрэгцэн нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж өгсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямарваа нэгэн зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүйгээр ажиллах юм. Өмнө нь захирамжид дурдсан худалдаа, үйлчилгээг эрхлэхийн тулд хороо, дүүрэг болон нийслэлийн харьяа байгууллагуудаас зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаардаж байсан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, гарын үсэг хөөцөлдөх шаардлагагүй. Төрийн байгууллагаас гарах 5 нэр төрлийн бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдийн оролцоогүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг оруулахаар зохицуулсан гэсэн үг.
Ойлгомжтой болгох үүднээс ганцхан жишээ татъя. Урьд нь хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд иргэн, аж ахуйн нэгж дараах бичиг баримтыг бүрдүүлдэг байв.
Өөрийн бүрдүүлэх материал
Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар
Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх
Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал
Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлгийн тодорхойлолт
Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/
Хог тээврийн гэрээ /Эх хувь/
Татварын тодорхойлолт
Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/
Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал
Орчны 50 метрийн зураглал хийлгэх
Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/
Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт /Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар/
Банканд тушаах шаардлагатай төлбөрийн материал
Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг.
“Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3,000 төгрөг тушаасан байхыг шаарддаг байсан.
Харин одоо та хууль, дүрэм, стандартад нийцсэн байр талбайтай, хүнсийг зориулалтын бус техникээр зөөвөрлөхгүй гэдгээ мэдэж байхад хангалттай. Стандарт шаардлага хангасан гэж үзэж буй хүнсний дэлгүүрээ нээгээд явцын дунд шаардлагатай цөөн тооны баримтыг бүрдүүлэх юм.
Явцын дунд бүрдүүлэх бичиг гэдэгт хог хаягдлын гэрээ, галын аюулгүй байдлын дүгнэлт гэхчлэн тухайн иргэний эд хөрөнгийг хамгаалах чиглэлд болоод хот, нийтийн эрх ашгийг хөндөхөөргүй байхад чиглэсэн материал байхаас бус, ямарваа нэгэн зөвшөөрлийн шинжтэй баримт шаардахгүй. Нэгэнт зөвшөөрлийг халсан учир үйл ажиллагаа явуулах хугацаа, зөвшөөрөл сунгах гэсэн ойлголтыг ч мөн халсан гэдгийг тодотгоё.
Харин архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол мэдээж хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авч таарна. Өөрөөр хэлбэл, Та дэлгүүр, ресторан, караоке, баар, жуулчны бааз, зочид буудалдаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг анхааруулъя.
Хэрэв Та хүнсний дэлгүүр, кафедаа архи, пиво зарахгүй, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж буй бол тусгай зөвшөөрөл шаардлагагүй гагцхүү хууль тогтоомж, стандартаа баримтлаад ажиллаж болно гэдгийг дахин сануулъя.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс