Сурагч Ч.Амарзаяа: Бусдыг дээрэлхэхээсээ өмнө өөрийгөө оронд нь тавиад үзээрэй

Эх сурвалж: А.Наранцацрал, gogo.mn, 2023.03.12


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн есдүгээр ангийн сурагч Ч.Амарзаяа "Цахим дээрэлхэлтээс өөрийгөө хамгаалахын тулд өөрсдийн ухамсартай байж, тэр хүүхдийг дээрэлхэхээсээ өмнө өөрийгөө оронд нь тавьж үзээд, "Хэрвээ би тийм байдалд орсон бол яах байсан бол" гэж хийхээсээ өмнө бодож байх хэрэгтэй" хэмээн үе тэнгийн дээрэлхэлтийн талаар санал бодлоо хуваалцсан юм.



Тэрээр цааш нь "Жишээ нь, манай сургуульд нэг эгчийн талаар хүн болгон ярьдаг. Үнэн худал нь мэдэхгүй ч тэр хүн тийм зүйл хийсэн ч, хийгээгүй ч өөрт нь хэцүү, хичээлдээ ирэх сонирхолгүй байж магадгүй. Бас "Намайг хүүхдүүд юу гэж бодох бол, гадуурхах болов уу, хүүхдүүд асуувал юу гэж хариулах вэ?" гэдэг их том дарамтад орж байгаа байх. Энэ нь ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлөх вий гэж бодож байна" гэв.






Тус сургуулийн 6-12-р ангийн 2500 гаруй сурагчид сургагч багш Б.Батзаяагийн “Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл”, мөн сэтгүүл зүйн сургагч багш Ц.Чимэддондогийн “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ” сэдэвт видео хичээл орсон.


Эдгээр хичээлүүдийг хямралын үед цахим орчинд түгж буй мэдээллийг нягтлах, хуурамч мэдээллийг ялган таних мэдлэг, ур чадварыг зорилтот бүлэгт олгоход чиглэсэн “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриатай мэдээлэл харилцааны төслийн хүрээнд зохион байгуулсан. Тус төслийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо болон тус хороонд байрлалтай 37-р сургуульд хэрэгжүүлж байгаа юм.


Видео хичээлийн дараа есдүгээр ангийн сурагчид үзэл бодлоо хуваалцлаа.


ТАНИХГҮЙ ХҮМҮҮСЭЭС НАЙЗЫН ХҮСЭЛТ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ


Сурагчдаас цахим орчин дахь худал мэдээлэлд хэрхэн ханддаг, үе тэнгийн дээрэлхэлт ямар сөрөг үр дагавартай, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.


Сурагч Б.Номин:


"Цахимаар мэдээлэл авахдаа эх сурвалж, нийтлэгдсэн цаг хугацаа болон үнэн зөв мэдээлэл эсэхийг нь заавал шалгах хэрэгтэй.


Хэрвээ цахимаар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, дээрэлхэж байгааг харвал репорт хийж, скрийншот хийгээд цагдаад мэдэгдэж болно. Мөн ангийн багшдаа, эсвэл том хүнд хэлэх хэрэгтэй. Цахим дээрэлхэлтэд өртөхгүйн тулд танихгүй хүмүүсээс найзын хүсэлт авахгүй байх хэрэгтэй. Бусдыг дээрэлхсэнээр тухайн хүүхдийг сэтгэл гутралд оруулна, өөрийнхөө ирээдүйг ч баллаж болно, бусад хүүхдүүд бас ингэж болдог юм байна гэж буруу ойлгоно" гэлээ.


Сурагч Т.Баяр:





"Хүүхэд нэгнийгээ дээрэлхэхэд нөгөө нь сэтгэлээр унаад, амиа хорлох ч эрсдэл үүсэж болно. Бага ангидаа би сургуулийнхаа ойролцоо явж байгаад дээрэмдүүлж байсан. Тиймээс дээрэлхэж байгаа хүүхдүүдэд сургалт явуулж, зөв хүүхдүүд нь бусад найзууддаа үлгэр дуурайл үзүүлбэл засагдах байх гэж бодож байна" гэлээ.


Сурагч О.Алтанбуян:


"Нийгмийн сүлжээнд аливаа мэдээлэл явж байвал сайт руу нь эхлээд орж үзнэ. Гарчиг болон он сарыг нь харж байж итгэх итгэхгүйгээ шийднэ. Хуурамч мэдээлэл хор хохиролтой. Өөрийнх нь талаар яриулж, бичүүлж байгаа хүүхдэд сэтгэл зүйн дарамт болно гэж бодож байна. Дээрэлхүүлж байгаа хүүхдийн ар гэрийнхнийг муулах, амьдралыг нь мэдэхгүй байж буруу зөрүү юм ярьдаг. Тухайн хүүхдэд их муухай санагдах байх. Хөвгүүд бие биедээ сонин сонин хоч өгдөг. Тиймээс хэн нэгэн дээрэлхүүлж байгаа бол тэр хүүхэд ар гэрийнхэн болон сургуульдаа мэдэгдэх хэрэгтэй" гэв.


9-р ангийн сурагч Ч.Амарзаяа:





"Үе тэнгийн дээрэлхэлт бусдад болон өөртөө аюултай байдал бий болгож болно. Хүүхдүүд бие биеэ өнгө зүс, өмссөн зүүсэн, хэл яриагаар нь ялгаварлан гадуурхаж байна. Багадаа хичээл номоо хийгээд сайн сурч байсан хүүхэд дунд ангид ороод муу хүүхдүүдтэй нийлээд, хичээлээ тасалж, хулгай хийгээд байдаг асуудал хүртэл гарч байна. Тэр хүүхэд бусдыг ч дээрэлхэж, бас өөрөө ч дээрэлхүүлдэг. Бусдад сэтгэлийн дарамт учруулаад цаашдын ирээдүйд нь хүнд байдал учруулснаар тухайн хүүхэд хичээлдээ ч ирэхгүй байх нөхцөл үүснэ" гэлээ.


Сургалтын дараа төслийн багийн зүгээс сурагчдын дунд хажуугаар "Цахим орчин дахь худал мэдээллээс үүдэлтэй ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ НЬ" сэдэвт захидлын уралдаан зарласан юм.


Тус уралдаанд нийт 244 сурагчаас захидал ирж, хүүхэд болгон үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, өөрт болон  эргэн тойрны хүүхдүүд дээрэлхэлтийн хохирогч болсон түүх, мөн түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, найз нөхдөө болон өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бичсэн. Захидлын уралдааны талаар эргэн мэдээлэх болно.


Сургагч багш Б.Батзаяагийн “Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл” хичээлээс:


ЦАХИМ ДЭЭРЭЛХЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ВЭ?


Танихгүй хүнээс найзын хүсэлт авахгүй байх

Мэдэхгүй хүмүүсээ найзаасаа хасах

Аюултай эсвэл жийрхмээр хүмүүст таны профайл болон хувийн мэдээлэл харагдахгүй байхаар тохиргоогоо хийх

Цахим орчинд өдөөн хатгасан, дуулиан шуугиан төрсөн, цочроосон үг хэллэг бүү ашиглаарай. Тиймэрхүү төрлийн зураг, пост шэйрлэхгүй байх

Цахим дээрэлхэлд өртсөн тохиолдолд тухайн пост, мессеж үйлдэлд хариу өгөх, адилхан хариу арга хэмжээ авахгүй байх

Сайт болон аппликейшний нууц үгсээ тогтмол сольж, хакердуулсан профайлуудыг нэн даруй устгах

Хамгаалалт муутай, хувийн мэдээлэлд хялбар нэвтрэх, танихгүй хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих сайт, сүлжээ, программаас зайлсхийх

Зураг, бичвэр, мэдээллийг нийтэлж, олон нийтэд түгээхээс өмнө тухайн зураг, пост, мэдээлэлд дурдагдсан хүн зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулах, зөвшөөрөл авах

Худал мэдээлэл түгээх замаар хандалт авах зорилготой сайтуудыг дагахгүй, мэдээллүүдийг шэйрлэхгүй байх

Хэзээ ч болохгүй! Чат, мессежээр +18 сэдэвтэй мессеж бичилцэх, нүцгэн зургаа найз охин, залуу болон бусад найз нөхдөдөө илгээхгүй байх. Хэзээ нэгэн өдөр та хоёр салбал тухайн зургийг өөр ямар нэгэн зүйлд ашиглах, алдах вий.





Интернэт орчинд маш олон сөрөг зүйлс, муухай сэтгэгдлүүд байдаг. Тэдгээрийг уншиж хариу бичих шаардлагагүй.

Бас чамд таалагдахгүй байлаа гээд сөрөг коммент бичиж шэйрлээд хэрэггүй. Сэтгэгдлүүд нь чи тэр хүн рүү хараад муухай үг хэлж байгаатай адил мэдрэмж өгдөг. Сөрөг зүйлсийг өнгөрөөгөөд тоохгүй хаях хэрэгтэй.

Аливаа постыг шэйрлэх, бусад руу илгээхээсээ өмнө сайн бод!

Ууртай үедээ хэзээ ч бүү пост хий, сэтгэгдэл бич!