Улаанбаатарын замын түгжрэлийг ирэх онд 50 хувиар бууруулах зорилт тавьжээ

Эх сурвалж: Э.Оргил, www.gogo.mn, 2023.05.02






Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Уг арга хэмжээний хүрээнд 12 багц ажил хийхээр төлөвлөж, 2024 онд багтаан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын 50 хувийг гүйцэтгээд байна.


Тухайлбал:


Авто замын гэрлэн дохиотой 161 уулзварт 455 радио давтамж тодорхойлох /RFID/ tag уншигч төхөөрөмж, 1036 уншигч антен суурилуулсан бөгөөд RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болголоо.

Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар зургаан байршилд 26.7 км зам барих ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

“Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хот тойрсон авто замын хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаанд 93 км тойрог замыг бий болгохоор төлөвлөсөн.

Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Чингэлтэйн замын 5.1 км коридорт хэрэгжиж байна.

Түгжрэлийг бууруулахаар хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд сургуулийн долоон барилга, цэцэрлэгийн 11 барилга, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын есөн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Хотын төвийн замын нягтралыг бууруулах зорилгоор эхний ээлжинд 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон их багтаамжийн авто зогсоолыг байгуулахаар судалгаа, тооцооллыг гаргалаа.

Дүүжин замын тээврийн төслийн хоёрдугаар шугам буюу 4.2 км дүүжин замыг 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2021-2022 онд 27.669 км шинэ авто зам, гол болон туслах авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 34 км авто зам, 1500 метр Олимпын гүүрэн гарц, 537.2 метр хоёр гүүр, хоёр байршилд нүхэн гарцыг ашиглалтад орууллаа.

Улаанбаатарын төвлөрлийг задалж, нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэн орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Автобусны 54 буудалд хяналтын камер суурилуулжээ

Эх сурвалж: Э.Оргил, www.gogo.mn, 2023.05.02





Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холбосон гэж холбогдох албанаас өчигдөр болсон НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд танилцуулжээ.


Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн хмэээн хотын удирдлагууд үзэж байна.


Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн гэж мэдээлэв. 

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болно

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.05.02





Улаанбаатар чуулгын байранд


08:30 цагт Хөгжлийн Банктай холбогдох гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна.


Туушин зочид буудлын 5 давхарт


09:30-11:00 цагт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. 

Төрийн ордонд


10:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.


ТЭЦ IV-ийн баруун талд


10:00 цагт БХБЯ арматурын үйлдвэр дээр ажиллаж, газар хөдлөлийн идэвхжил их байгаа энэ цаг үед арматурын чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй шалгалт болон бусад ажлынхаа талаар цаг үеийн мэдээлэл өгнө.


“Чингис хаан”-ы музейд


11:40 цагт Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болж, “Монгол үндэстэн” үзэсгэлэн нээгдэнэ.


Налайх дүүрэгт


11:30 цагт Налайх дүүрэгт 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын нээлт болно.


Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн байрны хурлын зааланд


12:00 цагт Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс салбарын шагнал, гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа болно. 


Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвд


15:30 цагт Туркийн хамтын ажиллагааны ТИКА байгууллага Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвд усалгааны болон агааржуулалтын системтэй өвлийн хүлэмж барьж байгуулсныг танилцуулна.

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2023.05.02








Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.


Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.


Мөн нэгэн зууны түүхтэй харилцааг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр, бодит ажлаар бататгах чин эрмэлзэл байгааг онцлов.


Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс нь ОХУ-ын хамгийн ойрын хөршөөс гадна гол түнш орны нэг гэдгийг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэх замаар орчин үеийн ложистикийн шаардлага хангасан төмөр замтай болгох, шинэ шугам барих зэрэгт анхаарахаа хэлэв.


Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, залуучуудын харилцан солилцоо, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 100 жилийн ойг талууд 2021 оны турш тэмдэглэн өнгөрүүлсэн.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдын хувиар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай зарчмын тохиролцоонд хүрсэн юм.


Мөн 2021 онд Ерөнхийлөгчийн хувиар албан ёсоор айлчлахдаа худалдаа, эдийн засаг, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлт, боловсрол, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тохиролцсон бөгөөд энэ хүрээнд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.


Ерөнхийлөгч мөн 2022 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийж, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм.


ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэргэжлийн дипломатч бөгөөд гадаад харилцааны салбарт 39 жил ажиллаж байна.

“Сүү” ХК “Toyota Probox” автомашины азтанаа тодруулж, түлхүүрийг нь гардуулан өглөө

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.05.02


Сүү ХК-д олон жил тасралтгүй сүүгээ нийлүүлж, ийнхүү супер шагналын эзнээр тодорсон түүнийг компанийн удирдлагууд хүлээн авч автомашины түлхүүрийг нь гардуулан өгсөн юм.


Монгол хүний сүүний дундаж хэрэглээ НҮБ-ын зөвлөмжөөс 3.4 дахин бага буй энэ үед сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймдээ ч Сүү ХК нь бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээ дэмжих зорилгоор олон ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байна.








Д.Батзориг: Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтээцэд ордог арматур чанарын шаардлага хангахгүй байна

Эх сурвалж: П.Зоригт, www.ikon.mn, 2023.05.02






Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-наас барилгын үндсэн хийц бүтээцэд ордог арматурын чанарыг сайжруулах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулжээ. 


Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтээцэд ордог арматур чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна.


Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматуруудыг зарж, борлуулж байгаа 16 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Арматурын чанарын шалгалтын хүрээнд лаборатори болон бодит туршилтыг явуулахад хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн гэдгийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэллээ. 


Тэрбээр "Хяналт, шалгалтаар зах зээлд худалдан борлуулж байсан зарим компанийн арматур гадаад, дотоод хөндлөн огтлол, чихний өргөн, онолын жин зэрэг механик үзүүлэлтүүдийг хангаагүй. 


"Цамхаг гүүр" ХХК, "Тэргүүн тэгш төмөр" ХХК-ийн борлуулж байсан импортын арматур нь мөр хоорондын зайн стандарт шаардлага хангаагүй. 

"Агь трейд" ХХК-ийн борлуулж буй 14 ба 16-ийн диаметрийн хэмжээтэй арматурууд мөр хоорондын зайн стандарт хангаагүй. 

Импортын арматур зарж байгаа байгууллагуудын дийлэнх нь тохирлын гэрчилгээгүй байна. Өөрөөр хэлбэл, баталгаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрч буй. Мөн тонн тутамдаа 40 орчим килограммын дутуу асуудлууд илэрсэн. 


16 ААН, байгууллагын зарим нь монгол арматуруудыг зарж байсан. Дотоодын гурван үйлдвэрийн нийлүүлж байгаа арматурт томоохон асуудлууд гарч ирсэн. Иймд үйл ажиллагааг нь зогсоож, арматуруудыг лацадсан. 


Илэрсэн зөрчлүүдийг хэлбэл, 


14-ийн арматур нэг багцаасаа 202 килограмм дутуу, нэг тонн тутмаас 65.3 килограмм дутуу

18-ын арматур нэг багцдаа 252 килограмм, нэг тонн тутмаас 71 килограммын дутуу 

20-ийн арматур нэг багцаасаа 277 килограмм, нэг тонн тутамдаа 78.5 килограммын дутуу асуудлууд илэрч байгаа.

Том масстай барилга байгууламж барихад арматур нь нэг тонн тутмаас 40 килограмм бага байна гэдэг бол чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Хэдэн зуун килограмм арматур тухайн барилгад дутуу орох асуудал. Тиймээс анхаарах шаардлагатай" гэлээ. 


Хяналт, шалгалтыг хариуцаж буй улсын байцаагч "Дотоодын үйлдвэрийн нэр бүхий гурван ААН стандарт шаардлага хангахгүй байсан. Иймд гурван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Мөн нэг үйлдвэрт нь Зөрчлийн хэрэг нээсэн" гэлээ. 


Арматурууд тонн жиндээ хүрэхгүй байх, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй гэх мэт нийтлэг зөрчлийг ААН-үүд гаргаж байна. Эдгээр нь Барилгын тухай хуулиар зохицуулагддаг гэдгийг Ажлын хэсгийн төлөөлөл хэлж байв. 


Ц.Ууганбаяр: ТОСК-тай хамтарсандаа харамсдаг. Эцэст нь зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаатай байсан байх

Эх сурвалж: Н.Эрхэмбаяр, www.ikon.mn, 2023.05.02





Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна. 


Энэ долоо хоногийн шүүх хуралдаанаар яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс прокурор, өмгөөлөгч, асуулт асууж, хариулт авч байгаа юм. 

Өнөөдрийн үдээс хойших шүүх хуралдаанаар “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн "ТОСК-аар дамжуулан авсан Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг хэлэлцэв.


Энэ үеэр тус компанийн захирал Ц.Ууганбаяраас Хөгжлийн Банкны төлөөлөгч Гүрбазар асуулт асууж, хариулт авлаа.


- Эксим банкнаас зээл олгох нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гол буруутан хэн бэ? 


- Манай компани одоо хүртэл хохирчхоод явж байгаа. Миний бодлоор ТОСК буруутай. 


- Та төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн Банк, ТОСК хоёр төрийн байгууллага хоорондын зээлийн гол буруутан юм биш үү? 


- Таны цуцалсан баталгаа, ханшийн өсөлт, битүүмжтэй гэж хэлчхээд оруулаагүй мөнгө гээд бүх юмны мөнгийг би хариуцаад иргэний шүүхээр яваад дууссан. Хөгжлийн Банк зээлийн баталгаа гаргачхаад цуцалсан. Цуцалдаг баталгаа гэж байхгүй. Та зээлийн баталгааг цуцлуулсан хүний нэг хэмээн ярьж байна. Тэгэхээр та энэ төслийг гацаасан хүний нэг. 


Манай аваагүй зээлийн маань ханш 40 хувь өссөн байсан. Тийм байхад та нар дахиад үзэх шаардлага тавьсан. 


Бүх хугацаанд явсан мөнгийг иргэний шүүхийн маргаанаар дуусгавар болгоод төлбөрийг нь төлсөн. Арилжааны зээл аваад явсан бол энэ төсөл аль эрт дуусаад бүрэн ашиглалтад орох байсан. 


- ТОСК зүгээр байсан байгууллага, Танай баталгааны асуудал 2012 оноос эхэлж 2019 онд цуцлагджээ. Гэтэл 2012 оноос эхэлсэн асуудалд ТОСК-ыг Засгийн газрын тогтоолын дагуу оруулж, гэрээ байгуулах замаар танай төслийг санхүүжүүлсэн байна. Төрийн байгууллагууд ажлаа бүрэн хийжээ. 2015 оноос нөхцөл шаардлагаа хангаж чадахгүй байтал банк 18 сарын дараа татсан асуудал байгаа. ТОСК-ын битүүмжтэй байсан мөнгөөр танайх зээлээ төлүүлчхээд байгаа юм биш үү? 


- ТОСК биднийг татаж оруулсан. Тухайн үед гаднын зээлээ хөөцөлдөөд бүтээсэн компани байхгүй. Миний мэдэх 10 гаруй компани зээл хөөцөлдсөн. Хөгжлийн Банк дөнгөж байгуулагдчихаад баталгаа цуцалсан учир цаашдаа муу жишиг тогтоохгүйн тулд ТОСК бидэнд санал тавьсан. 


Би ТОСК-тай хамтарч ажилласандаа харамсаж байна. Өөрийнхөөрөө явсан бол илүү мөнгө төлөөд суухгүй байсан байх. Зээлийн шаардлага хангаагүй газартай гаднын банк зээлийн гэрээ зурдаггүй юм. Манайхаас шимтгэл авдаггүй, Монгол шиг биш. 


Чи нөхцөлөө аваад ир гэсэн. Наад мөнгийг чинь зарцуулаад юмаа хийхгүй юм уу гэхэд үгүй ээ битүүмжтэй байгаа ашиглаж болохгүй гэсэн ТОСК-ын санаагаар ийм зүйл болсон. 


Эцсийн дүндээ зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаа байсан юм шиг байна. Би сайн тааж мэдэхгүй. Сүүлдээ өгсөн, өгөөгүй ч юм шиг зээл нь гацаад байдаг. Би хилийн хоригтой байгаа. Нөгөө төлсөн зээлийн шимтгэлээ авч ирмээр байна. 


- Иргэний хэргийн шүүх хурлаар төсөл хэрэгжүүлэгч 61 тэрбумаа төл гээд, гэрээ байгуулсан ТОСК юунд ч оролцоогүй атал 21 тэрбумыг төлөх шийдвэр гарсан. Битүүмжтэй хугацааг дахин сунгаад өнөөдрийг хүртэл байлгах байсан уу, Банк батлан даасан хугацаагаа сунгасан бол зээл олгох нөхцөлөө хангаж чадахаар байсан уу? 


- Бидний гарын үсэг, төлбөрийн таамаг, тамга байхгүйгээр арванхоёрдугаар сарын 20-ны өдөр дансанд байсан мөнгө маань байхгүй болсон. Энэ мөнгөө ашиглуулахгүй бол буцааж аваад манай барьцааг өгөөч гэж Хөгжлийн Банканд хэлж байсан. Эцсийн дүндээ би хохирч байна. Та нар манай гарын үсэггүйгээр гүйлгээ хийсэн учир буруутаж байгаа. Энэ маргааныг Хөгжлийн Банк дандаа хойшлуулдаг. Нэг хүн хариуцаж байгаад дахиад шинээр эхэлдэг. Танай банк шийдвэр гаргахгүй нөхцөлөөс болж бид ингээд явж байна. 

Хотын дарга АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзав

Эх сурвалж: Г.Тэгшсүрэн, www.gogo.mn, 2023.05.01






Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай өнөөдөр уулзлаа. Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг шаардлагатай байгаа салбар, чухал ажлуудын талаар санал солилцов.


Хотын дарга Д.Сумъяабазар "АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд бидний урилгыг хүлээн авч “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцсонд талархал илэрхийлье.


АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түншлэлийн харилцаатай орнууд болсонд туйлын баяртай байдаг. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээн дэх нэгэн том ажлын биелэл нь Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаа явдал. Цэвэр усны нөөц тулгамдсан асуудал болоод буй энэ цаг үед энэ салбарт цаашид АНУ-тай нягт хамтран ажиллах болно" хэмээлээ.


Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган "Улаанбаатар хотын талаар дэлгэрэнгүй ойлголт өгч, тайлбарласанд баярлалаа. Улаанбаатар бол амьдрахад, дипломат үүргээ гүйцэтгэхэд тун таатай хот байна. “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцохдоо Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн хэрэгжүүлж буй бодлого, алсын харааны талаар ихээхэн ойлголт, мэдээлэл авсан. Цаашид хамтын ажиллагааны бүхий л салбарт харилцан дэмжиж ажиллахдаа таатай байх болно" гэлээ.


Улаанбаатар нь АНУ-ын Денвер хоттой ах дүүгийн харилцаатай бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Их тойруугаас Сэлбэ голын баруун эрэг дагуу Бээжингийн гудамж хүртэлх хэсгийг “Денверийн гудамж” хэмээн нэрлэсэн байдаг.


Эх сурвалж: НЗДТГ


ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал болно

Эх сурвалж: Н.Эрхбаяр, www.ikon.mn, 2023.05.01





Улаанбаатар чуулгын байранд


08:30 цагт Хөгжлийн Банктай холбогдох гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна. 


“Галлериа Улаанбаатар”-т


10:00 цагт “Дижитал нүүдэл-2023” контент бүтээгчдийн форум болно.


Төрийн ордонд


10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.


11:30 цагт Бондын төлбөрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгнө. 


Д.Сүхбаатарын талбайд


10:00 цагт Иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулагдана.


11:00 цагт МҮЭ-ийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал зохион байгуулна. 


МОНЦАМЭ агентлагийн байранд


11:40 цагт Ховд хотод зохион байгуулагдах шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлнэ.


“Мишээл Экспо”-д


11:00 цагт “BARILGA EXPO-2023” олон улсын үзэсгэлэн болно. 


Үндэсний мэдээллийн төвд


11:30 цагт Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийнэ.


12:00 цагт Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотой иргэн Н.Тэмүүжин 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил хийсэн судалгааг танилцуулна.


12:30 цагт Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар ҮАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж буй талаар экологич Д.Туяа мэдээлнэ.


Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд


12:00 цагт Үнийн өсөлт болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг олгох талаар иргэдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.


"Гурил, гурилан бүтээгдэхүүний цөөн хэдэн монопол компани үнийг дураараа зохиож байгаа"

Эх сурвалж: Г.Мөрөн, www.ikon.mn, 2023.05.01


УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд (2023.04.30) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим зах, худалдааны төвүүдэд ажиллажээ.


Нийслэлээс сонгогдсон зарим гишүүдэд хандан өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон билээ.


Энэ хаврын нөөцийн мах чанаргүй, хэт үнэтэй гарсан гэв

Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцав.


“Хүчит шонхор” захад хонины ястай мах 11,000-13,000 төгрөг, үхрийн ястай мах 13,000-15,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.


Махны үнийн өсөлтийн талаар худалдаа эрхлэгчид хэлэхдээ, жил бүрийн хаврын улиралд шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ бага зэрэг өсдөг гэлээ.


Түүнчлэн энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ.


Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг гэж байв.


Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махан дээр нэг кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг байна.


“Хүчит шонхор” захад махны нийлүүлэлт хэвийн үедээ өдөрт 100-150 тонн борлуулагддаг бол өнөөдрийн байдлаар өдөрт 20-30 тонн мах борлуулагдаж байгаа гэнэ. Энэ нь нийслэлийнхний махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг. Энэ хомсдолыг нөөцийн махаар нөхөх учиртай ч энэ хаврын нөөцийн махны чанарын шаардлага хангахгүйн дээр үнэтэй байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм.


Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд намар мах нөөцлөхдөө журмын дагуу бус “Хүчит шонхор” зах дээр борлуулагдаагүй үлдсэн муу махыг авч нөөцөлдөг гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байв.


Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгж 8,000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 10,700, хонины ястай мах кг нь 8,600 төгрөгөөр борлуулагдаж байна.


УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавартаа бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно.


Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Нөөцийн махыг ном журмаар нь бэлтгэж чадвал жил бүрийн хавар махны үнийг хөөргөдөлгүй барих боломжтой гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, заасан журмын дагуу ажиллуулдаг болох тал дээр анхаарал хандуулах шаардлага үүссэн байна” гэв.


Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна

Дараа нь Байнгын хороодын дарга, гишүүд Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа.


Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байв.


Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт болдог гэлээ. Тэд валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.


Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна.


“Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв.


Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд цөөн хэдэн компани монопол болсон учраас үнийг дураараа зохиож байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.


Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.


Хүнсний дэлгүүрийн хувьд бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэссэн тухай ярилаа.


Нөөцийн махны хувьд хэт туранхай, чанаргүй мах өндөр үнээр зарагдаж байна хэмээн иргэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв.


УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах сүү ногооны урамшуулал олгож байгаа хэдий ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байгаа нь урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах болсон байна.


Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг УИХ-д танилцуулна” гэв.


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.













Н.Тэмүүжин: Улаанбаатарын түгжрэлийг 10 замын төлөвлөлтөөр шийднэ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.01








Автотээврийн салбарт 15 жил ажиллаж буй иргэн Н.Тэмүүжин сүүлийн 8-9 жил зам тээврийн судалгаа, төлөвлөлтийг бие даан гүйцэтгэж байгаа аж. Тэрбээр автомашины түгжрэлийг бууруулах төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.


Тэрбээр "Түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 2022 онд 3.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 10%-тай тэнцэж байна.


Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа, байгаль орчин зэрэг хохирлыг бид амсаж байна.


Цаг хугацааны хохирлыг онцолбол, нийслэлийн нэг иргэн жилдээ 718 цаг буюу бүтэн нэг сарыг зам дээр өнгөрүүлдэг. Үүнийг дэлхийн түгжрэлтэй хотуудтай харьцуулахад Улаанбаатарчууд 3-7 дахин их хугацааг зам дээр өнгөрүүлж байна.


Түгжрэлийг бууруулахад иргэд олон нийтийн дунд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг явуулах, хувийн тээврийг хязгаарлах, зах, худалдааны төв болон их, дээд сургуулийг хотын төвөөс гаргах асуудлыг ярьдаг. Зорчих урсгал руу хүргэх, зорчуулах хэрэгслийг өөрчлөх зохион байгуулалт хийгээд түгжрэл буурахгүй.


Замбараагүй газар олголт, эмх цэгцгүй тогтолцооны илрэл нь түгжрэл болдог. Зам өөрөө ачааллаа даахгүй байгаа нь түгжрэлийн нэг асуудал.


Замын болон автомашины гээд түгжрэл хоёр өөр. Дэлхийн улс орнууд замаа эхэлж төлөвлөөд барилга байгууламжаа шийддэг бол манай улсад энэ нь эсрэгээрээ байдаг.


Улаанбаатарын газарзүйн байршил, хүрээний онцлог байдал, хот төлөвлөсөн мөчлөг, хот төлөвлөлт алдагдсан зэрэг дөрвөн зүйлийг ярина.


Төрийн бүх салбарын төвлөрөл нь Улаанбаатарт байдаг. Өглөөдөө төв рүү, оройдоо зах руугаа гэдэг хөдөлгөөнтэй.


Гаднын зээл тусламжаар Нарны гүүр, Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг хийлгэсэн. Ингэхэд тухайн улс орнууд өөр, өөрийн орны стандартыг барьдаг.  Үүнээс болж зам тээврийн осол, түгжрэл үүсдэг. Эдгээр асуудлыг 10 замын төлөвлөлтөөр шийднэ.


10 замын төлөвлөлт гэдэг нь хэвтээ болон босоо тэнхлэг дэх өргөн чөлөө бүхий шууд холбогдох гол замын төлөвлөлтийг хэлнэ. Үүнд хотхон, хороолол доторх, туслах, холбоос замыг оролцуулаагүй.


20 орчим хэсгээс бүрдсэн 60 орчим км урттай авто замыг барьж, зөв холбовол Улаанбаатар хот хэвтээ болон босоо тэнхлэг дээрээ 10 өргөн чөлөөтэй болно. Геометрийн талаас харвал Улаанбаатарын зам төгс болж чадна. Таван кольцо бүхий тойрог үүсэж байгаа.


Улаанбаатар ганц том Энхтайваны өргөн чөлөөтэй. Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зорчих эрхийг өгсөн. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр10 зам дээр нийтийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр явах давуу эрхтэй зорчино.


Энхтайваны, Чингисийн,  Их Тойруу, Чингисийн өргөн чөлөөний гол замуудыг баруун, зүүн дөрвөн зам, төв шуудан, 32-ын тойргийн уулзварууд холбодог. Эдгээр уулзварт түгжрээ үүсдэг.


Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар гурван эгнээ, хүлээн авах чадвар нь хоёр эгнээ болж явж байгаа. Өгөөжийн уулзвараас урагш Нарны замтай холбогдох үед нэг эгнээ болж бөөгнөрөл үүсдэг.


Зүүн дөрвөн замын хөдөлгөөн мөн ялгаагүй байна.


Гандангийн уулзвар дээр л гэхэд нэг эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл багтаж явдаг. Үүнээс болж мөргөлдөх, шүргэлцэх асуудал үүсдэг. Төслийн ач холбогдол эдгээрийг бууруулахаас гадна түгжрэлээс шалтгаалсан тээврийн үнийн өсөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, хүн амаа орон сууцжуулах гээд төр засгийн хэмжээний бодлогуудтай шууд уягдана.


Улаанбаатарын хаана ч амьдардаг байсан тэгш хүртээмжтэй тээврийн дэд бүтцээр бүрэн хангадах төлөвлөлтийг боловсруулсан" хэмээн танилцуулав.


"Өргөн чөлөө бүхий замын трасст барилга барьж болохгүй. Улсын нөөцөд авч үлдэхийг хэлээд энэхүү төслийг санаачилснаараа хувийн ашиг хонжоо хараагүй"-г нэмж хэллээ.

Л.Энх-Амгалан: Ирэх есдүгээр сарын 1-нээс нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байхыг зорино

Эх сурвалж: Б.Бадамгарав, www.ikon.mn, 2023.05.01





Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит чуулган өнөөдөр болж байна. 


Энэ үеэр нийслэлийн боловсролын хүртээмж чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байгаа юм. 


Тэрбээр хүртээмжийг нэмэгдүүлэх 15 шийдлийг мэдээлэв. Тухайлбал, 


Газар зүйн мэдээллийн системд суурилсан төлөвлөлт хийх

Ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх

Шинээр баригдах хотхон, хорооллын зураг төсөлд цэцэрлэг сургуулийн барилга төлөвлөх, барих шаардлага тавих, түүнд хяналт тавих

Аж ахуйн нэгж, байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг, сургуулийн зориулалттай барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, урамшуулах

Хорооны Засаг даргын Ажлын алба, тухайн дүүргийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗГ)-ыг зориулалттай барилга байгууламжуудыг бага сургуулийн зориулалтаар түр ашиглах

Нийслэлийн төлөөлөгчид тойргийнхоо нэгээс доошгүй цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулахад төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх гэх зэрэг байна. 

Мөн сайд Л.Энх-Амгалан "Сургуулийг бага, дунд, ахлах гэж төрөлжүүлэх бодлого барина. Ахлах сургуульд багшлах багш нарыг магистрын зэрэгтэй байхыг шаардана. Бага ангид нэг багш бүх хичээлийг орж байгаа нь буруу. 


Улсын хэмжээнд 2,000 орчим багш дутагдалтай байгаа. Түүнээс биш бүгдээрээ Солонгос явсан мэт буруу ойлголт байж болохгүй. Цаашид багшийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд нэр хүндийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай" хэмээв.


Түүнчлэн "Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл нь боловсрол мөн. Өглөө, оройн түгжрэлийн 30-40 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхээс өгөхөөс хамаарч байгаа гэсэн тооцоолол бий. Цаашид гэрт ойр сургууль бол хамгийн сайн сургууль байх тогтолцоог нэвтрүүлбэл түгжрэл эергээр нөлөөлнө.


Цэцэрлэг, сургуулийн хэв шинжийг эргэж харах хэрэгцээ үүссэн. Стандартын хувьд мөн уян хатан байх шаардлагатай. 


Бүлэг зохион байгуулалтыг сургуулийнх нь онцлогтой уялдуулж, ирэх есдүгээр сарын 1-нээс нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийнэ гэж зорьж байна. Тэгэж байж боловсролын чанар, хүртээмжийн асуудалд ахиц гаргана" хэмээн мэдэгдлээ.



Д.Тунгалаг: Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг өнөөдрөөс олгож эхэллээ

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.01





Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын Ерөнхий Газрын ОХБОХ-ийн дарга Д.Тунгалагаас тодрууллаа.


- ХХОАТ-ын буцаан олголт хэзээ иргэдийн дансанд орох вэ?


- Иргэдийн 2022 оны иргэдийн орон сууц, сургалтын төлбөр, бусад татварын хөнгөлөлтийг нийслэлд тавдугаар сарын 1-нээс эхлэн олгож байна.


Орон нутгийн хувьд буцаан олголтыг данс руу нь шилжүүлээд эхэлсэн. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Булган, Говьсүмбэр, Орхон, Хэнтий аймгууд буцаан олголтоо 100% аваад байна.


Төв төрийн сангийн “багц”-ын гүйлгээний дансанд  иргэдийн буцаан олголтыг санхүүжилтийг орон нутгийн Төрийн сангаас шилжүүлсэн тухай бүр Татварын удирдлагын нэгдсэн системийн тусламжтайгаар өдөрт олгох үйл ажиллагааг Татварын Ерөнхий газар нь Сангийн яамны Төрийн сангийн газартай хамтран хэрэгжүүлдэг.


- Нийт хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлтийг буцаан олгохоор байна вэ?


- Хувь хүний орлогын албан татварын тайлан 2022 оны тайланг 293,963 иргэн  ирүүлснээс 54,153 иргэн нь татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ.


Хүсэлт гаргасан иргэдийн 2022 онд төлсөн 64.4 тэрбум төгрөгийн татварыг нь буцаан олгохоор байна.


Тухайлбал хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан 32,560 иргэнд 55 тэрбум төгрөг буцаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 21,452 иргэнд 9.2 тэрбум төгрөгийн төлсөн татварыг нь буцаан олгоно.


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд татварын алба “Татварын боловсролын жил” болгон зарлаж, иргэд, бизнес эрхлэгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны үр дүнд иргэдийн тушаасан тайлангийн тоо 222 мянгаас 294 мянга болж 33 хувиар өссөн байна.


Түүнчлэн татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн зохицуулалт болох татварын хялбаршуулсан горимоор 77 мянган иргэн татвараа тайлагнасан.


Энэ нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татвар төлөгчийн үүргээ биелүүлсэн бол эрхээ эдлэх эрх зүйн өндөр чадамжтай болсныг харуулж байна. Жишээлбэл: Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив нь баримтаар нотлогдож байгаа бол тухайн хандивтай тэнцэх хэмжээний жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг болон алсын зайн хөнгөлөлтийг үйл ажиллагааны орлоготой иргэд эдэлж эхэлсэн байна.


-Хувь хүний татвар төлөлтийг сайжруулах чиглэлээр Монголын татварын албанаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?


- Татварын албанаас иргэдийн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, татвараа тайлагнах, төлөх процессыг хялбар болгох, хөнгөвчлөх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал төлбөрийн баримт хэвлэх кассын систем, хэвлэх төхөөрөмж ашиглах боломжгүй бизнес эрхлэгчдэд QR код үүсгэн өгч, худалдан авагч тухайн QR кодыг и-баримт аппликэйшнээр уншуулан өөртөө худалдан авалтын баримт үүсгэн авах боломж бүрдүүлсэн.


Татвар төлөгчдөд бүх төрлийн хөрөнгийн албан татварын нэхэмжлэхийг татварын төлөгчийн гар утас, цахим хаягаар хүргүүлж байна.


Түүнчлэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо албан татвараа хялбар төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2023 оны нэгдүгээр улирлын урамшууллаараа нийт 54,363 татвар төлөгч 755.1 сая төгрөгийн албан татвараа ямар ч гүйлгээний шимтгэлгүй төлсөн байна.


Өнөөдрийн байдлаар малчид хөрөнгийн, малын болон бусад бүх төрлийн албан татвараа ибаримт аппликэйшнээрээ  гэрээсээ төлөх боломжтой болсон.


-Иргэд хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?


-Татварын албанд 2.9 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэлтэй байдаг. Эдгээр иргэн нь 2022 онд 3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь татварын байгууллагын улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын 33 хувийг бүрдүүллээ.


Тухайлбал орлогын татвар буюу цалин түүнтэй адилтгах орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогоос 1.40 их наяд төгрөг, хэрэглээний татвар буюу НӨАТ, ОАТ, НХАТ-аар 1.56 их наяд төгрөг, хөрөнгийн татвар буюу ҮХЭХ, автотээврийн хэрэгсэл, галт зэвсэг, малын хөлийн татвараар 85 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

CU-ийн дэлгүүрийн менежерийн эхлэл цалин ₮2.2 сая

 Эх сурвалж: ikon.mn, 2023.05.01



“Cэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь бидний сайн мэдэх CU Брэндээрээ Монголын хөрсөнд цоо шинэ үйлчилгээний соёлыг амжилтайгаар суулгаж чадсан. Тэд 7 хоног бүр шинэ салбараа нээж маш хурдтайгаар тэлсээр өнөөдөр 300 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Бизнес амжилттай ажиллахад мэдээж хүний нөөц бол маш чухал капитал. Өнөөдрийн их хотын завгүй амьдралд CU Брэнд Дэлгүүрийн менежерүүддээ бүтээмж өндөр, сэтгэл ханамжтай ажиллахад нээж өгч байгаа эдгээр боломж нь цаг зав, зардал хэмнэсэн маш сайн шийдэл болжээ.


1. Ажилдаа бага, амьдралдаа их цаг зарцуул


12 цаг ажиллаад 36 цаг амардаг ажлын байр. Хоббиндоо, Гэр бүлдээ мөн  өөртөө зарцуулах цагтай болно  гэсэн үг. Ер нь ажлын цагийг илүү уян хатан болгох замаар ажилтанд ээлтэй нөхцөлийг бий болгож байгаа юм.


2. Дэлгүүрийн менежерүүдийн цалин: ₮2'200'000


Дэлгүүрийн менежер нь өөрөө цөөн хүнтэй стартап компанийн захирлын хэмжээний хариуцлага, бусадтай харилцах чадвараас гадна  олон өөр ажлуудыг зэрэг гүйцэтгэх ур чадвар шаарддаг ажил учраас тэд зах зээлд өрсөлдөхүйц цалин санал болгож байна. Мөн дэлгүүрийн менежерүүд ур чадвар, гүйцэтгэлээ сайжруулан зургаан сар тутам зэрэглэл ахихын хэрээр цалин болон карьераа өсгөх боломжоор хангагддаг байна.


3. Гэрээсээ ажил хүртэл 5 минут


Өөр нэг таатай зүйл нь гэртэйгээ хамгийн ойр салбарт ажиллах боломж. Гэр ажлын хооронд түгжрэлд энергиэ барахгүй, зам дээр цагаа үрэхгүй байх боломж гэдэг бол “Golden ticket” биз дээ.


Ийнхүү ажил гэрийн хооронд 5 минут хүрэхгүй хугацааг зарцуулдаг, нэг өдөр ажиллаад нэг өдөр амардаг уян хатан цаг, өрсөлдөхүйц цалингийн нөхцөлтэй ажлын байрандаа долоо хоног бүр нээж буй шинэ дэлгүүрүүддээ зориулан ирээдүйн дэлгүүрийн менежерүүдийг урьж байгаа юм байна. 

Сүлжээ дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүхий л бэрхшээлүүдийг шийдэж, нөгөө талаас бүх “know-how”-д суралцдаг, өсөн дэвжих боломжтой ажлын байр бол "Дэлгүүрийн менежер".


Хэрвээ та өөрийгөө дэлгүүрийн менежерийн ажилд сорьж үзэхийг хүсвэл доорх холбоосоор анкетаа илгээгээрэй.

"Ulaanbaatar cup" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний Чингэлтэй дүүргийн шилдгүүд тодорчээ

Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2023.04.29


"Ulaanbaatar cup" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний Чингэлтэй дүүргийн шилдгүүд тодорсон байна.


Энэхүү тэмцээнийг нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.


Чингэлтэй дүүргийн аваргаар "Dugaraa team" тодорсон бол хоёрдугаар байрт "Black Mamba" баг шалгарч финалд оролцох эрх, мөнгөн шагналыг хүртлээ.


"Ulaanbaatar cup" сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар шалгарсан баг долдугаар сард болох FIBA 3x3 их дуулгад оролцох эрх авна. Энэхүү тэмцээн Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээр цааш үргэлжилж байгааг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.











"Playtime" хөгжмийн наадмын эхний арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

Эх сурвалж: П.Зоригт, www.ikon.mn, 2023.04.30


"Playtime" хөгжмийн наадмын энэ жилийн эхний арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана. 


Энэхүү "Pre-event"-д дараах хамтлагууд уран бүтээлээ толилуулахаар болжээ. 


A dawn is

Kade x Grey

The shy poopers

Eccession

Vagaband

Deaf cats

Teresa in the moon 


Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Амьд хөгжмийн наадам" ТББ-тай хамтран “Playtime” хөгжмийн наадмыг энэ оны долдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон билээ. 


Энэ жилийн хувьд "Playtime хөгжмийн наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны 20 уран бүтээлч хүрэлцэн ирнэ.


Мөн Монголын 170 гаруй уран бүтээлч оролцох юм хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.







Эх сурвалж. tseg.mn

"Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хэрэгжүүлнэ"

Эх сурвалж: П.Зоригт, www.ikon.mn, 2023.04.30






Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, БНСУ-ын Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Ким Суншиг нар Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.


Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын талаас Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон БНСУ-ын талаас Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацын удирдлагууд оролцлоо.


Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх аж.


Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.


Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон энэ үед иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг хотыг байгуулахад хамтран ажиллах нь тус хамтын ажиллагааны гол ач холбогдол оршиж буй аж.


 


Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпорац

“BARILGA EXPO 2023” үзэсгэлэнгийн “Барилгын материал, техник технологи” хэсэг нээлтээ хийлээ

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.04.28


Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн, барилгын материал, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2023” үзэсгэлэн, яармаг 16 дахь жилдээ та бүхнийхээ өмнө өндөр үүдээ нээлээ.


“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж, 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Нээлтийн арга хэмжээнд БХБЯ, БХТ, салбарын холбоодын төлөөллүүд болон үзэсгэлэн, яармагийн ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч компаниудын удирдлагууд оролцлоо.


Тус хэсэгт барилгын материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч 100 гаруй ААНБайгууллагууд барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцуулах болно.


Барилгын салбарын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцан, урамшуулалтай худалдан авалт хийж, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй илтгэлийг “Барилгын материал, техник технологи” үзэсгэлэн, яармагаас авах боломжтой.


Харин олон улсын оролцогчид болон шинэ орон сууцны үзэсгэлэн дараах өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулагдана.


5-р сарын 05-07-нд “International fair”,

5-р сарын 12-14-нд “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө”

Иймд, Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил, дэвшилтэй танилцахыг урьж байна.


Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН


Хамтран зохион байгуулагч:


БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Ерөнхий ивээн тэтгэгч:

“ACTIVE GARDEN RESIDENCE”

“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ХХК


Ивээн тэтгэгч:


“GREEN GARDEN RESIDENCE”

“МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК

“МОНКОН КОНСТРАКШН” ХХК


www.barilgaexpo.mn