Эх сурвалж: news.mn, 2022.02.21
Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Нийт 59 сургуулиас төрийн өмчийн сургуулиуд цагийн хуваарийн дагуу орж байгаа бол зарим хувийн сургууль өөрсдийн цагийн хуваариар хичээллэжээ. Мөн өнөө өглөө замын хөдөлгөөний ачаалал 06-07 цагm 23 хувиар өссөн. Бусад цагуудад ачаалал буурсан байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох: Нийслэлийн хэмжээнд 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилсөн. Төрийн өмчийн бүх сургуулиуд цагийн хуваарийг сайн хэрэгжүүллээ. Харин төрийн бус зургаан сургууль заасан цагийн хуваарийн дагуу хичээллээгүй. Үүнд, Үй цай, Сакура, Бритиш, Хобби зэрэг сургууль орж байна. Хүүхдүүд хичээлдээ хоцрох нь харьцангуй бага байсан гэж сургуулиудаас мэдээлэл ирсэн.
Замын хөдөлгөөний удирдах газраас хөдөлгөөний ачааллыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригтай харьцуулжээ. 06-07 цагт зам дээр зорчих тээврийн хэрэгслийн тоо өмнөх долоо хоногоос 23 хувиар их байсан бол 07-08 цагт 17 хувиар бага байсан байна. Харин 08-10 цагуудад 21 хувиар бага байна.