Сурагч Ч.Амарзаяа: Бусдыг дээрэлхэхээсээ өмнө өөрийгөө оронд нь тавиад үзээрэй

Эх сурвалж: А.Наранцацрал, gogo.mn, 2023.03.12


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн есдүгээр ангийн сурагч Ч.Амарзаяа "Цахим дээрэлхэлтээс өөрийгөө хамгаалахын тулд өөрсдийн ухамсартай байж, тэр хүүхдийг дээрэлхэхээсээ өмнө өөрийгөө оронд нь тавьж үзээд, "Хэрвээ би тийм байдалд орсон бол яах байсан бол" гэж хийхээсээ өмнө бодож байх хэрэгтэй" хэмээн үе тэнгийн дээрэлхэлтийн талаар санал бодлоо хуваалцсан юм.



Тэрээр цааш нь "Жишээ нь, манай сургуульд нэг эгчийн талаар хүн болгон ярьдаг. Үнэн худал нь мэдэхгүй ч тэр хүн тийм зүйл хийсэн ч, хийгээгүй ч өөрт нь хэцүү, хичээлдээ ирэх сонирхолгүй байж магадгүй. Бас "Намайг хүүхдүүд юу гэж бодох бол, гадуурхах болов уу, хүүхдүүд асуувал юу гэж хариулах вэ?" гэдэг их том дарамтад орж байгаа байх. Энэ нь ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлөх вий гэж бодож байна" гэв.






Тус сургуулийн 6-12-р ангийн 2500 гаруй сурагчид сургагч багш Б.Батзаяагийн “Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл”, мөн сэтгүүл зүйн сургагч багш Ц.Чимэддондогийн “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ” сэдэвт видео хичээл орсон.


Эдгээр хичээлүүдийг хямралын үед цахим орчинд түгж буй мэдээллийг нягтлах, хуурамч мэдээллийг ялган таних мэдлэг, ур чадварыг зорилтот бүлэгт олгоход чиглэсэн “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриатай мэдээлэл харилцааны төслийн хүрээнд зохион байгуулсан. Тус төслийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо болон тус хороонд байрлалтай 37-р сургуульд хэрэгжүүлж байгаа юм.


Видео хичээлийн дараа есдүгээр ангийн сурагчид үзэл бодлоо хуваалцлаа.


ТАНИХГҮЙ ХҮМҮҮСЭЭС НАЙЗЫН ХҮСЭЛТ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ


Сурагчдаас цахим орчин дахь худал мэдээлэлд хэрхэн ханддаг, үе тэнгийн дээрэлхэлт ямар сөрөг үр дагавартай, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.


Сурагч Б.Номин:


"Цахимаар мэдээлэл авахдаа эх сурвалж, нийтлэгдсэн цаг хугацаа болон үнэн зөв мэдээлэл эсэхийг нь заавал шалгах хэрэгтэй.


Хэрвээ цахимаар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, дээрэлхэж байгааг харвал репорт хийж, скрийншот хийгээд цагдаад мэдэгдэж болно. Мөн ангийн багшдаа, эсвэл том хүнд хэлэх хэрэгтэй. Цахим дээрэлхэлтэд өртөхгүйн тулд танихгүй хүмүүсээс найзын хүсэлт авахгүй байх хэрэгтэй. Бусдыг дээрэлхсэнээр тухайн хүүхдийг сэтгэл гутралд оруулна, өөрийнхөө ирээдүйг ч баллаж болно, бусад хүүхдүүд бас ингэж болдог юм байна гэж буруу ойлгоно" гэлээ.


Сурагч Т.Баяр:





"Хүүхэд нэгнийгээ дээрэлхэхэд нөгөө нь сэтгэлээр унаад, амиа хорлох ч эрсдэл үүсэж болно. Бага ангидаа би сургуулийнхаа ойролцоо явж байгаад дээрэмдүүлж байсан. Тиймээс дээрэлхэж байгаа хүүхдүүдэд сургалт явуулж, зөв хүүхдүүд нь бусад найзууддаа үлгэр дуурайл үзүүлбэл засагдах байх гэж бодож байна" гэлээ.


Сурагч О.Алтанбуян:


"Нийгмийн сүлжээнд аливаа мэдээлэл явж байвал сайт руу нь эхлээд орж үзнэ. Гарчиг болон он сарыг нь харж байж итгэх итгэхгүйгээ шийднэ. Хуурамч мэдээлэл хор хохиролтой. Өөрийнх нь талаар яриулж, бичүүлж байгаа хүүхдэд сэтгэл зүйн дарамт болно гэж бодож байна. Дээрэлхүүлж байгаа хүүхдийн ар гэрийнхнийг муулах, амьдралыг нь мэдэхгүй байж буруу зөрүү юм ярьдаг. Тухайн хүүхдэд их муухай санагдах байх. Хөвгүүд бие биедээ сонин сонин хоч өгдөг. Тиймээс хэн нэгэн дээрэлхүүлж байгаа бол тэр хүүхэд ар гэрийнхэн болон сургуульдаа мэдэгдэх хэрэгтэй" гэв.


9-р ангийн сурагч Ч.Амарзаяа:





"Үе тэнгийн дээрэлхэлт бусдад болон өөртөө аюултай байдал бий болгож болно. Хүүхдүүд бие биеэ өнгө зүс, өмссөн зүүсэн, хэл яриагаар нь ялгаварлан гадуурхаж байна. Багадаа хичээл номоо хийгээд сайн сурч байсан хүүхэд дунд ангид ороод муу хүүхдүүдтэй нийлээд, хичээлээ тасалж, хулгай хийгээд байдаг асуудал хүртэл гарч байна. Тэр хүүхэд бусдыг ч дээрэлхэж, бас өөрөө ч дээрэлхүүлдэг. Бусдад сэтгэлийн дарамт учруулаад цаашдын ирээдүйд нь хүнд байдал учруулснаар тухайн хүүхэд хичээлдээ ч ирэхгүй байх нөхцөл үүснэ" гэлээ.


Сургалтын дараа төслийн багийн зүгээс сурагчдын дунд хажуугаар "Цахим орчин дахь худал мэдээллээс үүдэлтэй ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ НЬ" сэдэвт захидлын уралдаан зарласан юм.


Тус уралдаанд нийт 244 сурагчаас захидал ирж, хүүхэд болгон үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, өөрт болон  эргэн тойрны хүүхдүүд дээрэлхэлтийн хохирогч болсон түүх, мөн түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, найз нөхдөө болон өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бичсэн. Захидлын уралдааны талаар эргэн мэдээлэх болно.


Сургагч багш Б.Батзаяагийн “Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл” хичээлээс:


ЦАХИМ ДЭЭРЭЛХЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ВЭ?


Танихгүй хүнээс найзын хүсэлт авахгүй байх

Мэдэхгүй хүмүүсээ найзаасаа хасах

Аюултай эсвэл жийрхмээр хүмүүст таны профайл болон хувийн мэдээлэл харагдахгүй байхаар тохиргоогоо хийх

Цахим орчинд өдөөн хатгасан, дуулиан шуугиан төрсөн, цочроосон үг хэллэг бүү ашиглаарай. Тиймэрхүү төрлийн зураг, пост шэйрлэхгүй байх

Цахим дээрэлхэлд өртсөн тохиолдолд тухайн пост, мессеж үйлдэлд хариу өгөх, адилхан хариу арга хэмжээ авахгүй байх

Сайт болон аппликейшний нууц үгсээ тогтмол сольж, хакердуулсан профайлуудыг нэн даруй устгах

Хамгаалалт муутай, хувийн мэдээлэлд хялбар нэвтрэх, танихгүй хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих сайт, сүлжээ, программаас зайлсхийх

Зураг, бичвэр, мэдээллийг нийтэлж, олон нийтэд түгээхээс өмнө тухайн зураг, пост, мэдээлэлд дурдагдсан хүн зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулах, зөвшөөрөл авах

Худал мэдээлэл түгээх замаар хандалт авах зорилготой сайтуудыг дагахгүй, мэдээллүүдийг шэйрлэхгүй байх

Хэзээ ч болохгүй! Чат, мессежээр +18 сэдэвтэй мессеж бичилцэх, нүцгэн зургаа найз охин, залуу болон бусад найз нөхдөдөө илгээхгүй байх. Хэзээ нэгэн өдөр та хоёр салбал тухайн зургийг өөр ямар нэгэн зүйлд ашиглах, алдах вий.





Интернэт орчинд маш олон сөрөг зүйлс, муухай сэтгэгдлүүд байдаг. Тэдгээрийг уншиж хариу бичих шаардлагагүй.

Бас чамд таалагдахгүй байлаа гээд сөрөг коммент бичиж шэйрлээд хэрэггүй. Сэтгэгдлүүд нь чи тэр хүн рүү хараад муухай үг хэлж байгаатай адил мэдрэмж өгдөг. Сөрөг зүйлсийг өнгөрөөгөөд тоохгүй хаях хэрэгтэй.

Аливаа постыг шэйрлэх, бусад руу илгээхээсээ өмнө сайн бод!

Ууртай үедээ хэзээ ч бүү пост хий, сэтгэгдэл бич!




ФОТО: Өнөөдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” балет тоглоно

Эх сурвалж: А.Мишээл, gogo.mn, 2023.03.12





Дуурь бүжгийн эрдмийн театр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өнөөдөр тоглох гэж байна.


“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглож орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.


Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.


“Хунт нуур” балет ДБЭТ-ын тайзнаа 1975 оны зургадугаараар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан.


Энэ удаагийн тоглолт  32 хунтайгаар  тоглох гэж байгаагаараа онцлогтой юм байна.


Дүрүүдэд:


Балетын гоцлооч Б.Марал /МУСТА/ - ОДЕТТА /тэргүүн цагаан хун/, ОДИЛЛИЯ /Ротбардын охин хар хун/,

А.Тэмүүлэн /МУСТА/ - ЗИГФРИД /Ханхүү/,

О.Идэрбат - РОТБАРД /хорон санаат хар шувуу/,

Ц.Мөнгөншагай - ШУТ /алиа салбадай/

Удирдаач Т.Гэрэлцэцэг /МУСТА/,

Симфони найрал хөгжимчид,

Балетын жүжигчид,

Найрал дуучид, МУК-ын оюутнууд.
















Сурагчдын амралт энэ сарын сүүлийн долоо хоногт эхэлнэ

Эх сурвалж: А.Мишээл, gogo.mn, 2023.03.13





Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын сүүлийн долоо хоногт эхэлнэ.


Тодруулбал, энэ улирлын амралт нэг долоо хоног буюу гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд үргэлжлэх юм.


Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 3-нд эхлэх юм байна.


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарь:


II улирал- 2023.01.30-2023.03.24 /амралт 2023.03.27-2023.03.31/

III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

ГУТАЛ #18: "Төрийн банк хаалтаа намсгаасай, автобусны жолооч нар бордюрт шахаад зогсож байгаасай"

Эх сурвалж: Г.Тэгшсүрэн, gogo.mn, 2023.03.12


Гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.



Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.


Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.


Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?.


Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий. Үгүй ээ, бас гуталгүй, гутал өмсөх боломжгүй ч хүн байгаа.


"Би ажлынхаа хүнд "ГУТАЛ" нэртэй буланд оролцоно гэж ярьтал "Чи хамгийн гоё гутлаа өмсөх үү" гэж асуусан. Өвөл, хавар, намар, зун. Цастай, бороотой, шавхайтай, шавартай аль ч үед солилгүй өмсдөг ганц гутал минь миний тэргэнцэр шүү дээ" гэж тэр ярив. Түүний гутал том размертай. Үүнээс болж энэ хотод амьдрахын тулд эзэн, гутал хоёр нүд үзүүрлэгдэх тохиолдол цөөнгүй.


Өнөөдөр Мартын-8. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймд тэргэнцэр гэх том "гутал"-тай, 30 гаруй насны залуу эмэгтэйн зөрчигддөг эрхийг Улаанбаатарын гудамжнаас хамт хайв.


1. Хавдрын эмнэлгийн хажуугийн байранд тэр амьдардаг. Автобусны ойрхон буудал бий. Гэвч тэндээс налуу шаттай автобус явахгүй тул Зүүндөрвөн замын автобусны буудал руу хүрч очно. Очих замд асуудлууд тулгарах юм аа. Авто замын бордюрыг явган хүний замтай уусгалгүй огцом налуу барьж, байгуулснаас болж хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага тулгарч байна. Ойр хавьд хүнгүй бол тэргэнцрээ эргүүлж байгаад ухарна. Ингэж гарахгүй бол хойш савж унах эрсдэлтэй.


Явсаар автобусны буудал дээр хүрч очоод олноос зайдуу захад зогсов. Уулзварын цаанаас ирж буй автобус руу алсаас гараа өргөвөл жолооч түүнийг харж бордюр руу шахаж зогслоо. Автобусны арын хаалга онгойвол зорчиж явсан хоёр залуу бууж ирж бүсгүйд тусалснаар тэр суулаа. Ингэж сэтгэлээрээ, санаачилгаараа тусалсан хүмүүс "Эмнэлэг орох гэж яваа юм уу" гэж асуух нь цөөнгүй гэнэ. Үгүй ээ, тэр ажилдаа явж байгаа юм. Түүний ажил ТБД андуудад.


Автобусны жолооч нар өнөөдрийнх шиг үргэлж найрсаг байдаггүй, орхиод явчихдаг тохиолдол бишгүй. Тэргэнцэртэй хүн тэр болгон нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй. Хаа нэг үйлчлүүлсэн тохиолдолд автобусны жолооч нар сэтгэлээсээ хандаад,  налуу зам байдаг бол гаргаж өгөөд замын бордюр руу шахаж зогсож суулгах, буух газрыг нь асуучихвал бүр ч тустай аж.


Төв замаар зөвхөн Ч:1 чиглэлийн урт автобусанд л сууж ажилдаа явах боломжтой байсан бол сүүлд шинэ автобуснууд оруулж ирснээр хоёр давхар, урт, улаан гэх сонголттой болжээ. Гэхдээ техникээ, автобусаа шинэчилж хүртээмжтэй нийтийн тээвэртэй боллоо ч жолооч нар налуу замаа дэлгэхээс залхуурдаг, зарим нь үүнийг хэрхэн ашиглахыг ч мэддэггүй, мөн тэргэнцэртэй хүнийг суулгаж, буулгахад сэтгэл нь дутдаг хэвээр аж. "Бид ч гэсэн нийгэмдээ идэвхтэй оролцоод ажиллаж, амьдармаар байна шүү дээ".


2. Хааяа таксидна. Гэтэл таксины жолооч нарын төвөгшөөх хандлага түүнийг хамгийн ихээр шантраана. Такси дуудлагын компанитай холбогдож километр нь таван мянгаар явах тав тухтай үйлчилгээг захиалсан. Нэмээд "Би тэргэнцэртэй юм аа" гэдгээ хэлэхэд зөвшөөрсөн. Лифтээр нэг давхарт буугаад, орцны үүдээр гарахын өмнө таван шат бий. Энэ шатыг ганцаар давах боломжгүй тул таксины жолоочийг "Та намайг буулгаад өгөх боломжтой юу" гэж тусламж хүсэхэд тийм үйлчилгээ тусдаа, түүнийг дуудахгүй яасан юм" гэж төвөгшөөжээ.


Зарим таксины жолоочийн бүдүүлэг үйлдэл бүр ч хэцүү аж. Хэд хэдэн таксины жолооч "Хөл чинь мэдрэх үү" гээд гуянд нь хүрсэн. Цаашлаад бэлгийн харилцаанд ороход яаж мэдэрдэг вэ гэх зэргээр хүний эрхэд маш бүдүүлгээр халдаж үг, үйлдлээрээ хүчирхийлсэн тэнэглэлтэй тэр таарчээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөөд, хөөрхийлөөд, даапаалаад ч байгаа юм шиг үйлдэл, хандлагаа болиосой".


3. Дараагийн асуудалтай банканд нүүр тулна. Жишээ нь, 13 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах Төрийн банкны ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дундах хаалт маш өндөр. Ингээд тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд ажилтны царай ч харагддаггүй гэнэ. "Хаалт нь өндөр учраас теллер хамт яваа хүнтэй минь л яриад байдаг. Уг нь би үйлчилгээ авч байгаа шүү дээ. Энэ мэтчилэн биднийг хүн биш юм шиг хандах нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Төрийн банкныхан хаалтаа намхан болгоосой".


4. Түүний амьдрах эрхийг зөрчдөг дараагийн нэг асуудал нь хандлага. Гадуур явж байхад нь 50-60 орчим насныхан гэнэтхэн толгойг нь илээд эвийлнэ. Эсхүл мөнгө өгнө. Тэр гуйгаагүй. Амьдарч буйнх нь төлөө бусдаас өөрөөр мэдрүүлэх гэсэн энэ мэт хандлагууд дахиад л таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. "Автобусанд суух, довжоо давах зэрэг жижигхэн саад таарахад л найрсгаар туслаад өгчих. Тэгээд л боллоо, түүнээс битгий өрөвдөөрэй" гэж тэр хүссэн. Залуу хүн юм хойно, хааяа ажлынхантайгаа бүжгийн клуб орно. Гэтэл "Ямар мундаг юм бэ" гэж магтдаг. Хүрч ирээд тэвэрч аваад гар барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүн шоудах эрхгүй мэт хардаг. "Бид чинь бусадтай адил гармаар, ормоор байдаг. Амьдарч л байгаа юм чинь та бүхний мэдэрч буйг адилхан мэдэрмээр байдаг юм аа. Гэтэл харц чинь үнэхээр "аймар" байдаг шүү.


5. Түүний гутал нь тэргэнцэр. Бид таараагүй гутлаа өмсөхөд хөл холгодог. Үүнтэй адил тохирсон тэргэнцэр дээр суухгүй бол хүний ташаа, ахар сүүл, нуруу холгодог байна. Энэ нь даамжраад ясыг гэмтээх зэрэг илүү том асуудал үүсгэх магадлалтай гэнэ.


Монгол Улсад 20 гаруй мянган тэргэнцэртэй иргэн бий. Тэдэнд гурван жилдээ нэг удаа 250 мянган төгрөгийн үнэтэй тэргэнцэр олгодог аж. Хүн 250 мянган төгрөгийн үнэтэй гутал аваад түүнийгээ өвөл, зун, намар, хавар. Бороотой, шороотой, цастай гээд бүхий л хугацаанд өмсвөл гурван жил хэрэглэж чадах болов уу? Үүнийг тэрбээр халамж  батлаад сууж буй хүмүүсээс асуусан юм. "Тэргэнцэргүй бол бид нийгэмд оролцож чадахгүй, гадуур гарахгүй л гэсэн үг шүү дээ".


Түүний зөрчигддөг таван эрх бас таван хүсэл энэ. Өрөвдөхгүй тусалж, гайхдаг хандлагаа халж, Төрийн банк хаалтаа намхан болгоод, автобусны жолооч нар налуу замаа дэлгэж, бордюрт шахаад зогсоод өгөхөд л бүсгүй энэ хотод бэрхшээлгүй амьдарчихна.


Тэр 2013 онд хүзүүний нугас дарсан хавдрын мэс засалд орсон. Хагалгааг 100 хувь амжилттай болно гэж бодсон ч, хөл дээрээ босож чадахгүй болоод гарч иржээ. Хожим Францын хүзүү, нуруу, нугасны мэргэшсэн эмчид үзүүлэхэд "Харамсалтай, хагалгааг буруу хийсэн байна" гэжээ.


Нэг эмчийн хариуцлагагүй үйлдэл нэг амьдралыг өөрчилснөөс хойш 10 жил өнгөрчээ. "Өдий зэрэгтэй сэтгэлийн тэнхээтэй амьдралд хүрэх гэж би маш олон зүйл туулсан. Ээж байхгүй бол би байхгүй.  Эмч нар намайг асаргаа сайтай байна гэдэг. Энэ бол ээжийн минь намайг гэх хайр" гэж бүсгүй ярьсан.












Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ

Эх сурвалж: Б.Чимэг, gogo.mn, 2023.03.10





Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн удирдлагад хууль, журмын дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх үүрэг өгсөн.


Үүний дагуу Чингэлтэй дүүрэг Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг өнөөдөр албадан нүүлгэж, газар чөлөөллөө. Цаашид явган хүний зам тагласан, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан, үзэгдэх орчин хязгаарласан, зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан  ТҮЦ-үүдийг нүүлгэх аж. 



Улсын хэмжээнд 500 гаруй киоск машин ажиллах эхлэх бэлтгэлийг хангажээ

Эх сурвалж: Б.Чимэг, gogo.mn, 2023.03.10


Орон нутгийн иргэн төрийн үйлчилгээ авахын тулд хот ордог шаардлагагүй болгох нь төрийн үйлчилгээний нэг цэгүүдийн зорилго.


Төр, хувийн хэвшлийн түншлэлээр улсын хэмжээнд 500 гаруй киоск машин ажиллах эхлэх бэлтгэл ажлыг хангажээ. Систем хөгжүүлж, төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсноор Ерөнхий сайдад болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдэд өнөөдөр танилцуулсан байна.


Цахим шилжилтийн ажил 2019 оноос эрчимтэй өрнөж, нийслэл, 21 аймаг, 330 суманд төрийн 815 үйлчилгээг операторын горимоор үзүүлэхээр “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар” ажиллаж байна.


Нэг цэг нэртэй ч нэгэн дээвэр доорх олон цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэдэд хүндрэл учруулдаг байдлыг халж, аль ч цэгт очсон цаас бичиг нэхэлгүй иргэний зөвшөөрлөөр төрийн үйлчилгээг үзүүлнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэв.





Ч.Батсуурь: Шинэ автобус 30 суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Г.Мөрөн






Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  


Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа.


-Энэ сард оруулж ирсэн эхний 30 автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Дараагийн ээлжийн автобус хэзээ үйлчилгээнд гарах вэ?


-Шинээр орж ирсэн автобусыг хүлээн авах, үйлчилгээнд гаргах бэлтгэл хангах ажлын комисс томилогдсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас эхний 30-ыг нь үйлчилгээнд гаргасан байгаа, дараагийн 30-ыг нь хүлээн аваад бэлтгэл ажлыг дэс дараатай хангаж байна.


Шинэ автобуснуудад улсын бүртгэлийн дугаар авч, нийтийн тээврийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэдэг. Үүний дараа “Улаанбаатар Смарт карт” компанийн цахим төлбөрийн системийг суурилуулна.


-Бэлтгэл ажилд хэр хугацаа зарцуулж байна вэ?


-Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна. Дараагийн 30 автобусны тоноглол, суурилуулалтыг даруй дуусгаад, маргааш, нөгөөдрөөс буюу энэ долоо хоногтоо багтааж үйлчилгээнд гаргах юм. Төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дууссаны дараа улсын байцаагч хүлээн авч, дүгнэлтээ гаргана.


-Өнгөрсөн онд оруулж ирсэн 60 автобуснаас шинэ автобуснууд юугаараа ялгаатай байна вэ. Үзүүлэлт нь ямар вэ?


-2022 онд орж ирсэн 60 автобусыг мөн энэ компани нийлүүлсэн. Шинэ автобусны хувьд техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал нь сайжирсан. Тухайлбал, өмнөх автобусны моторын багтаамж 6,400 cc байсан бол шинийнх нь 8,400 сс болсон. Мөн жолоочийн суудал хий нумтай, арьсан бүрээстэй болсон тул илүү тухтай.


Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусны хяналтын систем илүү сайжирсан нь зорчигчдын аюулгүй байдал талаасаа маш чухал. Тухайлбал, хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн, мөн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн.


-Автобусны багтаамж нь хэр вэ. Хэдэн суудалтай вэ?


-Зорчигчийн 29, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг буюу нийтдээ 30 хүний суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай.


Бид энэ удаад суудлын бүрээс, тоноглолын материалыг илүү сайжруулж захиалсан тул эдэлгээ удаан. Өмнө нь оруулж ирсэн автобуснууд нэг шаттай байсан. Харин энэ бол шууд нам шаттай, тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, энгийн зорчигчид ч бууж, суухад хялбар. Мэдээж цонх цантахгүй, агааржуулалттай гээд тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн.


-Автобус эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ. Сэлбэг хэрэгслийн олдоц хэр бол?


-Гэрээний дагуу үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгааг өгч байгаа. Түүнчлэн хурдан элэгддэг сэлбэг хэрэгслийн хувьд тодорхой хугацааны баталгааг ч гаргасан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс захиалаад нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгасан.


 


Эх сурвалж: Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Архангай, Булган, Төв аймгийн нутгаас мал хулгайлж "Эмээлт”, “Дэнжийн 1000” захын ченж нарт зардаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Э.Намуунцэцэг







Цагдаагийн байгууллагаас бод малыг бүлэглэн хулгайлж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.


Тодруулбал, иргэн "Л" нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг шалгаж байгаа аж.


Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн "Л" нь бусадтай бүлэглэн "Эмээлт" зах, "Дэнжийн 1000" зэрэг худалдааны төвд ажилладаг ченж нарт мал, махаа худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ.


Энэхүү хэргийг Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгааг албаныхан мэдээлэв. 

Улаанбаатарын замын хөдөлгөөнд ачааны машин оролцуулах зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Б.Манлай





Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. 


НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон C, E ангиллын машинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм байна.


 Аж ахуйн нэгж, байгууллага:


Хүсэлт гаргасан албан бичиг

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар 

Хувь хүн:


Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт

Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох

Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/

Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар

Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/

Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.

Материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаах аж.

"Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй эрчим хүчний шугам сүлжээг бий болгох нь чухал асуудал"

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Б.Билгүүн







АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо болон ЭХЗХ хамтран туршлага солилцох семинарыг өнөөдөр зохион байгууллаа. 


АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) дэмжлэгтэйгээр тус улсын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо (NARUC), Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороотой зохицуулалтын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагаа нь эрчим хүчний зохицуулалтын чадавхыг бэхжүүлж, Монгол Улсад тогтвортой, үр ашигтай, ил тод, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилготой аж.


Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлэхдээ "Семинарыг зохион байгуулагчид болон оролцогчдын хувьд хуваалцсан мэдлэг зөвлөмжийг хэрэгжүүлж, Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний салбарын зохицуулалтыг сайжруулах, эрчим хүчний чиглэлээр дэвшүүлээд буй зорилго, зорилтын биелэлтийг хангах нь хоёр орны эрчим хүчний салбарын түншлэлд оруулах чухал хувь нэмэр юм.


Монгол Улсын Засгийн газар нийт эрчим хүчний үйлдвэрлэл дэх Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан.


Энэ зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалыг өөрчлөлтийг сааруулах зэрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд өргөн мэдүүлсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэртэй нийцэж байгаа. Үүний тулд Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй бөгөөд шинэ зууны сорилтуудыг даван туулах чадвар бүхий шугам сүлжээг бий болгож шинэчлэх нь амин чухал асуудал болоод байна.


Сүлжээний шинэчлэл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал хэрэгсэл болох сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг сүлжээнд холбоход илүү дөхөмтэй, хялбар болгоно" хэмээв.


Түүнчлэн семинарын үеэр Монгол Улсын ЦШС-ний шинэчлэл, Тархмал эх үүсгүүр, Нөөцийн нэгдсэн төлөвлөгөөний талаарх ерөнхий тойм, Хойд Америкийн ЦШС шинэчлэх стратеги, төлөвлөлт, Хавайн ЦШС-ний шинэчлэл - Стратеги ба процесс, АНУ-ын ЦШС шинэчлэлийн ажлын хэрэгжилтэд хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөжээ.


Н.Намуу: Зайсан тойруугийн гудамжны зам энэ сарын 21-нээс нэг чигийн хөдөлгөөнтэй болж, уулын замын ачаалал буурна

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Т.Саран










Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө. 


Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга үүрэг өгсний хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалтын талаар мэдээлэл өгье.


Зайсан тойруутай огтлолцож байгаа Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргил гээд энэхүү замын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой асуудал юм. Энэхүү хөдөлгөөн зохион байгуулалтын ажил 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхэлнэ. Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Яагаад гэвэл зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй. Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзвар байдаг. Энэ хэсэг бас нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. 


Нэг чиглэл гэдэг нь сөрөг хөдөлгөөн байхгүй учраас тухайн хөдөлгөөнд оролцогчид тэмдэг, тэмдэглэлийн заалтыг сайн баримталж хөдөлгөөнд оролцохгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байх эрсдэлтэй. 


Хөдөлгөөний нөхцөл байдлын хувьд яагаад тухайн зохион байгуулалтын хийж байгаа вэ гэвэл Улаанбаатар хотын гол төвлөрлийн бүс болох Их болон бага тойруугийн хөдөлгөөн урагшаа буюу Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг.


Зайсан чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулалтын хийх явцад Туулын гүүрээр ганцхан эгнээгээр урагшаа оруулдаг. Орой, өглөө болгон сөрүүлэх хөдөлгөөн зохион байгуулалтаар тээврийн цагдаагийн алба тус хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ ажлыг хийснээр хотын төвлөрлийн бүсийн түгжрэл багасна гэж хэлэхгүй. ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Ингэснээр уулын замын ачаалал буурна. Уулзварын нэвтрэх чадвар 35.5 хувь сайжирна гэж үзэж байгаа" гэдгийг хэллээ. 




Б.Гомбосүрэн: Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахад 47 уулзвар, орц, гарцад 55 түр тэмдэг тавина


Эх сурвалж: www.ikon.mn





Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гаргасан шийдвэрийн дагуу нийт 47 уулзвар, орц, гарц дээр 55 түр тэмдэг тавина. Зайсан тойруугийн хөдөлгөөн зогсонги байдгаас Төв шуудангийн уулзварын хөдөлгөөн явдаггүй. Үүнээс шалтгаалж Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, хойд тал, талбайн баруун талын хөдөлгөөн урагшлахгүй хөдөлгөөн хязгаарлагддаг. 


Энэ бүхнээс шалтгаалж иргэд гомдол гаргадаг. Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэсэн нөхцөл байдал үүсдэг. Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсноор уг нөхцөл байдал арилах боломжтой.


Уулын замын тухайд баруун тал нь Яармагийн гүүр, зүүн тал нь Их тэнгэрийн ам гэж хөдөлгөөн хязгаарлагддаг. Тухайн хөдөлгөөн тэнцвэртэй явагдах давуу талтай" гэсэн юм. 




Б.Тамир: ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг танктай хөшөөний баруун хойд талд шилжүүлнэ


Эх сурвалж: www.ikon.mn.





Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээвэрт ямар өөрчлөлт орох талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Зайсан тойрууг тойруулснаар нийтийн тээврийн автобус явах чиглэлийн зам 600 метрээр урт болж байна. ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг хойшоо Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх ажил хийгдэнэ. Хоёр автобусны буудал хоорондын зай 350 метр байгаа учраас явган зорчигч автобус хүлээж буй иргэд уг зайд түүртэхгүй явах боломжтой. 


Өөрчлөлт орох нийтийн тээврийн зургаан чиглэл:


Ч42: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан 

Ган хийц-Ханын материал-Зайсан,

Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Ссогоотын гудамж,

Зайсан-Офицеруудын ордон

Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол

Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд бий" гэлээ.



Нүүрсний хэрэгт холбогдуулан 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

 Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. П.Зоригт





Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хэллээ. 


Тэрбээр "Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ болон цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна.


Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байгаа юм. Хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг юм" гэлээ. 


Үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.


Прокурорын байгууллага 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байна. Тухайлбал,


Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байгаа юм.

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагчид албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэрэгт холбогдуулан НПГ-аас хянаж байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд АТГ-ын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.


Цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэдгийг хэлэв.

Нийтийн тээврийн 224 автобусыг БНХАУ-аас 59.5 тэрбум төгрөгөөр авчээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. Б.Манлай





Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард 107 автобусыг авснаар нийт 224 шинэ автобустай болохыг албаныхан мэдээлээд буй. Харин эдгээр автобусыг ямар үнээр авсныг ил болгохыг олон нийтийн сүлжээгээр иргэд шаардаж байсан. НЗДТГ-аас шинэ автобусны үнийг нийтэд зарлажээ.


Тодруулбал, БНХАУ-ын "Xiamen Golden Dragon" үйлдвэрээс шинэ автобусыг нэг ширхгийг нь 561,081 юань буюу 265,300,000 төгрөгөөр авчээ. Ингэснээр 224 автобусыг 59.5 тэрбум төгрөгөөр гэрээлсэн байна. Эрээн хотоос автобуснуудыг зөөж авч ирэх зардал нь 11,825,000 төгрөг.

Автобус худалдан авах тендерт БНСУ, БНХАУ-ын нийт долоон компани саналаа ирүүлснээс хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.


Энэ долоо хоногт эхний 30 шинэ автобусыг техникийн хяналтад оруулан үйлчилгээнд гаргасан бол үлдсэнийг нь Лхагва, Баасан гарагт явуулах аж.


Шинэ автобусны техникийн үзүүлэлтүүд:


Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй

Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон

Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог

Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй

Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай

Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай

Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан

Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна. 

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэн 3,900 болж, өмнөх улирлаас 44%-аар буурчээ

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. Б.Даваабазар







Манай улсад 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гадаадын 95 улсын 3.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. 


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (29.8%) мянган хүнээр, өмнөх улирлаас 3.1 (43.9%) мянган хүнээр буурчээ. 


Ажил эрхэлж буй гадаад иргэдийг хүйсээр харвал: 


3.2 (81.3%) мянга нь эрэгтэй

0.7 (18.7%) мянга нь эмэгтэй

Улс орноор харвал: 


35.2 хувь нь БНХАУ-ын

8.5 хувь нь ОХУ-ын 

7.8 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын

6.2 хувь нь БНСУ-ын

6 хувь нь АНУ-ын

5.1 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын

4.1 хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын

4.1 хувь нь Австралийн Холбооны Улсын

3.8 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын

19.2 хувь нь бусад улсын харьяат байна.


Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 623 (15.8%), 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 52 (1.3%) байна. 


Түүнчлэн гадаад иргэдийн 1,350 нь буюу 34.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт 954 буюу 24.2 хувь нь боловсролын салбарт ажилладгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2,100 (52.7%) Улаанбаатарт байгаа бол нэг мянга нь (26.6%) Төвийн бүсэд, 500 нь (13.3%) Зүүн бүсэд, 200 нь (5.4%) Хангайн бүсэд, 77 (2%) нь Баруун бүсэд ажиллаж байгаа аж.

Н.Шинэбаатар: Өнгөрсөн онд угаарын хийн 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. П.Зоригт





ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.



-Өнгөрсөн онд угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?


-Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.


Угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн онтой харьцуулахад 2022 онд 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна.


-Он гарснаас хойш угаарын хийд хордсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн үү?


-Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, гурван хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна.


-Иргэд угаартсан гэдгээ мэдэх боломжтой юу?


-Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Харин угаарын хий мэдрэгч төхөөрөмж угаарын хийг мэдрэн дохио өгдөг. Тиймээс л айл, өрхүүдийг угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байгаа юм.


Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.


Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ  агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэц дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар, зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.


-Цагдаагийн байгууллагаас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?


-Цагдаагийн байгууллага угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Тухайлбал: Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.


Энэ онд угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, хор аюулын талаар иргэд, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий 31 төрлийн зурагт хуудас, богино хэмжээний 13 төрлийн видео, 3 нэвтрүүлэг, 3 нийтлэл, нийт 50 мэдээ, мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь 1.098.640 хүнд хүрч, угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 15 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


-Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгнө үү.


-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгаа баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.


 


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

С.Алтанцэцэг: Бидний хэрэглэж байгаа цахилгаан гэрэл асаах түвшинд л байна. Халаалт шийдвэрлэхэд хүрэлцэхгүй

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.16. П.Сайнжаргал





“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнөөдөр боллоо.


Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 


Улаанбаатарын утаа нь хүн амын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг танилцуулав.


Тэрбээр "2020 оны эдийн засагтай холбоотой судалгааны ажил байдаг. Нэр бүхий найман компанийн 20,764 ажилтны цалин хөлс болон өвчлөлийн мэдээлэлд тулгуурлаж анализ хийсэн байна. Тэдгээр компани таван жилийн хугацаанд 7.5 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь агаарын бохирдлын улмаас өвдсөн ажилчдын өвчлөлтэй холбоотой.


Ажилчид нь хүүхдийнхээ өвчлөлтэй холбоотой чөлөө авах тохиолдол нэлээд гарсан. Улмаар тухайн үеийн ханшаар ажилтнууд дунджаар 875,000 төгрөг буюу 317 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Эдийн засгийн хувьд ингэж хохирч байгаа талаарх судалгааны дүн байдаг. Үүнийг одоогийн ханшаар бодвол сая гаруй төгрөгийн алдагдалтай. 


Өнөөгийн зах зээлд эм тарианы үнэ, инфляцтай холбоод тайлбарлавал хоёр сая төгрөг рүү дөхсөн болов уу хэмээн таамаглаж байна" гэлээ. 


"МОНГОЛ УЛСАД АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ БАРАГ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ОЧСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"

Мөн "2017 онд анх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж байсан. Агаарын бохирдлын сөрөг нөлөө нь тэр үеийнхээс дээрдсэн үү гэвэл, үгүй.


Агаарын бохирдол хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй асуудлын үр дагаврыг нь авч үзвэл дараах асуудал байна. Бараг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд очиж, иргэдийн эрх зөрчсөн асуудал болж байна уу хэмээн авч үзэх шаардлагатай. 


Нүүрс шатаах болгонд л утаа гарна гэдэг бол үнэн. Нүүрс байтугай өөр юу ч шатаасан утаа ялгарна. Утаагүй шаталт гэж байхгүй. Азийн хөгжлийн банкны судалгааны үр дүн гарч, улмаар агаарын бохирдлыг бууруулах бодлогын зөвлөмжийг манайд өгсөн. Тухайн зөвлөмжид "Монгол Улсыг цахилгаанжуулах хэрэгтэй" гэдгийг тодорхой дурдсан байдаг.

Үнэндээ бидний хэрэглэж байгаа цахилгаан зүгээр л гэрэл асаах түвшинд байна. Өөрөөр хэлбэл, халаалтыг бүрэн шийдвэрлэх түвшинд хүрэлцэхгүй байгаа юм. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн Сангаас монгол гэрийн дулаалга, халаалтын багц зэрэг янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Үүнийг 1,500 өрхөд хүргээд л цахилгаан хүрэхгүй болсон.Цахилгаан хүрэхгүй учир цэвэр технологи ашиглах боломж байхгүй, зогсохоос өөр аргагүй болсон. 


Тус арга хэмжээг таван аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлсэн ч түр зогсоосон. Яагаад гэвэл, цахилгаан хангамж, эрчим хүчний хангамжийг нэмэхгүйгээр технологийн шийдэл рүү орохгүй нь ээ гэх асуудал тулгарч байгаа" хэмээв. 

Б.Тамир: Хотын төвөөр шинэ автобус явуулаад зах руугаа явуулахгүй гэсэн зорилго байхгүй

Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.16. Б.Манлай






Улаанбаатарт БНХАУ-аас 117 шинэ автобус авчраад буй. Эдгээр автобусны 30-ыг нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө.


Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир "Өнөөдрийн байдлаар зургаан чиглэлд тус бүр таван шинэ автобусыг үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “Таван шар-Ботаник” чиглэлд явж байгаа.


Нийтийн тээврийн газраас шинэ суурьшлын бүс рүү иргэдэд 19 чиглэлд 56, богино эргэлтээр 10 чиглэлд 44 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн. Тухайлбал, Шинэ Яармаг хороолол, Нисэхийн эцэс, Туул гарден, Хан хилс хотхон руу нийтийн тээврийн автобус явуулна.


Богино эргэлтийн тухайд Тоосгоны үйлдвэр-Сансрын тойрог-Жанжин клуб-Кино үйлдвэр гээд нэг уртын чиглэлийг Тоосгоны үйлдвэр-Сансрын тойрог, Жанжин клуб-Кино үйлдвэр гэсэн хоёр хэсэг болгосон. Ингэснээр тухайн чиглэлд явж байгаа автобусны хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.


Шинэ автобусыг Улаанбаатарын нийт зорчигчдодоо хүргэнэ. Хотын төвөөр шинэ автобус явуулаад зах руугаа явуулахгүй гэсэн зорилго байхгүй. Гол гол үндсэн чиглэлд шинэ автобуснуудаа явуулна.


Ирэх хоёрдугаар сард орж ирэх 107 автобусыг шинэ төлөвлөлтөөр явуулна. Хотын хэмжээнд шинэ автобуснуудыг явуулах цогц төлөвлөгөө хийгдэж байна" хэмээн ярилаа.