Богд хан ууланд газар эзэмшиж байсан 1224 хүний газрын зөвшөөрлийг цуцалжээ

Сурвалж: www.ergelt.mn, 2021-05-19


АТГ болон хууль хяналтын байгууллагаас оффшор бүс дэх мөнгийг Монгол Улсад оруулж ирсэн гэх хэргийн мөрөөр хяналт, шалгалт хийсэн билээ. Шалгалтаар оффшор бүсэд байсан мөнгө Монгол Улсад орж ирээд байшин, барилга болсон талаарх баримтууд хууль хяналтын байгууллагад олдсон. Баримтын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад оффшорын мөнгөний ихэнх хувь нь Богд хан ууланд хаус, орон сууцны хороолол болж, сүндэрлэсэн нь тогтоогдоод байгаа.

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын болон бусад хууль хяналтын байгууллагынхан ажлын хэсэг томилж, Богд хан ууланд цогц шалгалт явуулаад таван сар болж байна. Өөрөөр хэлбэл, Богд хан ууланд баригдсан барилга хэнийх, хэчнээн тооных байгаа, хаана, хаана баригдсан зэрэг тоо баримтыг нэгдсэн санд төвлөрүүлэхээр төлөвлөж, уг ажлыг хийсэн юм.

Богд хан ууланд баригдсан барилгууд нь тусгай хамгаалалттай газрын бүсэд хууль зөрчиж, хууль бусаар сүндэрлэсэн нь баримтаар нотлогдоод байгаа. Богд хан ууланд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тусгай хамгаалалттай уулын бэлд хаа сайгүй сүндэрлэсэн тансаг зэрэглэлийн хаус, орон сууцны хороолол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглаж байгаа 1224 иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нийтлэг хэд хэдэн зөрчил илрээд байсан билээ. Тодруулбал, иргэд оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөрөө Богд хан ууланд барилга барьж, их хэмжээний мөнгө угааж байжээ. Мөн бусдыг залилах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар зориулалтын бусаар ашиглаж, амины орон сууц, хотхон барьсан 314 иргэн, аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдоод байгаа.

Иргэд аж ахуйн нэгжүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу Дархан цаазат газрыг судалгаа шинжилгээний байгууллага, сувилал, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах төсөл бичиж, БОАЖЯ-наас газар ашиглах эрх авдаг аж. Харин авсан газраа зориулалтын бусаар ашиглаж, орон сууц, хотхон барьж худалдан бизнес хийж байгаа хууль бус үйлдэл нийтлэг илэрсэн юм. Мөн газраа дамлаж, бусдад зарж, газрын татвараас зайлсхийж байсан зөрчлүүд илрээд байгаа билээ.

 “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт гэж бий. Тухайлбал, түүх соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай, тухайн барилгыг хоёроос дээш давхар барихгүй байх” тогтоолыг  УИХ 2013 онд баталсан байдаг аж.

Хууль хяналтын байгууллагынхан УИХ-аар баталсан хууль дүрмийг энэ цаг мөчид мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэтэл НЗДТГ-аас “Нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга, байгууламжид дээрх давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй” гэж нэмж оруулсан байна. Ингэснээр тусгай хамгаалалттай газар бүсэд хамаарах Зайсан, Нүхт, Арцат гэх амуудад өндөр давхар бүхий орон сууц барих зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас олгож байжээ. 

Хууль хяналтын байгууллагынхан хуулиа мөрдөж, Богд хан ууланд хууль бусаар барилга байгууламж барьсан иргэдийг эрүүгийн хэрэгтэн болгох уу. Эсвэл төр буруутай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөх үү шийдүүлэхээр Засгийн газарт санал оруулаад байсан юм. Тэгвэл Засгийн газар, УИХ-аас эдгээр иргэнийг хууль зөрчсөн гэж үзжээ. Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглаж байгаа 1224 иргэнийг байшин, барилга барьсан мөнгөнийхөө эс үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, газрын татвараа төлөөгүй улмаас газрын зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, оффшор бүсээс оруулж ирсэн хөрөнгөө барилга болгосон иргэд хууль хяналтын байгууллагад хөрөнгөө тайлагнаж чадаагүйн улмаас газрын зөвшөөрлөө цуцлуулж, барьсан барилгаа нураалгахаар болсон гэсэн үг. Богд хан ууланд газар олгох, байшин барих зөвшөөрлийг олгох ажлыг АТГ-аас түр хугацаанд хариуцаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг нь өөрчлөх эсэхийг Засгийн газар, УИХ-аас шийдтэл АТГ-аас хариуцаж байгаа гэнэ.