Эх сурвалж: ikon.mn, 2022.03.22
Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй үлдсэн талбайн 6.9 га газарт бүтээн байгуулалт хийх, эсвэл зөвхөн ногоон байгууламж бүхий амрах хүрээлэн болгох талаар iKon.mn санал асуулга явуулав.
Нэг өдөр үргэлжилсэн санал асуулгад 4,727 хүн оролцсон бөгөөд 96.2 хувь нь "Зөвхөн ногоон байгууламжтай, амрах цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжиж байна" гэж хариулжээ. Харин 2.1 хувь нь кинотеатр, музей, галерей болон газар доорх 1,000 автомашины зогсоол барихыг дэмжсэн бол 1.7 хувь нь "Бусад" гэсэн саналтай байгаагаа илэрхийлэн байна.
Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсэгт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кинотеатр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1,000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн тухай Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн Баасан гарагт мэдээлсэн.
Нийт 6.9 га газарт дээрх төлөвлөлтийн дагуу газар зохион байгуулж, үлдсэн 20 гаруй га газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлээд буй.
Гэвч хотын төвийн ногоон байгууламж бүхий энэ том талбайд цементээр нэмж юу ч барихгүй, зүгээр л ногоон байгууламж бүхий соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтэй байгаагаа цахим орчин иргэд илэрхийлсээр байна.