Өнгөрсөн амьдралаа эргээд харахад сэтгэл ханамжтай байна гэж ахмадуудын 93 хувь нь өөдрөг үнэлгээ өгсөн ч...

Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.04.28


"Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо" сэдэвт судалгааны үр дүнгийн тайланг тоймлон хүргэж байна. 


Энэхүү судалгааг нийслэлийн зургаан дүүрэг болон Дорнод, Дундговь, Төв, Орхон аймгийн 500 ахмад настан, 500 залуусын дунд явуулжээ. Ингэхдээ 


Залуус ахмадуудын тухай 

Ахмадууд өөрсдийнхөө тухай 

Ажил олгогчид ахмадуудын тухай хэмээн гурван бүлэгт хувааж судалсан байна. 

Дээрх судалгаанд "Ахмадууд өөрсдийнхөө тухай" хэрхэн дүгнэсэн талаарх үр дүнг танилцуулъя. 


"Ахмадууд тэтгэврийнхээ ихэнх хэсгийг үр хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулж байна"

Судалгаанд хамрагдсан ахмадууд (500 иргэн) тэтгэврийн хэмжээ, нийгмийн амьдрал дахь оролцоо, биеийн эрүүл мэнд гуравт сэтгэл ханамж тааруухан байна гэж хариулсан. Харин өнгөрсөн амьдрал, гэр бүлийн байдал, амьдарч буй орчин нөхцөлдөө өөдрөг үнэлгээ өгчээ.


Тус судалгааны тайланд "Өнөөдөр ахмадуудын дийлэнх хэсэг нь тэтгэврийн зээлтэй байна. Манай судалгаанд хамрагдсан ахмадуудын 60.6 хувь нь тэтгэврийн зээлтэй байсан. Тэдний тэтгэврийн зээлийн ихэнх хэсэг нь хүүхдүүддээ машин авч өгөх, ач зээ нарынхаа сургалтын төлбөрийг төлөх, хэн нэгний буяны үйлсэд зарцуулагдаж байна. 


Гэтэл зээл нь дээрх бүх зарлагыг барагдуулж чаддаггүй бөгөөд ямар нэгэн байдлаар үлдэгдэл төлбөр байсаар. Улмаар ахмадууд маань бүх төлбөрийг гүйцэд төлж чадаагүйдээ үргэлж сэтгэл дундуур явдаг ажээ.


Тэгвэл ахмадууд яагаад тэтгэврийн хэмжээндээ сэтгэл дундуур байна вэ?


Энэ нь дараах хоёр шалтгаантай. 


Олон жил ажилласан ахмадууд өөрсдийн хөдөлмөр, бүтээмжийг хангалттай хэмжээнд үнэлүүлж чадсангүй гэдэг ойлголт.

Өөрийн тэтгэврээр үр хүүхдэдээ хангалттай тусалж чадахгүй байна гэх зэрэг шалтгаанаар ахмадууд сэтгэл ханамжгүй байна" хэмээн дурдсан байна. 

"Судалгаанд хамрагдсан ахмадуудын 85 хувь нь хооллолт тааруу болсон тухайгаа ярьжээ"

Тэд хооллолтдоо сэтгэл ханамжгүй буюу 85.3 хувь нь хооллолт тааруу болсон хэмээх үзжээ. Түүнчлэн ахмад хүмүүс өөрийн үнэ цэнийг мэдэх, өөрөөрөө бахархах нь хамгийн муу үзүүлэлттэй байгааг дараах график харуулж байгаа юм. 


Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ хүн өөрийн хооллолтдоо ямар нэгэн байдлаар анхаардаг. Харин тэтгэвэрт гарсны дараа энэ байдал өөрчлөгддөг гэдгийг судалгааны тайланд дурдсан байна. 


Ахмад настны яриа: 

Орхон аймгийн иргэн, ахмад багш Ш.Г "Ганцаараа амьдарч байгаа хүн хоол хийж идэхээ больчихдог юм байна. Уг нь ч би тэтгэвэр гайгүй өндөр тогтоолгосон. Түүнээсээ ч жаахныг хадгаламжид хийдэг. Өнжөөд л нэг хоол хийх юм. Тэгээд ч тэрийгээ барахгүй муудуулчихна. Харин хүүхдүүд ирэх сургаар гайгүй хоол хийхийг хичээнэ. 


Би долоо хоногийн хуваарь гаргаад зарим өдөр нь теннис тоглоно. Заримдаа биллиард цохино. Сургууль дээрээ очиж хичээлээ заахаар л хамаг юм сайхан болчихдог юм" гэжээ.


 


Эх сурвалж: Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо судалгааны тайлан (2022 он)