Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьших боломжтой гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.16





Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 


Уг тогтоолын төсөлд:


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулсугай.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн газрын талбайн хэмжээг 1,000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг  хавсралт ёсоор баталсугай гэжээ. 

Хуулийн төслийн танилцуулгад “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл  баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.


“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-д тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн алхам болно.


Түүнчлэн Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох “Шинэ зуун мод”, “Их дээд сургуулиудын хотхон” байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ. Эдгээр хотыг орчин үеийн загвараар хүрээлэн байгаа орчинд ээлтэй, эдийн засгийн ашигтай, хүний амьдрах, ажиллах нэн таатай орчин бүрэлдсэн, тогтвортой, ногоон, эко ухаалаг хот байлгахаар төлөвлөж байна.


Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50  мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна. Түүнчлэн 1 мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна.


Чөлөөт бүсэд нэвтрэх визийн тусгай дэглэмийг дагаж газар зүйн хувьд ойрхон, харьцангуй бага зардлаар ирэх боломжтой аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүсэд ая тухтай амрах, зугаалах, худалдан авалт хийх бололцоо бүрдэх тул жуулчдын тоо нэмэгдэж, гадаад худалдаа, үйлдвэрлэл хурдацтай хөгжих давуу тал бий болно.


Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд түлхэж болно.


Мөн тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан, дэлхийн жишигт нийцсэн, үндэсний соёл иргэншлийг хадгалсан эрүүл, ногоон, эко хот байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээн дурджээ. 


УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.