Д.Мөнх-Эрдэнэ: Хүүхдийн паркийн талбай дээр театр, галерей, музей зэрэг үйлчилгээний барилгыг шинээр барихгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.21





Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /ҮСАХ/ хашааг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр буулгасан.  Үүнтэй холбоотойгоор паркийн 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барина гэх мэдээлэл бий. Хүүхдийн паркийн үйл ажиллагааг чухам ямар зориулалтаар явуулах, цаашид ногоон байгууламж хэлбэрээр тохижилт үйлчилгээ хийх эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


-Хүүхдийн паркийн хашааг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нурааж, буулгасан. Улмаар энэхүү нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барина гэх мэдээлэл байна. Тэгвэл цаашид ҮСАХ-гийн үйл ажиллагааг ногоон байгууламж хэлбэрээр ашиглах уу, эсвэл бүтээн байгуулалт хийх юм уу?


-Хүүхдийн паркийн 31.4 га газар дээр оффис, орон сууц, зочид буудал гэх мэтчилэн барилга байгууламж бариулахгүй. Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засаж шинэчлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.


Өөрөөр хэлбэл, цоо шинэ барилга барих бус, одоо байгаа барилгыг шинэчилнэ хэмээн ойлгох нь зүйтэй. Хамгийн гол нь нийслэлийн иргэд тоглодог, цугладаг, амардаг, тухалдаг газар болгон тохижуулахыг зорьж байгаа. Дээр дурдсан 31.4 га газрын 5.8 орчим га газар нь тоглоомын бүс юм. Түүнчлэн нуур болон тоглоомын бүсийг оруулж тооцвол нийт 14.9 орчим га газар тохижилттой байгаа гэсэн үг. Харин үлдсэн хэсэг нь ямар нэгэн тохижилт байхгүй.


-Тэгэхээр кино театр, галерей, музей гэх мэтчилэн үзвэр үйлчилгээний газрыг шинээр барихгүй хэмээн ойлгож болох уу?


-Тийм ээ. Одоо байгаа барилга дотроо л үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн 1,000 автомашины газар доорх зогсоолыг шийдэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар паркийн 2.2 га газар дээр автомашины ил зогсоол бий. Энэ ил зогсоолыг далд зогсоол хэлбэр рүү шилжүүлбэл тухайн газар нь чөлөөлөгдөх боломжтой. Тиймээс тэр хавийн газарт ногоон байгууламж, тохижилт хийх хувилбарыг ярьсан. Гэхдээ тус бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн санал асуулгыг авч шийдвэрлэнэ хэмээн хотын захирагч хэлсэн. Хэрэв шаардлагагүй гэж үзвэл заавал автомашины далд зогсоол барихгүй.


Дэлхийн жишиг паркууд жилийн дөрвөн улиралд нээлттэй ашиглагддаг. Тиймээс иргэд нь хэзээ ч ороод амрах бүрэн боломжтой байдаг. Ийм орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хотын даргын зүгээс 20 гаруй га газрыг тохижуулж, жилийн дөрвөн улиралд хүүхэд залуус нь ирж амардаг тоглодог газар болгохоор шийдвэрлэж, хашааг нь буулгасан.


- Тохижилтын ажлын хүрээнд 2022 онд нийслэлээс 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулбал?


-Мэдээж ногоон байгууламжийн ажлыг зүй ёсоор хийнэ. Мөн явган хүний зам, дугуйн зам, спортын талбай бий болгоно.


Өнөөдөр /2022.3.21/ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 20 гаруй га газарт төлөвлөлт хийнэ. Мөн төсөв боловсруулна.


Хэний ч өмнө нь нүүр улайхгүй, эрүүл аюулгүй тохилог орчныг бий болгож тохижуулах нь бидний зорилго.