Эх сурвалж: Г.Тэгшсүрэн, gogo.mn, 2023.03.13
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.03.13/ болов.
Төлөвлөгөөт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 171 объектод, урьдчилан сэргийлэхээр 887 объектод хяналт шалгалт хийжээ. Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 2023 онд 487-д нь стандарт хангуулах арга хэмжээ авна.
Түүнчлэн шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 20 гаруй байршилд халиа тошин үүсэж, айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам, талбай ус, мөсөнд автжээ. Үүссэн хор уршгийг арилгахаар 70 хүн 12 техник хэрэгсэлтэй ажиллаж, 35 км шуудуу татаж, 30 машин шороо асган ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2864 аж ахуйн нэгж, 1229 иргэн 183,400 ам метр талбайг цэвэрлэсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан юм.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэлээ.
10,322 метр хашаа, хайс буулгана
Хотын дарга зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлууд, нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж буй байршлын судалгааны талаар холбогдох байгууллагын удирдлагаас тодруулав.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 амны төлөвлөлтийн ажлыг хийж байгаа. Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гээд дөрвөн амны 8916 нэгж талбарын 1865 га-д төлөвлөлт хийж, тайланг хүлээн авсан. 22 амны төлөвлөлтийг зургадугаар сард авахаар ажиллаж байна.
Хашаа, хайсны арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулж, 100 байршилд 10,322 метр хашаа, хайсыг буулгаж ажиллана. 62 байршлын 6553 метр хашааг стандарт мөрдүүлж ажиллахаар төлөвлөсөн. Халиа тошин үүсэх эрсдэлтэй айлуудын судалгааг гаргасан. Дөрвөн дүүргийн хэмжээнд 1110 нэгж талбарын 79.8 га газрын судалгааг харьяат байгууллагаас ирүүлсэн” хэмээв.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Зуслангийн бүсийн хашаа, хайсанд нэгдсэн стандарт боловсруулахаар Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Мөн нүхэн жорлог цэгцлэхээр БОАЖЯ-тай хамтарсан Ажлын хэсэг журам боловсруулахаар ажиллаж байгаа” гэлээ.
Хотын дарга зуслангийн бүсийн хаягжуулалт, төлөвлөлтийг цэгцтэй болгох хэрэгтэй гэдгийг сануулав.
Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурчээ. Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна. Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.
Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны найм, нийт 58 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл ослоос долоон иргэнийг аварч, 904 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажилласан. 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 387, аврах ажиллагааны 49, нийт 436 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 16.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 162 цэгт 466 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж байсан 688 жолоочийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авлаа. Хяналт, шалгалтын хүрээнд зам тээврийн осол, гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байлаа. Эд материалын хохиролтой осол мөн буурсан” хэмээв.
Барилгын ажлын аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах.
“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
“Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнийг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өгсөн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс