"Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас ₮1.3 тэрбумыг хувь тэнцүүлэн гаргуулж, Нийслэлийн ЗДТГ-т олгохоор шийдвэрлэсэн"

 Эх сурвалж: ikon.mn, 2021.12.20





Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал "Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2002 оны Эрүүгийн хуулийн 36.36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263.263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр хоёр жил хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.


Нийт биечлэн эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар олгож шийдвэрлэсэн. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлэх бөгөөд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ял оноолоо. 


Шүүгдэгч Б.Чулуудайг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,360,000 төгрөгөөр торгов.

Шүүгдэгч Д.Гантулгад гурван жилийн хугацаагаар хорих ял, нийтийн албанд томилогдох хугацааг таван жилээр хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилийн хугацаагаар тооцож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Шүүгдэгч Б.Мөнхтөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

Шүүгдэгч Т.Гэрэлт-Одыг долоон сая төгрөгөөр торгох 

Шүүгдэгч Д.Жаргалсайханд 9,792,000 төгрөгөөр торгох

Шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2.7 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. 

Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1.3 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Нийслэлийн ЗДТГ-т олгохоор шийдвэрлэв" гэдгийг хэллээ. 





Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа "Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шийдвэрлэсэн. Тус хэргийг анх 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан байна. Өнгөрсөн хугацаанд талуудын хүсэлтээр 18 удаа тус шүүх хуралдаан хойшилсон.


Ингээд 2021 оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийн хооронд хэргийн хянан хэлэлцээд шийдвэрээ гаргалаа" гэв. 


Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноов

 Эх сурвалж: gogo.mn, 2021.12.16






Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр:


Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд


Шүүхээс шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,


шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял,


шүүгдэгч  Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял,


шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял,


мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,


шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,


шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,


шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,


шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,


иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас 9 тэрбум төгрөгийг,  


шүүгдэгч А.Гантулгаас  210.651.500 төгрөгийг,


шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг


шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэв.


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар ₮92 тэрбумын алдагдалтай ажиллаж байна

 Эх сурвалж: ikon.mn, 2021.12.07





МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан билээ. Үүнд эрчим хүчний сэргэлтийн бодлого багтаж буй.


Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эдийн засгийг сэргээх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах учиртай. Тийм учраас намын даргын илтгэлд эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд томоохон эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар тусгасан.


Тухайлбал Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцыг барихаар оруулсан. Энэ эх үүсвэр нь говийн бүсэд байрлах улсын төсөвт багагүй хэмжээний орлог төвлөрүүлдэг томоохон уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болно. Хөрөнгө оруулалтын гэрээгээр дотоодоос эрчим хүч авах ёстой Оюутолгой төсөл үүн дотор орж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн Оюутолгой жилд дунджаар 110-120 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортоор авч эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа.


Дотоодоос эрчим хүчний хэрэглээ хангагдсанаар эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд дэмжигдэнэ. Намын даргын илтгэлд орсон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2022 оны гуравдугаар сар гэхэд барилга угсралтын ажил эхлэх ёстой. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр хангах боломжтой болно.


Мөн шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулж чадвал энэ усан цахилгаан станцаас төвийн бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэмжээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэнэ.


Манай улсад үйлдвэрлэл бага хөгжсөнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ хугацаанаас хамаарч их хэлбэлздэг.


Бид эрчим хүчний хувьд импортлогч улсаас экспортлогч орон болно гэдэг зорилго тавьсан. Зорилтыг биелүүлэхийн тулд улс орныхоо түүхий эдийн нөөцөд тулгуурласан шинэ эх үүсвэрүүдийг богино хугацаанд шуурхай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.


Манай улсын эрчим хүчний салбар чадлын дутагдалд байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлээс хэрэглээ нь давсан. Өнөөдрийн нөхцөл байдал бол өнгөрсөн хугацаанд эрчим хүчтэй холбоотой төлөвлөсөн ажлуудаа хийгээгүйтэй холбоотой. Цаашид шуурхай арга хэмжээ авахгүй бол энэ нөхцөл байдал хүндэрнэ. 


Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар долоогоос найман хувиар өсөж байгаа. Жилээс жилд энэ хэрэглээ өссөөр байх болно. Тиймээс эх үүсвэрүүд шаардлагатай.


Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэхүү алдагдал нь үнийг удаан хугацаанд тогтвортой барьсантай холбоотой. Тухайн салбарыг эдийн засгийн хувьд бие даан ажиллах санхүүгийн боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь үнийг үе шаттайгаар чөлөөлөх явдал" гэлээ. 

Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө

Сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам, facebook хуудас


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх талбайд ажиллалаа. 


“Амгалан дулааны станц” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг эзэлдэг, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. 


Сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хаахад тус станц ихээхэн үүрэгтэй. Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх үед ачааллыг шилжүүлэх шаардлагатай. Амгалангийн дулааны станцын одоо ажиллаж байгаа хүчин чадлыг 116МВт буюу 100 Гкал/цаг-ийн хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой” гэдгийг онцоллоо.


Төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсэд 11.000 айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна дулааны гуравдугаар цахилгаан станцын ачаалал хөнгөрч хотын төвийн болон урд хэсгийн хэрэглэгчид рүү ачаалал шилжүүлэх боломж бүрдэх юм. Барилга угсралтын ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэн 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.








Дүүжин тээврийн ажил ЭХЛЭЭГҮЙ ч ашиглалтын өмнөх захиргаа нь энэ онд ₮51.9 саяар эд хогшил авч, ₮242.9 саяыг цалинд зарцуулжээ

 Эх сурвалж: Г.Өлзийхутаг, www.ikon.mn. 2021.11.23







Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр "Агаарын дүүжин тээвэр" нэрлэгдээд удаж буй.

Уг төслийн ажилд зориулагдан энэ онд 414 сая гаруй төгрөг төсөвлөсөн ч юу хийсэн нь тодорхой бус байна.


Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг одоогийн Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа танилцуулсан.

Түүнээс хойш долоон сарын дараа буюу 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг.


Ингэхдээ нийслэлийн Засаг даргын орлогчийн 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн захирамжаар тухайн газрын орон тоог есөн хүний буюу


1. Дарга, төслийн зохицуулагч

2. Дэд дарга

3. Хяналт - шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн

4. Санхүүгийн мэргэжилтэн

5. Цахилгааны инженер

6. Барилгын инженер

7. Норм, стандарт хариуцсан мэргэжилтэн

8. Орчуулагч, оффис менежер

9. Жолооч гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан юм.



Улмаар уг төсөлд зориулан 2021 онд 414.3 сая төгрөг төсөвлөгдсөн нь “Шилэн данс” системд байршжээ.
Үүнээс одоогоор урсгал зардалд 341,460,631 төгрөг зарцуулаад байгаа бөгөөд 51,995,200 төгрөгийг нь эд хогшил, багаж, техник хэрэгсэл, тавилга худалдан авсан гэж мэдүүлсэн байна.




Мөн цалин хөлс болон нэмэгдэл урамшилд нийт 310.6 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 242.9 саяыг зарцуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын 2021 төсвийн зарлагын төлөвлөгөөг харвал, уг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын ажилчдын цалинд сар бүр 25.9 сая төгрөгийг цалинд зарцуулахаар тусгажээ.


Эндээс тус газрын нэг ажилтан сар бүр дунджаар 2,875,000 төгрөгийн цалин авдаг гэж тооцож болохоор байна.

Байгуулагдаад жил гаруй болж буй дээрх байгууллагыг хариуцсан төслийн ажил ямар шатандаа байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодруулахад "Дүүжин тээврийн төслийн ажил эхлээгүй” хэмээн асуултад хариулаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Цэнд гэх эрхмээс тодруулахыг хүслээ.

Энэ талаар тухайн байгууллагаас өөрсдөөс нь тодруулахыг оролдож, холбогдох дугаарууд руу олон залгасан ч огт хариу өгсөнгүй.

Ямартай ч Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд улсаас хөрөнгө төсөвлөгдөж, зарлага гарсан ч ажил нь эхлээгүй, мөн тухайн байгууллага өдийг хүртэл ямар бодитой ажил хийсэн нь тодорхойгүй бөгөөд хаалттай хэвээр байна.

Ташрамд дурдахад, 2020 оны наймдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг.








Харамсалтай нь уг хөрөнгөөр юу хийгдсэн нь ч өдийг хүртэл бас л тодорхойгүй байгаа.

Мөн тус төслийг хэрэгжүүлэх “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-т гадаадаас урилгаар ажиллах 12 мэргэжилтнийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолыг энэ оны долдугаар сарын 7-ны өдөр Засгийн газраас гаргаж байв.

Түүнээс гадна, ирэх буюу 2022 оны улсын төсөвт анх удаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 420 тэрбум төгрөг тусгасан. Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах 18 зорилт бүхий төлөвлөгөөнд Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл ч багтаад буй юм.

Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 Эх сурвалж: 2021.11.10, Монгол Улсын Засгийн Газар





Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 

Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо. 

“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө. 

2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.               


Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна

 

Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт  дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.

 

Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

 

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.  

Ковид-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд унаж, цар тахлаас өмнө дэвшүүлсэн урт болон дунд хугацааны зорилтод хүрэхэд нэмэлт хүндрэл бэрхшээлтэй болсон тул эдийн засгийн гол хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж шийдвэрлэхэд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлэх нэн шаардлага үүсээд буй. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, ажиллах хүчний оролцоо, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарыг энэ сард багтаан боловсруулна. Бодлогын төслийн хамрах хүрээг эдийн засгийн суурийг тэлэх, өсөлтийн үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.

Автозамын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

 Эх сурвалж: 2021.11.04, Монгол Улсын Засгийн Газар


Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.


Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.


Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.


Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.  


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.


Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.


Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ


- Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

- Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

- Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

- Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ

 Эх сурвалж: 2021.10.30, www.mnb.mn, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ?

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ. Мөн Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг ч мөн гаргасан бөгөөд бодит байдалд нийцүүлэх чиглэлээр манай мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнчлэн хурдны замын  төсөл хэрэгжинэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3  км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийсэн урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх бөгөөд 200-300 цахилгаан автобус худалдан авах хэлэлцээрийг хийгээд байна.

-Бонд гаргана гэж зарласан. Үүнийг юунд зарцуулах вэ?

-Хоёр эх үүсвэр байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Улаанбаатар хот төсвийн орлогоо өөртөө үлдээх тухай орсон. Хотын иргэдийн татвар, хураамж хотдоо үлдэнэ гэсэн үг.  Харин татварын орлогын эх үүсвэрээр чанар, стандартын шаардлага хангасан, хэрэгцээтэй зүйлсийг хийж, хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хатуу баримталж ажиллана. Төсвийн орлоготой уялдах дараагийн санхүүгийн эх үүсвэр бол бонд юм. Бондын эх үүсвэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчилсан. Нийслэл Улаанбаатар хотод нэг их наядын эх үүсвэр шаардлагатай. Энэ эх үүсвэр орон сууцны буюу эргэн төлөгдөх чадвартай төслүүдэд зарцуулагдах юм.

Мөн Улаанбаатар хотын баруун, зүүн жигүүрт тээвэр ложистикийн худалдааны төвүүдэд төсөл хэрэгжүүлэх тооцоолол хийж байна. Хамгийн богино хугацаанд эргэн төлөгдөх чадвартай хоёр загварчлал бол орон сууц, тээвэр ложистикийн төв гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа харуулж байна. Бондыг орон сууцны төслүүдэд гаргаж, ипотекийн зээлийг дэмжих юм.  Улаанбаатар хот орон сууцны бодлогоо тултал явуулах хэрэгтэй. Мөн концессын зориулалтаар баригдах төслүүдийн жагсаалт гаргасан. Үүнд Улаанбаатар хотын гурван эгнээ буюу нийт зургаан эгнээтэй, 71.5 км урттай хурдны зам багтана. Уг хурдны зам нь дэд төвүүдийг холбох бөгөөд түгжрэлийг бууруулах хамгийн чухал бүтээн байгуулалт байх юм.

Үүнийг дагаад дэд төвүүдээ хөгжүүлэх, тэнд ажлын байрыг нэмэгдүүлэх, худалдаа, бизнесийн орчныг бүрдүүлэх төлөвлөгөөг гаргана.  Дэд төвүүдэд төрийн захиргааны байгууллагуудыг байрлуулбал дахиад л түгжрэл үүснэ. Харин дэд төвүүдэд ажлын байрыг нэмэгдүүлсэн, аж ахуйн үйлчилгээ, бизнес, худалдааны байгууллагууд байрлавал зохистой. Өөрөөр хэлбэл, иргэдийг тухайн бүс дотор нь ажлын байраар хангах хэрэгтэй. Гол нь тухайн дэд төвүүд нь хотын төвтэй дүйцэхүйц хөгжсөн, иргэдийн шаардлага хангасан байх ёстой. Мөн түгжрэлийг бууруулах нэг өнцөг нь дагуул хот гэж үзээд, тэдгээрийг байгуулах бэлтгэл ажлаа одооноос хангаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Бүтэц дээр дагуул хот хариуцсан орлогч даргатай байхаар зааж өгсөн. Дагуул хотын ажлыг эзэнжүүлж, нэг хүнд хариуцуулж байж энэ ажлаа эрчимтэй, зөв явуулах боломж бүрдэнэ. Эзэнгүй ажилд хариуцлага тооцох боломж хомс шүү дээ. Нийслэлд олон төрлийн ажил явж байгаа тул дагуул хотын ажил орхигдож, үйл ажиллагааны идэвх нь суларч, бодлого нь сарнисан  түүх бий. Тиймээс алдаагаа давтахгүйн тулд ийм шийдвэр гаргасан.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот төсвөө бие даан захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Цаашид жил жилийн төсвөөс улсад хураалгахгүй өөрсдөө зарцуулдаг болж байгаа нь зөв үү?

-Зөв. Жил болгон 420 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Татварын орчин, бизнесийн орчин сайжраад ирвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, том нийлсэн 150 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргээд, эдийн засаг тэлээд эхэлнэ. Мэдээж орлогын хэмжээ ч нэмэгдэнэ. Улаанбаатар хотоос төвлөрүүлж байгаа орлогыг Сангийн яам 70:30 харьцаагаар  томьёолон тооцдог. Тэгэхээр энэ харьцаагаар томьёолохгүйгээр шууд Улаанбаатар хотоос төвлөрүүлж байгаа орлого хотод үлдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулалтыг яаж тэлэх вэ, томоохон хөрөнгө оруулагч нарыг хэрхэн дэмжих вэ?

-Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоол бол хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод итгэх, хөрөнгө оруулах  бодлогын шийдвэр болж чадсан. Энэ шийдвэр гарснаас хойш Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нартай удаа дараагийн уулзалт хийж байна. Ер нь долоо хоногт 2-3 удаа олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзаж байгаа. Тэгэхээр Засгийн газрын гаргасан шийдвэр, тогтоол, УИХ-аас баталсан хууль, Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход томоохон дэмжлэг болсон шийдэл гэж харж байна.

Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу

Эх сурвалж: news.mn, 2021.10.25








Энэ нурах дөхсөн шавар тагз уг нь түүхийн үнэт өв соёл. "Гоожингийн өндөр" гэж түүхт барилга юм. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд бариулж байсан түүхтэй. Товчхондоо Монголын анхны Ерөнхий сайдын сууж байсан барилга. Гэвч өдгөө эргэн тойронд нь орон сууцны хорооллууд сүндэрлэж, бэлтэйхэн айлын зуслангийн байшингаас дор дүр төрхтэй болжээ. Учир нь, энэхүү түүхийн өв соёл хайрлах эзэн, хайхрах хүнгүйн улмаас шавар балгас болоод удаж байна. Харин түүнийг нурааж, орчин үеийн өндөр орон сууц барихаар иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдав.


Дэлхийн улс орнуудад түүх дурсгалын барилгууд нь орчин үеийн олон давхар өндөр шил толь болсон барилгуудаас үнэ цэнэтэйд тооцогддог. Харин Монголд эсрэгээрээ. Соёлын  үнэт өв, түүхийн дурсгалт барилга, бүтээлүүдийг хайрлан хамгаалах үүрэгтэй Соёлын яам нь сохор, дүлий хүн шиг байна.


Хаа байсан Хэнтийд "Андлалын хөшөө" гэж хэн ч тоож үзэхгүй шавах балгас барьж байхаар энэ мэт соёлын үнэт өвөө хайрлан хамгаалж, аялал жуучлалын гол бүтээгдэхүүн болгох боломж бий. Даанч, төр засгийнхэн нь барилгын үнэт өвөө хамгаалахаас илүү байшингийнх нь газарт шунан дурлах нь цөөнгүй.


Олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх энэ түүхэн барилга одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ мэт төр засагтаа тоогдохоо  больсон түүхэн дурсгалт барилга Улаанбаатар хотод хэд хэд бий.


Ер нь Монголын төр засаг хамгаалж үлдэх, нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгаа авран хамгаалах ажил огт хийдэггүй гэж хэлж болно. Харин оронд нь шинэ байшин барьж, мөнгө  босгох далд санаархал агуулдаг.  Энэ асуудалд маш хойрго хандсаар ирснийг ч судлаачид шүүмжилдэг.


Гоожингийн өндөр нэртэй түүхэн дурсгалт барилгыг 1912-1914 онд анх Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан барьж, тэрээр амьдарч байсан түүхтэй. Энэ барилгад сүүлд ЗХУ-ын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн ирж, ажиллаж амьдардаг байсан. Тиймээс монголчууд тэр хүний нэрийг монголчилж, “Гоожин” гэж нэрлэсэн гэдэг.


Энэ түүхэн дурсгалт барилгыг өнгөрсөн 2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Энэ барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтойг судлаачид хэлж буй.


Улаанбаатар хотод 1921 оноос өмнө буюу одоогоос 100 жилийн өмнө насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Энэ нь маш цөөн тоо гэдгийг судлаачид хэлсэн юм. Жишээлбэл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, хуучин циркийн барилга, Дамбадаржаа хийд, Анхны холбооны байр, Улаанбаатар хотын музей, Гоожингийн өндөр зэрэг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгууд бий.


2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11, нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

"Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

Эх сурвалж: 2021.10.20, www.isee.mn


Эл хотод  54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгож буй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус хотын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.


ХОТ БАЙГУУЛАХААР УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН Ч ХӨШӨӨ, СУВАРГААС ӨӨР ЗҮЙЛ БАРИГДААГҮЙ БАЙНА -


Улаанбаатар хотын ачааллыг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хот барих уг төсөл олон жил яригдсан. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх санаачилга гаргаж, “Майдар эко хот” төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж хот байгуулах дорвитой ажил хийгдэлгүй олон жилийг элээсэн. Харин Их Майдар бурхны бодьсатва дүрийг бүтээхэд Их Майдар сан төрийн бус байгууллага иргэдээс хандив цуглуулсан ч мөн л амжилт олоогүй, барилгын ажил гацсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.


Хотыг  дөрвөн үе шаттай барихаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатанд хотод байх ёстой бүхий л зүйлс баригдана. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын газар цогцоороо баригдах бөгөөд 80-100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Уг ажил 2030 он хүртэл үргэлжилж, эрэлт их байвал хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж байв.


Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох байсан. Гэвч 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр манай сурвалжлах багийг тус газар очиход “Их Майдар” бурхны биеийг дөнгөж босгож байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.19/ Зарлиг увдисын суварга босгох барилгын ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Их Майдар бурхны бодьсатва дүр, Зарлиг увдисын суварга босгох ажил хийгдсэн ч хамгийн чухал зүйл болох “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил гэхээр зүйл хийгдээгүй байгаа юм. 


“МАЙДАР ЭКО ХОТ”, “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?


Ерөөс манай улсад хөшөө, суваргаар түрий барьж улсын мөнгө гарлагаддаг нь энгийн үзэгдэл мэт болсон. Үүний нэг сонгодог жишээ нь Андлалын өргөө. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэн шүүмжилж,  шоглосоор ирсэн. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон. Улмаар Андлалын өргөө цогцолборыг буулгасан билээ. Үүнийг өгүүлсний учир нь “Андлалын өргөө”,  “Их Майдар” цогцолбор нь нэг хүний бүтээл юм.


Төсөв, өртгийн хувьд Майдар эко хот “босоход” ойролцоогоор 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэж буй. Харин эхний үе шатыг хийхэд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн Төслийн удирдагч Л.Баяртуул мэдэгдэж байж. Гэвч улсын төсвийн мөнгийг хот босгоход бус дахин нэгэн хөшөө, суварга босгоход зарцуулан “Андлалын Өргөө”-ний түүхийг давтах уу гэдэг болгоомжлол энд төрж байна.






Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3000 мод тарина

 







Эх сурвалж: 2021.10.09, www.gogo.mn, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Намрын мод тарих өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйлсийг өнөөдөр эхлүүллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон нийтдээ 500 мод тарьж суулгав.


Мөн цагдаагийн алба хаагчид, Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш ажилтнууд,  Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнууд, МОНЦАМЭ агентлагийнхан  хамт олноороо оролцсоны сацуу иргэд сайн дураараа, найз нөхөд,  гэр бүлээрээ мод тарихаар ирсэн байлаа. Нийт 70 гаруй аж ахуй нэгж байгууллага, 50 гаруй гэр бүл 3000 мод тарихад хувь нэмрээ оруулж байна.


Мод тарих үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилчдын 80 хувь нь салбартаа мэргэшсэн албан хаагчид. Бид моддоо жилийн дөрвөн улиралд арчилдаг. Тухайлбал дөрөвдүгээр сараас арван нэгдүгээр сар дуустал бүх мод сөөгөө усалдаг,  жилд хоёр удаа бордож, хортон шавьжтай тэмцдэг.  Мөн жилд хоёр удаа  хэлбэржүүлэх, залуужуулах огтлолт, таналт, шуулт хийдэг” гэв. Мөн “Хөрс сайн байна гэдэг өөрөө төлөвлөлттэй,цэгээ сайн хатгаад , нүхээ зөв ухаад, чанартай сайн суулгац суулгана гэдэг энэ мод амжилттай ургахын хамгийн гол эх үндэс юм” гэдгийг онцолж байлаа.


Мод тарьж суулгах нь нэг хувийн ажил бол арчилгаа тордолгоо нь 99 хувийн хөдөлмөр шаарддаг ажээ. Тиймээс хавар, намрын улиралдаа очоод тарьсан модныхоо тогоог цэвэрлээд, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тарьсан моддоо арчлахыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид иргэдэд уриалав.  Тус цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 142 мянган мод, бут, сөөг бүртгэлтэйгээс 98.5 хувь ургаж, төлжжээ. Иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө 100 болон түүнээс дээш тооны мод таривал төгөл байгуулах эрх өгдөг ажээ. Мод тарих аян өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.


БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ДУУСЛАА

 Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, 2021.09.03













Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 320 хүүхдийн хүчин чадалтай 19 дүгээр дунд сургуулийн барилгын насжилтын хугацаа дууссан бөгөөд уг сургуулийн барилгыг нураан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж, шинээр орчин үеийн стандартад нийцүүлэн 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.


Барилга угсралт гүйцэтгэгч байгууллага: Гэрэлтжин ХХК


Зохиогчийн хяналтыг Би И Эс Ай Жи Эн ХХК

26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

 Эх сурвалж: НЗДТГ, 2021.09.02


Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий. Үүнээс 112 сургууль, цэцэрлэгийн барилга нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан мэдээллээр энэ онд 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байр, нийт 102 барилга ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрны барилга ашиглалтад орлоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдээд байгаа юм.    

Монгол Улсын 2021 оны төсөвт дөрвөн сургууль, арван цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, нэг спорт заал, нийт 16 барилга, байгууламж шинээр барих хөрөнгө баталсан. Харин Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө гурван цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталжээ. 2021-2022 оны хичээлийн жилд БШУ-ы сайдын тушаалын дагуу гурван ээлжээр хичээллэж болзошгүй байсан найман сургуулийн ойр орчмынх нь сургалтын зориулалтаар ашиглаж болох 10 байрыг түрээслэх замаар 107 бүлгийн 4511 хүүхдийг, 13 байрыг түрээслэх замаар 11 цэцэрлэгийн 49 бүлгийн 1165 хүүхдийг хамруулаад байна.   

Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 сурагч хамрагдаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн суралцаж байгаа юм. Харин албан бус насан туршийн боловсролын найман төвд 910 гаруй сурагч суралцаж буй.


Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, 2021.09.01





Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна.

2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль,  хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу  12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм. Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ.


Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна.


Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.

Орчны аюулгүй байдал хангасан газар албадан чөлөөлөх

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.09.01










Нийслэлийн Засаг даргын захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Орчны аюулгүй байдал хангасан газар албадан чөлөөлөх” захирамжийг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Майхан толгой дахь зуслангийн газарт уулын ам хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа. Зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газар чөлөөлснөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, цэвэр агаарт зорчих болон аялж, амрах боломж бүрдэх юм. Ногоон байгууламж хааж барьсан хайс, хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлөх ажил цаашид үргэлжилнэ.

Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, 2021.09.01











Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулж дуусжээ. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.