Эх сурвалж: ikon.mn, 2022.03.25
Монголын эдийн засгийн чуулганаас зохион байгуулж буй "Хот, хөдөөгийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөллүүд хэлэлцсэн юм.
"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн"
Нийслэлийн Засаг даргын орлогч, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн хэлэхдээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлын нэг нь түгжрэл юм. Дэлхийн улс орны хотууд замынхаа хөдөлгөөнийг зохицуулахдаа цаг бага алдаж, төлөвлөлтийг оновчтой болгох гэх мэт цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд замын хөдөлгөөний багтаамж, сүлжээ даацыг яаралтай нэмэгдүүлэхгүй бол нийслэлийн гол гудамж замууд 1970 оноос хойш огт нэмэгдээгүй" гэв.
Мөн тэрбээр замын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулахдаа "Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн илт нэмэгддэг. Үүний тооцооллыг бид гаргасан байгаа. Энэ хүрээнд хамран сургах тойрогтоо сургуулийг бий болгох, сургуулийн хүртээмжийг сайжруулах шаардлага үүссэн.
Түүнчлэн хотын үндсэн гурван чиглэлд баруунаас зүүн тийш нэвт хөдөлгөөнд оролцох боломжтой нийтийн тээврийг хөгжүүлэх сүлжээтэй болох ёстой. Мөн хотыг хувааж буй Туул, Сэлбэ гол болон төмөр замуудыг стандартын дагуу шийдвэрлэх хэрэгтэй.Тодруулбал, 1-2 километрийн шатлалтай гүүрэн байгууламж, нүхэн гарц гэх мэтчилэн замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ чиглэлд ажиллаж байгаа хэмээн ойлгож болно.
Улаанбаатар хот руу дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу орж ирэх зорчилтыг бий болгох үүднээс хүн галт тэрэг төслийг нэвтрүүлж ажиллах юм.
Хөдөө орон нутгаас орж ирж буй автомашины урсгалын баруун, зүүн чиглэлд нийтдээ 30,000 автомашины зогсоол бүхий терминал гаргаж, худалдаа ложистикийн зохион байгуулах ажлыг мөн төлөвлөж байна" гэв.
"Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг барьснаар түгжрэлийг 101 секундээр хорогдуулах боломжтой"
Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатарын авто тээврийн чиглэлд хийсэн судалгааг үндэслэн хэд хэдэн саналыг хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор ЖАЙКА-ын Монгол Улс дахь Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга "Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Мөн ирээдүйд хэрэгжүүлэх урт хугацааны гурван төслийг хэлэлцүүлгийн хүрээнд сонгон авлаа. Нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхийн тулд авто замын сүлжээг сайжруулах гүүрэн зам болон түвшин зөрүүлэх уулзваруудын бүтээн байгуулалтыг санал болгож байна. Энэ нь гүүр суурилуулж агаарын хурдны замыг бий болгох төсөл юм.
Нийслэлийн зүүн талын замын сүлжээг Нарны замтай холбох төсөл
Саппорогийн тойргийн замыг өргөжүүлэх төсөл
Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын зам бий болгоно гэж тооцож байгаа.
Ингэснээр Яармагийн бүсээс - Улаанбаатарын вокзал хүртэл 60 минутаар зорчих тээврийн хугацааг багасгана хэмээн тооцож байна. Агаарын гүүрийг бий болговол Саппорогийн тойргоос түгжрэлийн цагийг 120 секундээр багасгана. Баянбүрдийн тойргоос гүүр болон агаарын замыг бариад түгжрэлийг 101 секундээр бууруулах тооцоо бий.
10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй.
"Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг"
Архитектур З.Туяа "Түгжрэл бол алдагдлууд юм. Тэгэхээр алдагдлаа тодорхойлж, хэмнэлтээ ярих ёстой. Бид түгжрэхгүй болсноор юу хэмнэх вэ. Юун түрүүнд цаг хэмнэнэ. Хэмнэлтээ дагаад бүтээмж яригдах болно. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа юм бол ажиллах хүчний хэдэн хувь нь энд байна вэ гэдгийг тооцох ёстой юм. Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг. Одоо байгаа бүсүүддээ тулгуурлан нийтийн тээврийн төлөвлөлтөө хийх нь зүйтэй болов уу. Үүн дээр дөрвөн дэд төвийн уялдааг бодох ёстой. Тиймээс салбар хоорондын уялдаа хамгийн чухал. Улаанбаатар хотыг дагуул хот болон хөдөөгийн хотуудтай холбон хөгжүүлэхийн тулд мэдээлэл нэн чухал байдаг" хэмээн хэллээ.
"Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй"
“Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөх Б.Бямбасайхан "Хүн амын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо 110 хот байна. Эдгээр хот бүгд түгжрэлийн асуудалтай. Олон хот түгжрэл бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлж буй юм. Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй. Дижитал шилжилт хийж байж төслүүд үр дүнтэй болох юм. Түүнчлэн судалгаа, төлөвлөгөө маш их бий. Үүнийг түргэтгэхийн тулд хувийн хэвшлийн салбарын дэмжлэгийг авах хэрэгтэй. Хотын хөгжил, түгжрэлийг бууруулах тал дээр хувийн хэвшлийнхэн оролцох эрх нь нээгдсэн гэдгийг Хотын дарга түрүүн хэлсэн. Энэ бол дэвшил.
“Цахим хот” төслийн тухайд их өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргахад туслах зорилго бүхий төсөл юм. Жишээ нь, хотын төв рүү ороход татвар нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг ухаалаг удирдлагын системээр шийддэг байх учиртай юм" гэв.