Эх сурвалж: Болормаа Хөххүү. 2022.03.18
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил бүхий зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд 551 гарааш буулгах шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа холбогдох хэлтсийн дарга нарын хамт 3, 7, 8, 10 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр гарааш эзэмшигчидтэй уулзаж, газар чөлөөлөх явц, чөлөөлсөн талбайд ямар тохижилт, бүтээн байгуулалт хийх талаарх тэдний саналыг сонсов. Цаашид тухайн талбайн газар чөлөөлөлтийг эхлэхээс өмнө дүүргийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулан иргэдтэй уулзалт хийж, санал, хүсэлтийг нь хүлээн авна. Үүний дараа иргэдийн саналд үндэслэн чөлөөлсөн газарт ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Засаг дарга хэлсэн юм.