Эцэг эхчүүд таггүй траншей болон ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлжээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24





Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан НЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны 88 байгууллагын 5,012 ажилтан, албан хаагч оролцож,  нийслэлийн хүүхэд бүрийн төлөө эрсдэл болгоныг арилгуулах, илрүүлэх ажилд  хамтран оролцжээ.


Түүнчлэн цахим орчинд таны гэр болоод гэрийн тань орчимд болон сургууль, цэцэрлэг явах замд хүүхдэд ээлгүй зүйлс бий эсэхийг тодруулах “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээг” зохион байгуулахад нийт 22,600 эцэг эх оролцсон байна. Энэ нь мөн тооны хүүхдийг гэртээ болон гэрийнхээ ойр орчимд ахуйн хүрээний эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Эцэг эхчүүд оршин суугаа газар болон гэрээс сургууль хүртэлх орчны аюулгүй байдлыг үнэлэхэд  хүүхдүүд өндрөөс унаж бэртэж болзошгүй  32, тог цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 19, таггүй траншей, ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлж, орчны байдлыг гэрэл зурагт буулган мэдээлсэн байна. Зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь тодотгон, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн, зөрчлийг арилгаж эхэлжээ.