Эх сурвалж: Д.Төгөлдөр, gogo.mn, 2023.03.13
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв.
Тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаас саналаа аваад явж байна. Гэрэлтүүлгийн хувьд мөн Ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргүүдийн хариуцсан байгууллагуудтай уулзаж, өмнө нь хоёр байгууллага хамтран гэрээ байгуулдаг байсан бол одоо УБЗАА-тай хамтран гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно. Цаашид нэгдсэн автомат унтраалгатай болгох ажлыг судалж байгаа” гэв.