Эх сурвалж: ikon.mn, 2022.03.17
“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо Энэ үеэр нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн гэсэн мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэл бол хэт бага талбай дээр хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Одоогийн 1 сая 560 мянга гаруй хүн амд 1,990 га газар гэдэг хэт бага талбар. Үүнийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлтүүд хийсэн.
Улаанбаатар хотын төвийн хэсэгт төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4,320 автомашин, 3 га газрыг хамруулан хийсэн.
Мөн 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн. Социализмын үед хувийн өмч, хувьдаа машинтай хүн бараг байгаагүйгээс орон сууцны хорооллуудыг авто зогсоол, байшин доорх гараашгүйгээр төлөвлөсөн байдаг.
1990 оноос хойш хүмүүс хувьдаа машинтай болж, маш олон гараашийг төлөвлөлтгүйгээр барьж эхэлсэн. Эдгээр зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй гараашнуудыг буулгаж байгаа. Ингэхдээ томоохон талбайтай газруудад дээрээ ногоон байгууламжтай, доошоо олон давхар авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн.
Ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгоё, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулсан" хэмээн танилцууллаа.