Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны буюу өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталжээ.
Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталжээ.
Аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх саналыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлснийг хянаж нэгтгэн, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах санал гаргасан байна.